Архангай аймгийн Засаг дарга М.Золжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд М.Батжаргалыг Засаг даргаар томилоод удаагүй билээ. Тэгвэл АН-ын Үндэсний дүрмийн хороо хуралдаж, аймгийн Засаг дарга М.Батжаргал, ИТХ-ын төлөөлөгч Р.Нямдорж, Э.Баттулга нарыг намын гишүүнчлэлээс дөрвөн жилийн хугацаатай хасаж, сахилгын шийтгэл оногдуулсан гэх мэдээлэл бий.
Энэ талаар бид тус аймгийн аймгийн Засаг дарга М.Батжаргалаас тодрууллаа. Тэрбээр Өнгөрсөн наймдугаар сарын 17-нд ИТХ хуралдаж, Ардчилсан намын бүлгийн гишүүдийн 100 хувийн дэмжлэгтэй Засаг даргад нэр дэвшүүлсэн. Улмаар ИТХ-ын 60.5 хувь нь Засаг дарга болохыг дэмжиж, Ерөнхий сайдын захирамжаар аймгийн Засаг даргаар томилсон. Би 2012-2016 онд аймгийн Засаг даргын орлогч даргаар ажиллаж байсан туршлагатай. Мөн 2017 онд Ардчилсан нам дүрмийн шинэчлэл хийж, нийт гишүүдийнхээ дэмжлэгээр аймгийн намын дарга болж байв. Гурван жилд аймагтаа сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж ажилласны үр дүнд 2020 оны орон нутгийн сонгуульд манай нам аймагтаа олонх болсон юм. Гэтэл С.Эрдэнэ 2020 оны УИХ-ын сонгуулиас өмнө намайг намаасаа хөөсөн. Ардчилсан намын төлөөллийн 65 хүн 2020 оны дөрөвдүгээр сард С.Эрдэнэ даргатай уулзаж, дүрмийн бус үйл ажиллагаагаа зогсоох талаар шаардлага тавьж байсан. Тухайн үед биднийг хөөж, муудалцсаны дараа удалгүй намайг намаас хөөсөн юм.
Тухайн үед намын Үндсэн дүрмийн хороогоор хэлэлцэж, “Намайг намаас хөөх үндэслэлгүй, хэлмэгдүүлэлт байсан” гээд миний гишүүнчлэлийн эрхийг сэргээсэн. Гэтэл С.Эрдэнэ дарга дахиад намайг дахиад хөөчихлөө. Гэхдээ би үүнд ач холбогдол өгөхгүй байна. Архангай аймгийн 10 мянган гишүүний дийлэнх олонх нь С.Эрдэнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тиймээс хувийн шалтгаанаар намайг намаас хөөж байгаа юм шиг байна. Архангай аймгийн гишүүд С.Эрдэнээг эсэргүүцэж мэдээлэл хийнэ. С.Эрдэнэ улс төрийн гол хоёр хүчний нэгийг яаж сульдуулж байгааг монголын ард түмэн нүдээрээ харж байгаа биз” гэлээ.
М.БАТЖАРГАЛ: С.Эрдэнэ намайг намаас хоёр удаа хөөлөө |
|