• Өнөөдөр 2025-05-14

УИХ-ын нөхөн сонгуульд есөн нам, нэг эвсэл өрсөлдөхөөр мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ

2021-08-10,   425

        УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрог буюу Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт явуулах нөхөн сонгуулийг ирэх аравдугаар сарын 10-нд явуулахаар парламентаас товлосон.
 
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 38.8-д “Ээлжит бус, нөхөн сонгуулиар нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч нь Төрийн аудитын дээд байгууллагаас тогтоосон хугацаанд сонгуулийн мөрийн хөтөлбөр болон хандивын тайландаа дүгнэлт гаргуулахаар хүргүүлнэ” гэж заажээ. Үүний дагуу Үндэсний аудитын газарт  МАН, АН, Үнэн ба зөв нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам, Дэлхийн монголчууд нам, Гэр хороолол хөгжлийн нам, Зөв хүн электорат эвсэл, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Ард түмний олонхийн засаглал нам, Иргэний зориг ногоон нам мөрийн хөтөлбөр, хандивын тайлангаа хүргүүлсэн байна.
 
Төрийн аудитын байгууллага нам, эвслээс ирүүлсэн мөрийн хөтөлбөр, хандивын тайланг хянан үзэхдээ төрийн аудитын стандартуудыг удирдлага болгон УИХ-ын сонгуулийн тухай хууль, Төрийн аудитын тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050” болон холбогдох бусад хууль, тайлан, судалгаа, мэдээллийг  тус тус шалгуур болгон баталгаажуулжээ.
 
Мөн УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 38.10-т “Төрийн аудитын дээд байгууллага нам, эвслийн мөрийн хөтөлбөр энэ хуульд заасан шаардлагад нийцэж байгаа эсэх талаарх дүгнэлтийг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ” гэж заасны дагуу Үндэсний аудитын газар нийт есөн нам, нэг эвслээс ирүүлсэн мөрийн хөтөлбөр, хандивын тайланд  аудит хийж, дүгнэлтээ хуулийн хугацаанд буюу энэ сарын 8-нд Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлжээ.

УИХ-ын нөхөн сонгуульд есөн нам, нэг эвсэл өрсөлдөхөөр мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188