Засгийн газар Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал нэмэгдсэн, хугацаа хойшилсон шалтгааныг судлан дүгнэлт гаргах зорилгоор хөндлөнгийн хяналт хийлгэхээр болсон юм. Хөндлөнгийн хяналтын дүгнэлт гарсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, УУХҮ-ийн сайд Г.Ёндон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Солонго нар мэдээлэл хийж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал нэг тэрбум 450 сая ам.доллараар хэтэрсэн. Гүний уурхай ашиглалтад орох хугацаа 22 сараар хойшилсон асуудлаар Засгийн газар Оюутолгой ХХК-д удаа дараа хүсэлт тавьсан. Үүний дагуу дэлхийд нэр хүндтэй хөндлөнгийн шинжээч нараар дүгнэлт гаргуулах хүсэлт тавьсан. Хөлдөнгийн шинжээчид энэ оны гуравдугаар сараас эхлэн таван сарын турш уурхай дээр ажиллаж, бидэнд дүгнэлтээ хүргүүллээ. Энэ дүгнэлтээр гүний уурхай ашиглалтад орох хугацаа 22 сараар хойшлож, хөрөнгө оруулалтын зардал нэмэгдсэн нь төслийн гүйцэтгэлийн явцад илрүүлсэн геотехникийн асуудлаас болж нэмэгдээгүй гэсэн байна. Зардал ингэж өссөн нь гүний уурхайн геотехникийн нөхцөлөөс болсон гэдэг тайлбарыг удаа дараа бидэнд өнгөрсөн хугацаанд өгч байлаа.
Цаашид Оюутолгойн гэрээ хэлэлцээрийг нэмэгдүүлэх ажлаа бид хийж байгаа. Ямар ч байсан эхний шатанд бидэнд сайн мэдээ, дүгнэлт ирлээ. Хэлэлцээрийг урагшлуулахад бидэнд дэмжлэг үзүүлэх дүгнэлт хийлээ. Дөнгөж сая бид Рио-Тинто дахь монгол дахь захирлуудтай бид уулзсан. Ингэхдээ хөндлөнгийн шинжээчийн энэ дүгнэлтийн талаар албан ёсны тайлбар хийх, мөн далд уурхайн олборлолтоо яаралтай эхлүүлэх талаар ярилцлаа. Шинжээчдийн дүгнэлт ингэж гарсан байхад бид далд уурхайн бүтээн байгуулалтын зардлын нэмэгдлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй" гэлээ.
Х.НЯМБААТАР: Оюутолгойтой холбоотой сайн мэдээ бидэнд ирлээ |
|