• Өнөөдөр 2025-05-14

Х.Нямбаатар: Цагдаагийн албан хаагчид зодуулсан иргэд сүүлийн хоёр жил зургаан сая төгрөг авсан нь тогтоогдсон

2021-08-06,   625

     Цагдаагийн алба хаагчид иргэний биед халдаж, зодож буй бичлэг өнгөрсөн сарын 29-ны 21:00 цагийн орчимд цахим орчинд цацагдаж, иргэдийн бухимдлыг төрүүлсэн. Уг бичлэг дээрх үйл явдал нь 2019 оны хоёрдугаар сарын 25-ны 03:00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн цэнгээний газарт болсон гэдгийг ЦЕГ-ын Аюулгүй байдал, дотоод хяналт шалгалтын хэлтсээс мэдэгдсэн бөгөөд бичлэгт гарсан цагдаагийн албан хаагчдыг ажлаас нь чөлөөлсөн. Түүнчлэн Нийслэлийн прокурорын газраас хэрэг бүртгэлийн хэрэг нээж, харьяаллын дагуу АТГ-т шилжүүлэн шалгаж байгаа. Хоёр жилийн болсон энэ хэргийг тухайн үед яагаад хэн ч мэдэлгүй өнгөрсөн, зодсон цагдаа нар, зодуулсан иргэд хоорондоо үгсэн хуйвалдаж, харилцан тохиролцсон эсэх талаар үргэлжүүлэн шалгаж буй юм. 
 
    Тэгвэл энэ хэргийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр  “Тухайн үед цагдаагийн байгууллагад  “Чингэлтэй дүүргийн III хороо, Улаанбаатар их дэлгүүрийн ард байрлах цэнгээний газраас нэр бүхий иргэд төлбөр тооцоо хийхгүй маргаан үүсгэж байна” гэх дуудлага бүртгэгдсэн. Энэ дагуу эргүүлийн албан хаагчид ажилласан. Тухайн хэргийн талаар нэмж, шалгаж тодруулахад дуудлагаар очсон алба хаагчийг  нэг иргэн нь сандлаар цохисон. Улмаар цагдаагийн алба хаагчид тухайн иргэдтэй зүй бусаар харьцах процесс өрнөсөн байна. Тухайн хоёр иргэний гэр бүл энэхүү бичлэгийн олон нийтэд дэлгэнэ гэж алба хаагчдыг сүрдүүлж, сүүлийн хоёр жил зургаан сая төгрөг авсан нь тогтоогдсон”  гэв.
 

Тухайн дүрс бичлэгт гарсан, иргэдийг зодож буй цагдаа нар нь Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн I хэлтсийн эргүүлийн цагдаа, ахмад н.Буянжаргал, ахлах ахлагч н.Идэрзориг нар байсныг бид мэдээллэсэн. Тэд тухайн үед дуудлын дагуу цэнгээний газарт очоод зөрчил гарсан иргэдтэй муудалцаж, улмаар уураа барьж дийлэлгүй зодсон нь Эрүүгийн хуулийн хэд хэдэн заалтыг ноцтой зөрчсөн, албаны эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан үйлдэл болсон. Уг үйлдэл нь хяналтын камерийн бичлэгт үлдэж, улмаар зодуулсан иргэдийн гарт орсон. Тиймээс тэд өдийг хүртэл буюу хоёр жилийн хугацаанд тэд тухайн үйл явдлыг олон нийтээс болон удирдах албан тушаалтнуудаасаа нууцалж, хохирогч иргэний ар гэрийнхэнд мөнгө өгч ирсэн болж таарч байна. 


Х.Нямбаатар: Цагдаагийн албан хаагчид зодуулсан иргэд сүүлийн хоёр жил зургаан сая төгрөг авсан нь тогтоогдсон
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188