• Өнөөдөр 2024-04-25

Д. Пүрэвдаваа: АН НИТХ-д олонх болбол нийтийн тээврийг үнэгүй болгоно

2020-09-10,   432

АН өчигдөр НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ зарласан. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд тус нам МАХН, ШИНЭН-тай хамтарч эвсэл байгуулан оролцож байгаа билээ. НИТХ-ын 45 суудалд АН-аас 32, МАХН-аас найм, ШИНЭ намаас таван хүнээ нэр дэвшүүлсэн байна. Гэхдээ ШИНЭН-аас нэр дэвшиж байгаа таван нэр дэвшигч АН-ын гишүүнчлэлээ сэргээж, тус намаас 37 хүн сонгуульд өрсөлдөхөөр болжээ. Энэ талаар нийслэлийн АН-ын дарга Пүрэвдаваагаас зарим зүйлийг тодрууллаа.
 
 
-Орон нутгийн сонгуульд танай нам эвсэл байгуулж оролцохоор болсон. Гэтэл ШИНЭН-ын нэр дэвшигчид танай намын нэр дээр өрсөлдөнө гэлээ. Хууль зөрчсөн асуудал үүсэх үү?
 
-НИТХ-ын сонгуульд ШИНЭН-аас нэр дэвшиж байгаа дэвшигчид намынхаа бүртгэлээс хасалт хийлгээд, АН-ын гишүүнчлэлийн эрхээ сэргээж байгаа учраас хууль зөрчихгүй. Ер нь ШИНЭН-ын гишүүдийн олонх нь манай намын хуучин гишүүд. Хуулийн заалтаар намын гишүүн өөр намын нэр дээр нэр дэвшиж болохгүй гэх зохицуулалттай. Гэхдээ манай таван гишүүн нөгөө намын гишүүнчлэлийн бүртгэлээс хасалт хийлгэчих учраас асуудал үүсэхгүй. Сонгуулийн сурталчилгааны хугацаа эхлэхээр намууд нэг сонгуулийн штаб байгуулаад сонгуульдаа оролцоно.
 
-Эвсэл болох боломжгүй болоод нэгдэл болж байна гэж ойлгосон. Энэ зөв үү?
 
-Ардчиллын төлөөх нэгдэл бий болгосон. Өөрөөр хэлбэл, МАХН-ынхны нэр дэвшиж байгаа тойрогт манай намаас хүн нэр дэвшихгүй. Ингэснээр санал хуваагдахгүй, санал гээгдэхгүй. Нийгэмд тулгамдаж байгаа гол асуудал нь нэг нам үнэмлэхүй олонх болчихсон. Ингээд хууль батлах, сонгууль зохион байгуулахад давуу эрхээр шийдвэр гаргаж байна. Төрийн эрхийг барьж, өөртөө давуу эрх олгож байгааг таслан зогсоохоор, шударга сонгууль явуулахаар, иргэдийн саналыг гээхгүйн тулд нэгдэж байна. 2020 оны УИХ-д сонгуульд МАН нийслэлийн сонгогчдын 44 хувийг авсан. Үлдсэн 56 хувь нь бусад нам эвсэл, бие даагч хувааж сонгогдсон. Тиймээс бид энэ давуу байдлыг хязгаарлахын тулд сонгуульд оролцож байна. 
 
-Нэр дэвшигчдээ ямар шалгуур үзүүлэлтээр сонгосон бэ?
 
-Боловсрол, ажлын туршлага, тойрогтоо танигдсан байдал зэргийг нь харгалзан үзсэн. Үүнээс хамгийн чухал нь эх оронч үзэлтэй байх гэсэн шалгуур нөхцөлийг тавьсан. Ирээдүйнхээ төлөө санаа зовдог хүн байх нь чухал.
 
-Танай нам ИТХ-д ямар мөрийн хөтөлбөрийг дэвшүүлж байгаа юм бол?
 
-Бид иргэндээ ээлтэй Улаанбаатар хотыг бий болгоно. Эхний ээлжид нийслэлд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэнэ. Нэгдүгээрт, ядуурал, ажилгүйдлийн асуудал. Цар тахлын үед тодорхой дэглэм мөрдөн ажиллаж байгаа учраас иргэдийн тогтмол орлоготой байх, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулах байдал хумигдсан байна. Тиймээс үүнийг яаралтай хэвийн горимд нь шилжүүлэх хэрэгтэй. Түүнчлэн нийтийн тээврийн асуудлыг шийдэх. Түгжрэл дээд цэгтээ хүрчихсэн байна. Тиймээс АН-аас нийтийн тээвэрт шинэчлэл хийхийг зорьж байна. Жишээлбэл, бусад орны жишигт нийцүүлж, нийтийн тээврийг үнэгүй болгоно. Хөдөлгөөнд оролцож байгаа бусад тээврийн хэрэгсэлд 1-2 хүн зорчиж байгаа. Тэгэхээр нийтийн тээврийг сонголттой болгох хэрэгтэй.
 

Д. Пүрэвдаваа: АН НИТХ-д олонх болбол нийтийн тээврийг үнэгүй болгоно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188