• Өнөөдөр 2024-04-17

БИД БОЛОН МОНГОЛЫН ТАЛ НУТАГ ЧАМД ХАЙРТАЙ

2019-04-08,   46038

        Тэд танилцаад гурван өдөр болоогүй ч насан үүрд биесээ дурсаж, хүндлэн хайрлах учир, тавилантай байжээ. Одоогоос 14 жилийн өмнө болсон сэтгэл шимшрүүлэм нэгэн түүхийг таны өмнө дэлгэх гэж байна.

Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг, 317 дахь километр. Тухайн үед хийгээд хожим болсон, өрнөсөн бүхнийг энэ үйл явдлыг нэгд нэгэнгүй мэддэг хүнээс сонсож, ярилцсан хэрнээ очихгүй л бол бичиж чадахгүй юм шиг санагдаад байсан учраас 317 дахь километрт ирээд түр зогслоо. 

       Холын тэртээд үргэлжлэх засмал замын зүүн тал, наран ээвэр буйдхан газарт “Найзынхаа гэгээн дурсгалд зориулав. Кобаяаши Кенго 1976-2003 он. Бид болон Монголын тал нутаг чамд хайртай. Найзуудаас чинь” гэсэн бичигтэй жижигхэн саарал чулуун хөшөөг цэнхэр хайсаар хашаалжээ. Хөшөөг тойруулаад сүү, арц, хүж тэргүүтийг өргөсөн ул мөр тодхон. Захисан ёсоор хүж асааж, хөшөөг тойруулан ус амсуулаад өндийлөө. 

2003 оны зургадугаар сарын сүүлч. 

     Кобаяаши Кенго хэдхэн хоногийн өмнө Японы анагаахын их сургуулийг онц дүнтэй дүүргэж, улс, муждаа нэртэй эмч аав, ээжийнхээ мэргэжлийг удам залган өвлөсөндөө баярлахын зэрэгцээ ирээдүйн гэгээн тунгалаг хүсэл, мөрөөдлөө гэрийнхэндээ ярьж, найз бүсгүйтэйгээ гэрлэх талаараа дуулгаж, инээд хөөр болж суусан байна. Аав ээж, гурван дүүгийнхээ хамт суши идэж, “Сургуулиа дүүргэсэн ч эмч болох болоогүй байна. Сурах юм маш их бий” хэмээж суусныхаа маргаашийн үдээс өмнө Кобаяаши ээж рүүгээ утас цохиж “Хүү нь ажлын завгүй талбарт гарахаасаа өмнө хоёр, гуравхан хоног тархиа амраагаад Монголын цэлгэр нутаг, цэнхэр тэнгэрийг үзчихээд ирье. Одоо нислээ” гэсэн байна. Энэ түүний ээжтэйгээ ярьсан сүүлчийн яриа байсныг хэн хэн нь мэдсэнгүй. Хүүгийнхээ гэнэтийн мөртлөө зоримог шийдвэрийн хариуд “Тэг ээ, миний хүү. Монгол их сайхан нутаг гэсэн” гээд утсаа салгасан гэдэг.

“Хүү нь ажлын завгүй талбарт гарахаасаа өмнө хоёр, гуравхан хоног тархиа амраагаад Монголын цэлгэр нутаг, цэнхэр тэнгэрийг үзчихээд ирье. Одоо нислээ” гэсэн байна

Улсын их дэлгүүр.

     Кобаяаши зөрж өнгөрсөн нэгэн эрээс газар сураглахад англиар ярьж, зааж өгсөн байна. Тэр бол Дорж. Эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг, англиар хүнтэй ойлголцох хэмжээний мэдлэгтэй, сэргэлэн, овсгоотой эр. Түүний маргааш мөн л Их дэлгүүрийн өмнө тэд таарч, Кобаяаши “Би энд удахгүй. Гэхдээ Монголын хамгийн сайхан, хамгийн их түүхтэй газрыг үзчихээд явмаар байна. Хаашаа, хаанаас явж болох вэ” гэж асуусанд Дорж “Би чамд Монголын хамгийн анхны нийслэл Хархорум хотыг үзүүлье. Чи тэнд очсондоо хэзээ ч харамсахгүй. Болно гэвэл хоёулаа машин хөлслөөд эртхэн гаръя” гэсэн байна. Ийм яриа болсноос хоёр цагийн дараа Дорж нэгэн танилынхаа дүүг худалдаж аваад удаагүй байсан эксель маркийн машинтай нь хөлслөн Өвөрхангай аймгийн Хархорин сумыг зорьсон байдаг.

      Кобаяаши Японы сонин хачнаас, Дорж Монголын үүх түүхээс эхлээд залуус юу эсийг ярин замын турш хөгжилдөж, тэр бүхнээ тэд видео камерт ээлжлэн бичиж явсан байна. Оройдоо Хархоринд хүрч, Орхон голын эрэг дээр буудаллажээ. Тэнд байх үеийн дүрс бичлэгт 20 хүрч яваа Батаа, 30 гарсан болов уу гэмээр Дорж, түүнээс нэлээд хэд дүү байхаар Кобаяаши нар голын эргийн нялх зүлгэн дээр хөл нүцгэн гүйлдэж, бие бие рүүгээ ус цацан, голын толионд чулуу шидэн хөгжилдөж, тэгснээ удалгүй нам гүм болон алсыг ширтэн ярьж суух нь нэг өдрийн бус нэгэн насыг хамт үдэж, жаргал зовлонгоо хуваалцаж буй андууд гэмээр. Оройжин тэд инээлдэж, хөгжилдөж, хошигножээ. Эр баргил хоолой, инээд, энэ орчлонгийн хамгийн ариун дагшин газарт ирсэн мэт баярлан хөөрөх залуус. Тунгалаг, гүн хөх тэнгэр, очир алмааз мэт гялалзан анивчих оддыг ширтэн хэвтэж байх үеийнхээ дүрсийг ч буулгажээ. Дөнгөж үүр хаяармагц Дорж хээрийн цай үйж, Кобаяаши, Батаа хоёрыг сэрээж байх үеийн ч бичлэг байна. Энэ бол түүний сүүлчийн өдөр.

Тунгалаг, гүн хөх тэнгэр, очир алмааз мэт гялалзан анивчих оддыг ширтэн хэвтэж байх үеийнхээ дүрсийг ч буулгажээ

Хархорин сум.

         Амьдралынхаа турш тэмүүлсэн цорын ганц газар нь уу гэмээр тэр сэтгэлийн цэнгэл эдэлж, баярлаж байгаа нь илт. Магадгүй үргэлж инээмсэглэдэг байсан царай нь урьдынхаасаа ч гэрэлтэх шиг. Эртний сүм хийд, гэгээн орон газар явж буй мэт сүсэглэн залбирч, юуг ч үлдээлгүй сониучирхан, замчилж яваа хоёроосоо энэ тэрийг лавлаж, заавал хариултаа авч, бас байсхийгээд алс хязгаарын зүгт хараа сунган тэмдэг үгүй тэнгэрийн хаяа руу дурангаа чиглүүлж явжээ. Тэр үнэхээр онгон дагшин байгалийн шүтэн бишрэгч, ялангуяа өнгө, үнэр, баримжаа үгүй салхинд дурлагч нэгэн гэдэг нь бичлэгт тодорхой үлджээ. Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газар болон Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хоттой холбогдолтой түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт бүхнийг хадгалж буй “Хархорум” музейг үзэж, Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын туурийн үнэн хийгээд өнгө төрхийг бишрэн багагүй аялсан нь илт. Тэд ийн явсаар үд хэвийхэд Улаанбаатарыг зорихоор Хархорины сууринг орхин гарчээ. 

       Хархориноос 38 километрийн зайд байрлах гэр цайны газарт орж, хооллохоор болов. Дорж хүн тус бүрт дөрөв дөрвөн мантуун бууз захиалж, ширээнд сууцгаажээ. Аяны урт, адал явдалдаа хөтлөгдөөд өлссөнөө мэдээгүй Кобаяашиг амтархан идэхийг харсан Батаа хоёр мантуун буузаа нэмж өгсөнд дуртай нь аргагүй идэж дуусаад хөдөлцгөөсөн байна. Гэхдээ тэд шууд хөдөлсөнгүй. Дорж жолооны курс төгсөөд удаагүйн дээр өөрийн машингүй учраас машин барихын хүслэн. Өөрөөр хэлбэл, хорхой нь дарагдаагүй, машин барихын түүс болсон үе нь байж. Батаагаас “Энэ сайхан зам дээр ах нь жаахан барьчихъя. Бүрий болохоос өмнө чи жаахан амраад ав. Бүрий унангуут чи барихгүй бол ах нь чадахгүй” гэж шалсаар жолооны ард суужээ. Ийн хөдлөхдөө тэдний хэн нь ч суудлын бүсээ зүүсэнгүй. Баяр цэнгэлтэй явахад муу зүйлийн совин нуугдсан байдаг хойно, хэн нь ч сэхээрээгүй биз. Инээд хөөр, “Манайд та хоёр заавал очоорой. Хамтдаа аялна аа. Би дараа заавал Монголд дахин ирнэ. Харин та хоёр тэрнээс өмнө манай эх орныг үзээрэй” гэх Кобаяашигийн намуухан, догдлонгуй яриа үргэлжилж, уулс, ногоон хивс дэлгэсэн мэт үзэсгэлэнт тал, тэнгэрийн хаяа камерт бичигджээ.

Аяны урт, адал явдалдаа хөтлөгдөөд өлссөнөө мэдээгүй Кобаяашиг амтархан идэхийг харсан Батаа хоёр мантуун буузаа нэмж өгсөнд дуртай нь аргагүй идэж дуусаад хөдөлцгөөсөн байна

         Хэдхэн мөч. Цайлснаас хойш найм дахь километрт, тэд нэг л мэдэхэд замын хажууд хэвтэцгээж байв. Машин нь хэд хөрвөөж, Батаа, Дорж нар машинаас шидэгдэж, харин Кобаяаши эвдэрч хэмхэрсэн машины хажууханд доош харан унажээ. Доржоо болон замаар өнгөрч явсан хүмүүс цагдаад болон түргэн тусламжид удаа дараа дуудлага өгсний эцэст арайхийн ирсэн ч нэгэнт оройтжээ. Түргэнийхэн, цагдаа нар ирэхээс өмнө Кобаяаши японоор нэг үг хэлээд амьсгал татав. Тэр дөнгөж 27 настай, амьдралын их далайд гарах завиндаа сууж ч амжаагүй байв. “Сургуулиа төгсөж байгаад чамтайгаа хуримаа хийж, олон хүүхэдтэй болж, сайхан амьдарна аа. Би чамайг жаргаана” хэмээн найз бүсгүйдээ амласан амлалт, үе дамжин залгамжилж ирсэн эмч мэргэжлийг нь өвлөсөнд аав, ээж нь хязгааргүй баярлахыг харсан мэдрэмж, үүнээс өмнөх олон зуун гэгээн дурсамж хийгээд ирээдүйд бүтээхээр төлөвлөсөн төлөвлөгөөнүүд... түүний нэгэнт хөрсөн алтан шарилтай хамт төрөлх эх орондоо бус Монголд, засмал замын хажууд, Батаагийн гар дээр гурван цаг гаруй аврал эрсээр үүрд “зогсов”. 

        Монгол дахь Японы Элчин сайдын яамнаас Кобаяашигийн ар гэрийнхэнд уйт мэдээ дуулгаж, ээж, эмэгтэй дүү нар нь Монголд буулаа. Хүүгийнхээ дурлан, мөрөөдөж ирсэн Монгол нутагт уй гашуутай, харууслын нулимстай ирнэ чинээ зүүдлээ ч үгүй байсан биз ээ.

Шүүх хурал.

      Батаа жолоо шилжүүлж, Дорж осол гаргасны улмаас Япон Улсын иргэн амь насаа алдсан хэргийг шүүх хурлын танхимд орохын өмнөхөн Доржийн ар гэрийнхэн “Амийг амиар л гэх байх даа. Сайхан хөвгүүд минь ингээд шоронд орох нь” хэмээн хоорондоо ярьж байв. Ингээд шүүх хурал эхэлж, эд мөрийн баримтуудыг дэлгэж, залуусын аяллын үеийн бичлэгийг хамт үзэцгээж. Шүүгч хохирогчийн ар гэрийнхний санал, гомдлыг сонсох үеэр талийгаачийн ээж “Хүүгийнхээ аяллын турш бичсэн бичлэгийг үзлээ. Бидний хамгийн хайртай хүүгийн амьдралын сүүлчийн найзууд, аяллын турш түүнийг инээлгэж, жаргалтай байлгасан энэ залууст, ялангуяа өөрийнхөө хоолыг хүүд минь өгсөн энэ хүүхдүүдэд би гомдолгүй. Энэ залуусын ялыг хэлтрүүлж өгнө үү” гэсэн байна. Шүүгч хийгээд ар гэрийнхэн нь Кобаяашигийн ээжийн үгийг сонсоод эрхгүй уйлсан гэдэг. Тэдний хэнийх нь ч амнаас “Эрийн цээнд хүрсэн хүүгээ алдсан атлаа ийм тэнүүн сэтгэлийг хаанаас олсон юм бэ” гэх асуулт гарч чадахгүй байсан нь ойлгомжтой. Гэхдээ үүнийг бүгд мэдэрч зогссон биз ээ. Кобаяашигийн ээжийн дээрх үг Батаа, Дорж нарыг өргөст торны цаана суулгалгүй, гэр бүлд нь “үлдээж” чадсан юм.

Тэдний хэнийх нь ч амнаас “Эрийн цээнд хүрсэн хүүгээ алдсан атлаа ийм тэнүүн сэтгэлийг хаанаас олсон юм бэ” гэх асуулт гарч чадахгүй байсан нь ойлгомжтой. Гэхдээ үүнийг бүгд мэдэрч зогссон биз ээ 

Шүүх хурлаас хоёр хоногийн дараа.

      Батаа ээжийнхээ хамт орчуулагчаар дамжуулан Кобаяашигийн ээжтэй уулзаж, уучлалт гуйхыг хүсэж, тэд талийгаачийн ар гэрийнхний буудаллаж байсан зочид буудлын өрөөнд иржээ. 60 нэлээд гарсан, насаараа мал малласан шавилхан буурай өрөөний хаалгаар орж ирүүтээ талийгаачийн ээжид сунаж мөргөж эхэлсэн байна. Тэд биенийхээ юу хэлж байгааг ойлгохгүй ч биесээ аргадан, хоёр биенийхээ нулимсыг арчиж, хацрыг нь зөөлөн илж, хэсэг цурхиран уйлж.

     Тухайн үед орчуулга хийж явсан эмэгтэй “Тэдэнд орчуулагчийн хэрэг огт байгаагүй. Эхийн сэтгэлд хэл, яс үндэс, газар нутаг, язгуурын ялгаа гэж үгүйг тэндээс мэдэрсэн. Тэд хэчнээн өөр хэлээр ярьдаг ч гэлээ биесээ ойлгоод, сэтгэлдээ байгаа уй гашууг хуваалцаж чадаж байсан. Өнөөдөр ч чадсаар л байгаа байх” гэсэн юм. Түр ч атугай, жаахан ч болов сэтгэлээ уудлалцсаны дараа Батаагийн ээж “Олон хүн, ялангуяа энэ цаг үед хүмүүс үр хүүхдээ бусдын буруугаас алдсан бол амийг амиар гээд л дайрна. Магадгүй би ч муу зүйл болсон бол тэгэх байсан байх. Таны ийм уужуу сэтгэл, ухааныг дандаа бодож, залбирч явах болно” гэж хэлсэн байна.

     Харин Батаа “ Би найздаа, таны сайхан хүүд зориулж гэрэлт хөшөө босгоно оо” гэхэд “Тэгвэл бид 10 жилийн дараа заавал эргэж ирнэ. Монголын тал нутагт байгаа хүүгээ эргэнэ. Миний хүүтэй хамт байж, хүслийг нь биелүүлж сайхан аялуулж өгсөнд баярлалаа. Бидэнд үнэхээр хэцүү байна. Гэхдээ одоо манай гэр бүлийн хувьд Монгол руу дандаа тэмүүлэх, энэ зүгт явах маш том шалтгаан бий боллоо” гэсэн байдаг. Тэгээд хүүгийнхээ хэрэглэж байсан сахлын машин, бугуйн цагийг Батаад өгч, “Сахлын машиныг нь хүүтэй минь анх танилцаж, сайхан газар үзүүлэхээр зорьсон залууд дурсгаарай” гэж үлдээжээ. Мөн орчуулагч бүсгүйд нэгэн кассет өгч, “Нэгдүгээрт байгаа дуу яагаад ч юм бэ хүүд минь зориулагдсан дуу шиг санагдлаа. Энэ дууг сонсоод хүүг минь дурсаж байгаарай” гээд дурсгаж. 

          Тэд хэлсэндээ хүрч жил гаруйн дараа осол болсон газрын харалдаа Кобаяашигийн гэгээн дурсгалд зориулсан гэрэлт хөшөө босгожээ. Энэ талаар Батаа “Жил гаруйн хугацаанд 600 мянган төгрөг цуглуулаад түүгээрээ хамгийн гайгүй чулууг нь сонгож, “Бид болон Монголын тал нутаг чамд хайртай” гэсэн үг нэрийнх нь хамт сийлүүлээд хөшөө босгосон. Түүний болоод ээжийнх нь уужим сэтгэл, дурсамж бидэнтэй хамт дуусаж болохгүй. Энэ бол түүнийг үүрд санан дурсах хөшөө. Гэхдээ хөшөө босголоо гээд ч миний гэмшил, түүний төлөөх харамсал барагдахгүй” хэмээн ярьсан нь бий. Тухайн үед Батаа тархиндаа хүнд гэмтэл авсан ч “Хүний амь үрэгдчихээд байхад миний бэртэл юу юм бэ” гээд тоогоогүй байна.

2013.06 сар 

      Кобаяашигийн аав, ээж, гурван дүү, найз, үерхэж байсан бүсгүй нь Монгол Улсад иржээ. Тэд Кобаяашигийн хамгийн сүүлд хүсэж тэмүүлсэн цэв цэнхэр тэнгэрээс, цэнгэг агаараас, уул толгодоос, хараа үл гүйцэгдэх их талаас түүнийг олохоор ирсэн нь мэдээж. Улирсан 10 жилийн хугацаанд монгол, япон хоёр ээж харилцан захидал илгээж, тэнд “Та нар сайн уу. Биеэ бодож, эрүүл энх байгаарай” гэх утга санаа л бие бие рүүгээ хөвөрч ирж. Мөн Кобаяашигийн аав, ээж хүүгийнхээ хойтод зориулж, Монголын орон нутгийн сургуулиудын хичээлийн самбарыг шинэчлэх төсөлд нэгдэн нэлээд самбар илгээсэн нь өдгөө ашиглагдсаар байна. 

      Гэрэлт хөшөө хүртэлх замын турш 10 жилийн өмнө үлдээсэн дуугаа сонсож, хүүтэйгээ уулзсан мэт, тэвэрсэн мэт, “Явлаа гэхэд нь хориглох минь яав даа” гэх шиг уйлсаар явсан гэдэг. Үрээ алдсан, өнчирч үлдсэн сэтгэлийг илэрхийлэх үг дутна... 

     Батаагийн ээж, Батаа, Кобаяашигийн гэр бүлийнхэн, хайртай бүсгүй, Кобаяашигийн гэрэлт хөшөө. Тэд элэг бүтэн боллоо. Гэвч үнэний хорвоо хатуу. Нэгэнт алдсан хүүгээ дурсах тэдний хооронд элдэв яриа, ийм тийм зүйл байсангүй. Гэхдээ энэ удаад өмнөх уулзалтаас ялгаатай нь Кобаяаши тэр хоёр гэр бүлийн хоёулангийнх нь хүү болсон байв. 

         Тэр үед орчуулагч “Та хүүгээ Монгол руу явлаа гэхэд нь яагаад хориглоогүй юм бэ. Эсвэл аяллын компаниар дамжиж яваарай гэхгүй яасан юм бэ” гэж тэсгэлгүй асуухад “Кобаяаши ямар нэгэн шийдвэрийг гаргасныхаа дараа бидэнд хэлдэг зантай. Өмнө нь Хонконг руу аялчихаад ирье гэж хэлээд л явчихсан. Хүрээд ирсэн. Яг түүн шигээ л бодсон. Хүүгээ болгоомжтой яваарай гэж хэлж ч амжилгүй явуулсан даа” гэсэн байдаг. Мөн залуусын ялыг хэлтрүүлж өгөөч гэж яагаад гуйсан тухай нь лавлахад “Би үрээ алдчихаад тэгж зовж байхад тэр эхчүүдийг миний зовлон, уй гашууг бүү амсаасай гэж хүссэн. Тэд миний хүүгийн амьдралын сүүлчийн найзууд нь шүү дээ. Миний хүүг сайхан байлгах гэж маш их хичээсэн байсныг дүрс бичлэгээр харсаан. Өөрийнхөө идэх хоолыг хүүд минь өгсөн байсан шүү дээ” гэж хэлжээ. Харин Батаагийн ээжээс 10 жилийн өмнө талийгаачийн ээжтэй уулзахдаа яагаад сунаж мөргөсөн тухай асууж, “Та япончуудын мэхийн ёслодог заншлыг яаж тийм сайн мэдэж байсан юм бэ” гэхэд “Би япон заншил мэдэхгүй ээ. Миний хүүгээс ялгаа юу байх вэ дээ. Өөрийн эрхгүй харамсал асгарч, хар аяндаа л мөргөсөн” гэсэн байдаг.

2017.09.17-ны 16.40 цаг

Миний зогсож байгаа энэ газарт одоогоос дөрвөн жил гаруйн өмнө тэд зогсоод 

“Миний шарил дээр битий уйлаарай 
Би тэнд байхгүй 
Би тэнд нойрсоогүй 
1000 салхи болоод тэр өргөн уудам тэнгэрт дүүлэн нисэж яваа
Намар нь гэрэл гэгээ болоод тариан талбай руу тусна
Өвөл нь алмааз эрдэнэ шиг гялалзах цас болно
Өглөөдөө шувуу болоод чамайг нойрноос чинь сэрээнэ
Шөнө нь од болоод чамайг харж хамгаална
Миний шарилны урд битий уйлаарай
Би тэнд байхгүй, би үхээгүй. 
1000 салхи болоод тэр өргөн уудам тэнгэрээр дүүлэн нисэж байгаа
1000 салхи болоод тэнгэрээр дүүлэн нисэж яваа” 
хэмээх Кобаяаши өөрөө аялаад ч байгаа юм шиг гуниг нэрэх “Мянган салхи болно” нэртэй япон дууг хамтдаа дуулж, уйлан зогсчээ. Нар нэлээд хэвийсэн хэрнээ энд салхи тогтуухан, зөөлөн сэвэлзэхийг яана. Тэр сонсдог байсан дуу шигээ салхи болж, Монголын талд үлдсэн бололтой. Гэхдээ тэр эх хүний үрээ гэх хайр амар амгалангийн төлөө бол өөр улс оронд төрсөн хийгээд амьдардаг байх, хэл, соёл, элдэв ёс заншлаас үл хамааран бүгд ив ижил байдаг гэдгийг өөрөөрөө батлан харуулаад мөнхийг зорьжээ. 

    Кобаяашигийн ээж хүүгийнхээ гэрэлт хөшөөнд мөргөсөн цагаасаа хойш орчуулагч бүсгүйд хүж илгээж, Монгол руу явах ойр тойрныхоо хүмүүст дайж, “Хүүгийн минь хөшөөг тойруулан өргөж, ус асгаж өгөөрэй. Ам нь цангаж байгаа байх” гэдэг болсон гэсэн. Өнөө, маргаашийн алинд ч магадгүй яг одоо түүний хүүдээ дайсан хүжийг хэн нэгэн гэрэлт хөшөөнд нь уугиулж, ундаалж байж мэдэх юм. Бас ээж нь хүүдээ зориулан хамгийн анхиламаас нь өчнөөн хүж авчихаад уйлж суугаа ч байж мэднэ...

“Хүүгийн минь хөшөөг тойруулан өргөж, ус асгаж өгөөрэй. Ам нь цангаж байгаа байх” гэдэг гэсэн


БИД БОЛОН МОНГОЛЫН ТАЛ НУТАГ ЧАМД ХАЙРТАЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 40
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-09 13:27:29
    Наран: Эхийн уужим бөгөөд ариухан өрөвч сэтгэлийг юутай зүйрлэх билээ.Аугаа хүн ямарч үед аугаа байдаг нь үнэн бололтой. Нулимс аяндаа л урсаад байна. Сэтгэлд үлдсэн харуусал гуниг хамт урсах шиг. Ганц охин минь цэл залуу 36 насандаа 3 нялх үрээ үлдээгээд бурханы оронд морилон гунигт харуусал надад байдаг юмаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-07 16:01:55
    Зочин : Эх хүн гэдэг үнэхээр агуу уужим сэтгэлтэй.Өөрийн эрхгүй нулимс гараад болдоггүй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-13 19:54:56
    Батгэрэл: Энэ түүхийг сонсож бсан. Уйлан хайлан л уншиж дуусгалаа. Ээж нь агуу сэтгэлтэй хүн юмаа. Гайхалтай эмэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-12 10:00:10
    НЯМАА : Элэг эмтэрмээр яасан хэцүү юм бэ ...уйлан уйлан уншлаа схан ижий нь шар махтайгаа хатаж суугаа бх яг л миний ээж шиг аргадаад ч нэмэргүй хатуу хорвоо юмаа . Нзынхаа ажилд гэгээн тунгалаг амжилт бүхний дээдийг хүсье биднийхээ бахархал минь...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-16 12:03:11
    Батмаа: Сайхан нийтлэл уншлаа, баярлалаа эргэлтийнхэн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-30 00:54:37
    Д.Ганчимэг: Эхийн сэтгэл агуу шүү. Уйлан уйлан уншлаа. Арай л эрт монголын мин хөрсөнд шингэнгэж дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-29 22:07:46
    Мөнх жаргал: Ямар өрөвдмөөр харамсалтаы юм бэ? Маш их харамсаж байна Ямар уужуу сэтгэл вэ? Гаыхалтай сайхан сэтгэлтэй хүн юмаа. Бахархаж байна шүү. Эмгэнэл илэрхийлье. Ум Ма Ни Бад Мэ Хум. Хайран залуу. Диваажинд очих болтугай.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-29 14:04:48
    Уд: Уйлчихлаа. Өрөвдмөөр юмаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-29 01:49:54
    тавилан: Тухайн хуний л еед болох тавилан гэсэн енцгеес харахад тун ухаалаг шийд шуу энэ бол
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-29 01:49:53
    тавилан: Тухайн хуний л еед болох тавилан гэсэн енцгеес харахад тун ухаалаг шийд шуу энэ бол
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-28 23:16:11
    БХЙГАЛМАА: УЙЛАН. БАЙЖ. УНШЛАА ХАРАМСМААР. ЮМ ЭЭЖИЙН. УХААН. БУРХНЫ УХААН
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-28 22:26:43
    Ж.Ганчимэг: Энэ орчлон хорвоод хаана ч, хэн ч байсан, "Эх - үр"-ийн сэтгэл агуу бөгөөд зөвхөн ариун нинжин сэтгэлтэй ЭХ хүн л ухаарч ойлодог юм бна даа. Тэр бүр биш шүү...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-28 22:14:34
    Oyun: Uilan baij unshlaa.. uls vndesten,hel us ogt hamaarahgvi eh hvnii setgel yamar aguu ve.. 2 eej ni urt naslaasai..
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-28 17:12:08
    зочин : ямар өрөвдмөөр юм бэ уншаад өөрийн эрхгүй нулимс асгарж байнашд. хөөрхий ямар их мөрөөдөл, зорилготой байсан бол...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-28 15:12:46
    888: Миний ээж хүүгээ хүнд зодуулж,амь нас нь эрсэдхэд, яг л ийм байдалтай өршөөж байсан.Аль ч орны,Эхийн сэтгэл сүү шигээ ариун юм даа.БУРХАН ӨРШӨӨ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-28 13:07:56
    Уншигч: Сүнс нь амгалан байг.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-28 12:54:34
    Gesgeegch: Ene mongold dorj metiin mulguu sagsuu ******** ymnuud ih baidag shu. Malnuud uuriiguu medehguil dee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-28 12:18:42
    Зочин: Сайхан нийтлэл бичсэн байна.Гэхдээ зарим зүйлийг худлаа бичсэн байна.Би энэ хэргийн шүүгдэгч залуу г өмгөөлж билээ.Их сайн тусархаг бас жүжигчин циркийн залуу бсан.Хүүхдээ салхилуулж яваад үүргэвч үүрсэн япон аялагчтай их дэлгүүрийн ойролцоо тааралдаж түүнд Мандуухай буудалыг зааж өгнө.Бас дараа нь их дэлгүүрийн ойролцоо тааралдаж христийн цугралт хаана болдог талаар асууж улам сайн танилцсан байдаг.Бас цуг цуглартанд очино.Дараа өдөр нь Тэрэлж явна.Тэгээд элс тэмээ үзхэээр болж элсэн тасархай цаашлаад Эрдэнэ зуу руу явна.Явёөн машин Элёнтра .Тухайн үёд монголд эксёл элёнтра л гол унаа бсан.Шүүх хуралд япон ээж суугаагүй....Харин осол болсон газар Архангай аймгийн Хашаат сумын нутаг тул Архөнгай аймгийн шүүхээр шийдьэрлэгдсэн.Мөн Хашаат сумын ЗДТГ аас зөвшөөрөл хүссэний дөгуу хөшөө босгосон.Одоо ч энэ хөшөө байдаг.Осол болсон зам бол шинэ болон хуучин засмал замын залгаа хэсэг.Маш том хагархай цоорхой...машинууд тойрч гарсан замтай одоо эвтэй 4 амьтанаас зүүн талд орших,шаттай овооноос элсэн тасархай явах чиглэлд хэдхэн зуун метрийн цаахан....сайхан япон залуу...камёрдах зургууд нь инээд баяраар дүүрэн байсан.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-28 11:20:22
    Чугун: Тэр япон хэлний багш Орос 3 н багш байсан олон хүүхдэд япон хэл заасандаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-28 11:16:24
    Гал: Ийм мундаг ухаантай ээж их ховор байхдаа харамсалтай байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-28 10:31:57
    Сүүгий: Үнэхээр сэтгэл эмтэрмээр. Хөөрхий хүүгээ алс хязгаар хүний нутагт алдчихсан тэр япон ээжийн сэтгэл дотор тэр ямар байгааг үгээр хэлэхийн ч арга алга, хайран хүүгийн амь, хайран сайхан гэр бүлийн амьдрал орвонгоороо эргэжээ. Хөөрхийдөө. Монгол зарим залуус ийм л хэнэггүй, ийм сэтгэл муутай өнгөрсөн хойно нь тэр Дорж гэдэг хэргийн гол эзэн хаана бна. Нулимс дуусахгүй юм шиг л их гарлаа харамсалтай.....
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-28 10:16:38
    Khatanbold: Haramsaltai yum boljee ooriin erhgui nulimas uraschihlaa ter hoshootoi taarval orgol orgonoo
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-28 09:50:45
    Сайнжаргал: эх хүний уужуу сайхан сэтгэл гэж агуу юмдаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-28 09:29:33
    Ochirvaani: Aldaa onoo haanach garna saihan setgeltei eejuuded urt udaan nasalj eruul enh baihig yrooy9
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-28 09:20:03
    Tuk: Mash ih haramsal
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-28 09:19:37
    Tuk: Mash ih haramsal
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-28 08:24:16
    Р.Эрдэнэчимэг: Зөндөө уйллаа.Сайхан сэтгэлт япон ээжийн уужил сэтгэл ямар гайхалтай вэ.Нэгэн монгол залуугийн хариуцлагагүй үйлдлээс эрдэнэт хүний амь үрэгдсэнд харамсаж байна.Япон аав ээж гэр бүлийнхэн гүн эмгэнэл илэрхийльe.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-28 05:32:33
    jack: nulims garaadl blaa zamd taarval zogsoj yum urgnuu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-28 02:37:41
    Unshigch: Ene tuuhiig medne.xuviin emnelegtei ov zalgamjlah gants huu n bsan gedeg.uneheer haramsaltai.yapon eejiig bishirch bna.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-28 01:30:15
    Zochin : Ter Dorj ni neeree haachchihsii bee. Yagaad ter hunii tuhai dursagdsangui ve. Hodoo heer yavj bj joloo barii gsn gd anh ih Delguuriin tend taaraldaad gd unshsan chini neg tiimerhuu zaluu bsan bhdaa gesen due zurag orj irj bnaa.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-28 01:06:45
    зочин: монголчууд сагсуу ойворгоноороо дэлхийд гайхагдаж байгаа одоогийн залуус дотор сайхан төлөвшил хүмүүжилтэй хүмүүс багаггүй байнаа солиотой тэнэгүүд ихээр бий болж байгааг хүмүүс харж л байгаа төр барина гээд өөрийгөө амьдралаа төлөвшүүлж чадаагүй нөхдүүд их хуралд гарч бандааш нэртэй л түүх болж монголын төрийг гутаагаад явсан монгол хүн ухаалаг болохгүй бол монгол улс хөгжихгүй манай тэнэгүүдийг хөөрхий тэр япон ээж яаж мэдэхэв дээ харамсалтай л юм сургамжтайл юм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-28 00:51:08
    U: Dopj ******** zuulun yavakhgui baryj chadakhgui baij ******** chiny
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-28 00:46:16
    b: Heneggui mulguu hariutslagagui sagsuu mongoloos bolj hairan saihan zaluu amia aldjee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-27 21:16:31
    ахмад настан: харамсалтай!!Хэзээ аян зам холын замд жолоо сольж барьдаг байса юм бэ!!! тун болчимгүй....үрээ алдсан ЭХ хүн ..тэгэх тусмаа хариин газар нутагт тун хэцүү шүү...эвиидээ....
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-27 20:49:33
    Долгормаа: Өөрийн эрхгүй хоолой зангирч цээж зангиран өвдөж нулимс урсаж байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-27 19:56:39
    З: Олоон жилийн өмнө энэ япон ээжийн тухай сонссоон! Мөн орос сургуулийн япон багш эмэгтэйг боогоод алчихсан бсаан, мөн ээж нь ирээд гомдолгүй гэсэн гэсэн!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-27 13:10:52
    Zochin: Ter dorj yah gej joloo barisiim be.hairan zaluu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-27 12:45:34
    Zochin: Dorj haachiw. Hvn muutai gar wee.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-27 12:15:56
    Bilgee: Hairan caihan hvnii vriig ene horboogoos yabyyl hih ch gej dee.haramcaltai yumaa.mongolchyyd ih omgolon ih tsus ni huurvv yls shv.joloo shiljvvleegvi bol Япон eej hvvgee aldahgvi l bsn b.a.daa.manaihan dendvv sagsyy shv.hairan saihan zalyy.mash haramsaltai hooloi deer yum teegleed l ynshij dyysgalaa.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-27 09:39:06
    Zochin: Haramsaltai yasan hetsuu yum boloo vee mongol humuusee gej........
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188