• Өнөөдөр 2024-04-26

Н.Баярмаа: Нэвтрүүлэгч хүн төрөлх хэлээ төгс эзэмшсэн, зөв сайхан ярьж бичдэг байх нь чухал. Бид бол монгол хэлний манаач юм

2020-09-29,   2248

МҮОНРТ 53 жилийн өмнө анхны эфирээ цацсанаар Монголд телевизийн салбар хөгжсөн түүхтэй. Үүнээс хойш олон уран бүтээлч энд хөдөлмөр бүтээлээ шингээн ажиллажээ. Тэдний нэг болох, МҮОНРТ-д радио, телевизийн нэвтрүүлэгчээр 30 гаруй жил ажилласан, нэвтрүүлэгч, СТА Н.Баярмаатай ажил, амьдралынх нь талаар ярилцлаа.

-Юун түрүүнд танд Монгол Улсад телевизийн салбар үүсэж хөгжсөний 53 жилийн ойн мэнд хүргэе. Өдөр бүр ММ агентлагийн мэдээллийн хөтөлбөрөөр үзэгч олонтой уулздаг таныг хувь хүний хувьд чухам хэн бэ гэж уншигчид сонирхож буй болов уу. Иймд телевизийн салбартай хэрхэн холбогдсон түүхээс тань ярилцлагаа эхлүүлье?

-Би нэвтрүүлэгчээр ажиллаад 30 жил болж байна. Анх 1990 онд Монголын радиод нэвтрүүлэгчээр ажиллаж эхэлсэн юм. 1992 онд ММ агентлагийн Цагийн хүрд нэвтрүүлгийг, 1993 онд Намхайцэрэнгийн Ганбат сэтгүүлчийн эрхлэн бэлтгэсэн “Урам” теле сэтгүүлийг хөтөлж, телевизийн салбарт хөл тавьж байлаа. Гэвч удалгүй эрүүл мэндийн шалтгааны улмаас нэвтрүүлэгтээ ажиллах боломжгүй болсон. 2007 оноос МҮОНТ-д нэвтрүүлэгчээр ажиллаж байна.

-Та өөр мэрэгжил эзэмшсэн мөртлөө нэвтрүүлэгч болсон хүн. Яагаад энэ салбарыг сонгосон юм бэ. Ихэвчлэн урлагийн авьяастай, утга, уран зохиолд дуртай хүүхдүүд л энэ мэргэжлийн сонгох нь бий. Та ч бас тэдний нэг байв уу?

-Би арван жилээ алтан медальтай төгссөн, сурлага сайтай хүүхэд байлаа. Урт гэзгээ хоёр салаа сүлжчихсэн, бүлгэмийн зөвлөлийн гишүүн, эвлэлийн үүрийн даргаар ажилладаг, нийгмийн идэвхтэй хүүхэд байсан. Үсэглэлийн баярын арга хэмжээ хөтлөхөөс эхлээд л шинэ жилээр шинэ, хуучин он болох гээд л урлагийн тэмцээнд оролцдог байв. Ингээд аравдугаар ангиа төгсөөд олны жишгээр гаднын улсад суралцахаар явсан юм. Чех Улсад Уулын үйлдвэрийн удирдлага зохион байгуулалт гэдэг мэргэжил эзэмшсэн. Би сургуулиа төгсөж ирээд нялх хүүхдээ хараад байж байхдаа Монголын радиод нэвтрүүлэгчээр шалгуулж, тэнцсэн.

-Тухайн үед одоогийнх шиг олон радио, телевиз байгаагүй шүү дээ. Шалгуур өндөртэй байсан биз?

-Тэгэлгүй яах вэ. Тухайн үед манай Алтан үеийн гэгдэх ахмад туршлагатай нэвтрүүлэгчид радиод ажиллаж байлаа. Би 1989 оны арван нэгдүгээр сард шалгаруулалтад орсон. Намайг шалгалт өгөхөд радиогийн уран сайхны удирдагчаар найруулагч Б.Баатар ажиллаж байсан. Хожим УДЭТ-ын найруулагч гэдгээр нь нь хүмүүс илүүтэй мэднэ. Тухайн үед СГЗ, нэвтрүүлэгч Б.Гунгаа, СГЗ, нэвтрүүлэгч С.Батцэрэн, найруулагч П.Цагаан зэрэг алдартнууд намайг шалгасан. Шалгаруулалтад орохоор очиход бэлтгэл хийлгэлгүй шууд л текст уншуулж билээ. Тэд “Нэвтрүүлгийн текстээс нэг цаас сугалж аваад за алив үүнийг уншаад үз” гэсэн юм. Радиогийн хамгийн нэр хүндтэй, алдартнууд ажилладаг “Шинэ эрин” радио станцаас бэлтгэн гаргадаг нэвтрүүлгийн тескт таарсныг нь сүүлд мэдсэн.

Тэмээн сүргийн тухай тэрхүү текстийг би тухайн үедээ чадан ядан уншсан. Гэтэл шүүгчид “Бид чамайг болж байна гэж хэлэхгүй, болохгүй гэж бас хэлэхгүй. Цаашдаа өөрөөс чинь шалтгаална шүү. Ямартай ч чамайг багш дагалдуулаад үзье. Ямар ч бэлтгэлгүй шалгаж үзлээ. Бэлтгэлтэй нэг шалгана” гээд намайг СГЗ, нэвтрүүлэгч С.Батцэрэн багшийг дагалдуулсан юм. Би тийм мундаг хүнээр хичээл заалгасан азтай. Багшийгаа уйгагүй дагаж, үргэлжилсэн үгийн зохиол, шүлэг, яруу мэдээ гээд л янз бүрийн төрлийн текст уншиж, бэлтгэл хийлээ. Ингээд  дахин шалгалгуулахад “Дагалдан нэвтрүүлэгчээр ажиллуулъя” гээд тушаал гарснаар өндөр босготой энэ сайхан айлын гишүүн болсон юм.

-Тухайн үед гэрийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ. Анхны нэвтрүүлгээ бэлтгэж байсан түүхээс хуваалцвал?

-Багшийгаа уйгагүй дагаж, багш минь ч намайг сайн бэлдсэний хүчинд би нэвтрүүлэгч болсон болов уу гэж боддог. Миний багш их хөдөлмөрч, олны хүндэтгэл хүлээсэн сайхан хүн л дээ. Одоо хэр нь надад зааж, зөвлөдөг. Тухайн үед манай радио, телевиз ганц манайх л байлаа. Орон сууц болгон шугамын радиотой, хүн бүр түүнийг нь сонсож, мэдээ, мэдээллээ авдаг байв. Тэр үедээ өөрийгөө амьхандаа болж байна нь л гэж боддог байлаа.

Гэтэл одоо радиогийн “Алтан сан хөмрөг”-т  хадгалагдаж буй зарим нэвтрүүлгээ сонсохоор ичмээр (инээв). Сайн багш, сайхан хамт олны хүчинд би өдий зэрэгтэй яваа. Аав, ээж минь их урамтай хүлээж авсан. Манай удамд урлаг, соёлын мэргэжилтэй хүн байгаагүй болоод ч тэр үү. Гэхдээ ээжийн минь аав уртын дуу их сайхан дуулдаг хүн байсан. Харин аав минь Дундговь аймгийн хүн. Авга нар минь уртын сайхан дуу дуулдаг хүмүүс байдаг.

-Хүүхдээ гаргаад удаагүй байхдаа ажилд орсон гэлээ. Телевиз, радиогийн сэтгүүлч, нэвтрүүлэгчид цаг наргүй ажилладаг. Энэ бүхнийг хэрхэн зохицуулж байв?

-Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхэд ээж, аавын минь түшиг их байсан. Радиогийн жинхэнэ ажилтан болсны дараа ээлжинд гарч эхэлсэн. Өглөөний 6:00 цагт Монголын радио эхэлнэ. Ард түмнээ сэрээнэ гэж бид ярьдаг юм. Оройн ээлж 23:00 цагт нэвтрүүлгээ хаадаг байв. Нэгэнт л энэ мэргэжлийг сонгоод хүсэж, тэмүүлээд орсон учраас надад бэрхшээлтэй байгаагүй.

-Радиогийн телевизийн нэвтрүүлэгч хоёрын ялгаа нь юундаа байдаг вэ?

-Телевизийн цагаан толгойг 1992 онд СГЗ Б.Цэенханд гуай зааж билээ. Эфирт яаж хувцаслахаас эхлээд микрофон, камертайгаа хэрхэн харьцах зэргийг зааж сургасан. “Камер гэдэг бол чиний хамгийн хайртай дотны хүн гэсэн үг. Хайртай дотнын хүн рүүгээ чи яаж харах вэ, тэгж бодож камертай харьц. Нүдний харц хурц, ширүүн байж болохгүй. Мэдээж эсрэгээрээ талимаарч бас болохгүй. Төв сайхан харж, харцаа тогтоогоод мэдээгээ унш” гэж захидаг байв. Тэр үед одоогийнх шиг суплёр байдаггүй байлаа. Тиймээс сэтгүүлч, зураглаачид өгүүлбэрээ цээжээр хэлбэл сайн байдаг юм шүү гэж хэлж байсан.

Ингээд л хэдэн өгүүлбэр ч гэсэн үзэгч рүүгээ харж байгаад хэлчих юм сан, тухайн мэдээнийхээ утгыг ойлгоод өөрийнхөөрөө илэрхийлчих юм сан гэж эрмэлздэг байв. Бид бол эх сайхан монгол хэлээрээ зөв цэгцтэй ярьж, хэл соёлоо хадгалж, үлдэх ёстой монгол хэлний манаач гэж боддог. Цахимжсан өнөө үед монгол хэлээрээ зөв ярьж, бичдэг хүн ховордож байгаад эмзэглэж явдаг. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь эх хэлээрээ дамжуулж олон түмэнд мэдээ, мэдээлэл хүргэдэг. Мэдээллийг хүргэж байгаа нэвтрүүлэгч, хөтлөгч хүн бүх талын мэдлэг, боловсролтой, ухамсартай байх ёстой. Хүн өнгөц хараад  сайхан, амархан мэргэжил гж ойлгодог.

Нэвтрүүлэгч хүн сэтгүүлч, редакторуудын бодож, боловсруулсан бүтээлийг хүнд хүргэх чухал үүргийг гүйцэтгэдэг. Бид алтан үеийн нэвтрүүлэгчдээр нүд, шүд, дуу, хоолой, өндөр, намаа хүртэл шалгуулж, орж байлаа. Одоо ч  ялгаагүй, тийм л шалгууртай байх нь зөв гэж боддог. Наад телевизийн эфирт гарч буй хүн хялар солир, ам нь муруй хазгай, дорсгой шүдтэй гэхчлэн байж болохгүй. 

-Хэвлэл мэдээллийн салбарыг хатуу гэх нь бий. Танд шантрах үе байсан уу?

-Анх нэвтрүүлэгч болох гээд текст уншаад гүйж байхад багш минь их тусалж дэмждэг байсан. Багшаас гадна ахмад үеийн нэвтрүүлэгчид зааж, зөвлөдөг байв. Би өөрийнхөө уншсан, хөтөлсөн нэвтрүүлгээ байнга сонсдог. Эндээс өөрийнхөө алдааг илүү олж, харж чаддаг. Одоо хэр нь боломж гарвал өөрийнхөө нэвтрүүлгийг үздэг. Би 25 настайдаа нэвтрүүлэгч болж байлаа. Тухайн үед ахмад нэвтрүүлэгчид “Нэг хүүхэд гаргачихсан, 25 настай хэрнээ хоолой нь ямар цэцэрлэгийн хүүхэд шиг юм бэ” гэж билээ.

Би энэ бүхэнд дүгнэлт хийгээд СГЗ, хөгжмийн тоймч Ч.Буянхишиг эгч дээр “Та хоолой суулгах дасгал заагаад өгөөч” гэж хүссэн. Ч.Буянхишиг эгч маань ч зөвшөөрч, бид төгөлдөр хуур дээр гамма уншдаг болсон. Энэ нь надад их тус болсон. Радиогийн нэвтрүүлэгчээр ажиллаж байгаад телевизийн хүн болох хүртлээ тодорхой үе шат туулсан. Радиогийн нэвтрүүлэгч зөвхөн үгээр дүрсэлж, бүтээж, ойлгуулдаг тул өндөр ур чадвар шаарддаг. Харин телевизийн нэвтрүүлэгч өөрийн үг, үйлдэлээс гадна харцаараа  бүхнийг илэрхийлж байдаг. Энд камертай харьцан чадвар чухал. Түүнээс гадна нэвтрүүлэгчид дуу хоолойн цараа, үзэгчдийг өөртөө татах, тухайн зүйлээ олонд хүргэх гэх мэт олон чадвар шаарддаг.  
-Алтан үеийнхнээсээ суралцаад одоо дараагийн үеийн нэвтрүүлэгчээ бэлдэж байгаа харагдлаа?

-Гучин жил ажиллаад өөрийн мэдэлгүй ахмадын эгнээнд шилжжээ. Хүссэн хүсээгүй ийм цаг үе ирдэг юм байна. Залуу хүүхдүүд, дүү нартаа өөрийн сурсан, дуулсан, мэддэг, чаддаг зүйлсээ хуваалцах цаг болчхож. Ахмадуудаасаа өвлөн үлдсэн сайхан мэргэжлээ залуу үеийнхэндээ өвлүүлэн үлдээчих юм сан гэж хичээж явна.

-Та сүүлд “Өвгөдийн захиас” бүтээл дээр ажиллажээ. Энэ талаараа мэдээлэл өгөхгүй юү?

-Сэтгүүлч Д.Нарантуяа санаачлан өтгөс, өвгөд, эрдэмтэн мэргэдийн сургааль зохиолыг эмхтгэснээ надад “Олон түмэнд хүргэж, амьдруулаад өгөөч” гэдэг санал тавьсан. Ингээд бид жилийн дөрвөн улиралд зураг авалтаа хийж, улирал бүрээр гаргаж олны хүртээл болголоо. Уг бүтээлд МҮОНТ-ийн найруулагч Ц.Цэвэлсүрэн, зураглаач Д.Хэрлэн нар хамтран ажилласан. Ингэж бид нэгэн сайхан бүтээлийн ард хамтдаа амжилттай гарсан. Эртний мэргэд, эцэг, өвөгдийнхөө өнөөгийн бидэнд зааж, захиж сургаж үлдээсэн сургааль захиасыг үзэгч түмэндээ сануулж, сэргээх зорилгоор энэхүү “Өвөгдийн захиас” бүтээлээ хийсэн дээ баяртай байна.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье. 

-Баярлалаа. 
 
 


Н.Баярмаа: Нэвтрүүлэгч хүн төрөлх хэлээ төгс эзэмшсэн, зөв сайхан ярьж бичдэг байх нь чухал. Бид бол монгол хэлний манаач юм
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188