• Өнөөдөр 2024-04-26

400 төгрөгийн үнэтэй Допинг

2020-09-14,   1404

Улсын аварга Н.Батсуурь “Миний цуснаас допингийн төрлийн бодис илэрлээ. Хариуцлагаа хүлээхэд бэлэн. Монголчуудаасаа, бөх сонирхогчдоосоо уучлал хүсч байна” хэмээн камерын өмнө мэхийж, уучлал гуйлаа. Тун ч ховор, сонин, бараг л харагдаж байгаагүй дүр зураг. Угаас өрөвч монголчууд “Эр хүн нэг алдаа л биз” гэж өмөлзөн харж суусан нь дамжиггүй. Бөхчүүдээс допинг илэрсэн, илрээгүй тухай маргаан жил бүрийн наадмын дараа, яг өдийд өрнөдөг. Тэгэхдээ допинг илэрсэн бөх буруугаа хүлээн мэхийж, цуснаас нь илэрсэн бодисоо тайлбарлаж байсан нь үгүй билээ. 

Улсын аварга Н.Батсуурь эл мэдэгдэлдээ “Нэг ширхэг нь 400 төгрөгний үнэтэй эм”, “Цэвэр уснаас ч хямдхан эм”, “400- хөн төгрөгний үнэтэй эм” гэх үгсийг дахин дахин хэлсэн нь чихний хажуугаар сул өнгөрсөнгүй. 400 төгрөг... Цаанаа л гомдолтой байгаагаа энэ үгээр илэрхийлэх аж. 

Тэрбээр Допингийн шинжилгээний хариугаа хүлээж аваад цуснаас нь илэрсэн Перезидин гэх эмийг гурав хоног судалсан тухайгаа тайлбарлав. Улмаар зүрхний эм яагаад цусанд нь орсныг гайхаж, уух зүйлд нь эсвэл хоолонд нь хольж өгсөн байх гэж хардаж байгаагаа учирлав. Тэгээд дараа нь дахиад “Энэ эм 400-хөн төгрөгний үнэтэй”...

Түүний хэлж буй үгсээс “Улсын аварга цолтой би хэрвээ допинг хэрэглэхийг хүссэн бол арай ч 400 төгрөгний допинг хэрэглэхгүй байсан. Намайг ердөө л 400 төгрөгний эмээр хорлочихлоо. 100 жилийн ойд барилдах, Дархан аварга болох зорилго 400 төгрөгөөр эцэслэгдлээ” гэсэн санаа цухалзах аж. Үнэхээр Н.Батсуурийн хэлсэн нь үнэн бол, хардлага нь баттай бол бөхчүүдийн цол, алдар нэр үүлэн чөлөөний нар шиг хоромхон зуурынх болж таарах нь. Өөрөөр бол бөхчүүд өрсөлдөгчөө намнах үнэхээр хялбар юм. Ууж буй усанд нь допингийн төрөлд орох ганц ширхэг шахмал унагаахад тэр бөхийн карьер дуусах нь тэр. Жилийн дөрвөн улирал зааланд өнжсөн бэлтгэл сургуулилалт, нутаг усныхан, бөх сонирхогчдын итгэл найдвар, улсын цол, нэр хүнд 400 төгрөгний ганц шахмал эмээр хэмжигдэж байна гэхээр дэндүү харамсалтай. Бас допингийн төрөлд багтах бодис бүх эмийн сангуудад жоргүй зарагддаг гэхээр спортынхон анхааралтай л байхгүй бол бүхнээ алдахад хэзээд бэлэн байдаг аж. 

Улсын аварга Н.Батсуурийн яриаг цааш нь сонсоод Допингийн эсрэг үндэсний төв тун хариуцлагагүй ажилладаг гэж ойлгов. Барилдаан дуусмагц авах ёстой шинжилгээг удааж, дайллага цайллаганд орсны дараа нь авсан гэнэ. Энэ хугацаанд допингийн төрлийн бодисыг санамсаргүй хэрэглэсэн байх магадлал өндөр гэж тайлбарласан нь бас л ноцтой зүйл. 

Ер нь Үндэсний бөхийн нэр хүнд сүүлийн үед асар их унасан. Допингийн хэрүүл тасрахаа больж, эр бяраа гайхуулсан бөх нэртнүүд зодоон цохионд холбогдох нь олширсон. Бөхийн жудагийн тухай ярихад тун ч хэцүү болсон. Бяр чадлаараа дийлж чадахгүй бөхөө унагахын тулд лам, бөө дээр очдог тухай ч дуулдаж л байлаа. Гэхдээ нэг нь нөгөөхийнхөө уух зүйлд, хоолонд хориотой бодис хийсэн гэхэд төдийлөн гайхахааргүй хэмжээнд хүртлээ итгэл алдарчихсан гэж санасангүй. 

Улсын аварга Н.Батсуурийн хувьд шинжилгээний хариугаа хүлээн зөвшөөрсөн учраас баяр, наадмын тухай хууль, Үндэсний бөхийн дүрмээрээ энэ жилийн наадмаар авсан “тод сайхан” чимгээ хураалгана. Мөн барилдах эрхээ хоёр жилээр хасуулах магадлалтай. Гэхдээ үүгээр үндэсний бөх дахь допингийн асуудал, жудагийн асуудал дуусахгүй. Үндэсний бөх гэдэг бол зөвхөн бяртай, уран мэхтэй эрчүүдийн “тэмцээн” төдий бус юм. Энэ бол Монгол гэх дархлааны нэгээхэн хэсэг, уламжлал, соёл юм. Тиймээс Үндэсний бөхийн хууль дүрэм, жудаг ёс зүйн харилцаанд томоохон шинэчлэл хийх хэрэгтэйг харуулж байгаа юм.  


400 төгрөгийн үнэтэй Допинг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188