• Өнөөдөр 2024-05-05

ШҮҮМЖ: ГЭРЭЛТ НАЙДВАР

2024-01-04,   2655

Уран зохиол шүүмжлэгч:            Г.БАТСУУРЬ /МУБИС/

С.БАТЗОРИГ /МУБИС/

 

 

"Энэ Ц.Гончиг чинь харин цэцгийн 33 улиралтай, миний төрсөн

нутаг Их Жаргалантын ... гэрэлт найдваруудын нэг юм биш үү"

 - /С.Э/

                               Залуу яруу найрагч, зохиолч Цэрэннадмидын Гончиг (миний аавын нэртэй учир цаашид Ц.Г. гэе. – Г.Б.) яруу найргийн “Цэцгийн нэртэй сууринд”, “Цул мөнгөн гүүр” гэх эсээний номуудаа өөрийн нутгийн дүү, миний шавь яруу найрагч Сумъяасүрэнгийн Батзоригоор над өгүүлсэн юм. Гэхдээ бүр нэг, нэгийг илүү өгүүлсэн учир би багш (Профессор С.Энхбаяр. МУБИС – Г.Б.)-ид “танай нутгийн залуугийн ном” хэмээн зориуд өгч уншуулсан билээ. Гэтэл багш  "... энэ нөхөр чинь харин явж явж цэцгийн 33 улиралтай миний төрсөн нутаг "Сэрүүн сайхан Хангай" хэмээх  төв халх нутгийн ариун гал голомт - узуур өтөг болох Хангай ханы их  сүлд дууг зохиосон Халхын Шолой цэцэн ханы удам судар болох Хөндлөн цөөхүүр ноёны албат хойчис  нутаглах Хөвсгөл аймгийн Их Жаргалантын гэрэлт найдваруудын нэг юм биш үү" гэж догдолсон юм. Уран зохиол шүүмжлэгч С.Энхбаяр багш тэр болгон хүнийг ингэж үнэлдэггүй, ихэнхийг нь үл тоон гүйлгэж өнгөрдөг гэдгийг хүрээнийх нь бид сайн мэдэх билээ.

«Гэрэлт дурсамжуудаа амилуулаад

Гэрэлт гудамжуудаар алхаж явна.

Гэнэн байж, тэнэг байж, чи хөөрхөн байж

Гэнэн тэнэг байхдаа би ч бас хөөрхөн байж.

Хурууны чинь хээг авч үлдсэн

Хуурай навчис уруул шүргэн байна.

Хувь тавилангийн уран зургийг ингэж

Хүндэтгэл дүүрэн үнсэхэд

Өргүүр шатаар зорчих мэт

Өгсүүр мэдрэмж цээжнээ төрөөд

Өө, хичнээн сайхан гэрэл гэгээтэй амьдрал вэ?

Өөр хэний дурсамжид би инээмсэглэж байгаа бол?» (Гончиг.Ц. “Цэцгийн нэртэй сууринд” УБ. 2019. 8)

                             Ийм уулын горхины ус шиг, өглөөний сэрүүн агаар шиг гэгээн шүлгүүд энэ үеийн нэгэн залуугийн яруу найрагт байх нь нэн чимэгтэй бөгөөд Ц.Г-ийн шүлгийг уншихад Б.Батзаяагийн “Сэтгэцийн асуудлууд”-аас ангижирнам билээ. Энэ үеийн яруу найргийн өнгийг тодорхойлж буй эдгээр залуус хоорондоо ийм өөр байх нь юутай сайхан. Ц.Г бол энгийн амьдралын хором мөч бүрээс сайхныг олж нээдэг яруу найрагч юм байна. Яг ийм илэрхийлэл өмнөх үеийн яруу найргаас Данзангийн Нямсүрэнд байсныг манай яруу найргийн түүх эргэн санасаар л байдаг. Гэхдээ Д.Нямсүрэн бол байгалийн дууч байсан, бөгөөд “өвс, шувуу, бүсгүй, Эрээнцав” зэрэг бэлгэдэлт дүрүүдээр ертөнцийг таньсан ухаарлаа нээдэг байсан бол Ц.Г байгал-ахуй гэсэн холбоосоор эгэл энгийн амьдралын гоо сайхан хийгээд ертөнцийн зохирлын мөн чанарт нэвтрэх тэмүүлэлтэй яруу найрагч ажээ. Мөнхүү тэмүүллээ хүүхдийн сониучхан тунгалаг танин мэдэхүйгээр дамжуулан илэрхийлсэн нь түүний шүлгүүд. 

«Ертөнцийг аврах гоо үзэсгэлэн бол

Ердөө л дээврээс хавар дуслах

Болжморууд түлээний завсраар нуугдаж тоглох

Хажуу айлаас барьсан талхны шинэ үнэр

Хамар цоргих

Салхи ямар нэг ая исгэрэхэд

Шонгийн утас дэм болох

Хэмнэлд нь хүүгийн минь хувцас

Хэцэн дээр хөнгөн бүжих...

...Ертөнцийг аврах гоо үзэсгэлэн бол

Ердөө л энэ гэдгийг нээх» (Гончиг.Ц. “Цэцгийн нэртэй сууринд” УБ. 2019. 11)

Хүүхэд насандаа хязгааргүй хайртай энэ найрагч өөрийн хүүгийн алхам бүрээс өөрийнхөө болоод хүмүүний амьдралын утга учрыг ухааран түүнийгээ гэрэлт мэдрэхүйгээрээ шаглан бидэнд илгээж байна.         

           «Хүү минь өсөхийн хэрээр

Тавагтай чихэр энэ гэрийн

Хүрч болох хамгийн дээд

Тавиур дээр зогсов.

Шил, шаазан, сав суулга ч гэсэн

Чадлынхаа хэрээр өөдөө зүтгэнэ...

...Ардаа гараа нуучихсан

Хүүгийн минь

Аргадуулахад бэлэн

Нүдийг нь ээ!

Аз жаргал гэж ердөө л

Аяга тасхийх дуу юм»(Гончиг.Ц. “Цэцгийн нэртэй сууринд” УБ. 2019. 19)

Өмнө нь хүн бүр мэддэг, гэхдээ илэрхийлэн гаргаж чаддаггүй байсан тэр л нарийн хэрнээ уярам нандин мэдрэмжийг тэнгэрийн ч юм уу аль нэгэн ариун орон зайгаас буулгаж ирээд уншуулчихаж байгаа мэт түүний мөрүүдийг нь шүлэг гэж нэрлэе.  

«Хуучин сууриндаа хавар ирэхийг үзэх сэн

Хуучирын аягуугаар нугас, ангир ганганаад

Хулс зэгсэн дунд үүрээ засахыг харах сан

Хураалттай түлээн дээр удаан зогсоод...

 

Хөдөө буйд сууриндаа хавар ирэхийг мэдрэх сэн

Хөхөмдөг цэнхэр униар гудамжаар дүүрэн буусныг

Хөл нүцгэн гүйж орчлонгоор нэг тараах сан

Хөрш айлын охиноос будаг гуйж тоглоод...» (Гончиг.Ц. “Цэцгийн нэртэй сууринд” УБ. 2019. 63)

 (Шөнө дүл өнгөрч байхад багш /доктор Г.Батсуурь. МУБИС./ над руу чат бичиж байна. “Энэ Ц.Г Цул мөнгөн гүүр чинь хаа байдаг залуу юм бэ? Жаргалдаа биш биз дээ?”. Ингэж чат эхэлснээр бид Ц.Гончигийн шүлэг, “Цул мөнгөн гүүр”-ийн тухай бичицгээе гэж тохирлоо С.Б.).

***

Италийн алдарт кино найруулагч Giuseppe Tornatore-гийн “Парадисо кино театр”-ыг хальт санагдуулах түүний “Цул мөнгөн гүүр” нь дурсамж эсээний ном гэмээр.

            Ц.Гончиг ах бид “цэцгийн 33-н улиралтай нутаг”-ийнхаа төвд өсөж торнисон улс.  Манай сумын төв Идэр, Хөнжил, Тойн голын бэлчир, Ханан, Бавгар, Оргил уулсын өвөр, хөх хөх, улаан улаан, хар хар хадан хясаа цохиодын сүр сүлдэнд төвхнөдөг билээ. Сумын төвийн хүүхдүүд өвөлдөө чаргаар гулгах, мөсөн дээр хоккей тоглох /цохиурыг их төлөв нарийн зүсмэл банзаар орлуулна. Зарим нь орос төмөр орны толгойн махир хэсгийг хөрөөдөж аваад бургасанд бэхэлсэн байх нь ч бий. Шайб нь бүр аюултай, нэг бөөрөнхий чулуу байх. Өнөөх махир цохиуртай нөхөд ольж цохиход толгойн дээгүүр л дүүгүүрдэж өгнө. Гэвч тэр аюул нэг ч хүүхдийг гэмтээж, “нүдийг нь тэсэлж” байсныг би хараагүй сонсоогүй С.Б/, зундаа шийдэн дээр сагс тоглох, за тэгээд голын эргээ бараадах л гол хийх ажил байна. Голын эрэг бараадах нь нэгт усанд шумбах, хоёрт загас барих зорилготой. Босмогцоо л гол руу харайна даа. Намайг багад тийм байсан, одоо ч ийм л байна билээ. 1990-ээд оны дунд үед ч бас тийм л байсан гэдгийг “Цул мөнгөн гүүр” ном юун түрүүнд хэлдэг.

            Энэхүү ном “Санахуйн үзүүр хаяаны цагаан чулууд” хэмээх оршил, дотроо “Бүх урлагийн дотроос”, “Харах яруу найраг” хэмээх дурсамжуудыг багтаах “Дурсамж ямагт хойд зүгийг заана” хэмээх хэсэг, мөн “Цавуудмал түүх” гэсэн хэсэгт “Цавуу үнэрлэсэн тухайд”, “Цавуу буцалгасан тухайд”, “Өвгөн Хэмингуэй” хэмээх гурван дурсамж, “Уран шувууны үүр”, “Цул мөнгөн гүүр”, “Уул шуусан хүн” гэсэн “бие даасан” дурсамжууд, “Моторын дуу” хэсэгт хамаарах “Амьдрал хайр дээр тогтдог”, “Хагас шил кино үзье” зэрэг болоод Л.Отгонсүрэн багшийн “Цэнхэр эрвээхэй” романд зориулсан “Нэгэн голын дөрвөн улирал” хэмээх дурсамжуудаас бүтжээ.

 

            Дээрх дурсамжуудын ихэнх нь урлагтай холбогдоно. Кино, дуу, зураг, уран зохиол... Зохиолч урлагийг өөрөө сонирхож дурласангүй. Урлаг түүн дээр хэн нэгнээр дамжиж иржээ. Яаж ирсэн тухайд ганц нэг жишээ дурдъя. SPOILER ALERT!

Кино: “Бүх урлагийн дотроос” хэмээх дурсамжид нутгийнхан “Чөтгөр” гэж хочилдог Бүдээ гуай гарна. Бүдээ гуай бол сумын төвийн улаан булангийн “кино механикч”. Тухайн үед улс орон сумын төвийн кино үзвэрт анхаарах манатай байсан тул цөөн хэдэн киногоо / “Давааны цаана даваа”, “Бид мартахгүй” нэмээд ганц нэг кино, хамгийн гоё нь “Сугата Сансиро”/ дахин дахин үзүүлдэг байж л дээ. Үзэгчид нь бүгд хүүхдүүд. Тэдний дундаас зохиолч Ц.Гончиг шилдэг үзэгчдийн нэг байжээ. Хүүхдүүд үзвэр үзэхдээ заримдаа хууль зөрчин үнэ төлбөргүй үзэхээр чихэлдэж, янз бүрээр “хорлонтоно”. Энэ байдлыг Чөтгөр Бүдээ гуай хэрхэвч зөвшөөрөхгүй бөгөөд мөнгөгүй зүтгэлэгчдийг “ялгачихдаг” байж. Нэг удаа зохиолч ганцаархнаа “ялгуулжээ”. Тэгж ялгуулсан нь бүр зол болж, туслах кино механикч хийх завшаан тохиож, хоёр давхрын механикчийн өрөөнөөс кино тавьж, кино үзжээ. Тийнхүү тэр бээр “Бүх урлагийн дотроос хамгийн чухал нь кино мөн. В.И.Ленин” гэсэн үгийг үеийнхээ хүүхдүүдээс арай дээхнүүр түвшинд уншсан юм” /Гончиг Ц. Цул мөнгөн гүүр. 25/. Ингээд түүний хувьд Чөтгөр Бүдээ гуай, Бурхан Бүдээ гуай болжээ. Бурхан Бүдээ гуай зохиолч Ц.Гончигт кино урлагийг ийн авчирч өгчээ. Угтаа, “Бурхан Бүдээ” хэмээн тэр болхидуухан “сахиусан тэнгэр” сумын «хөлөөвийн» тэр бяцхан цонхоор ертөнцийг дээрээс нь харуулснаараа Ц.Гончиг гэх бяцхан хүүд амьдралыг яруу сайхнаар харах сэтгэлийнх нь цонхыг нээгээд өгчихсөн ч юм бил үү. 

            « Есдүгээр сар минь

Дүүжин сандал мэт салхи, эсвэл

Түүний хэлмэрч мэт хонх минь

Хонх мэт зүрх минь...

Ер бусын бороо, эсвэл

Бороог хүлээх цонх минь

Цонх мэт сэтгэл минь...

Есдүгээр сар минь

Цэцгэн титэмт охин, эсвэл

Гоо охин мэт цэцэг минь

Ер бусын өдрүүд...» (Гончиг.Ц. “Цэцгийн нэртэй сууринд” УБ. 2019. 56)

Уран зураг: “Харах яруу найраг” хэмээх дурсамжид нутгийнхан “Уран” гэж авгайлдаг Дорж гуай гарна. Зохиолч зуны нэгэн лүгхийм халуун өдөр “Гурван зоорь” /энэ тухайд номоос уншвал илүү сонирхолтой бөгөөд хөгжилтэй/ - ийн гадуур гулиалж явжээ. Гэтэл зундаа байнга түгжээтэй байдаг хаалга нь онгорхой харагдав. Номын хорхой тусчихсан хүү “номын сан нь онгорхой байж мэднэ” гэсэн итгэлээр хаалгаар нь явж орчихжээ. Гэтэл том гэгч цагаан даавуун дээр нэг хүн зураг зурж байхтай таарав. Тэр нь Уран Дорж гуай. Зохиолч Ф.Куперийн “Мөрч” романыг барьж явжээ. Дорж гуайн сонирхлыг ном, хүүгийн сонирхлыг зураг татаж, нэг нь ном уншиж өгөнгөө зураг зурахыг харж, нөгөө нь зураг зурангаа ном сонсож зуныг авчээ. Дорж гуай Их Уулыг /Хөвсгөл Их-Уул сумын нутагт орших үзэсгэлэнт уул/ зуржээ. Зургаа сайхан ч тайлбарлаж өгдөг байж. Тэгээд нэг юм /юу гэдгийг бас л номоос уншвал амттай/ амласан байна. Тэр нь хачин сайхан зүйл болон өвөл нь биежжээ. Уран Дорж гуай зохиолч Ц.Гончигт уран зургийг амилуулж өгөхдөө «...- Би чиний номынхоо эхэнд уншсан дөрвөн мөр шүлгийн “Хөхөмдөг уулсын салхин шанлууны минь уугиа болон сүүгж” гэдэг ганц мөрийг чинь л зурах гэж шанаагаа маажиж, сахлаа имэрч байна даа...» (Гончиг.Ц. Цул мөнгөн гүүр” УБ. 2023. 34) гэж хэлсэн байдаг юм. 

                        «Хайрт минь, энэ өглөө тэнгэр бүүдийсэнд

Хахь ондоо нэгэн шалтгаан байгаа.

Сав шим, хүмүүсийн мэдэх ердийн зүйлс бус

Салангид нэг орчлонгийн зүүд биелж байгаа.

Хэлхээтэй үүлс, голын манан, цонхны цанг

Хэн нэгэн далдаас зураад байгаа.

Өөрөө би бүүдгэр ахуйд автаж гүйцээд

Өөр ертөнцийн сэжүүрээс зуураад байгаа.» (Гончиг.Ц. Цэцгийн нэртэй сууринд. УБ. 2019. 31)

Дуу: “Цул мөнгөн гүүр” номын хамгийн уярам дурсамж бол “Уран шувууны үүр” хэмээх дурсамж байж мэднэ. Аавынхаа, ээжийнхээ, ахынхаа, дүүгийнхээ тухай бичихдээ өөрийнхөө халуун ам бүлийг “Уран шувууны үүр” хэмээн нэрийджээ. Ээж нь сайхан дуулдаг хүн. Алтангэрэл ах /төрсөн ах нь/ бол манай сумын манлай дуучдын нэг. Тэрээр ахынхаа дуулан суугааг “Ахын тийн суухаар Эзэн богд Жангарын эрхэм сайн сөнч Эрх тугийн хөвгүүн Орчлонгийн сайхан Миньяан гэж иймэрхүү эр байсан болов уу” гэж бичжээ.  Ахыгаа тэр ингэж сайхан харж, аавыгаа ч мөн адил эгээ л үлгэрийн баатар мэтээр сайхан дүрсэлснийг номоос та уншиж болно. Үлгэрийн баатар мэт аав нь түүнийг жинхэнэ дуучин, дуу хөгжмийн гайхамшигтай танилцуулсан ба Идэрийн голын хөвөөнөө алдарт дуучин Гончигийн Жанчив, нэрт хөгжмийн зохиолч баян хуурч Гончигийн Тэрбиш нар unplugged тоглолт хийж, тэгж тоглуулж чадсан нь зохиолчийн аав Надиа гуай байжээ. Аав нь зохиолч Ц.Гончигт дуу хөгжмийг дуурьсгаж өгчээ.

            «Дуут дохио анивчих гэрлүүдийн

Дунд нь зогсоо цагаан цувтай удирдаач

Улаан дохиураа огцом өргөхөд

Хуучин төгөлдрийн дарвуул мэт

Явган хүний гарцан дээгүүр

Хувцастай, шүхэртэй ноотнууд

Нэгнээ түшин хөвөөд л...» (Гончиг.Ц. Цэцгийн нэртэй сууринд. УБ. 2019. 9)  

УРАН ЗОХИОЛ: Зохиолчид бүгд уншигч байсан. Хар бага наснаасаа уншихын жаргалыг олж чадсан хүн л сайн зохиолч болдог биз ээ. Ц.Гончиг тэр жамаас тойроогүй аж. Гэхдээ түүнийг “нэг нохой” л номонд автуулж чаджээ. “Цул мөнгөн гүүр” номонд номын тухай, уран зохиолын тухай бишгүй хүүрнэлүүд бий.

                             Энэ номыг “уран сайхны эсээ” гэх үү, “дурсамж” гэх үү. Тэгвэл “УРАН ЗОХИОЛ” зохиолч Ц.Гончигт яаж ирсэн тухай тодруулъя. “Эсээний үндсэн шинж нь болсон, тохиолдсон үйл явдал ба бодит хүмүүсийн дүр, дүрслэлд суурилдагт оршдог”. Эсээ дурсамжид суурилдаг гэж үүнийг ойлгож болно. Номонд “Өвгөн Хэмингуэй” хэмээх “бичвэр” /одоогоор ном аль төрөлд хамаарахыг шийдэж чадаагүй байгаа учир энэ үгийг сонголоо С.Б./ бий. Энэ бичвэрийн гол дүр нь миний хөгшин аав Б.Доржханд багш юм. Хөгшин аавыгаа би харж байсангүй. Намайг төрөхөөс өмнө өөд болсон. Хөгшин аавын тухай манай сумынхан дурсан ярихдаа “Байшин дүүрэн номтой хүн байсан”, “Том том загас барьдаг. Тул загас тэр гуайд л баригддаг байсан” гэсэн хоёр зүйлийг л их ярьдаг юм. Энэ бичвэрт ч гэсэн энэ хоёр сюжет байна аа, байна. Зохиолч Ц.Гончиг миний хөгшин аавын тухай ийн бичиж байна: “Та загас бариа юу? гэж асуухад “Миний барих загас өнөөдөр ирсэнгүй ээ...” гэж гунигтай ч юм шиг хариулав. Өвгөний энэ хариулт надад гайхмаар сонин санагдав. Хүн ер нь өөрөө л загас барих гэж голын эрэгт ирдэг биз дээ. Гэтэл загас өөрөө баригдана гээд энд ирдэг гэж үү? хоёр улиасны тушаа “Оройн гараа”-ы цүнхээлд энэ том зэвэг намайг хүлээгээд хэвтэж байсан гэж үү? өвгөнийхөөр бол тийм болж таарах нь ээ. Түүнийг барихаар би л хүрээд ирж дээ. Тэгээд л хөөрхий баригдаж” /Гончиг Ц. Цул мөнгөн гүүр. 62/

Хөгшин аав хэлж байна: “Тэр ирнэ ээ. Заавар ирнэ. Би түүнийг барихдаа л барина. Хүний хүсэл зоригийг ямар ч загас ялж чадахгүй” гэснээ бяцхан Гончигт Хэмингуэйн “Өвгөн тэнгис хоёр” туужийг ярьж өгнө.

 

Хөгшин аав хүлээсэн загасаа барьсан тухайд: “Тэр зун нэг өдөр ах гол уруудаад ирэхдээ Доржханд багш 2 метр 10 сантиметр тул барьсан тухай сонин дуулгав. Би, “Тэгээд яасан бол чихмэл хийнэ гэнэ үү? очиж харъя гэж шавдуулахад ах, “Буцаагаад голд нь тавьчихсан гэнэ ээ. Үнсэж, үнсэж тавьчихсан гэсэн. Тавихдаа жаал уйллаа гэж гэртээ ирээд ярьсан гэж хүү нь хэллээ.

 

 

Буцаагаад голд нь тавьсан гэдэг мэдээ надад урамгүй санагдах байтал яагаад ч юм тэгсэнгүй. Эсрэгээрээ миний дотор дүүрээд, сэтгэл баяр бахдал бялхах шиг болсныг санаж байна” /Цул мөнгөн гүүр. 66-67/ хэмээн хүүрнэжээ. Одоо надад энэ ном үнэхээр дурсамж мөн үү? уран сайхны эсээ юу? гэдэг асуулт байна.

                         Энэ бол дурсамж биш. Энэ бол эсээ биш. Энэ бол өгүүллэг. Зохиолч Ц.Гончиг түүх, газар зүйн багш байсан, загас барьдаг, ном их уншдаг тэр нэгэн хүний дэвсгэр сууринд тулгуурлан уран сайхны дүр бүтээж байгаа нь энэ юм. Тийм тохиолдолд энэ бичвэр дурсамжийн шинжээ алдана. Дурсамж бичвэрт ихэвчлэн нэгдүгээр биеэс хүүрнэх аяс, тухайн хүн, юмс үзэгдэл, амьдрахуйн тухай бичигч өөрийн хандлагаас хандан бичих маяг давамгайлдаг бол “Цул мөнгөн гүүр” номонд уран сайхны дүрүүд биежин босож, дүрүүд өөрийнхөө үг, үзэл бодол, үйлдлээр оршиж байна. Ийм тохиолдолд энд уран зохиол бий болно. Уран зохиолын нэгэн төрөл болох өгүүллэг нь: гол төлөв баатрын амьдрал, үйл хэргийн нэг жижиг хэсэг, учрал тохиолдлыг өгүүлэх ба, цаг хугацааны хувьд амьдралын нэгэн агшин хормыг харуулж, түүгээрээ хүн-нийгмийн утга чанартай анхаарал татсан эгзэгтэй нэг гол асуудлыг хөндсөн байна хэмээн “Уран зохиолын нэвтэрхий толь”-ноо заасан байна. Үүнийг “Өвгөн Хэмингуэй” өгүүллэгт буулгаад харъя.

Нэгт. Амьдрал үйл хэргийн жижиг хэсэг: Өвгөн, жаал хүү хоёрын яриа.

Хоёрт. Амьдралын нэгэн агшин хором: 1990 хэдэн оны нэгэн зуны хагас.

Гуравт: Хүн-нийгмийн чанартай анхаарал татсан эгзэгтэй асуудал хөндөх: Өвгөн Хэмингуэй эр зоригийн тухай, үзэл санаалаг оршихуйн тухай сэдвийг хөндөж байх шиг.

«Мөрний эрэгт мохор шившин суух эрийн

Мөр дүрийг нь давлагаа зүлгэнэм...

...Урсгал дээр таталгах нарийхан мөчрийн

Уянгат шүлгийг тэр аньсагандаа бичмүй.

Жараахайнууд шунган мандал руу үсрэхдээ

Жаргал зовлонгийн үрчлээ магнайд нь үүсгэнэм.

Орооцолдсон торны нэг захаас мөнөөх эр атгаад

Оюун санаагаа нөгөө үзүүр хүртэл нь хөвөрдмүй.» (Гончиг.Ц. Цэцгийн нэртэй сууринд. УБ. 2019. 65)

                         Манай нэн шинэ үеийн уран зохиол дахь “Уран сайхны эсээ”-ний томоохон жишээ бол зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгсийн “Үзэхийн хязгаар” намтарчилсан эсээний ном билээ. “Үзэхийн хязгаар” бол бүх шинжээрээ эсээ. Бас нэрт соён гэгээрүүлэгч Л.Дашням гуайн “Байх байхгүйн дунд” хэмээх сайхан ном бол дурсамж эсээний ном мөн.  “Үзэхийн хязгаар”, “Байх байхгүйн дунд”, “Цул мөнгөн гүүр” гурвыг зэрэгцүүлж тавьж байгаад уншвал ялгаа зааг нь маш тодорхой гарч ирнэ. “Цул мөнгөн гүүр” эсээний номууд, дурсамжийн номуудаас ялгагдаж байгаа олон ялгаануудаас уншигч танд нэгийг хэлэхэд: Энд дүр байгаа. Дүрүүд нь бодит бус шинжтэй. Тэр дүрүүд байсан, байгаа хүмүүс мөн. Гэхдээ “уран сайхны орчин, орон зайд амилсан үлэмж хийсвэр, гагцхүү урлагийн бүтээлээр дамжиж уншигчийн сэтгэл санаанд бодтой хүртэгддэг өвөрмөц маягийн зан төрх” /Галбаатар Д. Уран зохиол. 401/ гэдэг нь тэднээс үлэмж анзаарагдана. Ер нь бол: Чөтгөр Бүдээ, Уран Дорж, Өвгөн Хэмингуэй, Надиа гуай, усанд шумбагч эр, Довдонсамбуу гуай, Тэгшээ гуай, Ван Дамм, арав хүрээгүй Гончиг /Сансиро/ энэ хүмүүс зохиолч Цэрэннадмидын Гончигийн авьяас, ур ухаанаар ороод гарахдаа уран сайхны дүр болж хувирчээ. Угаасаа ч жинхэнэ уран зохиолоос зохиомол юмыг нь хасах тусам л жинхэнэ зохиол болдог гэж жинхэнэ зохиолч нар бичсэн байдаг билээ...  

Бас нэгэн талархууштай зүйл бол энэ номонд дурдагдаж буй хүмүүс, дүрслэгдэж буй дүрүүд ямагт зохиолчоосоо өмнө байдаг. Дурсамжийн номуудыг ажиглаж байхад бичиж буй тухайн хүнээсээ бичигч өөрөө төвийж гарч ирээд, өөрийгөө дуулаад байх тохиолдол элбэг байдаг бол Ц.Гончиг бичиж буй хүмүүсээ тэргүүн эгнээнд гаргаж, шинээр нээн танилцуулж бичсэн. Манай сумынхан энэ хүмүүсийг бүгдийг нь танина. Харин энэ ном хуучин танилыг нь ахин таниулсан нь дамжиггүй. Ийм шинэ соргог мэдрэмж өгч байгаа нь дурсамж биш уран зохиол гэдэгтээ л орших буюу.  Учир нь зохиолч Ц.Гончиг тэр хүмүүсийг зүгээр л дурсаад орхисин бус шинээр бүтээсэн байна.

***

Аливаа цаг үе өөртөө байлгах бүхнээ нэвсийтэл дагуулсаар ирдэг нь жам ёс. ХХI зууны эхэн үеийн манай уран зохиол энэ жамаас үл гажмуй. Мөнхүү цаг үеийн нэгэн тод өнгө, гэгээн дуулал болох яруу найрагч, зохиолч Цэрэннадмидийн Гончигийн “Цэцэгийн нэртэй сууринд”, “Цул мөнгөн гүүр” номуудыг товч өгүүлэхэд ийм байна. Ц.Г бол хүүхэд насны харгүй тунгалаг сэрэхүйгээр байгал ба ахуйн нууцад нэвтрэн чадаж, түүнийгээ өөрийн авьяас, гэгээн мэдрэмжээр буулган бичиглэдэг яруу найрагч, энгийн суурин, бодит ахуй, жирийн хүмүүсийн аж төрөхүй, хийгээд дүрүүдийг утга зохиолын “сахиусан тэнгэр”-ийн нүдээр танин нэвтэрдэг ариун мэдрэхүй, буулган дүрслэхүйн төрөлх зөнтэй зохиолч юм байна гэж дүгнэвэл үл ахадна хэмээн зориглон хэлэхийг хүсэж байна. Тэр, манай уран зохиолын “ГЭРЭЛТ НАЙДВАР”-уудын нэг ээ.

 

 

2023-12-31

 

 


ШҮҮМЖ: ГЭРЭЛТ НАЙДВАР
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 7
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-06 15:13:57
    Зориг: Ц.Гончиг найрагчийн магтуулаад байгаа энэ ном өчигдөр МЗЭ - ээс 2023 оны шилдэг бүтээл шалгаруулах уралдаанд "Алтан өд" шагнал авчээ! Нутгийн ах нь аргагүй л зөн билэгтэй загалмайлж дээ! Амжилт
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-05 10:12:19
    Гончиг гэж яахын аргагүй сайн шүлэгтэй сайхан бүтээлтэй залуу юм. Гэрэлт найдвар болсон энэ залуугийн номыг заавал авч уншнаа: Гончиг гэж яахын аргагүй сайн шүлэгтэй сайхан бүтээлтэй залуу юм. Гэрэлт найдвар болсон энэ залуугийн номыг заавал авч уншнаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-04 23:49:57
    Л.Уранчимэг: Сайхан дурсамжуудаар аяламаар санагдлаа. Ц.Г д уран бүтээлийн өндөр амжилтыг хүсэн ерөөе
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-04 23:26:56
    Ариун: Зөвхөн энэ бичвэрт буй хэсэгхэн мөрүүдийг уншихад л "гэгээхэн" , "хийсвэр" хэрнээ "бодитой" тийм нэг үзэгдлүүд буугаад байна. Нээрээ л мэдрэмжээ "гоё" илэрхийлэх юм.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-04 20:56:51
    Д.Дашдондов: Сайхан нээж бичжээ. Ц.Гончиг аргагүй "Гэрэлт найдвар" ажээ. Баяр хүргэж, амжилт ерөөе.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-04 20:11:43
    Эрдэнэчимэг: Сэтгэл гэгэлзүүлж шар үс босов амжилт
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-04 17:03:53
    Зочин: Сайхан шүүмж уншлаа. Дашням гуайн "Байх байх үгүйн дунд", Өлзийтөгсийн "Үзэхийн хязгаар"-ыг угшаад өөртөө баярлаж билээ. Энэ 2 номыг заавал уншинаа
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188