• Өнөөдөр 2024-05-03

МӨНГӨН БУДДА АВСАН ӨДӨР НЬ ТҮҮНИЙ ШҮЛЭГТ “ЗОЧЛОХУЙ”

2023-12-02,   852

  “Мөнгөн буддаг наймаалж, цүнхлээд

Мөнөөхөн зээлээс гарч явахад

Нурууны цаанаас миний доторхыг

Нэвт тольдон болгоож эхлэх шиг ээ...” гэх түүнийг мөнгөн буддаг аваад зээлийн хоршооноос гарахад нь, би араас нь дагасан юм. Түүнийг гэдэг нь яруу найрагч, орчуулагч Мө.Батбаяр. Хэдийнэ танил найрагч ахын шүлэг болоод тэмдэглэл, орчуулгын ном гээд бүгдийг нь шимтэн уншдагийн хувьд энэ удаад бидэнд чухам юу бичиж зэхсэнийг мэдэхээр ийн дагаж яваа юм. Мөнгөн будда гэдэг нь түүний ээлжит шүлгийн ном. Урьд би түүний шүлгэн “гэр”-ээр мөн олон “зочилсон” сон. Ихэнхдээ өвөл л очдог сон. Жаахан жиндээд алхаад ороход хайр энэрэл, халуун дулаан бүхэн ханхлуулсан мэдрэмж төрж, суугаад л баймаар, бүр хонож, өнжиж хэсэгтээ саатмаар хоргодонгуй мэдрэмж төрнө. Үүнийг сүүлд хэвлүүлсэн “Мөнгөн будда авсан өдөр” ном нь баталжээ. Тус шүлгийн номын уялга үгээс нь хойш эргүүлэн эхний шүлгийг уншихад,

    “Гадаа цасан шуурга оволзож байхад

Гараад яахнав дээ, та хоёр минь гэртээ амар

Галын ээнэгт сууж гүнгэр, гангар хий

Маналзах цасан шуурга руу одоо хүү нь гаръя

Манай нутгийн тэнгэрт мичид сартайгаа тохиосон нь

Цасны зайцаар ямар вэ үзье...” гэсэн мөрт угтлаа. Хэлээгүй юу, эхний шүлгээсээ эхлээд л аав, ээжийгээ гэсэн ачлалт хүүгийн сэтгэл, хүний хорвоод үртэйнх нэг цасан шуурганаар ч болов дулаан гэртээ суугаад гүнгэр, гангар хийх жаргалыг амтлан суугаа ижий, аав хоёр гээд уншихад л хайр мэдрэгдэнэ. Тэгээд "Хаа нэгтээ ижий, аав хоёрыгоо гэртээ суулгачихаад маналзсан их цасан шуурга руу малгайгаа бүчлээд гарч байгаа хүү бий дээ" гэж бодоход сэтгэлд өег. Арагш хэдэн хуудас гүйлгэн уншихад, эрхгүй аав минь бодогдсон мөртүүд ч дайралдлаа.

      “Аавынхаа гарыг өвөр дээрээ дэлгээд

Өөрийнхөө тосноос түрхэж өг, хүүхдүүд минь

Алх, хадуурт цэврүүтэж

Алганы нь хээ арилсан

Алганыхаа хээг цэврүүгээр далдлаад

Амьдралынхаа төөргийг чинийх болгосон

Аавынхаа гарыг бас барьж өг, хүүхдүүд минь”  гэх мөрт хоолой зангирууллаа. Жирийн л нэг ажилчин аав минь тэсгим хүйтэн ийм өвлийг ч үл ажран ажилладаг. Алга, гар нь дандаа л хир даг болчихсон явдаг. Нэг ч удаа алгыг нь дэлгээд гарыг нь тослох нь битгий хэл, яажшуухан бэртээгүй хуруудтайг нь анзаардаггүйгээ саналаа. Аавыгаа жаахан бодлоо. Ерөөс аав, ээж, ахуй орчин, аяс намуухан бүхнийг эл шүлгийн номоос оллоо. Зөөлөн байх тусам хүн нэгнийхээ хайр энэрлийг мэдэрч, тийм нэг халуун бүхэнд аргамжаатай явдагийг ч мэдэрлээ. Угаас түүний шүлгүүд ингээд сануулаад байдаг гэж эхэнд л өгүүлээгүй юу.

Цаашлаад, эл түүвэрт багтсан шүлгээс яах аргагүй онцолж, давтан уншсан шүлгийн нэг бол “Эгэлхэн дуу”. Яруу найрагч А.Эрдэнэ-Очир найрагчид зориулсан мөртүүд аж.

 

  “Хүйтэн харз руу гал шаргал навч унах адил

Хүний сэтгэлд гэгээ нэмэн одсон наран ангир минь

Монгол нутагт минь ес эхлээд хүйт эрчилнэ

Манай оронд цас, мөсний тунгалаг дуу түгнэ

Ай, гэвч урин хавар ирэхдээ л нэг ирнэ

Айсуй цагийн шувуудын түүчээнээс би таныг харуулдана...” гэсэн мөрт сэтгэл сэмлэж, ялгаагүй үлгэрлэдэг найрагч эрхмийг үгүйлсэн юм. Хүний сэтгэлд гэгээ нэмсэн хүн мөнөөс мөн байсныг нь таних, мэдэх хэн бүхэн л мэднэ. Ингээд л онцлоод, мөрт бүрийн ард буусан мэдрэмжээ яриад байвал дуусашгүй. Уншигчийнхаа хувьд сэтгэлд тогтож, хөвөлзүүлж, үгүйлэн санагалзуулж, дулаан оргиулсан олон мөртөөс нь л хэдийг онцоллоо. Лавтай ч түүний энэ түүврээс ухаарч яваа, ухаарснаа бичиж буй хүн тодорлоо. Хүний сэтгэлийн сайхныг, хүний сайхныг, хүн хоорондын харилцааны мөн чанарыг, сэтгэлийн дулаан долгионыг хэзээнээс шүлэг, тэмдэглэл, ном бүтээл бүрдээ багтааж ирсэн шиг ээ багтааж, шингээсэнд нь уншигчийнхээ зүгээс баярлаж байна. Сэтгэлд ойр бүхний эрэлд гарахдаа гарцаагүй бариад, уншихад бүгдийг нь ойртуулаад л өгөх ном "Мөнгөн будда авсан өдөр" мөн санагдлаа.

Эл түүврийг товчхон өгүүлж, бэсрэгхэн тэмдэглэн байгаагийн учир нь амьдралд минь хань болж, өнөөдөр ч сэтгэл зүрхийг минь сэмлэхдээ сэмэлж, тэтгэхдээ тэтгэж, тэнхрүүлэн яваа түүний өмнө нь гаргасан хоёр түүврийг мөн дурдмаар байна.

 

-“БҮГД ӨӨРИЙН ГУНИГТАЙ”, “ӨРТӨӨН ДЭЭР ХЭЛЭГДЭХ ҮГС”-ЭЭС Ч ОНЦОЛМООР БАЙНА-

             Ах, дүү дөрвөн шүлгийн түүвэртэй юм байна, Мө.Батбаяр найрагч. Хорвоод "мэндлээд" удаагүй отгон дүүг нь дээр онцолсон. Одоо харин хоёр ах нь болох "Бүгд өөрийн гунигтай", "Өртөөн дээр хэлэгдэх үгс" түүврүүдийг мөн онцолмоор байна. “Бүгд өөрийн гунигтай” шүлгийн түүврийг сөхөж гүйлгээд, “Нээрээ л бүгд өөрийн гунигтай даа” гэж гарчгаас нь өгсүүлээд, дотор нь багтсан шүлгээс тэмдэглэлийн дэвтэртээ буулгаж байснаа санаж байна. Тэгэхэд яг намар болж байлаа. Улирал нь ч тэгээд таарсан болохоор тэр юм уу

“Өчнөөн навч шарлаж чамайг хүлээв

Төчнөөн навч шарлуулан чамайг хүлээв

Өчнөөн хүн явахыг үзэж чамайг хүлээв

Төчнөөн хүнийг явуулан чамайг хүлээв

Хүлээхгүй болтлоо

Хэчнээн их хайрлав даа чамайг...” гэсэн мөрт л хамгийн түрүүнд нүдэнд туссан. Дараа нь харин

Дурсамжийнхаа олон гудамжийг хэсэж чамайг хайхдаа

Дуугүйхэн мандаж сурав, нар шиг

Дурдатгал болох цоо шинэ өдрүүдэд

Дахин, дахин мандаж сурав, нар шиг:..” гэх мөртүүд нэг тийм бүгдийг тэсэж тэсвэрлэчих юм шиг, торохгүйгээр туулаад гарах мэт тэнхээ өгсөн. Түүнээс хойш би түүний номоос салахаа байсан. Хаана ч цүнхлээд л явна. Сэтгэлд тороод, тогтоод байгаа шүлгийг нь дахин, дахин уншиж, бүр давтан гүйлгэж, тодруулагчаар хэдийнэ зурснаа дахиад нэмж тодруулаад л уншина гээч. Ийм нэг “найз”-тай хэсэгтээ явтал “дүү” нь удаагүй “мэндэлсэн”. Түүнийг “Өртөөн дээр хэлэгдэс үгс” гэнэ. Уг нь номыг нь гарахад л авмаар байсан ч төдийлөн төвдөхгүй явсаар төрсөн өдөр ч дөхөж. Оюутан ангийн найз нар минь “Ямар бэлэг авах уу” гэхэд нь уухайн тас “Өртөөн дээр хэлэгдэх үгс” гэлээ. Тэгж би түүний нэгэн шинэ шүлгийн түүвэртэй "уулзаж" байлаа. Өнөөх “Бүгд өөрийн гунигтай”-гаа хэсэгтээ хойш хураачихлаа. Цүнхэнд шинэ “найз” тухлаад сүйд гэж жигтэйхэн.

Хичээлийнхээ завсарлагаанаар, харих замдаа сөхөж гүйлгэлээ. Хөл дор цас чахран дуугарсан  өвөл цагийг ч хэлэх үү,

Эмзэг сэтгэл усгал нүдтэйг нь санахаар

Сэтгэл хөндүүрлээд

Энэ хүйтэн орчлонг тэр минь

Яаж туулна даа гэж бодогдоно гэх мөрт хоолой зангируулж, цээж зураад л явчихсан. Үргэлж үймэрсэн, сэтгэл хөндүүр, эмзэг надад санан дурсах дуртай түүнд минь оноож хэлчих шиг санагддаг. Хүний өмнөөс шаналж, шархалж, хүн санан үгүйлнэ гэдэг хэчнээн бэрх билээ. Санаад явж байхад модод шарлах, цас орох, жавар үлээх шиг дараа, тээр, нэрмээс үгүй. Тийм ч болохоор хүйтэн өдөр жаахан жиндүүхэн алхаж явахдаа “Тэр ч мөн хаа нэгтээ даарч байгаа болов уу” гэж боддог. Тийм надад үүн шиг ойр мөрт хаана байх билээ. Цаашлаад түүвэр бүхэлдээ л хөтлөн алмайруулж, хөглөн татаж, тийм нэг өрөвч зөөлөн, өгөөмөр гэгээн ахуйд саатах шиг тун таатай мөртлөө сэтгэл шаналгасан, хавь ойрын хамаг зүйл сэдрээсэн мэт санагдаж, хэдэн өдөр хөлчүү хүн шиг л ханьсан явсан сан. Шүлгийг би ингэж "ууж", мөртүүдээр нь "амьсгалж", үг бүрийнх нь өмнөөс одож, шаналж унших дуртай. Тэгж ханьсахгүй юм бол нээж хэсэг хараад л номын сан руу шургуулчихна.

Тус шүлгийн түүвэрт,

Өсөж том болно гэдэг өгүүлэмгүй хүсэм

Өнөө хожмыг тунгаах, бусдын зовлонд очих эрхэм

Өвчтэй андынхаа хүйтэн гарыг

Халуун атгандаа өнхчүүлж

Өвлийн шөнө орных нь толгойд

Мөрөө түшүүлж хонох чухаг...” гэсэн мөрт байна. Бусдын зовлонд очих эрхэм гэх мөрт зүрх рүү урсаж, нээрээ л зовлонд ойртож, гагц өөрийн бус өрөөлийн зовлонд очиж сурна гэдэг том болсон хүний л чадах, давах зүйл гэдгийг мэдрэн яваа болохоор ойр хажууд ойгдон буусан үгс байлаа.

            Ингэж уншигч би лав эдгээр шүлгийн түүврээс нь тэнхээг олж, өнөөдөр ч түшиж, буланд суухад минь татан босгож, заримдаа буцаан суулгадаг шүү. Яруу найрагч, орчуулагч Мө.Батбаярын анхны түүвэр нь “Намрын тэмдэгтүүд”. Мөн “Тэнгэрт ойрхон дуулж яваа хүн” хүүрнэл зохиолын ном ч хэвлүүлсэн. Үй хуагийн “Амьдрахуй”-гаас эхлээд орчуулгын номыг нь уншигчид андахгүй. Тэр бүгдээс нь илүү шүлгийн түүвэр нь л миний дотны "найз" юм аа.


МӨНГӨН БУДДА АВСАН ӨДӨР НЬ ТҮҮНИЙ ШҮЛЭГТ “ЗОЧЛОХУЙ”
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-29 22:41:05
    Зочин: Иим шүлэг гэж юу байхвэ Одоо яруу найрагч авьяас онгодтой хүн бхгүй болсону Явуухулан Пүрэвдорж лхавгасүрэн дашбалбар Бавуу Эрдэнэочир Хулан Өлзиитөгс Галсансүхиин шүлэг яруу найраг шив шинээрээ бгаашү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-29 19:32:57
    Л.Батцэнгэл : Сайн бичжээ. Дүү нарт уран бүтээлийн, урлан туурвихын их амжилт хүсье!
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188