• Өнөөдөр 2025-04-30

ХОН ФОССЕ: УТГА ЗОХИОЛ БОЛ ҮХЭХ АРГА, ҮХЛИЙН СУРАХ БИЧИГ

2023-10-08,   1284

Шинэхэн Нобелийн шагналтан Норвегийн зохиолч Хон Фоссегийн өнгөрсөн 2022 онд "New Yorker" сайтад өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.

                            Өдгөө 64 настай зохиолч Хон Фоссе 1959 онд Норвегийн Хаугесунд хотод төржээ. Тэрбээр Норвегийн Бергений их сургуульд социологийн мэргэжлээр суралцаж байсан ч дундаас нь завсарлаж, утга зохиол, философи уншиж, судлан харьцуулсан утга зохиолын чиглэлээр мэргэжил эзэмшсэн байна. Улмаар 1983 онд анхны "Улаан хар" нэртэй романаа өлгийдсөн Хон Фоссе орчин цагийн хамгийн шилдэг жүжгийн зохиолчдын нэг болж, дэлхийн утга зохиолын хамгийн өндөр шагнал болох Нобелийн шагналыг "Шинэлэг жүжиг, зохиолуудаараа хэлж чадамгүй үгс, хүмүүсийн дуу хоолой болсон"-оороо хүртсэн билээ.

-МИНИЙ БИЧИХ ЗОХИОЛ НАДАД СОНСОГДДОГ. НАДАД ХЭЛЖ, ШИВНЭЖ ӨГДӨГ ТЭР ХООЛОЙ МИНИЙ ХООЛОЙ БАЙДАГ-

-Ноён Фоссе, тантай ийн уулзаж, ярилцаж байгаадаа таатай байна. Таныг тэгж их биеэр уулзаж, нүүр тулж ярилцлага өгдөггүй гэж мэдэх юм байна?

                      -Би цахим шуудангаар асуулт явуулбал эргэн хариу өгч, ярилцлага хийхийг илүүд үздэг л дээ. Англи хэл дээр ч гэсэн ярихаас илүү бичих нь надад хялбар байдаг.

-“Хүнтэй харилцаж, ярилцахаас илүүтэй бичих нь хялбар учраас зохиолч болсон” гэсэн хэд хэдэн хүнтэй ярилцлага хийж байсан юм байна. Харин та ямар шалтгааны улмаас зохиолч болсон хүн бэ?

                      -Тийм ээ, миний зохиол бичих болсон шалтгааныг ч гэсэн тиймэрхүү гэж ойлгож болно. Гадаад харилцааны хэлтэст ажилладаг нэг эр Витгенштейнээс эш татаж “Бид ярьж болохгүй зүйлдээ чимээгүй өнгөрөх ёстой” гэж байсныг санаж байна. Бас Жак Дерридагийн “Хэлж чадахгүй байгаа зүйлээ бичих хэрэгтэй” гэсэн эшлэл ч байгаа шүү дээ. Тэдний хэлсэн үгс миний бичих арга барилтай ойр гэж боддог.

-Деррида таны “Тайзан дээр алхаж буй сахиусан тэнгэр” зохиолд их дуртайгаа хэлсэн байдаг. Магад түүний сэтгэлгээний хэв маягийг ч таны зохиол, жүжиг, тэр болгоны харилцан яриа, чимээгүй байдлаас мэдэрч болох байх?

                      -Би 1979 оноос Дерридаг судалж эхэлсэн. Манай Норвегийн их сургуулиуд марксизмын нөлөөнд автчихсан байсан л даа. Тэр үед Норвегид олон маоист нам байв. Маоист нам, марксист үзэл тухайн үеийн эрдэмтэн, зохиолч, бичгийн хүмүүсийн дунд хүчтэй байсан юм. Би анх их сургуульд социологийн чиглэлээр сурч эхэлсэн. Гэсэн ч утгагүй, тэнэг зүйл шиг санагдаад аливаа зүйлийг позитивистээр тооцох арга, сэтгэлгээний дэргэд юу ч биш шиг бодогдох болсон. Тиймээс л социологийг орхиж гүн ухааныг хөөж эхэлсэн гэх юм уу даа. Гүн ухаан гэдгээрээ Дерридаг уншиж, Норвегийн хөдөө нутагт сууж байснаа хэлж байгаа юм. Дерридагийн "Грамматологийн тухай"-гийн дани хэл дээрх орчуулгыг их уншдаг байсан байх аа.

                      Дерридаг уншиж, философи судалж эхэлсэн цагаасаа харьцуулсан уран зохиолын чиглэлээр суралцав. Тэгэхдээ хэдийнэ анхны романаа, утга зохиолын янз бүрийн төрлөөр биччихсэн байв шүү. Миний барьж авсан сэдэв нь зохиолын онол. Аа бас тэгэхэд, хөгжим надад их нөлөөлсөн. Миний 12-13 настайдаа бичсэн анхны шүлэг дууны үг байсан. Түүнээс хойш бишгүй шүлэг, богино өгүүллэгүүд бичсэн. Өөртөө зориулж бичсээр амьдрах, амьд байх газраа олсон.

-Утга зохиолд хөл тавьсан Хон Фоссегийн "амьд байх" гэж сонгосон газар нь ямар газар байсан тухай яриа дэлгэхгүй юү?

                      -Аюулгүй газар. 12 настайдаа ганцаараа, ганцаардалдаа аюулгүй байж чадах газар юм. Би одоо 62 настай. Гэсэн ч надад аюулгүй газар хэрэг болдог. Харин намайг хэзээд аюулгүй байлгах тэр газар бодит биш, дотор минь байдаг. Сонсох, сэтгэл хөдлөлөө ил гаргаж байхад үнэхээр аюулгүй байгаагаа мэдэрдэг сайхан газар. Зарим талаараа үл мэдэгдэх, хязгаар үгүй тэр газар байх нь аймшигтай байж магад. Гэхдээ зохиолч хүн тэр оюун санааныхаа хил хязгаарыг олж, түүнийгээ давах ёстой байдаг юм. Надад хил хязгаараа олоогүй эсвэл хэтэрхий айж байснаасаа болж хязгаараа давахыг хүсээгүй үеүд бий. Тэгэхдээ өөрийнхөө сэтгэлийг, өөрийгөө бичиж зүрхэлдэггүй байсан. Гэсэн ч би хязгаараа олсон. Түүнийгээ ч давсан. Одоо ч надад төрсөн, торж явдаг бодол, шаналал бий. Тэр бүгдийг алга болохоос өмнө бичих л үүрэг үлдсэн. Хүний мэдрэмж олон өнгөтэй, олон хэлэмжтэй юм даа. Би "Өглөө, орой" киноны зохиолоо анх бичсэнээс нь юу ч өөрчлөхгүйгээр явуулж байсан. Бас "Хэн нэгэн ирэх нь" гэх нэртэй анхны жүжгээ ч өөрчлөөгүй. Харин "Септологи" гэх романаа олон удаа засвар оруулж, өөрчилсөн.

-Хон Фоссегийн хүүхэд нас хэрхэн өнгөрсөн бэ. Таныг хүүхэд байхдаа завьтай зугаалж, загасчлах дуртай хүүхэд байсан гэж сонсож байсан юм байна?

                      -Олон нийттэй хөл нийлүүлж, бусад хүүхдийн л адил өсөж хүмүүжсэн. Долоон настайдаа аавтайгаа загасанд явдаг болов. Намрын эхэн сараар аавтай хамт загасчлахаар явдаг байсан үе миний хамгийн сайхан дурсамж. Аав бид хоёрын завь харанхуй болоход хэчнээн үзэсгэлэнтэй харагддаг байсан гээч. Тэр мөчийг зураг болгон үлдээсэн бол... Гэхдээ би зураг, зураг гэдэг үгэнд дургүй. Харин зураг гэдэг зүйл надад ямар нэгэн өнгө, дуу чимээ шиг санагддаг. Миний бичих хэв маяг ч тэр ямар нэгэн зүйлийг бодож, төсөөлж бичдэггүй. Надад юм сонсогддог...

-Танд юу сонсогддог юм бэ?

                      -Миний бичих зүйлс сонсогддог. Би хардаггүй, төсөөлдөггүй. Тэр дуу хоолой хаанаас, юу илэрхийлээд байгааг ч сайн мэдэхгүй. Гэхдээ надад хэлдэг, шивнэдэг тэр хоолой өөрийн минь хоолой гэдгийг л сайн мэдэж байна.

-Таны бүтээлүүд дэх шашин, утга зохиолын нэгдэл, илэрхийлэмжийг та юу гэж тайлбарлах вэ?

                      -Миний амьдрал, уран бүтээлд үл мэдэгдэх хэдий ч үлэмж нөлөө үзүүлсэн том өөрчлөлт гарсан нь шашны эргэлт. Уг нь би шашингүй үзэлтэн. Гэхдээ бичиж буй зүйлээ юу бичсэн, юу болсныг тайлбарлаж чаддаггүй. Хүмүүс тархийг шинжлэх ухааны үүднээс тайлбарлаж болох л юм. Гэхдээ сүнслэг байдал, хүний дотоод гэрлийн талаар тайлбарлаж чаддаггүйтэй адил би таны энэ асуултад хариулж чадахгүй юм байна. Харин миний мэдэж байгаа ганц зүйл бол утга зохиол өөрөө утга зохиолын онолоос илүүг мэддэг.

-Та нигүүлслийн тухай юу гэж боддог вэ?

 

-Нигүүлслийн талаар их бодож байсан. Гэхдээ хэлж чаддаггүй юм.

 

-Надад их чухал зүйл шиг санагдаж байна?

                      -Надад ч мөн адил чухал ойлголт л доо. Заримдаа би амьдрал, ахуйгаас амьсгаа авч бичиж, туурвиж чадвал өөртөө барьж байгаа бэлэг, нигүүлсэл гэж ойлгох нь бий. Гэхдээ ингэж бодох тийм ч зохистой бус байх. Сайн бичих, сайн зүйл бүтээх нь ач, ивээл байх л даа. Амьдрал гэдэг ч өөрөө ямар нэгэн зүйлийн нигүүлсэл байж мэднэ. Үхэл ч ялгаагүй. Тиймээс л би амьдралыг орхихоор шийдсэн хүмүүсийг ойлгож чаддаг.

-Зовлон зүдгүүр ч бас нигүүлсэл байж чадах уу?

                      -Христийн шашинд үздэгээр амьдрал бол нэг төрлийн бэлэг, нигүүлсэл. Гэвч ингэж бодох нь хэт парадоксик ойлголт болно. Миний бодлоор бүх зүйл ямар нэгэн парадоксоор төгсдөг. Бүх зүйл зөрчилдөөн, зөрчилдөөн дундах бүх зүйлс...

-Гэхдээ үүнийг ойлголоо, хүлээн зөвшөөрлөө гээд хүн ертөнцөөс, амьдралаас зугтаж чадна гэж үү?

 

-Магад чадахгүй учраас л амьдралыг илүү утга учиртай болгодог юм болов уу. 

 

-Таны жүжгийн дүрүүд "хэн ч байж" болдгоороо илүү онцгой болов уу. Жүжгийн дүр би ч, та ч байх боломжтой байдаг шүү дээ?

                      -Жүжгийг жинхэнэ утгаар нь жүжиг болгохын тулд дүрүүдийг нь "хэн нэгэн" гээд заагаад өгчихвөл утгагүй болно шүү дээ. Миний жүжгийн дүрүүдийг тэр дүрд тоглож байгаа жүжигчин амилуулж, найруулагч ажиллуулах хэрэгтэй. Түүнээс биш зохиолчийн хийх ёстой зүйл биш. Олон жүжгийн зохиол бичиж, олон нийтэд хүргэсэн хүнийхээ хувьд өөрийгөө театрын хүн биш гэдгээ маш хүчтэй мэдэрдэг. Тиймээс зохиолоо театрт нийцүүлэх бус чадахынхаа хэрээр бичиж, цаасан дээр хэвлэх нь надад амар байдаг.

-Жүжиг, жүжгийн зохиолуудын тань харилцан ярианууд их өвөрмөц байдаг. Сэтгэлгээний, заримдаа цэг, таслал шиг эсвэл хөгжим шиг...

                      -Уран зурагт хүртэл хэмнэл холбоотой байдаг даа. Урлаг гэдэг өөрөө элементүүд хоорондын хамаарал. Ритм гэж хэлбэл илүү ойлгоход хялбар. Тэр ритм хайр, харуусал, нигүүлсэл аль нь ч байж болно. Хэмнэл байгаа л бол уншигч, хүн тэрийг мэднэ, мэдэрнэ. 

-Таныг зохиол, бүтээлээ хэсэг хугацаанд завсарлаж, орчуулга хийж байгаа гэж дуулсан. Үнэхээр сайхан санагдсан. Миний бодлоор олон зохиолч орчуулагчаар ажиллаж эхэлбэл дэлхийн уран зохиол хүрээгээ тэлж, илүү өргөжих нь сайхан байх?

                      -Орчуулга бол миний хийх дуртай зүйлсийн нэг. Уншиж байгаа мэт боловч орчуулж буй зүйлдээ гүнзгий автдаг. Орчуулгыг маш гүн уншлага ч гэж хэлж болох байх. Би залуудаа Олав Хаугийн орчуулгыг их уншдаг байлаа. Австрийн яруу найрагч Георг Траклийг тэр үеэс л мэдэж, уншиж эхэлсэн. Магад Хаугийн орчуулга болохоор л илүү таалагдсан байх. Түүний дараачаас өөрөө утга зохиолын орчуулгад хөл тавих зориг гаргаж, Траклийн "Себастьян им Траум" гэх нэртэй шүлгийн түүврийг орчуулж байлаа. Дараа нь "Элэглэл"-ийг нь гээд л...

-Мөн Франц Кафкагийн "Шүүх ажиллагаа"-г орчуулсан байх аа?

                      -Тийм ээ, үнэхээр гайхалтай зохиол, сайн туршлага болсон. Үнэндээ би Франц Кафкаг орчуулсандаа баяртай байдаг. Анх удаа бичихээсээ завсарлага авч, роман орчуулахаар шийдсэний дүнд "Шүүх ажиллагаа"-г орчуулж дуусгасан. Түүний дараачаас өөрийгөө скандинав хэлний хамгийн найдвартай орчуулагч гэж бодож бахархдаг байв шүү. Тэгээд Эсхил, Еврипид, Софокл гээд томчуудын маш олон жүжгийг орчуулсан. Цөөн үгээр, орчуулга хийх надад сайхан байдаг. Одоо Жералд Мурнанегийн "Талбайнууд"-ыг скандинав хэл рүү орчуулж байгаа.

-Үнэхээр их үхлийн тухай гардаг зохиол шүү. Таны зохиол, бүтээлүүдэд ч үхлийн тухай олон гардаг. Ер нь та үхлийн тухай, үхэх тухай хэр их боддог хүн бэ?

                      -Хүн нас ахих тусам л үхлийн тухай бодох нь багасдаг юм байна. Цицерон "Философи бол үхэж сурах арга" гэсэн байдаг. Харин би "Утга зохиол бол үхэж сурах арга зам, үхлийн сурах бичиг" гэж хэлмээр байна. Утга зохиол амьдралын ч, үхлийн ч тухай философи. Урлаг амьд зүйл. Харин утга зохиолыг уншигч уншихдаа дахин амилуулж уншдаг. Утга зохиол амьд. Харин ном, объектын хувьд бол хэдийнэ үхдэл болсон байх...

 
 
 

ХОН ФОССЕ: УТГА ЗОХИОЛ БОЛ ҮХЭХ АРГА, ҮХЛИЙН СУРАХ БИЧИГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188