• Өнөөдөр 2024-05-08

МИЛОРАД ПАВИЧИЙН “ӨВСНИЙ ТУХАЙ ДОМОГ”

2023-05-06,   542

Сербийн нэрт зохиолч, яруу найрагч Милорад Павичийн “Өвсний тухай домог” өгүүллэгийг орчуулагч Ц.Цэнгэлийн орчуулгаар хүргэж байна.

Өвсний тухай домог

                Египетэд цуутай гурван зүйл өвс байдаг. Альфа гэж нэрлэдэг нэгэн зүйл өвсөөр цагтаа олс томдог байсан бөгөөд фараоны наран завины зарим хэсгийг хадаасаар биш чухам энэ олсоор бэхэлдэг байж. Өөр нэг өвсийг персээр наргиле гэх усан тамхины гаансанд хийдэг. Гурав дахь өвсний тухайд их эртнээс домог хэлэлцдэг, энэ тухай дор өгүүлсү.
 
              Эцгийг нь Ижил мөрний доод би Алтан Ордоны улсаас авчирч асан Эл Насир Мухамедын үед нэгэн египет халиф амьдарч байжээ. Тэрбээр өөрийн ордон болоод хот даяарт молохеа гэх өвсөөр хийсэн амтлагчийг хоол хүнсэнд хэрэглэхийг хорьсон гэдгээрээ алдартай юмсанж. Энэ халиф үзэсгэлэн гоо эхнэртэй, түүндээ амь байсан гэж домогт өгүүлэх. Тэрбээр нэгэн удаа аян дайнаас харьж ирээд гоо эхнэрийнх нь хайр сэтгэл урьдынхаасаа нэг л өөр болсныг анзаарч, одон зурхайчаа дуудаж ирүүлээд хэрхэхийг асуужээ. Одон зурхайч:
-Эхнэрийн чинь ирээдүй чинийхээс урьтаж эхэлж байх юм. Иймд чи үнэсэхдээ үнэрлээд үзээрэй. Уруулаас нь өөр эрийн үнэр гарах бий вий. -хэмээж.
Халиф эхнэрээ үнэстэл шарсан тагтаа юм уу туулайн махтай өгдөг, нүдсэн өвс, саримстай амтлагч сэнхийхийг мэдэрчээ. Тэрбээр энэ халуун амтлагчийг таалдаггүй, тиймээс ч гал тогоонд нь байлгадаггүйг мэдэх халиф эхнэрийнхээ уруулд гагц өөрөө л мөр үлдээдэггүйгээ ойлгож. Ордонд суудаггүй, гаднаас ирдэг өөр хэн нэгэн л байх нь. Тэрбээр зарцаа дуудаад ордны үүдэнд лаа асааж бариад орсон хүн болгоноор лаагаа үлээлгэж унтраалгах, тэгээд молохеа үнэртсэн хүнийг тэр даруй авчрахыг зарлигдаж.
 
Эл аргаар нэгэн оёдолч эм баригдсаны хойно халиф одон зурхайчаа дахин ирүүлж:
 
-Одоо тэгээд хэрхэх? -хэмээн асуух нь зүй. Одон зурхайч ийн асуухад нь:
 
-Шувуу барья гэвэл чи яадаг вэ? -гэж асуултаар хариулав. 
 
-Тор тавиад хүлээдэг, -гэснээр халиф хүлээх болжээ. 
 
        Нэгэн удаа, үдээс хойш, Каир хот тэр аяараа өмхий самхайдаа өвч бүтэж ахуйд Каирын нүдний эмнэлэг-маристанд хөгжимдөн хүүрнэгч ордонд ирж лааг үлээхдээ амь амьдралаа ч, амраг хайраа ч нэгмөсөн унтрааж орхив. Түүнээс молохеа үнэртсэн ажгуу.
 
        Халифын өмнө ирээд тэрбээр ийн өчжихүй: Өвс ургамал, адгуус амьтан, од эрхис, байгаль тэр аяараа үнэнийг өөртөө тээж явдаг учир хэзээ ч худлыг үл өгүүлнэ. Харин хүн бол үнэнийг өөр хэн нэгэнд хэлэх гэдэг цорын ганц бодгаль. Худал ийн бий болдог. Цаг хугацаа, үнэн хоёр бол нэг зоосны хоёр тал, зоосны үнэ нь тогтмол. Энэ нь төлбөрийн хамгийн сайн хэрэгсэл, хэзээд гүйлгээтэй. Алт олохоос ч өмнө бий болсон. Халиф чи надаар лаа үлээлгэснээр үнэнийг мэдэв. Чи үнэний зоосыг авсан ч, энэ зоосоор аз жаргалаа авч чадахгүй, учир нь уг аз жаргалын чинь цаг аль хэдийн өнгөрсөн...
          Хайрт нь үхсэнийг дуулсан халифын эхнэр төрөх модон буйдан дээрээ дараах үгсийг сийлэхийг тушаажээ. 
“Би амьдралын ирмэгт, дайны хил, зууны зааг, хайр сэтгэлийн амсар дээр сууж байна. Эгээтэй л эзэн нь үхсэн, уяа олсыг нь цавчин урсгалд тавих хүнгүй, эргээс уясан завь гэлтэй”. 
          Эл явдлаас хойш Каирын бүх иргэдийг хүнсэндээ молохеа хэрэглэхийг хорьсон халиф аль эрт сураггүй болсон, эхнэр нь ч, эхнэрийн хайрт эр ч үгүй. Гэсэн хэдий боловч молохеаг урьдын адил аанай л идсээр, идэх тоолондоо уг өвснөөс болж баригдсан нууц амрагуудын тухай домгийг дурссаар. Эл домог эгээ гичний ширхэг үрэл шиг мөнөөхөн молохеаг онцгой амттай болгоно. Домог харин үүнээс ч  илүүг тээж байдаг юм биш байгаа?
 
ОРЧУУЛАГЧИЙН ТУХАЙ:
Орчуулагч Ц.Цэнгэл
  • Мишима Юкиогийн "Алтан асрын сүм"
  • "Нобелийн шагналт өгүүллэгүүд"(Альбер Камюгийн "Үнэнч биш эхнэр", Сартрын "Хана")
  • Абэ Кобогийн "Элсний хүүхэн"
  • Уильям Фолкнерийн "Эмилид барих сарнай", "Хар инээд"
  • Владимир Набоковын "Утга зохиолын лекцүүд"
  • Самуэл Бэккэтийн "Годоог хүлээх зуур" жүжиг тэргүүт дэлхийн сонгодог зохиол, жүжиг
  • Салман Рушдигийн “Флоренцийн шидэт гүнж” романыг хөрвүүлэн уншигчдын хүртээл болгосон монгол хэлтний уран зохиолын шилдэг орчуулагчдын нэг билээ.

 


МИЛОРАД ПАВИЧИЙН “ӨВСНИЙ ТУХАЙ ДОМОГ”
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-07 09:42:25
    Зочид: Орчуулагч Ц.Цэнгэл нь "Өвсний тухай домог" өгүүллэгийг орчуулсан талархал илэрхийлж дахин бүтээл орчуулахыг тэтгэврийн бид хүсэж байна. Ажилд нь амжилт хүсэн ерөөе.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188