-Увсын цэнхэр хязгаарт төрж, өссөн нь таны зохиол бүтээлүүдээс тодхон харагддаг. Та бага насныхаа тухай товчхон ярина уу?
-Миний төрж өссөн нутаг бол дэлхийн элсний хамгийн хойд зах руу түрж орсон хэсэг. Монгол орны хамгийн том Бөөрөг дэлийн их элсэн манхад дундах үлгэрийн юм шиг сайхан нутаг бий. Тийм сайхан нутагт төрж, өссөн хүн чинь нутаг усныхаа тухай, нутгийн зон олныхоо тухай зохиол бүтээлдээ дүрслэхгүй бол алдас болох байлгүй дээ. Хонь хурга хариулж, адуу мал манаж явсан тэр үеийн минь гэгээн дурсамжуудыг хамтдаа бүтээлцсэн гэнэн багын минь анд нөхөд бас бурууд хатуу, зөвд зөөлөн хандаж, үг бүхэндээ утга уянга зангидсан ухаант буурлууд минь л намайг зохиолч болгосон гэж би бодож явдаг юм. Түүнээс гадна бага нас маань хилийн зөрчил тэмцэл, дээрэм тонуул, буудалцаан дунд амьжиргаа залгуулдаг хэдэн малаа хил давуулаад алдчихгүйн төлөө бүхий л арга ухаанаа шавхан хагас цэрэгжилтийн байдалтай амьдарч байсан хязгаар нутгийн ард олны дунд өнгөрсөн дөө. Энэ тухайгаа одоо ярихаар хүмүүс гайхаад байдаг юм. Хилийн шугам дагуу амьдардаг байсан болохоор юм юм л үзсэн гэж хэлж болно. Арван тавтайгаасаа эхлэн буу үүрч, адуу малаа манадаг байсан.
Уг нь би чинь дээрээ гурван ах, гурван эгчтэй айлын бага хүү, тэглээ ч бага нь гээд ах эгчдээ эрхэлж нялхраад байх боломж олддоггүй л байсан. Аль болох тэдэндээ туслачих юм сан, ээждээ дэм түшиг болчих юм сан л гэж бодож явдаг байлаа. Ээж минь залуу насандаа хань ижлээ алдан, багагүй зовж зүдэрсэн ч бид хэдийг мөр бүтэн явуулахын төлөө, халаас нөхөөстэй муу хувцас өмсгөхгүйг их хичээсэн дээ. Түүнийг нь харж, ойлгож басхүү сайн сайхан явах тухай дандаа бодож, хоорондоо ярилцдаг байсан болохоороо ч тэр үү бид ч нэлээд хэрсүү өссөн санагддаг юм.
Тийм сайхан нутагт төрж, өссөн хүн чинь нутаг усныхаа тухай, нутгийн зон олныхоо тухай зохиол бүтээлдээ дүрслэхгүй бол алдас болох байлгүй дээ
-Та үргэлжилсэн үгээр бичдэг атлаа яруу найрагч найз олонтой. Сайхан нөхөрлөлийг бүтээхэд юу хамгийн чухал байдаг юм бэ?
Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр бусад маань ч яруу найргаасаа гадна хүүрнэл зохиол бичиж эхэлж байгаа. Үүнд нь ч би баяртай байдаг юм. Энэ сайхан нөхөрлөлийг бидний бие биесээ гэсэн өмөг дулаан сэтгэл бат бөх цайз хэрэм шиг болгосон байх шүү. Ер нь манай үеийнхэнд дээд үеийнхэн маань их хайртай байдаг юм. Арлааны Эрдэнэ-Очир ах маань нэгэнтээ “Та хэдийнхээ бие биесээ гэсэн энэ сайхан нөхөрлөлийг хараад ах нь их баярлаж явдаг юм шүү” гэж хэлж байж билээ.
-Өгүүллэг бичиж эхэлсэн цагаасаа өнөөг хүртэл хэдэн ном гаргасан бэ?
-Хамгийн анх шүлгийн нэг нимэгхэн ном гаргасан. Түүнийгээ эргээд харахаар инээд хүрээд байдаг. Дараа нь 2009 онд “Чулуужсан бичиг” гэж тууж өгүүллэгийн ном, 2012 онд “Ур модны зүүд” нэртэй туужийн ном, 2015 онд “Улаан урлан” гээд өгүүллэгийн ном хэвлүүлжээ. Одоо харин ирэх намраас нэг ном баринтаглах бодолтой байгаа.
Утга уянгаар нөхөрлөсөн болохоор ч тэр үү, анх яаж нөхөрлөсөн түүн шигээ анд найзууд хэвээр цөөнгүй он жилүүдийг ардаа орхисон санагдана
-Хайрыг хүмүүс олон янзаар тайлбарладаг. Таныхаар хайр гэж яг юу юм бэ, юутай зүйрлэж болох вэ?
-Хайр уу, их хэцүү асуулт шүү. Хайрын тухай энэ ертөнцийн зохиолч, яруу найрагчид бүгдээрээ л өөр, өөрийнхөөрөө их л олон янзаар дуулсан байдаг. Хайр байгаагүй бол энэ орчлон тэнгэртээ наргүй юм шиг хүмүүс нь цэвдэг хүйтэн сэтгэлтэнээр дүүрэх байсан байх. Дүүрээд зогсохгүй аль хэдийн мөхчихсөн ч байж мэднэ. Хайр ийм хүчтэй. Гэхдээ ийм гэгээн мөртлөө цагаа олоогүй, эзнээ олоогүй төөрч будилж ирсэн үедээ ямар их сэтгэлийн зовлон, алдаа гуниг дагуулдаг гээч.
-Та “2000” уран сайхны киноноос эхлээд цөөнгүй киноны зохиолыг бичсэн. Уншигчдад маань бичсэн кино зохиолоосоо хуваалцаач?
-Тийм ч олон биш л дээ. “УЛААНБААТАР ФИЛМ”- ийн бүтээсэн “2000” кинонд зохиолчоор нь МЗЭ-ийн шагналт, Болор цомын эзэн яруу найрагч О.Цэнд-Аюуш андтайгаа хамтарч ажилласан. Дараа нь “JUNE PRODUCTION”-ны захиалгаар Монгол, Японы хамтарсан “Дайчи” уран сайхны кинонд бас “ЦЭГЦ ФИЛМ”-ийн захиалгаар “Хүү” зэрэг уран сайхны кинонд мөн л О.Цэнд-Аюуштайгаа хамтарч ажилсан юм. Сүүлд Нацагдоржийн шагналт зохиолч Бидэрийн Баярсайхан ахтайгаа цуг “BAYR ENTERTAINMENT”-ийн захиалгаар Монгол, Оросын хамтарч бүтээх “Дайны жин” уран сайхны киноны зохиолчоор ажилласан. Эдгээрээс гадна ганцаараа ажилласан ганц хоёр кино бий.
-Та хөдөө орон нутгаар их явж, судалгаа хийдэг юм шиг харагддаг. Тэнд таныг хөглөдөг ямар нэгэн шид байна уу?
-Манай утга зохиолын их аваргууд ямар ч уран бүтээл дээр ажилласан судалгааг маш сайн хийдэг байсан. Тийм ч болохоор цаг хугацааны шалгуур давсан олон сайхан бүтээлийг бидэнд үлдээсэн байх. Харин өнөөдөр судалгааны ажилд төдийлэн анхаарал тавихаа больсон юм шиг санагддаг. Би анх зохиолын судалгаагаар олон хоног хээр, хөдөөгүүр явж ирсэн. Тэгээд “Сайн бүтээл хийхийн тулд зохиолын судалгаа бол зайлшгүй байх ёстой зүйл” гэдгийг ухаарсан юм.
Түүнээс хойш зохиолч хэмээх эрхэм нэрнээс хэлтэлж яваагийнхаа хувьд аваргуудынхаа зам мөрөөс хэлтийчихгүй юм сан гэж хичээж явна даа.
-Зохиол бүтээл олон янзаар төрдөг байх. Таньд олон өдөр эмзэглэж, сэтгэл дотроо нуран байж бичсэн зохиол байдаг уу?
-Байлгүй яах вэ. “Ур модны зүүд” туужаа бичиж байхдаа хэдэн шөнө зүүдэлж сэрсэн гэдэг ч юм уу, “Хилийн цоорхой” туужаа бичихдээ нутгийнхнаа бас урианхай түмнээ өрөвдөөд дотор сэтгэлдээ уйлдаг л байлаа. Бас “Зүрх цагаан” нэрт өгүүллэгээ бичсэнийхээ дараа хэд хоног хоол идэх гэж зовсон шүү. Тэгээд нэг найзтайгаа цуг “Улаан чулуут”-ын хогийн цэг рүү очиж, ядарсан зүдэрсэн хүмүүсээс гадна тэр хавиар эргэлдэх нохой, шувууг хооллосон доо. Ер нь бол амьдралын үнэнийг бичих бүрдээ л нурдаг гэж хэлж болно.
- Та “Утгын чимэг” наадамд хэд дэх жилдээ оролцож байгаа вэ?
-За байз, тэр тухай огт бодож байгаагүй юм байна шүү. Анх 2009 оноос оролцож эхэлсэн байх, тэгэхээр бас л цөөнгүй жил оролцсон байгаа биз. Анх бол ихэнхдээ далд шатнаас уначихдаг байсан. Харин сүүлийн 4-5 жил шилдэг аравт шалгарч, сүүлийн шатанд үлдсэн. “Утгын чимэг” наадам бол Л.Түдэв гуайгаас эхлээд аваргууд уралдаж байсан алтан тайз гэж сэтгэлдээ сүсэглэж явдаг том наадам. Ер нь бол хүүрнэл зохиолын төрөлдөө бол “Болор цом”-той дүйцэхүйц том наадам. Зарим хүн “Богино өгүүллэгийн Болор цом" ч гэж ярих нь ч бий. Энэ сайхан наадамд цөөнгүй жил утгын их аваргуудтай уралдлаа. Бас л сайхан шүү дээ.
-Өнгөрсөн жилийн “Утгын чимэг” наадамд сойсон өгүүллэг тань багагүй шуугиан дэгдээсэн санагдана?
-Өнгөрсөн жил “Зүүдний сахиул” өгүүллэгээрээ оролцож, оноо тэнцээд дөрөвдүгээр байрт шалгарсан. Тэр өгүүллэг маань утга зохиолд хайртай олон хүнд таалагдсан бололтой юм билээ. Тэр нь ч надад их урам болсон. Харин энэ жил “Хонхор газар” өгүүллэгээрээ дэд байр эзэллээ. Үүндээ баяртай байгаа.
“Ур модны зүүд” туужаа бичиж байхдаа хэдэн шөнө зүүдэлж сэрсэн гэдэг ч юм уу, “Хилийн цоорхой” туужаа бичихдээ нутгийнхнаа бас урианхай түмнээ өрөвдөөд дотор сэтгэлдээ уйлдаг л байлаа. Бас “Зүрх цагаан” нэрт өгүүллэгээ бичсэнийхээ дараа хэд хоног хоол идэх гэж зовсон
-Та П.Батхуяг гэдэг хүний шавь. Энэ жил багшийнхаа өмнө бичигдлээ. Зааж, сургасан хүнээ гүйцэж түрүүлэхэд ямар санагддаг бол?
-Дээр хэлсэнчлэн сүүлийн хэдэн жил энэ цагийн утга уран зохиолд өнгөлж яваа аваргуудтай уралдаж, унаж босож л явна. Энэ жилийн хувьд гэх юм бол үргэлжилсэн үг, хүүрнэл зохиолын төрөл рүү гараас минь хөтөлж оруулсан миний багш Пүрэвхүүгийн Батхуягаас гадна Дамдинсүрэнгийн Урианхай гуай, Түмэнбаярын Бум-Эрдэнэ ах, Төрийн Баянсан ах, Дамдины Жамъян гуай, Соёрохын Пүрэвсүрэн ах, Цэвэгжавын Ганболд ах гэхчилэн дандаа л хүндэлж явдаг хүмүүстэйгээ шилдэг аравт үлдсэн. Бүгдээрээ л энэ цаг үедээ ид сайхан бичиж туурвиж яваа зохиолчид шүү дээ. Ингээд л дэд байрт шалгарлаа.
Багшийнхаа ч өмнө орчихлоо. Гэхдээ багш маань надаас илүү их баярлаж байгаа нь мэдэгдэж байсан. “Утгын чимэг” наадмын дүнг дөнгөж сонсоод удаагүй байх үед багш маань над руу залгаж баяр хүргэсэн.
Тэгэхдээ “Сайн шавь л багшийгаа давдаг юм шүү. Шавьдаа баяр хүргэе” гэж хэлэхэд нь их сайхан санагдсан.
- Та өмнө нь бас нэг удаа багшийнхаа өмнө уралдсан гэлцдэг бил үү?
-Чи ямар сайн мэддэг юм бэ.Тэр их сонин түүхтэй. 2008 онд “Их Монгол” дээд сургуулийн оюутан байсан үе, П.Батхуяг багш маань надад “Баттулга аа чи энэ Амрагийн захидал шүлгээ долоо хоногийн дотор өгүүллэг болгоод ир” гэдэг даалгавар өгсөн. Тэгээд багшийн даалгавар болохоор хичээж байгаад бичээд л очсон. Тэгсэн уншиж үзээд бага зэрэг засвар хийснийхээ дараа “UBS телевиз хайрын богино өгүүллэгийн наадам зарласан байна. Аваачаад өгчих" гэсэн. Би ч олон юм бодоогүй. Аваачаад л өгчихсөн. Тэгсэн тэр өгүүллэг маань тэргүүн байр эзэлж, багшийн маань өгүүллэг хоёрдугаарт байрт орж байсан.
Тухайн үед би оюутан байсан болохоор багшийнхаа урд орчихлоо гэж их ичингүйрч, эвгүй байдалд орж байснаа тод санадаг юм. Багш маань тэр үед ч өөрөө түрүүлчихсэн юм шиг баярлаад л, би дэргэд нь гэм хийчихсэн юм шиг хамт алхаж байлаа, гоё дурсамж шүү.
Багш хүн гэдэг чинь мань мэтээс хувь илүү байдаг юм билээ. Би ийм сайхан багштайдаа баярлаж явдаг хүн дээ.
Гэхдээ багш маань надаас илүү их баярлаж байгаа нь мэдэгдэж байсан
-Багш шавь хоёрын хэн нь түрүүлж “Утгын чимэг” наадмын тэргүүн байр эзлэх бол оо?
-Багш маань зохиолч, яруу найрагч, судлаач, шүүмжлэгч гээд өнөө цагт ховордсон соён гэгээрүүлэгч хүн шүү дээ. Уран бүтээлийнхээ чансааны хувьд аль хэдийн тэргүүн байр эзлэх бүтээл олныг туурвисан гэж боддог юм. Тийм болохоор жилийн жилд “Утгын чимэг” наадамд уралдах бүрдээ өөрөөсөө илүүтэй багшийгаа түрүүлээсэй гэж чин сэтгэлээсээ хүсдэг. Энэ жил ч бас битүүхэн горьдож л байлаа.
Багш маань зохиолч, яруу найрагч, судлаач, шүүмжлэгч гээд өнөө цагт ховордсон соён гэгээрүүлэгч хүн шүү дээ. Уран бүтээлийнхээ чансааны хувьд аль хэдийн тэргүүн байр эзлэх бүтээл олныг туурвисан гэж боддог
С.БАТТУЛГА: “Утгын чимэг” бол хүүрнэл зохиолын төрөлдөө “Болор цом”-той дүйцэхүйц том наадам |
|
2024-11-09 07:13:27
2024-11-09 07:00:00
2024-11-09 07:00:00
2024-11-09 07:00:00
2024-11-09 07:00:00
2024-11-09 07:00:00
2024-11-09 06:00:00
2024-11-08 18:11:32
2024-11-08 17:53:19
2024-11-08 17:33:48
2024-11-08 17:13:31
2024-11-08 16:32:50
2024-11-08 15:15:32
2024-11-08 14:59:24
2024-11-08 14:19:06
2024-11-08 13:48:24
2024-11-08 13:31:57
2024-11-08 13:17:09
2024-11-08 13:08:44
2024-11-08 12:47:46
2024-11-08 12:40:00
2024-11-08 12:02:14
2024-11-08 11:54:57
2024-11-08 11:48:26
2024-11-08 11:36:58
2024-11-08 11:31:03
2024-11-08 11:21:02
2024-11-08 11:10:29
2024-11-08 11:09:23
2024-11-08 10:40:22
2024-11-08 10:30:40
2024-11-08 10:26:11
2024-11-08 10:12:23
2024-11-08 10:05:51
2024-11-08 09:32:48
2024-11-08 09:00:00
2024-11-08 08:53:37
2024-11-08 07:44:14
2024-11-08 07:00:00
2024-11-08 07:00:00
2024-11-08 07:00:00
2024-11-08 06:00:00
2024-11-08 06:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |