• Өнөөдөр 2026-09-16

ДӨЖИРСӨН НИЙГЭМ

        Хүний бие өвдөхөд сэтгэл хаашаа оддогийг мэдэх үү? Эхлээд өнгөрсөн тийш одно. Эрүүл байсан үеэ бодно. Дараа нь ирээдүй рүү алга болно. Би эдгэх болов уу гэж өөрөөсөө асууна? Хамгийн сүүлд итгэл тийш, эцэст нь ид шид тийш сарнин оддог шиг надад санагдана. Би ч тэгж л байсан. Шинжлэх ухаан, анагаах ухаан хангалттай санагдахаа байсан мөчид хүн бурхан руу харна. Бурхан чимээгүй байвал мухар сүсэг рүү, мухар сүсэг ч итгэл үнэмшил төрүүлэхгүй бол ямар нэг ид шидийг эрэн тэнүүчилсээр эцэс сүүлд нь өөрийнхөө доторх өчүүхэн найдвар луу шурган ордог юм.

      Зарим зохиолыг уншаад үйл явдлыг нь бусдад яримаар болно. Гэтэл зарим зохиолын дүрүүд нь үйл явдлаасаа хүчтэй бодогдоно. Харин зарим номыг хаасныхаа дараа юу бодохоо, юуны тухай ярихаа ч тодорхойлж чадахгүй чимээгүй гацаж орхино. Тө.Бямбасүрэнгийн “Улам дөжрөм, тэгээд нам гүм” туужийг уншаад надад яг тийм мэдрэмж төрлөө. Новшийн мэдрэмж. Тийм мэдрэмжийг ярих хэцүү, хэнтэйгээ ч ярих юм. Тэглээ гээд тэнэг хүн шиг шөнийн гурван цагт гөлийгөөд суугаад байх аргагүй учир бичсэн нь хавьгүй амар санагдлаа. Чих дүнгэнэхээс өөр чимээгүй гүн шөнө аж. Хүн өвдөлтдөө дөжирдөг хэрэг үү? Би тэглүү? Өдөр бүр өвчтөний яраглах, ёолох чимээнд байсаар бусдын өвдөлтөд дөжирнө гэж байх уу? Эмч өвчинд, өвчтөндөө дөжирчихнө гэж байх уу? Үхэл зовлонг өдөр бүр үзэж, найдваргүй хүлээлтийг үргэлжид тээсээр нийгэм бүхэлдээ хүний зовлонд дасчихдаг байж болох уу? Тэгээд дөжирч дассан хойно юу үлдэх вэ? Нам гүм?

        Өвчин гэдэг нь зөвхөн биеийн хэвийн үйл ажиллагаа алдагдах төлөв байдал гэхээсээ хүнийг өдөр тутам анзаараад сүйд болдоггүй өөрийнх нь бие рүү буцааж аваачдаг ёрын зүйл. Эрүүл саруул үед бие махбод гэдэг бидний оршин буйг нь ч мартчихдаг үл үзэгдэх орон зай байдаг ч аль нэг эрхтэн өвдөж эхлэхэд хүн мөнөөх эрхтэнтэйгээ нүүр тулахаас аргагүйд хүрнэ. Би л гэхэд хялгасан судаснуудтайгаа учраа олох гэж хоёр сар тэлчилсэн өвчтөн байлаа. Шүд, судас, тархи, нойр булчирхай, элэг, зүрх гээд бидний төдийлөн төвлөрөн мэдэрч заншаагүй эрхтнүүд өвдөх үедээ “би” гэдэг үг болтлоо томорчихдог юм. Өвчин хүнийг өвдөлтөөр, айдсаар дамжуулан өөртэй нь уулзуулаад байх шиг л. Харин тэндээс цааш хүний асуулт анагаах ухааны хүрээнээс хальдаг. Би яагаад өвдөв? Яагаад заавал би гэж? Би эдгэрэх үү? Үхэх гэж байгаа юм биш биз? Үхэхээр яг юу болдог юм бол? Энэ бүхэн ингээд дуусчихна гэж байх уу? Миний ухамсар зүгээр л унтарч орхино гэж үү? Ингээд эмнэлгийн өрөөнд шинжлэх ухаан, шашин, мухар сүсэг, зөн совин, айдас, найдвар зэрэг нэг нэгэндээ огт хамааралгүй ертөнцүүд зэрэгцэн оршиж эхэлнэ. Тө.Бямбасүрэнгийн туужийн сонирхолтой шийдлийн нэг нь чухам энд байна. Нэг талд хүний биеийг мэргэжлийн мэдлэг, ур чадвараар оношлон тайлбарлаж чадах эмч. Нөгөө талд нь өөрийнхөө бие дотор юу болж байгааг шинжлэх ухааны хэлээр тайлбарлаж чадахгүй ч өвчин, үхэл хоёрын өмнө өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй хэвтээ зовсон өвчтөн. Энэ хоёрын хоорондох ялгаа асар их. Ийм эсрэг тэсрэг дүрүүдийг та нэгдүгээр биеэс уншиж болох нь. Гэвч үхэл ойртоход тэр ялгаа аажмаар нимгэрнэ. Эмч өвчтөний биеийг мэддэг. Өвчтөн өөрийнхөө айдсыг мэддэг. Эмч аппаратын үзүүлэлтийг харна. Өвчтөн эмчийн нүүрний хувирлыг харна. Хүний амьдралыг хэн нь илүү сайн мэддэг юм бэ? Биеийг нь мэддэг эр үү, эсвэл бие дотроо амьдарч байгаа эм үү?

        Туужийн бас нэг анхаарвал зохих онцлог нь зохиолын би баатар 1, 3, 5, 7 дугаар бүлгийн Бямбасүрэн эмчээс 2, 4, 6 дугаар бүлгийн Янжинлхам гэх өвчтөн рүү шилжихэд ертөнц өөрчлөгдөнө. Өмнө нь бидний төсөөлөлдөө олж харсан хүн өөр нүдээр харагдахдаа огт өөр хүн болж хувирна. Энэ бол зөвхөн зохиомжийн арга биш. Харин хүнийг нэг л үнэнээр тайлбарлаж болдоггүй гэсэн зохиолчийн үзэл байж мэднэ. Хүн өөрөө өөрийнхөө тухай нэг түүхтэй. Түүний эхнэр өөр түүхтэй. Эмч нь өөр түүхтэй. Өвчтөн нь өөр түүхтэй. Ингэж хүүрнэгч солигдох тусам зохиол нэг хүний тухай биш, нэгэн зэрэг оршиж буй олон дотоод ертөнцийн тухай болж хувирна. Энэ нь зохиолын “нам гүм” чанартай холбоотой, учир нь энэ туужийн хамгийн чухал хүүрнэлийн дийлэнх нь хүний дотор өрнөдөг. Өөрөөр хэлбэл харилцан яриа зохиолыг түрэх гол хөдөлгүүр байсангүй; хүний дотоод хүүрнэл, бодлын урсгал, санамсаргүй мэт өрнөх дурсамж, эргэлзээ, айдас, итгэл, асуулт нь үйл явдлыг урагшлуулна. Гадна болж буй үйл явдал зогсознож байхад дотор өрнөх үйл явдал үргэлжилсээр байхыг хэлж байна. Ингэснээр уншигч зохиолын үйл явдалд хөтлөгдөн унших бус, дүрийн дотор орж бодлоо зэрэгцүүлэн урсгах боломжтой болж байгаа юм. Яруу найрагчийн мэдрэмж хүүрнэл зохиолд орж ирэхээрээ ингэж анзаарагддаг. Яруу найрагч үйл явдлыг хурдан дуусгах гэж яардаггүй. Тэр нэг харцан дээр, нэг амьсгаан дээр, нэгээхэн бодлын завсар, хэлэгдээгүй үгний өмнөх өчүүхэн агшин дээр тогтож чаддаг. Тиймээс Бямбасүрэнгийн хүүрнэлд “юу болсон бэ?” гэдэг асуултаас илүүтэй “энэ хүн яг одоо дотроо юу мэдэрч байна вэ?” гэдэг асуулт чухал болж ирнэ.

    Туужийн дотор яруу найрагч, эсээч, сэтгэгчдийн үгсээс эшилж шашин, мухар сүсэг, анагаах ухаан, хүний анатоми, сэтгэл зүй, үхэл, амьдралын тухай бодролууд өрнөж буй нь зохиолыг заримдаа эмнэлгийн өрөөнөөс философийн өрөө рүү, Зуунмод руу, сүм хийд рүү, буцаад хүний биеийн хамгийн энгийн өвдөлт, харуусал руу хөтөлнө. Хүмүүс бүгд л тэгдэг. Өвдөхөөрөө итгэгч болдог. Сүсэгтэн болдог. Философич болдог. Бид эрүүл байхдаа амьдралын утга учрын тухай мэтгэлцэх дуртай ч үхэл ойртоход тэр асуулт онол байхаа больчихдог. “Амьдрал гэж юу вэ?” гэдэг асуулт “Би маргааш өглөө сэрэх үү?” гэдэг маш энгийн, маш аймшигтай асуулт болж хувирна. Тэр агшинд боловсрол, мэргэжил, хөрөнгө мөнгө, шашин шүтлэг, мухар сүсэг, үзэл бодол гээд хүнийг ялгаж зааглаж байсан бүх зүйлс жин бангаа алдана. Хүн эцэстээ зүгээр л нэг муу бие болно, гэвч бие дотор сэтгэл нь үлдэнэ. Тэгээд сэтгэл нь биеэсээ асуусаар байна. Чи дахиад жаахан тэсэж чадах уу?

         Монголын эрүүл мэндийн салбарын тухай та уншиж байна. Зохиолч системийг гаднаас нь хараад буруутгасангүй. Тэр системийн дотор байгаа хүний амьсгалыг танд сонсгож байна. Эмнэлгийн салбарын доголдол гэдэг статистик тоо биш хүлээж буй өвчтөн, ядарсан эмч ажилчид, айдаст автсан ар гэрийнхэн, хүрэлцэхгүй цаг, мөнгө, эмчилгээ, найдварын хооронд хавчуулагдсан хүний амьдралаар хэлэгдэж байна. Эмчийн мэргэжил нь зохиолчид зөвхөн өвчнийг мэдэхээс гадна хүний эмзэг байдлыг өдөр бүр харах боломж өгчээ. Өдөр бүр хүний бие хэрхэн өөрчлөгдөж, сэтгэл хэрхэн түүнээ даган хувирч, найдвар хэрхэн асаж, бөхөж байдгийг харсан хүн тэр тухайгаа бичихдээ төсөөллөөр бичих аргагүй. Тэр харсан зүйлээ мартаж чадахгүй.

        Эцэст нь “дөжрөх” гэдэг үг рүү буцаж очмоор санагдана. Дөжирнө гэдэг заавал сэтгэлгүй болно гэсэн үг биш. Хүчгүйдэхийг, аргагүйдэхийг, шантрахын өмнөх, бууж өгөхийн өмнөх хүнд мэдрэмжийг хэлж байна. Заримдаа хүн хэт их мэдэрснээсээ болж мэдрэлээ түр алддаг байх. Эмч өдөр бүр үхэлтэй нүүр тулдаг учраас амьд үлдэхийн тулд сэтгэлдээ хана босгож болно. Өвчтөн өдөр бүр ирэх өвдөлтөө тэвчиж сурна. Ар гэрийнхэн нь эмнэлгийн хаалга сахисаар айдсаа хүчээр дарж, нийгэм өдөр бүр хүний зовлонг үзсээр түүнийг хэвийн үзэгдэл мэтээр хүлээн авч болно. Гэхдээ хүн хэдий дөжирсөн ч зовлон алга болдоггүй. Зөвхөн түүний дуу чимээ намсдаг. Тэгээд нэг л өдөр бидний эргэн тойронд бүх зүйл хэвийн мэт санагдаж эхэлнэ. Энэ л аймшигтай мэдрэмж. Хэн нэгэн өвдөж байна. Хэн нэгэн үхчихлээ. Хэн нэгэн азаар аврагдлаа. Хэн нэгэн шинжлэх ухаанд найдсаар өөд боллоо. Хэн нэгэн эмчийн царайг харж байна. Хэн нэгэн тэнгэр өөд харж байна. Бөөрний аппарат хүлээх өвчтөнүүд үхэж л байдаг. Эх үхлээ, хүүхэд эндлээ. Ихэнх нь үхлээ. Тэгж л байдаг шүү дээ. Туулын хурдны замд 2 их наядыг төсөвлөж, Х.Нямбаатар явган хүний зам талбайн тохижилтод 70 тэрбумыг үрж, Ч.Номин английн хөлбөмбөгийн Фулхэм клубт 1 сая ам.доллар цацаж байхад бид бүгдийн дунд нам гүм ноёлоно.

      Тиймээс “Улам дөжрөм, тэгээд нам гүм” бол өвчний тухай туужаас илүү хүний эмзэг байдлыг дөжрөхөөс нь өмнө барьж авах тухай тууж юм биш үү? Уншиж дууссаны дараа надад үлдсэн хамгийн хүнд асуулт бол өвчтөн эдгэрэх эсэх ч байсангүй. “Бид бусдын өвдөлтийг мэдрэх чадвараа алдах хүртлээ дөжирчихсөн юм биш биз” гэдэг л асуулт болж таарав. Уран зохиолын нам гүм хэзээ ч хоосон оршдоггүй. Тэр нам гүмийн цаана хүний сэтгэл оволзож, зүрх цохилж байдагт итгэнэм.

Яруу найрагч, зохиолч Батхүүгийн Батзаяа


ДӨЖИРСӨН НИЙГЭМ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188