• Өнөөдөр 2024-04-27

Б.ТӨРМӨНХ: Үлгэр, домгийг зөвхөн хүүхдэд зориулаагүй

2022-01-06,   1295

Эргэлт.мн мэдээллийн сайт энэ удаагийн “Оюунт Монгол” буландаа “Монсудар” хэвлэлийн газрын хүүхдийн номын “Жангар” редакцийн зураач Б.Төрмөнхийг урьж, оролцууллаа.

Азийн соёл төвөөс түүний “Ааруул амтлах мөч” зурагт номыг эрхлэн гаргасан. Хүүхдийн номын зураач Б.Төрмөнхтэй хүүхдийн уран зохиолын боловсрол, үнэ цэнийн тухай ярилцсанаа хүргэж байна.

-Хүүхдийн уран зохиол бол Монголын хамгийн өрөвдөлтэй салбар-

-Азийн соёлын төвөөс таны “Ааруул амтлах мөч” хүүхдийн зурагт номыг эрхлэн хэвлүүлсэнд баяр хүргэе. Монголын соёл, уламжлалын тухай өгүүлсэн шинэ бүтээлээ Ази тивийн уншигчдын хүртээл болгохоор болсон баярын сэтгэгдлээсээ манай уншигчидтай хуваалцаач?

          -Баярлалаа. БНСУ-д төвтэй Азийн соёлын төвөөс жил бүр Азийн орнуудаас бүтээл шалгаруулж, шалгарсан бүтээл, тухайн нутаг, орны талаар зурагт ном хийдэг. Миний хувьд Азийн соёлын төвийн 2020 оны шалгаруултад тэнцэж, 2022 он гарахаас урьтаж, хэдхэн хоногийн өмнө “Ааруул амтлах мөч” шинэ зурагт номоо гар дээрээ авлаа. “Ааруул амтлах мөч” зураг номонд Монголын соёл, уламжлалаас гадна монгол хүний амьдрал, ахуй болоод орчин үеийн нийгмийн байдлыг ч дүрсэлсэн.

-Эцэг, эхчүүд хүүхдийн уран зохиолоос юуг илүүтэй анхаарвал зохих вэ. Хүүхдэд зориулсан уран бүтээлийн үнэт зүйл нь яг юундаа оршдог юм бэ?

          -Хүүхдийн уран зохиол Монгол Улсад хамгийн чухал буст тооцогддог сэдэв. Өв соёл, уламжлал, зан заншлын сэдвүүдэд дарагдаж үлддэг. Монголчууд “Аавын сургаал алт. Ээжийн сургаал эрдэнэ”, “Ах нь сургаж, дүү нь сонсоно” гэх зэргээр уламжлалт соёлын хүүхдэд ярьж өгөөд заавал ном уншуулах шаардлагагүй гэж боддог ард түмэн.

          Маш олон эцэг, эх хүүхэддээ “Ном бол ертөнцийг харах цонх” гэдгийг сануулдаг ч, хүүхэддээ номын тухай хий хоосон төсөөлөл өгдөг. Зөвхөн эцэг, эх гэлтгүй Монгол Улсын боловсролын системд ч хүүхдэд хүүхдийн уран зохиолын боловсрол олгох, зөв ойлгуулах арга барил муу. Харин дэлхий дахинд хүүхдийн уран зохиол маш чухалд тооцогддог. Бага наснаас нь хүүхдийнхээ боловсролд анхаарал хандуулж, номын боловсролыг зөв ойлгуулсан орнуудаас дэлхийн хүмүүс төрдөг. Тэгвэл өнөөгийн Монголд номын бага наснаас нь уншуулж, өдөр тутмын хэрэглээгээ болгох бус, билэгдэл төдий ашигладаг хандлага их байна.

          Хүүхдийн ном зөвхөн үлгэр домог, уран зохиолоор хязгаарлагдахгүй. Гэсэн ч одоо хүүхдийн номын зохиолчид, тэр бүү хэл хэвлэн нийтлэгч, паблишингүүд хүртэл “Хүүхдийн уран зохиол бол үлгэр”, “Үлгэрийн зөвхөн хүүхдүүдэд зориулсан” гэх хандлагатай болсон. Одоо бид хүүхдийн номын боловсрол, боловсруулалтад анхаарах хэрэгтэй.

-Хүүхдийн уран зохиол зөвхөн үлгэр, домгоор хязгаарлагдахгүй байх. Энэ талаар та юу гэж боддог вэ?

          -Үлгэр, домгийг зөвхөн хүүхдэд зориулаагүй. Эрт үеэс хүн төрөлхтөн өөрийн айдсыг домог болгон ярьсаар ирсэн. Гал, ус, аянга, цахилгаан, тэнгэр дуугарахаас айх айдас нь домгуудыг бий болгосон гэж хэлж болно. Шинжлэх ухаан үгүй, байгалийн хуулиа дагаж амьдарч байсан хүн төрөлхтөн, тэр дундаа томчууд нь өөрсдийн айдсаа домог болгон ярьсаар иржээ. Нийгмийн бүтэц бий болох үеэс эхлэн хүүхдэд хэрэгцээ гарч эхэлсэн. Харин тэр үед хүүхдэд ярьж өгч болох хамгийн ойр зүйл нь домог байсан аж.

300 жилийн өмнө ах, дүү Гримм Европын хуучны үлгэрүүдийг шинэчилж, бага насны хүүхдийн хэл яриа, үндэсний онцлогт нь зориулан бүтээснээс хойш өнөө цагт маш олон “үлгэрчид” бий болсон.

Одоо үед үлгэрийг л зөвхөн хүүхдийн уран зохиол гэж харж болохгүй. Бид өв соёл, уламжлалаа хүүхэддээ зааж, сургаж болно. Гэхдээ тэр бүхнийг бага насны хүүхдэд хэрхэн зөв ойлгуулах вэ гэдгийг бодох хэрэгтэй. Бид орчин цагт хуучных шиг “Том хүний үгэнд ор”, “Тэгж болохгүй”, “Ингэж болохгүй” гээд хорио цээрээр ойлгуулж болохгүй. Одоо тэр цаг биш.

Бүтэн улс хүүхдийн боловсролд хэрхэн анхаарал, халамж тавьсныг “Алтан загасны үлгэр”-ээс харж болно. Үүний нэгэн адил дэлхийн олон зохиолч хүүхдийн төлөө гайхалтай бүтээлүүд туурвисаар ирсэн. Тэр дундаас Америк-Англи гаралтай зохиолч Маурис Сендакыг онцолмоор байна. Маурис Сендакын “Мангасуудын оронд”, “Үл таних газарт” зэрэг бүтээл нь дэлхий дахинд түгэж, зохиолчийг нь дэлхийн бүх цаг үеийн хамгийн шилдэг хүүхдийн ном бүтээгчдийн нэгт зүй ёсоор тооцдог.

          Монголд хүүхдийн ном хамгийн муу борлуулалттай ном. Монголд олон үлгэр, хөөрхөн зурагтай номыг л хүүхдийн ном гэж боддог. Мэдээж эцэг, эх болгон үр хүүхдээ хайрлаж, ном уншуулж, номтой нөхөрлүүлэхийг хүсдэгийг нь үгүйсгэхгүй. Гэвч эцэг, эхчүүд хүүхэддээ ном сонгох болохоороо өөрийнхөө уншиж байсан ном, зохиолоо хүүхэддээ тулгадаг.

          Дэлхий даяар хүүхдийн номыг хэрэгцээ болохыг тодорхойлж, хүүхдийн боловсролд анхаарч байхад бид хүүхэддээ яг юу хэрэгтэй, юуны үнэ цэн, үнэт зүйлийг хэрхэн ойлгуулахаа умартжээ.

-Дэлхийн алдартай хүүхдийн зохиолууд Монгол зохиолоос юугаараа ялгаатай байдаг юм бэ. Тэр дундаа монгол хүүхдэд зориулсан Монгол зохиолын юу нь илүү онцлог байх вэ?

          -Хүүхдийн номонд хил хязгаар үгүй. Хүүхдийн оюун санаанд бичвэр бус, зураг хамгийн их нөлөөлдөг. Өөрт нь зориулсан номыг унших хэл нь өөрөө зураг. Хүүхдийн номны зураг хуудсаас хуудас бүрт гэрэлтэж, тухайн хүүхдийн зүрхэнд амилж байдаг. Тийм ч учраас хүүхдийн ном зурагт ном байх нь чухал гэж би боддог.

          Монгол Улсад зурагт ном маш хожуу дэлгэрсэн. Социалист үеийн бодлогоор хотын төвийн айлаас жирийн малчин айлын гэрт хүртэл социалист үлгэрийн номнууд хүргэдэг байжээ. Харин ардчилал гарснаас хойш хүүхдийн уран зохиол хаягдаж, бичих нэг нь бичиж, бичихгүй нь тэр чигтээ үлдсэн. Ардчилсан үеэс өмнө монгол зохиолчдын хүүхдийн уран зохиол маш сайн байсан. Гэхдээ тэр үед зураг ном хийгээгүй. Тэр цагаас л “Хүүхдийн хэл нь зураг юм” гэх ойлголтыг боловсролын систем хаясан гэж ойлгож болно. Одоо Монголд хамгийн өрөвдөлтэй салбар бол хүүхдийн уран зохиол.

-“Жангар” редакцаас цөөнгүй монгол үлгэр, домгийг зурагт ном болгон уншигчдын хүртээл болгосон. Тэр дундаас “Монголын нууц товчоо” зурагт ном уншигчдад хамгийн их хүрсэн юм шиг санагдсан?

          -Өнгөрсөн түүхээ дутуу мадаг ярьж, Чингис хаанаа магтаж, бардах нь өв соёл биш. “Монголын нууц товчоо”-г хүүхдэд зориулаагүй гэхэд хилсдэхгүй. Монгол үлгэр, домогт хүүхдийн сэтгэхүйтэй зөрчилдөх зүйл олон байдаг. Жишээ нь, “Монголын нууц товчоо”-нд өгүүлдэг цаазлах, хүний амь хөнөөхийг шууд утгаар нь өнөө цагт авч үзвэл нийгмийн үнэт зүйлтэйгээ зөрчилдөнө. Тэгээд хүүхдэд “Өө хүнийг ингээд хөнөөчихөж болох юм байна” гэсэн ойлголт төрүүлэх болно.

2006 онд “Монсудар” хэвлэлийн газрын “Жангар” хүүхдийн номын редакц байгуулагдсан. Анх байгуулагдсан цагаасаа хойш “Жангар” редакц “Болдоггүй бор өвгөн”, “Царцаа намжил” гэх зэрэг хэд хэдэн Монгол үлгэрээр зурагт ном бүтээж, хэсэг хугацааны дараа ажлаа зогсоосон. Тэгээд хүүхдэд үнэ цэн, үнэт зүйлийг хэрхэн зөв ойлгуулах вэ гэдэгт анхаарч, жил дараалан Герман, Франц, Япон зэрэг орноос зурагт номын мэргэжилтнүүдийг урьж, сургалт зохион байгуулсан. Түүний дараа буюу 2019 оноос “Жангар” редакц монгол үлгэрүүдийг өнөө цагийн монгол хүүхдэд зориулан шинээр зохиомжилж бүтээсэн.

“Жангар” редакцаас эрхлэн гаргасан бүтээлүүд монгол үлгэр хэдий ч зохиогчтой. Зохиогчид нь үлгэрийн үндсэн агуулгыг эвдэлгүй хэрхэн өнөөгийн нийгэмд зохицуулж, үнэт зүйлийг нь ойлгуулж, мэдрүүлэхэд анхаарч, хүүхдэд зориулан шинээр зохиомжилж бичсэн.

          Монголчууд маш арвин түүх, соёлтой ч түүнийгээ хүүхэддээ зөв боловсруулж хүргэж байгаагүй. Бид хэдий болтол “Монголын нууц товчоо”-г билэгдэл төдий байлгах билээ дээ. Манай “Жангар” редакц ч үүнд анхаарч, “Монголын нууц товчоо”-нд өгүүлэгдэх үнэ цэн, агуулга, учир шалтгааныг хүүхдүүдэд зөв ойлгуулахын тулд дөрвөн жилийн турш зохиол, зураг дээр нь ажилласан. Тэр их хөдөлмөр шингэсэн “Монголын нууц товчоо”-г эцэг, эхчүүд ч эерэгээр хүлээн авч, хүүхэддээ итгэл, шударга үнэн, үнэ цэн, үнэт зүйлээ зөв ойлгуулахад хялбар байсан талаар хэлж байлаа.

-Хүүхдийн номын “Жангар” редакцаас “Монголын нууц товчоо”, “Гэсэр” зэрэг монгол хүүхдийн уран зохиолыг эрхлэн хэвлүүлж, удалгүй “1001 шөнийн үлгэр”-ээс эхлэн дэлхийн хүүхдийн зохиолуудыг орчуулан хүргэж байгаа. Монгол хүүхдийн уран зохиол, гаднын хүүхдийн уран зохиол хоёр хүүхдэд өөр өөр мэдрэмж өгч, өөр өөрөөр нөлөөлж байгаа байх?

          -Монгол зохиол агуулгынхаа хувьд гаднын зохиолуудаас муу биш. “Монголын нууц товчоо”, “Гэсэр”, “Жангар” зэрэг монгол зохиолууд “1001 шөнийн үлгэр”, “Одиссей”, “Илиада” гээд дэлхийн уран зохиолтой агуулгынхаа хувьд тэнцүү.

          Гэхдээ дэлхийн уран зохиолын дэргэд монгол зохиолыг муу болгож харагдуулж байгаа хэдэн хүчин зүйл бий. Уншигчдын дунд “Монгол муу, гаднынх сайн” гэсэн хандлага байдаг. Бид үүнийг өөрчлөхийн тулд цаашид монгол эртний уран зохиол, туульсаа уншигчдадаа хүргэхээр “Жангар” редакц хоёр дахь төслөө эхлүүлэн ажиллаж байгаа.

-Та уншигч хүүхдүүдэд хүргэхийн хүссэн, уншуулахыг хүссэн өөрийн шилдэг гэж бодсон хүүхдийн уран зохиолын номнуудаас манай уншигчдад сонирхуулахгүй юу?

          -Францын зохиолч Антуан де Сент-Экзюперигийн “Бяцхан хунтайж”. “Бяцхан хунтайж” зохиол бүх цаг үеийн шилдэг 100 номын нэгт үеийн үед нэрлэгдсээр ирсэн. Мөн дээр дурдсан Маурис Сендакын “Мангасуудын оронд”, Эрик Карлын “Гэдэс нь өлссөн авгалдай” зэрэг бүтээл хүн төрөлхтний шилдэг 100 номонд зүй ёсоор багтдаг. Дэлхий дахин “Ямар гайхамшигтай юм бэ” хэмээн шагшин магтаж, манай “Жангар” редакцаас ч “Монгол хүүхдэд чухал хэрэгтэй” гээд зохиогчийн эрхийг нь аваад орчуулан хүргэхэд хамгийн борлуулалтгүй ном болдог.

Хүүхдэд хүргэхийг хүссэн шилдэг ном гэвэл би хүүхдийн бүтээлч ном буюу хүмүүсийн нэрлэж заншсанаар буддаг номыг онцлоё. Хүүхдийн уран зохиол бичдэг, бүтээдэг хүн хүүхдэд хорвоо ертөнц дээрх, дэлхий дээрх мэдлэг, мэдээллийг л өгдөг. Харин үзэг, цаас бариад зурж, будаж суугаа хүүхдийг хараад тэр хүүхэд хэрхэн ургахыг мэдээгүй.

Би 2013 онд “Анх будах бас зурах ном” нэртэй бүтээлч ном гаргаж байлаа. Зурагт номонд хэн нэгэн үлгэрийн баатрыг дүрсэлж, “Үүнийг будаарай” эсвэл “Адилхан зураарай” гэдэг. Гэвч ингэх нь хүүхдийг хамгийн их хайрцаглана. Хүүхдүүд адилхан зурах, дагаж будахдаа хэтэрч, давуулан зурж болохгүй гэх хар зураасаар л өөрийгөө хязгаарлачихдаг.

          Боловсролын системд ч хар зураасаар өөрийгөө хязгаарлаж, адилхан зурсан, будах ёстой өнгөөр нь будсан хүүхдийг сайшааж, бүтээлч сэтгэлгээ гаргасан хүүхдийг зэмлэх нь бий.  Хүүхэд үлгэрийн баатрын хувцсыг дууриалгаж, адилхан зурж, будсанаараа авьяастай биш. Бас өөрийгөө илэрхийлэхийг хүсэж, бусдаас өөр зурсан хүүхэд авьяасгүй биш.

Хүүхэд өөрөө мэдэрч, өөрөө сэтгэж л байвал адууг хэдэн ч толгой, хөлтэй зурж болно шүү дээ. Бид дэлхийн уран зураг, гайхалтай дизайнуудыг харахдаа “Ямар сонин юм бэ” гэж л хүлээж авдаг. Гэвч хүүхдийнхээ зургийг тэгдэггүй. Адууг зургаан хөлтэй болгож зурсан хүүхэд бүтээлч сэтгэлгээтэй.

          Эцэг, эхчүүд хүүхдээ илүү бүтээлч сэтгэлгээтэй байлгая гэж бодож байгаа бол хүүхэдтэйгээ уншсан ном, харсан зүйлээ сайн ярьж, тэр зүйлсээ баримлын шавар, будгаар хамтдаа урлаж, хүүхдийнхээ оюун санааг хайрцаглахаас зайлсхийх хэрэгтэй.

-Уран бүтээлчдийн хамгийн хэцүү шалгуур нь хүүхдэд зориулсан бүтээл хийх гэдэг. Таны хувьд уран бүтээл, хүүхдийн уран бүтээлийн ялгааг заасан “шалгуур” нь юу байв?

          -Би анх СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийг төгсөж, “Монсудар” хэвлэлийн газарт зураачаар ажилд орсон. “Монсудар” хэвлэлийн газарт хэд хэдэн үлгэрийн номны зураг зурсан юм. Түүнээс хойш гэр бүлтэй болж, хүүхдээ төрснөөс хойш өөрөө зургийг нь зурсан, бүтээлцсэн номнуудаа хүүхэддээ уншиж өгсөн.

          Анх би “Манжин”-гийн үлгэрийн зургийг зурсан. “Манжин” үлгэрт гардаг өвгөн, эмгэн, ач охин, нохой, муур, хулгана дээр нэмээд зургаа гоё харагдуулахын тулд нэг болжмор нэмээд зурчихсан юм. Харин хэвлэгдээд гарсных нь дараа хүүдээ уншиж өгч байтал “Энэ болжмор яасан юм бэ” гэж хоёр настай хүү минь асуусан. Тэр үед би хариулж ч чадаагүй. Тэгээд “Хүүхдийн номонд ийм хуумгай хандаж болохгүй юм байна” гэдгийг ойлгож, бүхнээ зориулж эхэлсэн дээ. “Монсудар” хэвлэлийн газарт ажилд орж, хүүхдийн номын зураг зурж эхэлснээс хойш 11 дэх жилдээ ажиллаж байна.

-“Монсудар” хэвлэлийн газрын хүүхдийн номын “Жангар” редакцаас энэ онд ямар бүтээлүүд уншигч хүүхдүүдийн хүртээл болгохоор бэлтгэж байгаа вэ?

          -“Жангар” редакц үйл ажиллагаагаа явуулж эхлээд 10 гаруй жил болохдоо олон ном хүүхдүүддээ зориулан хэвлэж гаргасны 70-80 орчим хувийг гаднын орчуулгын ном эзэлж байсан. Тэгвэл энэ жилд Монголын түүх, соёл, монгол хүний үнэт зүйлд анхаарч байгаа. Одоо “Жангар” редакцаас их зохиолч Д.Нацагдорж, нэрт дуучин Н.Норовбанзад гуайн түүхээр хүүхдийн зурагт ном хийж байгаа. Мөн “Монгол хүү” болон “Эх орон” гэх хоёр төсөл амжилттай хэрэгжиж байгаа. Тун удахгүй хэвлэлтээс гарч уншигч хүүхдүүдийн хүртээл болно гэж найдаж байна.

 

 


Б.ТӨРМӨНХ: Үлгэр, домгийг зөвхөн хүүхдэд зориулаагүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188