• Өнөөдөр 2024-04-20

“ЭЭЖ БИДЭН ХОЁР” ДЭЛХИЙН ТУУЖ БОЛЛОО

2021-11-12,   1135

-“ЭЭЖ БИДЭН ХОЁР” ТУУЖИЙГ МОНГОЛ, ОРОС, АНГЛИ, ЯПОН, ХЯТАД ТАВАН ХЭЛЭЭР НОМ БОЛГОН ХЭВЛҮҮЛЛЭЭ-

             Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч Хорлоогийн Цэвлээгийн 1994 онд бичиж, “Засгийн газрын мэдээ” сонинд анх хэвлүүлж, олны хүртээл болгож байсан “Ээж бидэн хоёр” туужийг монгол, орос, англи, япон, хятад таван хэлээр ном болгон хэвлүүллээ.

             Номын нээлт өчигдөр болсон бөгөөд энэ үеэр номыг ивээн тэтгэж хэвлүүлсэн “Бимэкс” холдинг компанийн 120 гаруй ажилтан “Ээж бидэн хоёр” туужийг нээлтэд зориулан уншсанаа өөрсдийнхөөрөө ярьж, түүнд гарч буй эх үрийн хайр, өнчрөл хагацал, амьдралын хатуу үнэн хийгээд жам ёсын талаарх уран нандин өгүүлэмжийг зохиогчтой нь ярилцаж, асуулт асууж, сэтгэгдлээ илэрхийлснээрээ онцлог, гэгээн үйл явдал болсон билээ. Ингээд дэлхийн таван хэлээр хэвлэгдэж, дэлхийн бүтээл болсон “Ээж бидэн хоёр” номын талаарх сэтгэгдлийг хүргэе.

Х.ЦЭВЛЭЭ: ЭЭЖ ШИГ МИНЬ САЙХАН СЭТГЭЛТНҮҮД ЭЭЖИЙН МИНЬ ТУХАЙ НОМЫГ ДЭЛХИЙН ТАВАН ХЭЛЭЭР БҮТЭЭЖ, БҮГД МИНИЙ ХУУРАЙ ЭЭЖ БОЛЛОО

            Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч Х.Цэвлээ номынхоо талаар “Энэ удаагийн “Ээж бидэн хоёр” ном маань олны хүчээр хэвлэгдлээ. Хойшид илүү олон хэл дээр орчуулагдаж, хэвлэгдэж магад. Гэхдээ хэвлэх эсэхийг бид мэдэхгүй. Уншигч л мэднэ шүү дээ.

          Энэ ном бол миний ээжийн тухай богино хэмжээний эсээ тууж. Энэ ном бол миний ээжийн тухай, 45 хүртлээ насласан тэр амьдралынх нь тухай хамгийн богино, товч хэлбэрээр бичсэн амьд тууж. Энэ номын сэтгүүл зүйн гол үнэ цэн нь түүндээ бий болов уу гэж би бодож байна.

         Сэтгүүлчийн уран бүтээлийн төрөл зүйл зөвхөн мэдээ биш. Болсон явдлын үнэн, бодит баримтаар жүжиг, тууж, роман, кино ч бичиж болно. Энэхүү туужаараа баримтад тулгуурлан бичсэн сэтгүүл зүйн бүтээл амьд өгүүллэг, тууж, роман болдгийг нотолсон юм.

         Би ээждээ үнэт гантиг, алтан чулуугаар хөшөө босгоно гэж байх биш дээ. Гэхдээ дэлхийн дахинд хэрэглэж буй энэ таван хэлээр номон хөшөө босгосон минь хамгийн үнэтэй хөшөө босголоо гэж би хувьдаа бодож сууна. Ээж минь амьд байхдаа ийм зүйл болно гэж бодоогүй нь мэдээжийн хэрэг. Зарим хүн тэнгэрээс хардаг гэж ярьдаг, үнэн үү, худал уу бид мэдэхгүй. Гэхдээ миний сэтгэлд би алт, эрдэнээс илүү үнэтэй зүйлээр ээжийнхээ тухай үнэтэй хөшөө босголоо доо гэх бодол төрж, баярлаж сууна. Би Америк, Европ, Хятад, Японоос ч харж болохоор сүндэр хөшөө босголоо. Хамгийн сайн хөшөө бол номон хөшөө. Тиймээс энэ талаараа илүү ач холбогдолтой болов уу гэж би бодоод байгаа юм.

          Хүн бага, залуудаа ээжийгээ мөнхийн юм шиг бодож явдаг. Гэтэл амьдрал тийм биш. Түүний цаана хорвоогийн хамгийн аймшигт үхэл гэж зүйл авах гээд зогсож байдаг. Хэрэв хүүхэд нь ухаан гаргаж, самбаачилж чадвал аав, ээжийгээ үхэлтэй учруулалгүй авч үлдэн, илүү олон жил хамт байж чадна. Ээжийгээ хайрлах бол дэлхий дээрх хамгийн сайхан хайр. Хамгийн сайхан зүйл бол ижийгээ л урт удаан хугацаанд амьд байлгах. Энэ номны минь санаа ч тэр ээжийгээ л удаан амьд байлгах. Бид маргааш гэж хойшлуулбал хожигдох болохоор өнөөдөр л ээжийгээ хайрлаж явах ёстой.

           Ээж бид хоёр ядуу байсан. Гэхдээ бид хоёр шиг жаргалтай хүн байгаагүй. Яагаад гэвэл ээж бид хоёр нэгнээ хамгийн сайн ойлгож байсан. Нэгнийхээ төлөө санаа зовниж, анхаарал тавьж байсан. Энэ бол хамгийн гэгээн түүх юм.

        Ээжийнхээ тухай энэ номыг бүтээхэд миний ээж шиг л сэтгэлтнүүд тусалсан. Энэ цагт хүний чанар их муудаж, амь амиа бодсон улс их болсон тул хэн нэг нь юу гэж надад туслах вэ гэж бодож байлаа. Гэхдээ энэ номыг бүтээхэд оролцсон хүмүүсийг бодоход үгүй юм шиг байна. Миний ээжийн оронд ээжийн тухай номыг минь миний ээж болгох гэж энэ хүмүүс эрвийх дэрвийхээрээ зүтгэлээ. Тэр дундаа Я.Сумъяа, Б.Өвгөнхүү, Н.Баярсайхан, Ц.Бат-Өлзий зэрэг сайхан сэтгэлтэй хүмүүс ихээхэн туслалаа. Мөн Д.Отгонбаяр, “Зууны мэдээ” сонины, “Монцамэ” агентлагийнхан, тэр дундаа япон хэлний П.Одгэрэл, орос хэлний Б.Хулан зэрэг ээж шиг минь сайхан сэтгэлтнүүд ээжийн минь номыг гаргахад надад тусаллаа. Үүний гол төлөөлөл бол Я.Сумъяа, Б.Өвгөнхүү болон бусад хүн байгаа. Миний хувьд эдгээр хүн бол миний хуурай ээж” гэлээ.

Ээжийгээ хайрлах бол дэлхий дээрх хамгийн сайхан хайр. Хамгийн сайхан зүйл бол ижийгээ л урт удаан хугацаанд амьд байлгах

Б.ӨВГӨНХҮҮ: “ЭЭЖ БИДЭН ХОЁР” БОЛ СУРАХ БИЧИГТ ЗААВАЛ ОРУУЛАХ БҮТЭЭЛИЙН НЭГ МӨН ЮМ ШҮҮ ДЭЭ

Энэ үеэр энэхүү номыг таван хэлээр хэвлүүлэх ажлыг идэвхийлэн дэмжиж, гардан зохион байгуулсан сэтгүүлч Б.Өвгөнхүүгээс сэтгэгдлийг нь сонслоо.

-Х.Цэвлээ багш та хоёр анх хэрхэн танилцаж байв?

            -Би 1992 онд ОХУ-д Нийгмийн ухааны академи төгсөөд ирсэн байв. Тэгтэл намын дарга намайг ““Засгийн газрын мэдээ” сонины эрхлэгч Х.Цэвлээтэй очиж уулз” гэсэн. Тухайн үед Цэвлээ эрхлэгчийг нийтлэл, бүтээлээр нь мэддэг байсан ч нүүр тулж, уулзаагүй байсан юм. Тэгээд “Засгийн газрын мэдээ сонин”-д очтол өрөөндөө сууж байна. Намайг хаана төрсөн, ямар сургууль төгссөн, аль аймгийнх, юунд дур сонирхолтой вэ гээд хэсэг шалгааж байгаад явуулсан. Түүнээс нэг их удалгүй редакцынхандаа “Шинэ орлогч эрхлэгчээ хүлээж ав” гэж намайг танилцуулж байсан. Ингэж л бид хоёр танилцаж, түүнээс хойш би эрхлэгчийгээ салахгүй дагаж, эрхлэгч маань ч намайг орхилгүй хамт явж байна даа.

           Цэвлээ эрхлэгчийн тухайд миний бэлгэшээж, хүндэтгэж явдаг хэд хэдэн зүйл бий. Нэгдүгээрт, өөрийнх нь ухаан. Хоёрдугаарт, Цэвлээ гуайн ээж Хорлоо гэдэг нэр миний эмээгийн нэр юм. Эхнэр Бямбажав эгчийн нэр нь мөн миний ээжийн нэртэй ижил. Х.Цэвлээ эрхлэгч 1932 оны бич, би 1956 оны бич жилтэй гээд бид хоёрт нэг тийм нандин холбоо, бэлгэшээх ёстой зүйлс байдаг. Гэхдээ хамгийн гол нь хүний ухаан шүү дээ. Ерөөс хүнийг ухаан нь л чирдэг. Дэргэд нь байгаад баймаар, байхгүй л бол болохгүй байх ухаан эрхлэгчээс минь үргэлж гардаг. Миний хувьд Д.Сүрэнжав гэж алдартай редактор эрхлэгчийн гараар орж, дараа нь Цэвлээ эрхлэгчийнхээ нөмөрт өнөөдрийг хүрч яваа хүн. Энэ хүнийг би бүү хэл Монголын ард түмэн тэр чигээрээ хүндэлж байх ёстой юм шүү дээ. Энэхүү бүтээл нь ерөнхий боловсролын сургуулийн сурах бичигт заавал оруулах бүтээлийн нэг мөн юм шүү дээ. Өөрөөр хэлбэл, монгол хүүхэд бүр энэ бүтээлийг уншсан байх ёстой юм.

-“Ээж бидэн хоёр” номыг таван хэлээр хөрвүүлэн гаргах санаа анх хэзээ төрсөн бэ. Эрхлэгчийгээ баярлуулъя гэж бодсон уу. Эсвэл илүү олон хүн энэ туужийг уншаасай гэж бодсон уу?

          -Ер нь олон хэлээр ярих талаар эрхлэгч өөрөө эртнээс ярьж байсан. “Ээж бидэн хоёр” номонд хүн байх торгон ухаан бий. Үүнийг олон хүн, бүр олон хүн унших ёстой. Саяхан эрхлэгч “Нөгөөхөө англи, орос хэлээр гаргахаар бэлдэж сууна” гэсэн. Манай хүү Хятадад таван жил сурсан юм. Сурч эхлэх үед нь би ““Ээж бидэн хоёр”-ыг хятадаар хөрвүүлэх ажлыг би хариуцна” гэж эрхлэгчид ам гарч байсныгаа бодоод хятад хэлээр хөрвүүлэх ажлаа хөөцөлдсөн. Энэ үеэр япон руу бас орчуулахаар болоод ажлууд аяндаа сайхан бүтээд, богино хугацаанд дэлхийн таван хэлээр хэвлэгдсэн, хамгийн нандин эрхэм зүйлийг уншигчид өгөх, мэдрүүлэх, ойлгуулах номтой болчихоод байж байна. Ах нь хүүгээрээ орчуулуулах гэснээ бас итгэж өгдөггүй, энэ тууж чинь баргийн хүн зүгээр нэг орчуулчихаар эд биш шүү дээ. Нарийн нандин үг, ухаан, агуулгыг Хятадад тавхан жил сурсан хүүхдээр орчуулуулчихаад юу бодож суух билээ гэж бодоод Өвөрмонголын мундаг орчуулагч Х.Ундралаараа орчуулуулсан. Энэхүү туужийг Орос хэл рүү Б.Хулан, англи хэл рүү Д.Аюуш, япон хэл рүү П.Одгэрэл нар орчуулж, уйгураар Н.Баярсайхан бичиж, уг бичвэрийг “Хүмүүн бичиг” сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Элбэгзаяа нягталж, “Зууны мэдээ” сонины эрхлэгч Д.Отгонбаяр, “Бимэкс” холдинг компанийн захирал Ц.Бат-Өлзий нартаа чин сэтгэлээсээ баярлалаа гэж дахин хэлье.

Энэхүү бүтээл нь ерөнхий боловсролын сургуулийн сурах бичигт заавал оруулах бүтээлийн нэг мөн юм шүү дээ

Я.СУМЪЯА: Х.ЦЭВЛЭЭ ГУАЙ БОЛ ЭНЭ ЦАГИЙН СЭТГҮҮЛ ЗҮЙН НОЁН ОРГИЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУСЫН СУРАХ БИЧИГ БИЛЭЭ

            Номын редактор Я.Сумъяа “Бүтээлээрээ нэрд гарсан сэтгүүлч байдаг бол сэтгүүлчийн алдраар бүтээл нь нэрд гардаг тохиолдол ч бий. Х.Цэвлээ гуайг нэрд гаргаж, олон түмний танил болгосон олон сайхан нийтлэлийн дээж нь “Ээж бидэн хоёр” тууж юм. “Сонин Думаа” номынх нь нээлтийн үеэр Х.Цэвлээ багштай ойр байдаг дотнын шавь Б.Өвгөнхүү сэтгүүлч “Ээж бидэн хоёр” нийтлэлийг сурах бичигт оруулах санал анх дэвшүүлсэн. Бидний үеийн хүүхдүүд сурах бичигт орсон зохиол, бүтээлээр хүмүүждэг байсан. Түүнтэй адил өнөө цагийн хүүхдүүд ч сурах бичигт орсон шилдэг бүтээлүүдийг уншиж, мэдэж түүгээр хүмүүжих ёстой. Тийм болохоор Х.Цэвлээ багшийн ур ухааныг сурах бичигт оруулах нь их чухал, олон хүн дэмжиж байгаа.

         Түүнчлэн Б.Өвгөнхүү чамгүй их сэтгүүлчийн хичээл зүтгэлээр “Ээж бидэн хоёр” нийтлэлийг таван хэлээр ном болгон хэвлүүллээ. Хүнд сэтгэл байвал ажил хурдан бүтдэг юм байна. Богино хугацаанд Монголын хамгийн шилдэг орчуулагч нар орчуулж ном бүтээлээ. Мөн манай улсын 2025 онд хос бичигтэй болох төрийн бодлого, зорилттой нийцүүлж, энэхүү бүтээлийг монгол бичгээр буулган номондоо оруулсан нь сайхан. Тухайлбал, Монгол бичгийн өв соёлыг авч үлдсэн өвгөдийн төлөөлөл буюу 95 настай Ц.Балхаажав гуайн гарын тэгээр бичсэн бүтээл энэ номонд орсон.

        “Ээж бидэн хоёр” тууж бол энэ цагийн шилдэг бүтээл. Тус нийтлэлийг сурах бичигт оруулах нь боловсролын байгууллага, редакторуудад судалгааны чухал хэрэглэгдэхүүн, бэлэн бүтээгдэхүүн болох юм. Үүнээс гадна монгол хүнийг эх, үрийн элбэрэл хайр, нандин сайхан чанар нь бусдаас өөр байлгадаг. Тийм учраас эх, үрийн хайрыг дэлхийд олон хэлээр хүргэж байгаагаараа онцлог бүтээл юм шүү дээ. Миний хувьд “Ээж бидэн хоёр”-ыг олон удаа уншсан. Унших бүрд сайхан дурсамж, мэдрэмж нэмэгддэг. Х.Цэвлээ гуай бол энэ цагийн сэтгүүл зүйн ноён оргил, хүүхэд, залуусын сурах бичиг юм. Х.Цэвлээ гуайн бүтээлүүдийг сэтгүүлчид уншиж, судлах нь чухал байна” гэлээ.

Ц.БАТ-ӨЛЗИЙ:ИЙМ САЙХАН БҮТЭЭЛИЙГ ХҮҮХЭД, БАГАЧУУД ГЭЛТГҮЙ БҮГД УНШААСАЙ, ЭЭЖИЙГЭЭ АМЖИЖ ХАЙРЛААСАЙ Л ГЭЖ БОДСОН

         Энэхүү номыг ивээн тэтгэж, хэвлүүлсэн “Бимэкс” холдинг компанийн захирал Ц.Бат-Өлзий “Би Х.Цэвлээ гуайн тухай нэвтрүүлэг үзээд, яриаг нь сонсоод “Энэ хүнтэй уулзаж үзэх юм сан” гэж бодож байсан юм. Тэгтэл сайхан учрал тохиолоор Б.Өвгөнхүү “Ээж бидэн хоёр” бүтээлийг нь олон хэл дээр хөрвүүлэн ном болгох бодол байна гэсэн. Ингээд бидний хүсэл нэгдэж, энэ сайхан ном таван хэлээр, уйгур монгол бичигтэйгээ хэвлэгдэн гараад байна. Миний хувьд ийм сайхан бүтээлийг хүүхэд, багачууд гэлтгүй бүгд уншаасай, ээжийгээ амжиж хайрлаасай л гэж бодсон учраас номыг нь ивээн тэтгэсэн. Ном хэвлүүлэх нь энэ номыг хүүхэд, багачууд, хүмүүс уншихаас маш жижиг хэрэг юм шүү. Гол нь “Ээж бидэн хоёр”-т гарсан ухаан, ухаарлыг л хүмүүсийн сэтгэлд хүргэх нь бидний хамтын үүрэг юм шүү дээ” гэлээ.

 “Ээж бидэн хоёр” тууж бол энэ цагийн шилдэг бүтээл

 


“ЭЭЖ БИДЭН ХОЁР” ДЭЛХИЙН ТУУЖ БОЛЛОО
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188