• Өнөөдөр 2024-04-20

МАЙКЛ ЖОРДАН: 1994 оны бейсболын ажил хаялт байгаагүй бол дахиж сагсан бөмбөг тоглохгүй байсан

2023-08-24,   3267

                    NBA буюу Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглогч гэгддэг Майкл Жорданы ховор ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна. Тэрбээр 15 жилийн сагсан бөмбөгийн замналдаа “Чикаго Буллс” багийн хамтаар зургаан удаа аваргын цом өргөж, таван удаа удирлын хамгийн үнэ цэнтэй тоглогчоор шалгарч байв. Уг ярилцлагыг сагсан бөмбөгч Аллен Айверсоны түүхээр бүтээсэн “Зөвхөн хүчирхэг нь л амьд үлдэнэ” номын зохиогч, “Филадельфи” сэтгүүлийн редактор Ларри Платт 2007 онд авчээ.

-БИ ЧАДАХЫНХАА ХЭРЭЭР ХАМГИЙН САЙН САГСАН БӨМБӨГЧ БАЙХ ГЭЖ ХИЧЭЭСЭН-

-Супермэн хэрхэн хөгширч байна даа?

                    - (инээв) Чи мэднэ дээ. Би тэгж ч их өвдөөд байдаггүй. Тэтгэвэрт гарснаасаа хойш жаахан жин нэмсэн. Одоо эргэн жингээ барихын тулд фитнессээр хичээллэж байгаа. Өмнө нь NBA (Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо)-д байхдаа шинэ улиралд бэлдэж өөрийгөө формтой болгохын тулд хичээдэг байлаа. Тэр маань ч миний ажил. Харин одоо фитнесст явах, дасгал хийх гээд л бүгд хувийн санаачилга болсон.

-NBA-н нэгэн цаг үеийг ноёрхож, залуу үе, сая сая хөгжөөн дэмжигчээр хүрээлүүлж байлаа. Одоо сагсан бөмбөгийн спортын танд өгдөг байсан өдөр тутмын сэтгэл ханамж, мэдрэмжийг юу өгч байгаа вэ. Юугаар орлуулж байгаа юм бэ?

                    -Сагсан бөмбөгөөс олж авдаг зүйлээ өөрөөр орлуулал үнэхээр хэцүү. Гэсэн ч өөрийн хандлага, тэтгэвэрт гарсан ч энэ спортод амжилтад хүрч чадна гэдгээ батлах бизнес эхлүүлсэн. Энэ нь “Бобкэтс” (одоогийн “Шарлот Хорнетс”) багтай холбоотой. Үүнийг одоо хүртэл хийж байгаа минь ч надад их урам зориг өгдөг.

 

Олон хүн намайг хоёр дахь удаагаа зодог тайлсныхаа дараа эргэн ирж Вашингтонд тоглосныг аймшигтай зүйл гэж боддог. Харин одоо тэдний бурууг нотлох нь надад сорилт болж байна.

 

-Та анх зодог тайлахдаа буюу 1993 онд өөртөө бий болгосон сорилт нь бейсболын тоглогч болох байсан. Гэсэн ч таныг сорилтдоо бүтэлгүйтсэн гэж олон хүн үздэг. Харин та юу гэж боддог юм бэ?

                    -Одоо эргээд харахад үнэхээр амжилттай байсан. Хэвлэлийн ердөө л статистик мэдээлэл л харсан. Би бейсболд улирлын хоёрдугаар хагасаас үнэхээр сайжирч эхэлсэн. Гэсэн ч 1994 онд болсон бейсболын ажил хаялт намайг тэр спортоос холдуулсан. Одоо бодоход 1994 оны бейсболын ажилт хаялт байгаагүй бол дахиж сагсан бөмбөг тоглохгүй байсан. Бейсболоо үргэлжлүүлэх байлаа. Надад бейсболын спортын өгсөн зүйл нь цалингүй ч сэтгэлээрээ нэгдсэн нөхөрлөлийн хүч. Тэр хүч намайг тамирчны минь хувьд дахин сэрээсэн.

-Таны аав бага байхаас тань л хүүгээ бейсболын тамирчин болгохын хүсдэг байсан гэлцдэг. Харин таныг сагсан бөмбөгөөс зодог тайлахын өмнө аав тань бусдын гарт амиа алдсан. Аавыгаа алдсан нь сагсан бөмбөгөө орхиж, бейсболын тоглогч болох түлхэц өгсөн гэдэг. Үнэн үү?

                    -Аав минь намайг коллежид байхаас л бейсболын тоглогч болгохын тулд хичээсэн. Гэсэн ч би сагсан бөмбөгөө хөөж, Хойд Каролинад очихдоо ааваасаа холдсон юм.

-NBA-д тоглох байхдаа үзүүлсэн олонх шинэлэг, содон үзүүлбэр, хөдөлгөөнийг чинь дэглэлттэй гэх юм билээ. Шинэ үзүүлбэр, хөдөлгөөн дэглэж байх завтай байсан юм уу?

                    -Дэглэсэн юм биш ээ. Миний зөн совин л тоглолтын дундуур хариу үйлдэл үзүүлдэг байсан. Аваргын төлөөх тоглолтод “Лейкерс”-ийн эсрэг хоёр гараа сольж цагирган дээрээс довтолсныг хүмүүс анх хараад итгээгүй юм даа. Тэр ч миний өмнө нь хэзээ ч хийж байгаагүй зүйл. Намайг довтлохоор ороход Сэм Перкинс хамгаалахаар ирж байгаа харагдсан. Харин би юу ч хийгээгүй байтал миний совин хариу үйлдэл үзүүлсэн. Би өөрөө ч зөн совин минь хариу үйлдэл үзүүлэхээр сурсантай холбоотой. Оюун санаа, бие бялдрын хувьд бүрэн бэлтгэгдсэн байсан.

-Таныг ид тоглож байхдаа улс төр, нийгмийн асуудалд байр сууриа илэрхийлдэггүй гэж шүүмжилдэг байлаа. Яагаад нийгмийн дуу хоолой болохоос татгалзаж байсан юм бэ?

 

-Аав минь хүүхдүүддээ бэлэн биш л бол өөрийгөө улс төр, нийгмийн асудалд бодлогогүй орж болохгүйг захидаг байсан юм. Би амьдралынхаа чадахаа хийж, чадахаараа хамгийн сайн сагсан бөмбөгч байхыг хичээсэн. Харин хүмүүс надаас өөрийн дуртай, хийж байгаа зүйлдээ сайн учраас хүсэхгүй байгаа зүйлдээ орж, үг дуугарахыг шаардсан нь надад шударга санагдаагүй. Магад миний үзэл бодол хязгаарлагдмал болох байсан байх.

 

-Тэгвэл одоо тэр үеэсээ арай илүү улс төрд дуртай болжээ дээ. Таны Ерөнхийлөгчийн сонгуульд Барак Обамаг дэмжиж байгаа гэж дуулсан. Одоо сагсан бөмбөгт хийх зүйл тань дууссан учраас улс төр, нийгэмд үзэл бодлоо илэрхийлэхийг хүссэн юм уу?

                    -Хүн гэнэтхэн л “Энэ дэлхий дээр юу болоод байгааг, улс төр яагаад байгааг бүгдийг нь ойлгож, мэдлээ” гээд босоод ирэхгүй нь ойлгомжтой шүү дээ. Намайг залуу байхад аав минь “Чиний хийж чадах хамгийн ичгүүртэй бизнес бол улс төр” гэж хэлж байлаа. Одоо эргээд санахад аавын минь үнэн байж. Өөрийн итгэж буй зүйлдээ бусдыг итгэхийг уриална гэдэг үнэхээр сонирхолтой зүйл юм байна.

 

-БИД ХЭЗЭЭ Ч ЯМАР НЭГЭН ЗҮЙЛД АМАР ХЯЛБАРААР ХҮРЭХИЙГ ХҮСЭЭГҮЙ. НҮҮР ТУЛЖ, ДАВАН ТУУЛАХЫГ ХИЧЭЭСЭН-

-Фил Жексон, Текс Уинтер нарын санаачилсан гурвалжин довтолгооны хувилбар таны болон “Чикаго Буллс” багийн амжилтад чухал нөлөө үзүүлсэн байх?

                    -Би одоо ч Текст талархдаг. Тэр хүн бүрд тодорхой “дүр” өгч, довтолгооны хувилбарыг хэрхэн ашигтай ашиглах боломжийг надад олгосон. Гурвалжин довтолгооны хувилбар талбай дээрх бүх тоглогчийг үүрэгтэй байлгадаг. Надад ч миний гэсэн үүрэг бий. Гэсэн ч гурвалжин довтолгооны төгс гүйцэтгэл бол системээсээ салж, гарч чаддаг тоглогч. Миний бодлоор гурвалжин довтолгоо Майкл Жордан эсвэл Коби Брайант гэх хоёр тоглогчгүйгээр төгс байж чадахгүй.

                    -Та хоёр ч удаа дараалан гурван аваргын цом өргөж, замналдаа зургаан удаа NBA-н аварга болсон. Аварга болсон улирлуудын нэгэнд 72 ялалт, ердөө 10 ялагдалтай өнгөрүүлсэн улирал ч бий. Өөрийнхөө, “Чикаго Буллс” багийн ид үеийн талаар юу гэж боддог вэ?

                    -Би ганц ч өдөр амарч байгаагүй. Хэрэв би нэг өдөр амарвал Скотти (түүний багийн хамтрагч Скотти Пиппен) ч нэг өдөр амарна. Дараа нь Хорас ч гэсэн. Бид хэзээ ч ямар нэгэн зүйлд амар хялбараар хүрэхийг хүсээгүй. Нүүр тулж, даван туулахыг хичээсэн.

-Тэгэхээр таныг адал явдал эрэлхийлэгч гэж тодорхойлж болох нь ээ. Нэгэн үе та мөрийтэй тоглоомтой ч нэр холбогдоод авсан. Мөрийтэй тоглоом таны хувьд адал ядал эрэлхийлэл байсан уу эсвэл дээр дурдсаны адил өөртөө тавьсан сорилт юм уу?

                    -Миний хувьд мөрийтэй тоглох хадан хясааны ирмэг дээр очоод ямар сонголт хийхээ шийдэж байгаатай адил байсан. Би ирмэг дээрээс нэг алхам урагшилна. Харин тэр нэг алхам надад, миний гэр бүлд аюул учруулж ч магад. Энэ бол сорилт, өрсөлдөөн. Гэхдээ би мөрийтэй тоглоход тийм их донтсон юм биш. Мөрийтэй тоглохгүй ч явж чадна.

-Тэгвэл танд мөрийнөөс илүүтэй өрсөлдөөний асуудал байдаг бололтой?

 

-Бодол санаа дөлгөөн, тайван үед өндөр бооцоо тавьж тоглох дуртай. Миний мэдэх ганц алгыг минь хөлрүүлж, сандаргадаг газар.

 

-Та нэгэн удаа Чарльз Барклигийн талаар “Бүдүүн хүү юү” гэж хэлж байв. Таны хэлснээр Чарльз таны хүссэн зүйлийг ярьж, хэлдэг юм гэсэн. Жишээ нь юу байх вэ?

                    -Тэр анх сагсан бөмбөгийн мэргэжлийн тамирчин болоод удаагүй байхдаа л “Би үлгэр дууриал болохгүй” гэж байлаа. Үнэндээ бидний хэн нь ч тийм биш. Үзэгч, дэмжигчид бидэнд хүндэтгэл үзүүлж буй учраас л бид хариуцлага хүлээдэг. Гэхдээ тэдний хэн байх, юу хийхийг зааж чадахгүй.

-NBA-д ид тоглож байхдаа өрсөлдөгчийнхөө чадварыг мэдэхээс гадна авьяас, чадамжийг нь ч алсаас дүгнэдэг байсан гэлцдэг. Хэрхэн залуу, сайн тоглогчдын харах нүдтэй болж байв?

-Би өөрийн хэрхэн тоглосон, юу золиослосныг мэднэ. Гэсэн ч залуу хүүхдийг хараад “Тэр ийм зүйлтэй байх ёстой” гэх нь шударга бус явдал. Би Вашингтонд тоглож байхдаа “Визардс”-д Кваме Браун зэрэг хэдэн залууг драфтаар авахад нь саналаа оруулж, сонгож байсан. Гэсэн ч бид хэн нэгэнд ямар байхыг нь хэлэхээс бие сэтгэлийг нь төлөвшүүлэх, хүсэл тэмүүллийг нь бадрааж чадаагүй. Заримдаа тэдгээр залуугийн сагсан бөмбөгийн замналыг унтраачихсан шиг санагдсан. Хэн ч миний тоглох байсан үеийнхэн шиг эсвэл надтай ижил тоглох шаардлагагүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Гэсэн ч Коби Брайантад дээр дурдсан шинж чанаруудын олонх нь байсан. Кобигийн хийж чаддаг олон зүйлийг би хэзээ ч хийж чадахгүй байх.

-Энэ тухайгаа дэлгэрэнгүй ярихгүй юу?

                    -Би зүгээр л жишээ дурдсан юм аа. Цааш нь ярьж чадахгүй.

 

“Филадельфи” сэтгүүл. 2007 он

 

 

 


МАЙКЛ ЖОРДАН: 1994 оны бейсболын ажил хаялт байгаагүй бол дахиж сагсан бөмбөг тоглохгүй байсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188