• Өнөөдөр 2024-04-20

ДЭЛХИЙН ШИЛДЭГ НИЙТЛЭЛ: Алдагдсан дурсамж

2021-03-29,   1340

           Латин Америкийн түүх соёлын олдворуудыг АНУ, Европ руу хууль бусаар хил дамнуулан наймаалж, асар их орлого олсон олон этгээдүүдийг илрүүлсэн ч тэднээс цөөн нь шалгагдаж, бусад нь ямар нэгэн байдлаар хуулийн цоорхойг ашиглан хууль шүүхээс зайлсхийсэн аж. Уг хэргийн мөрөөр таван орны сэтгүүлчид хамтарч, өөр өөрсдийн цуглуулсан материалаа нэгтгэснээр хуулиас зайлсхийж, ял шийтгэлгүй өнгөрсөн гэмт хэрэгтнүүдийн талаарх хөдөлшгүй баримт дэлгэжээ. Тэд ингэхдээ сүүлийн 20 жилийн хугацаанд илэрсэн хулгайлах, худалдаалах, хууль бусаар хил дамнуулах, түүхэн соёлын олдворыг хууль бусаар эзэмших хэргүүдэд холбогдсон этгээдүүд ямар нэгэн ял шийтгэл хүлээгээгүй, эрх чөлөөтэй явж байгааг онцолжээ. Сэтгүүлчид уг нийтлэлийг бичихээр эрэн сурвалжилж байгаад 7000 гаруй түүхэн соёлын олдворыг хууль бусаар хил дамнуулсан хэргийн мөрөөр оржээ. Таван орны шилдэг сэтгүүлчдийн хамтарч бүтээсэн “Алдагдсан дурсамж” нэртэй уг эрэн сурвалжлах нийтлэл Олон улсын сэтгүүлчдийн холбооны 2016 оны шилдэг нийтлэлээр шалгарсан юм. Уншигч та бүхэнд уг эрэн сурвалжлах нийтлэлийг цувралаар хөрвүүлэн хүргэж байна.

-СОЁЛЫН ӨВИЙГ ХУУЛЬ БУСААР ХУДАЛДААЛСАН ГЭМТ ХЭРЭГТЭН ОДОО Ч ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ, ХУУЛЬ БУС ХУДАЛДААГАА ҮРГЭЛЖЛҮҮЛСЭЭР БАЙНА-

Аргентин Улсын нийслэл Буэнос-Айрес дахь Сан Телмо зах нь Латин Америкийн хамгийн том соёл урлаг, эртний эдлэлийн дэлгүүр гэгддэг. Тус захад худалдаа эрхэлдэг Уругвай Улсын иргэн Нестор Жанейр Оуд гэгчийг Андын бүс нутгаас хулгайлагдсан гэх археологи, палеонтологийн олдворуудын гол наймаалагчдын нэг гэх. Тэрбээр Сан Телмод худалдаа эрхлэхээс нь өмнө хоёр ч эртний эдлэлийн дэлгүүрийг эзэмшиж байж. Тухайн хоёр дэлгүүрийг цагдаагийн байгууллагаас шалгахад Перу, Эквадор зэрэг орнуудтай холбогдох алдагдсан 4000 гаруй эртний эдлэл, олдворыг илрүүлж, хураан авсан. Түүнээс хурааж авсан олдворуудыг 2016 оны нэгдүгээр сард Перу Улсад буцааж өгсөн юм. Харин Жанейрын эл хэрэг 14 жилийн турш гацаанд орж, маш олон шатны шүүх хурлын дараа хэргийг хааж, Жанейр хэргээс мултарсан байдаг.

       Дөрвөн орны соёлын үнэт олдворуудыг хууль бусаар эзэмшиж, наймаалж байсан хэргийн шүүх хурал дээр Жанейр “Тэд намайг Аль-Кайда” бүлэглэлтэй холбоотой гэж ярьж байна. Тийм биш. Харин ч тэр бүлэглэл наймаг барих гэж оролдож, үргэлж дагаж байдаг” гэж мэдээлж байв. Тэрбээр өнөөг хүртэл Аргентины Калле Дефенсад томоохон харш түрээслэн үнэт эдлэлийн наймаа эрхэлж байгаа юм. Түүний нээсэн эртний эдлэлийн шинэ дэлгүүрт алт сураглаж, тэр хэрээрээ түүний сургийг сонсох санаатай орлоо.

        Жанейрын эртний эдлэлийн дэлгүүрийн үүдэнд Сири гаралтай дилер биднийг хүлээн авав. Тэрбээр үнэт эдлэлийн Сан Телмо захын холбооны гишүүн бус, энэ наймааны төрөлд ч сайн танигдаагүй нэгэн байлаа. Гэсэн хэдий ч түүнтэй холбогдсон соёлын олдвор зарж, борлуулсан хэд хэдэн хэрэг Буэнос-Айрес дахь прокурорын газарт бүртгэгдэж байсан аж. Тэрбээр 2003 оноос палеонтологи, археологийн хэд хэдэн хэрэгт буруутгагдаж, шалгагдаж байсан ч прокуророос хэргүүдэд нь гэмт хэрэгтнээр татаж, хариуцлага хүлээлгэх боломжгүй гэсэн дүгнэлт гарч байж.

Дилерийн хэргийг үргэлжлүүлэн судлахад түүний хэргүүд Перу, Эквадор, Боливи, Колумби зэрэг орнуудтай холбогдож, хамтран ажиллах ёстой байв.

Нестор Жанейр Оудтай холбогдох хэрэг 2001 оны арван нэгдүгээр сарын 4-ний Аргентин Улсын Нисэхийн цагдаагийн газар, Соёлын өвийн газар нар хамтарч, Эзеизагийн Олон улсын нисэх онгоцны буудалд Латин Америкийн орнуудын сэжигтэй бараа бүтээгдэхүүн ирж байснаар эхэлжээ. Тодруулбал, Эзеизагийн нисэх буудалд ирж байсан сэжиг бүхий үнэт эдлэлүүд Флоридагийн 680 тоотод байрлах Нестор Жанейр Оудын Галерия дел Сол нэртэй эртний  эдлэлийн дэлгүүрт очиж байв. Дараа нь цагдаагийн байгууллагаас түүний дэлгүүрт шалгалтын ажиллагаа явуулж, Карлос Лангаско, Карлос Осона, Энрике Алварес, Хосе Ариас, Аргентинд “Арилжааны ач холбогдол багатай объект” гэсэн шошготой боодол бүхий хууль бусаар хил дамнан орж ирсэн 15 мянга гаруй археологийн олдворыг илрүүлжээ.

Цагдаа нар Жанейраас байцаалт авсныхаа дараа түүний компьютерыг шалгаж, хууль бус үнэт эдлэлүүдээ худалдаалсан үйлчлүүлэгчидтэй харилцсан мэйлүүдийг илрүүлсэн байна. Энэ талаар Аргентин Улсын нийслэл Буэнос-Айрес дахь Холбооны Эрүүгийн болон Засан хүмүүжүүлэх Үндэсний гуравдугаар шүүхийн 42242 тоот файл дээр “Үнэт эдлэлийн худалдааны мөнгөө биечлэн, аль эвсэл зуучлагчаар дамжуулан Ситибанк дахь дансандаа ам.доллароор хадгалдаг байсан” хэмээн дурдсан байдаг.

Нестор Жанейр Оуд нь Уругвай Улсад төрсөн ч Аргентин Улсын иргэншил авсан. Түүний гэр бүлийн хүн нь Перу Улсын иргэн Мирна Гаразатуа Диас. Дээр дурдсан Галерия дэл Сол дэлгүүртэй холбоотой хэргийн дараа Лима дахь 54 дүгээр эрүүгийн прокуророос Перугийн соёлын өвийг олборлосон гэмт хэрэгт Жанейр болон түүний гэргий, мөн гэр бүлийнх нь гурван гишүүнээс мөрдөн байцаалт авчээ. Мочика, Чавин, Куписник, Чанцай, Инкагийн үеийн соёл иргэншлийн хэдэн мянган шаазан эдлэлийг хууль бусаар эзэмшиж, худалдалж байсан Жанейрын эл хэрэг 2005 онд нотлох баримтгүй гэсэн үндэслэлээр хаагдаж, Перугийн архивт хадгалагдсан. Гэвч хэрэг хаагдсаны дараа нотлох баримт олсон бөгөөд хэргийн явцад Жанейр өөрийгөө эртний эдлэл цуглуулагч гэж бүртгүүлсэн байсан ч өөрийн археологийн бүртгэлд бүртгэгдээгүй нэмэлт хөрөнгө, эртний эдлэл хадгалж байжээ.

-ХУРААЖ АВСАН ТҮҮХЭН СОЁЛЫН ОЛДВОРУУДЫГ ХОЛБОГДОХ ОРНУУДАД НЬ ДИПЛОМАТ ЖУРМААР ХҮЛЭЭЛГЭН ӨГСӨН-

2009 онд Аргентин Улсад суух Перу Улсын бүрэн эрхт Элчин сайд Нестор Жанейр Оуд болон өөр дөрвөн дилерт “Перу Улсын археологи, палеонтологийн олдворыг хууль бусаар эзэмшиж байна” хэмээн гомдол гаргажээ. Энэ үеэр л Перу Улсад хамаарах 3898 соёлын олдворыг эх оронд нь буцаах “тулаан” эхлэв. Гэсэн хэдий ч Холбооны Эрүүгийн болон Шийтгэх Үндэсний гуравдугаар шүүхэд хураагдсан олдворуудыг буцаах үйл явц зогссон талаар мэдээлж байв. Дээрх хэрэгт холбогдсон этгээдүүдийг шалгаж ажиллагаа гацаанд орж, Жанейр тэргүүтэй таван дилер “Олдворуудыг эзэмшигчийн хувьд бидэнд буцааж өгөх ёстой” хэмээн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ. Харин үүний эсрэг Перугийн Элчин сайдын яамны хууль зүйн төлөөлөгч Эмилио Ицкович Гриот “Перу Улсын соёл олдвортой холбоотой ноцтой гэмт хэргийн мөрдөн байцаалтыг гацаанд оруулж байна” хэмээн шүүхийн шийдвэрийг давж заалдсан юм. Тэрбээр "Хэрэгт холбогдсон олдворуудын тоо хэмжээ, чанар болон гарал үүслийг нь зөвхөн сэжигтнүүд мэдэж байгаа. Мөрдөн байцаалтыг үргэлжлүүлэх нь хэргийг шийдэх цор ганц арга зам” хэмээн давж заалдах баримт бичигт дурджээ.

       Аргентины археологи, палеонтологийн өвийг хамгаалах тухай хуульд зааснаар сэжигтнүүд хоёр жил хүртэлх хугацаагаар хорих ял сонсох ёстой байсан ч хэргийг шийдэх ажиллагаа гацаанд орж байсаар хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. Харин цагдаагийн байгууллагаас хурааж авсан олдворуудыг сэжигтнүүдэд эргүүлж өгөөгүй. Үүнтэй холбоотойгоор Нестор Жанейр Оуд 2012, 2013 онуудад цагдаагийнхны хураасан түүхэн олдворуудыг буцааж авахаар давж заалдаж байсан юм.

        2015 оны зургаадугаар сард Холбооны Эрүүгийн болон Засан Хүмүүжүүлэх гуравдугаар шүүх олон жилийн турш хадгалж байсан археологи, палеонтологийн олдворуудыг холбогдох орнуудад эргүүлэн өгөх тушаал гаргасан. Энэ шийдвэр нь Жанейрын олдворуудыг буцаан авах олон давж заалдсан үйлдлүүдийг бүрэн няцааж чадсан. Мөн Холбооны Эрүүгийн болон Засан Хүмүүжүүлэх гуравдугаар шүүхийн дээрх шийдвэрт “Яллагдагчаар татагдсан хүмүүст холбогдох археологи, палеонтологийн шинжтэй, шинжлэх ухааны олдворуудыг хэрэгтнүүд өөрийн ашиг сонирхолд ашиглаж байсныг тогтоосон” гэжээ.

Дээрх шийдвэрээр Перу Улсад холбогдох 3000 гаруй, Эквадор Улсад холбогдох 439 олдворыг 2016 оны нэгдүгээр сард Аргентинаас дипломат шугамаар буцаажээ.

Харин Аргентин Улсын Соёлын өвийг хамгаалах газрын захирал Марсело Эль Хайбе “Нестор Жанейр Оудаас 2001, 2007 онуудад хурааж авсан археологи, палеонтологийн олдворуудтай холбогдох хэрэгт эцэслэгдээгүй тул түүнийг Сан Телмо захад эртний эдлэл худалдаалах ажлаа үргэлжлүүлэн эрхэлж болно” гэсэн шийдвэр гаргасан. Харин Жанейр өөрийгөө өнөөг хүртэл “Эртний эдлэлийн худалдаагаа хууль ёсоор дээрэмдүүлж, цагдаагийн байгууллагад хэлмэгдсэн” гэж үздэг байна. Үүгээр ч зогсохгүй Нестор Жанейр Оуд нь “Аргентины Засгийн газар хураан авсан соёлын олдворуудаа холбогдох орнуудад нь бүрэн дүүрэн, бүгдийг нь хүлээлгэн өгсөн гэдэгт эргэлзэж байна” гэж байв. Жанейраас хураан авсан соёлын олдворуудаар 2016 оны зургаадугаар сараас эхлэн есдүгээр сар хүртэлх хугацаанд Аргентины Үндэсний музейд эртний шаазан эдлэл, эртний хүний яс, испани хэл дээр хэвлэгдсэн эртний нэхмэл бичээс зэргээр үзэсгэлэн тавьж байлаа. Энэ талаар Аргентины Соёлын яамны Соёлын өвийг хамгаалах газрын дарга Бланка Алва Герреро “Нестор Жанейр Оудын хэргийг эцэслэвэл манай улсын сэргээн босголтын хамгийн чухал ажил байх болно” хэмээн хэлсэн байдаг.

       Нестор Жанейр Оудын хэргийн хамгийн хачирхалтай нь эл хэргийг мөрдөж байсан Перу Улсын мөрдөн байцаагч Магда Аттод хэргийн талаар ямар ч мэдээлэл өгөөгүй, Жанейртэй уулзуулаагүй гэнэ. Жанейртэй холбогдох хавтаст хэргийн талаар Аргентины Олон улсын хамтын ажиллагаа, хоригдол шилжүүлэх газрын дарга Алонсо Пенья болон тэдний туслахууд л мэдэж байгаа гэх. Дээрх албан тушаалтнуудын илрүүлсэн ч олонд дэлгээгүй мэдээллээр бол Нестор Жанейр Оуд нь соёлын өвийн хэргээр олон жилийн хорих авах боломжтой гэнэ.

 

Хоёр дахь дугаарыг нь ЭНДЭЭС уншаарай.

 


ДЭЛХИЙН ШИЛДЭГ НИЙТЛЭЛ: Алдагдсан дурсамж
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188