Сэтгүүлч Э.Хүрэлбаатарын “Хүүгээ тэвэрсэн ээж үхэлтэй тэмцэлдэж явсаар ОХУ-ын хил давжээ” нийтлэлийг уншаагүй хүн ховор биз ээ. Өдийгөөс 13 жилийн өмнөх энэ өдөр 27-хан настай Н.Саранчимэг гэх эмэгтэй найман сартай хүүгээ тэврээд, Сэлэнгэ мөрөнд урсчихсан харамсалтай осол монголчуудын сэтгэлийг шимшрүүлж байлаа.
https://ergelt.mn/news/125/single/2887
Үхэл, амьдралтай зургаан цаг голын мөсөн дотор тэмцэж, сураггүй болтлоо аврал эрж, алгын чинээхэн мөсөн дээрээс эцсээ хүртэл хүүгийнхээ төлөө амь гуйсан Н.Саранчимэг, түүний хүү Г.Шинэбаяр нарын сураг гаралгүй 13 жил өнгөрч, ар гэрийнхэн нь амьдын хагацалд байна. Бид тухайн үед юу болсон талаар Н.Саранчимэгийн нөхөр Ш.Ганбаттай хөөрөлдсөн яриагаа уншигч танд хүргэхээр зэхлээ. Ш.Ганбатын хувьд Сэлэнгэ аймгийн Бугант тосгонд амьдардаг. Хэдийгээр тэр хэдхэн жилийн өмнө өөр амьдрал зохиосон ч, эхнэр, хүүхдээ харуулдаж, сургийг нь гаргах гэж олон жилийг ард үджээ. Тэрбээр ийн ярилаа.
2010 он.
Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, Бор гүвээгийн энгэр. Манай хуурай ахынх нь энд намаржаад удаж байгаа. Арван жилээ төгсөөд, сургууль соёл ч бараадсангүй, ахынхаа хадлан бордоо, мал ахуйд тусалдаг боллоо. Ажил хийснийхээ шанд хэдэн төгрөг авна, амьдралаа залгуулна. Ингэж явж байгаад нүдэнд дулаахан, олон таван аашгүй, хажуу айлд туслах малчингаар ирсэн Н.Саранчимэг гэх эмэгтэйтэй танилцлаа. Сэлэнгэ аймгийн Зүүнхараагаас ирсэн юм. Гэрээр нь орж, гарч байгаад бусад залуусын адилаар бид хайр сэтгэлийн холбоотой болж хамт амьдарч эхэлсэн. Тэр минь өмнө нь амьдрал зохиож байсан, хоёр ч хүүтэй. Нэгэнт сонгосон зам учраас надад эргэлзэж, эргэж буцах бодол байгаагүй. Хоёр хүүд нь аав шиг нь аав байх гэж хэрэндээ л хичээж, элэг бүтэн амьдрах гэж зүтгэсэн. Айлын туслах малчин хийнэ, өглөө, оройдоо үнээгээ сааж, сүү цагаан идээгээ аймгийн төвд борлуулна.
Амьдрал сайхан байсан. Хүүхдүүд эрүүл саруул, бид ажил төрөлтэй, өөрсдийн гэсэн хэдэн малтай болоод авлаа. Хэдэн малаа өсгөж, аривжуулж, амьдарлаа сайжруулах гэж хэрэндээ хичээж, тэмүүлж байсан санагддаг юм. Хоёр жилийн дараа эхнэр маань бие давхар болж, хүүгээ өлгийдөж авсан юм даа. Бидэнд аз жаргал, шинэ баяр баясал авчирсан учраас хүүдээ Шинэбаяр гэдэг нэр хайрласан. Хоёр том маань аймгийн төвд цэцэрлэгт явдаг учраас эхнэрийн эгчийнд амьдардаг. Бид гурав хөдөө гэрээсээ хоёр ахыгаа эргэхээр очно, амралтын өдрүүдээр бөөндөө гэртээ харьдаг. Хоёр хүүдээ очихын тулд мориор Сэлэнгэ мөрний эрэгт ирж, явган гол гатлаад, сумын төвөөс унаа дууддаг байлаа. Ийм энгийн хэрнээ сайхан амьдрал маань гурван жил хүрэхгүй л нурж, бид хэдэн талд сэтгэлийн там, амьдын хагацалд уначихсан.
Бүтэн сайн өдөр. Хүү жаахан ханиад хүрээд, бие нь тавгүй байсан учраас вакциныг нь хийлгэнгээ эмнэлэг орохоор боллоо. Нутгийнхаа таван хүнтэй хамт Сэлэнгэ мөрөн рүү мориор очсон. Аймгийн төв ороход тойрч явбал 80 км, голоороо гарвал 20 гаруй км байдаг юм. Арванэгдүгээр сар гэдэг чинь гол, мөрөн хөлдөөд, явган зорчиход айдасгүй болчихсон байдаг үе л дээ. Гэхдээ тэр жил гол орой хөлдөж, зөвхөн царамын 12 дугаар тоочик дээрх боолт хийсэн гарам дээр ус хөлдсөн байлаа. Өмнөх өдрүүдэд нь ч бас энэ хэсгээр зорчсон. Морио голын эргийн бургасанд уяад, унаа дуудлаа. Сараа хүүгээ тэврээд, би бидон саваа бариад хоёр хүүдээ очиж байгаа юм. Тэр үед бид бүтэн сайн өдөр гэдгийг нь мэдэлгүй эмнэлэг явчихсан байна лээ. Эмнэлэгт яваад очтол үзэх эмч байхгүй, эмийн сангаас ойр зуурын эм авсан. Уг нь хоёр хүүгээ авахаар очсон ч маргааш нь цэцэрлэгтэй учраас усанд оруулаад үлдээлээ. Аймгийн төвийн зах дээр сүү, цагаан идээгээ борлуулаад, лаа, чүдэнз, саван бокоо аваад 14:00 цагийн үед буцаад Сэлэнгэ мөрний эрэгт очсон доо.
Нутгийн эмэгтэй Цэрэнням, араас нь Сараа бид хоёр хүүгээ тэврээд, гол гатлахаар явсан юм. Бидний араас залгуулаад хөрш айлын залуу Өсөхбаяр, Оюунболд, Мягмар гуай явсан байх. Сэлэнгэ мөрний гол хэсэгт очиж амжилгүй мөс гэнэтхэн тачигнаад, урсаад байгаа юм шиг болсон. Юу болов гэж бодож амжилгүй л ан цав гараад, голын мөс хэдэн хэсэг бутарчихсан. Мягмар гуай голын усанд хөлбөрч, түүнийг Оюунболд татаж байгаа харагдахтай зэрэгцээд ширээний тавцан шиг мөсөн дээр бид гурав суугаад урссан. Цөн түрчихсэн юм шиг болчихсон шүү дээ, Сэлэнгэ мөрөн. Биднээс холгүй Цэрэнням гуай жижигхэн мөсөн дээр суучихаад, хашхираад байдаг. Үнэхээр хэцүү, аймшигтай байсан даа. Хамт явсан хүмүүс голын эрэгт ойрхон байсан учраас мод, чулуунаас татаад гарсан байна лээ.
Мягмар гуай голын усанд хөлбөрч, түүнийг Оюунболд татаж байгаа харагдахтай зэрэгцээд ширээний тавцан шиг мөсөн дээр бид гурав суугаад урссан.
2012.11.04-ний 18:00 цаг
Эхнэр, хүүхэдтэйгээ мөсний хэлтэрхий дээр суучихаад голын усанд үхэл амьдралын заагт урсаад байдаг. Хүмүүс аймгийн Онцгой байдал руу дуудлага өгөөд, хүлээж байгаа. Ширээний тавцан шиг мөс бид гурвыг даахгүй, живчих гээд мөн ч их сандаргасан. Арга ядаад, дээл, хувцас, монгол гутлаа тайлаад мөсөн дээрээс үсэрлээ. Тэгж байтал онцгойгийн аврагчид ч ирсэн. Живэхдээ живээд, сэхэхдээ сэхсээр эхнэр, хүүхдээ аврах гэж голын усанд дөрвөн цаг ноцолдсон байсан. Сараад “Хүүгээ над руу шидээрэй, би амандаа зуугаад эрэг рүү сэлэе” гэсэн ч “Чи чадахгүй байх аа. Онцгойгийнхон ирчихсэн байна, одоохон орж ирээд аварна. Чи өөрийгөө бод, сэлээд байгаарай, нэг нь ч гэсэн амьд гарах хэрэгтэй шүү” гээд байсан. Би өөртөө итгэж байсан, хүүгээ голын эрэгт хүргэчихнэ гэж. Тэгсэн бол Сараа өөрөө сэлээд гараад ирэх байсан даа. Удалгүй Сараа “Араас чинь мөс ирж байна” гээд хашхирч, гол руу шумбаад эргэхэд л мөс өнгөрч байсан юм даг. Хэдийгээр хальт оногдсон ч гэлээ миний ухаан санаа балартаж, живдэгийн даваан дээр Оюунболд намайг татаж, гаргасан. Ингээд мөсөнд оногдож, хий дэмий орилж, “Удахгүй аварна аа” гэж байх зуур Сараа, хүү хоёрын суусан мөс Цэрэнням гуайн хажуугаар гараад өвгөн Сэлэнгэ рүү уруудчихсан.Тэр үед Цэрэнням гуай голын эргийн бургаснаас зуураад, амьд гарсан байдаг. Биднийг араас нь очиход голын эрэгт гарчихсан, манай хүнийг “Авраарай, хүн байна уу. Хүү намайг орилохоор айгаад, уйлаад байна. Цаанаас чинь хүн харагдана уу, эгч ээ” гэж хашхирсаар доошоо явчихлаа гэсэн. Миний ухаан санаа балартаад, сүүлдээ юу болоод байгааг ч ойлгоогүй. Үр хүүхэд, хамаг амьдралаа нүдэн дээрээ, гараасаа алдчихсан шүү дээ.

Сараа сураг тасартлаа онцгойгийн аврагчдад итгэж байсан. Даанч тэдэнд одоогийнх шиг багаж хэрэгсэл, техник байгаагүй. Усны гутал, асаагуурын гэрэл, нэгжгүй утас л байсан байх. Магадгүй, гурван хүн амь тэмцэж байхад аварчих сэтгэл, чадвар ч байгаагүй байж мэднэ. Гэхдээ хүний амь ахиад олдох биш дээ. Ямар ч багаж, хэрэгсэлгүйгээр, хэзээ мөдгүй хагарах дүүрэн нөхөөстэй завьтай голын мөс рүү ороод өөрсдөө балрах байсан биз. Тухайн үеийнх нь удирдлагуудад би одоо ч гомддог юм. Тухайн үедээ намайг дуудаад, “Байгууллагын нэр төр гутаалаа, хууль хяналтаар шалгана” гэж сүрдүүлж байлаа. Гэхдээ би тэр үед буу тулгаад, цаазаар авч байсан ч айхгүй байсан юм шүү.
Сараа сураг тасартлаа онцгойгийн аврагчдад итгэж байсан.
Өвгөн Сэлэнгэ рүү уруудсанаас нь хойш би эхнэр, хүүхдээ хараагүй. Үе, үе “Авраарай, хүн байна уу. Хүү бид хоёр энд байна” гэж хашхирах нь сонсогдож байгаад сүүлдээ чимээгүй болсон. Хамгийн сүүлд Цагаан аралын заставт манаанд гарч байсан цэрэг эхнэрийн минь дууг сонссон байна лээ. Тэр шөнөдөө эрлийн багийнхан ОХУ-ын хилээр нэвтэрч, эрлийн ажиллагааг үргэлжлүүлсэн ч сэжүүр, сэжим олоогүй.
Эхнэр, хүүхдээ алдчихаад, хэчнээн эрж, хайсан ч олоогүй. Хаа нэгтээгээс амьд гараад ирнэ гэдэгт итгээд хүлээсэн. ОХУ-ын хил давсан гэдэг нь баараггүй юм чинь танихгүй айлд, хэл мэдэхгүй байж байх вий гэж горьддог байлаа. Сүүлдээ хамт амьдарч байсан гэрээсээ өмссөн хувцастайгаа гарсан. Хүүгийнхээ тоглодог байсан тоглоом, гэр орон, ер нь бүгдийг орхиод явлаа. Тэнд байхад надад маш хэцүү байсан. Хагас галзуурлын байдалтай байсаар сүүлдээ явах шийдвэр гаргасан нь энэ. Хоол хийсэн ч гурван аяганд хувааж хийгээд, унтаж байхад хүүгээ бүүвэйлээд, араар унтаж байгаа юм шиг тэмтэрч үзээд ямар хэцүү байсан гэж санана.
Сумын төв ороод, хоёр хүүтэйгээ уулзлаа. Сараагийн ах, эгч хөвгүүдийг надад өгөх бодолгүй байгаа тухайгаа хэлсэн. Бид уг нь гурван жил шахуу хамт амьдраад, нэг нэгэндээ дассан, аав, хүү болчихсон байлаа. Хүн гэдэг чинь амархан дасдаг юм байна лээ. Хүнээр хүн хийж, хүний дайтай өсгөх тухайгаа хэчнээн учирласан ч тэд зөвшөөрөөгүй. Ээж нь гэнэтхэн алга болчихсон, нялх хоёр хүүд ямар хэцүү байсан гэж санана. Байнга нэхнэ, уйлна, санана, бэтгэрнэ. Намайг харахаар баярлана, дагаж уйлдаг, хамт гэртээ харьмаар байна гэдэг байсан. Тэгээд хөвгүүдийг Зүүнхараа руу галт тэргэнд суулгаад аваад явсан даа. Би “Намайг байхгүй аваад яваарай” гэж хэлээд гэрээс гарснаас хойш дахиж уулзаагүй. Нялх амьтдыг сэтгэлийн тамд унагаж, дахин, дахин шархлуулмааргүй байсан юм. Тэгээд би Сэлэнгэ аймгийн Хүдэр сум руу нүүж, тэндээ хоёр жил амьдраад, Бугант тосгонд суурьшаад байгаа.
Байнга нэхнэ, уйлна, санана, бэтгэрнэ. Намайг харахаар баярлана, дагаж уйлдаг, хамт гэртээ харьмаар байна гэдэг байсан. Тэгээд хөвгүүдийг Зүүнхараа руу галт тэргэнд суулгаад аваад явсан даа.
Анхны амьдрал, анхны бүхнээ эрж, хайж, хүлээсээр сүүлдээ эвлэрсэн. Цаг хугацааны эрхээр залуу насны минь сэтгэлийн шарх бүдгэрсэн ч тэднийг бодоогүй өдөр надад нэг ч байгаагүй. Үхсэн, амьдыг нь мэдээд, энэ хагацлаас салах юм сан л гэж бодож амьдарсан. Танихгүй дуудлага бүрийг авна, тааралдсан хүн бүрээсээ сураглана. Ийм амаргүй, эцэс төгсгөлгүй эрэл үргэлжилж байгаа. Гэхдээ би тэр харамсалтай, харуусалтай ослоос хойш найман жилийн дараа дахин амьдрал зохиосон. Гурван ч сайхан хүүгийн аав болсон доо.
Одоогоос долоон жилийн өмнө Зүүнхараа руу хоёр хүүтэй уулзахаар очсон юм. Том болж, учир ойлгодог болсон учраас нэг уулзъя гэж бодсон хэрэг. Тэгээд Бугантаас Зүүнхараа руу очсон ч гэр нь эзгүй байж таарсан. Хэсэг хүлээж байгаад, хажуу айлынх нь хүмүүст “Ийм учиртай хүн ирээд явлаа” гээд хэлчихээрэй гээд гарсан даа. Над руу холбогдоогүй, одоо дахиж нэг очих юм сан л гэж бодож байна.
Сэлэнгэ мөрний усанд ширээний тавцан шиг мөсөн дээр урсаж алга болсон эхнэр, хүүгээ амьд, үхсэнийг мэдэж чадалгүй 13 жил өнгөрлөө дөө. Харин өнгөрсөн жил ОХУ-ын Наушик тосгоноос адилхан эмэгтэй хүний цогцос олдсон гэдэг мэдээг цагдаагийнхан надад дуулгасан. Сараагийн эгч, дүүгээс ДНК-ийн шинжилгээ авч, цогцсыг шинжилж байгаа. Гэхдээ хариу одоогоор гараагүй л байгаа. Мөн эсэхийг нь мэдчих юм сан л гэж хүлээж байна даа. Хэрэв мөн байвал сэтгэлээ чөлөөлнө байх. Бас цагдаагийнхан өнгөрсөн жил “Энэ хэрэг эцэслэгдэхгүй олон жил боллоо. Хэргийг хэрэгсэхгүй болгож, хаах саналтай байна. Та ирээд гарын үсэг ирээд зураарай” гэсэн. Гэхдээ би мөн, бишийг нь мэдчихээд, гарын үсгээ зурна даа.
Сарааг “Юу бодож, хүү нь хэчнээн удаа ээрч, яаж айж, хүүгээ аргадаж явсан болдоо” гэхээс одоо ч миний зүрх урагддаг юм. Хүү маань нэг уйлахаараа ээрчихдэг, тэгээд аав, ээж хоёрыгоо сандарган байж арай гэж тайвширдаг байлаа. Тэгэхээр голын мөсөн дээр цэв хөх болчихоод, ээж нь мөн ч их уйлсан байх даа. Өвгөн Сэлэнгийг өгсөж, уруудах болгондоо эндээс, эсвэл тэндээс гараад ирэх л юм шиг 13 жил битүүхэн горьдлоо.
Хэдийгээр өөр амьдралтай болж, хүүхдүүдийн аав болсон ч гэлээ хүний гомдол, горьдлого тасардаггүй юм байна. Сараа 40 нас, хүү минь 13 нас хүрч байгаа даа...
| Ш.ГАНБАТ: Сэлэнгэ мөрний усанд ширээний тавцан шиг мөсөн дээр урсаж алга болсон эхнэр, хүүгээ амьд, үхсэнийг мэдэж чадалгүй 13 жил боллоо. Гэхдээ ОХУ-ын Наушик тосгоноос адилхан эмэгтэйн цогцос олдсоныг шинжилж байгаа гэсэн |
|
Б.Хулан жюү жицү-гийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-11-03 12:48:07
Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг унтраажээ
2025-11-03 10:39:06
Нийт нутгийн 23 хувьд цастай байна
2025-11-03 09:54:47
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 49 дуудлага бүртгэгджээ
2025-11-03 09:51:47
Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодров
2025-11-03 09:17:47
2025-11-03 09:00:07
ДАЯН АВАРГА С.ЦЭРЭНГИЙН ОХИН БАТСҮРЭН: МИНИЙ ААВ МОНГОЛ БӨХИЙН 33 ШИНЖИЙГ ЦОГЦЛООХООС ГАДНА ОЙН ОДТОЙ БӨХ ГЭДГЭЭРЭЭ АЛДАРТАЙ БАЙЛАА
2025-11-03 08:15:17
Ш.ГАНБАТ: Сэлэнгэ мөрний усанд ширээний тавцан шиг мөсөн дээр урсаж алга болсон эхнэр, хүүгээ амьд, үхсэнийг мэдэж чадалгүй 13 жил боллоо. Гэхдээ ОХУ-ын Наушик тосгоноос адилхан эмэгтэйн цогцос олдсоныг шинжилж байгаа гэсэн
2025-11-03 07:00:09
БАГШ, ЭМЧ НАРЫНХАА ЦАЛИНГ НЭМЭХ ГАРГАЛГАА ГАРГАХ СЭТГЭЛТЭЙ УЛСТӨРЧ МОНГОЛЫН ТӨРД АЛГА
2025-11-03 07:00:00
ТАНИЛЦ: ТӨСӨВГҮЙ ГЭХ ТӨРИЙН ЭНЭ ОНД ХУДАЛДАЖ АВСАН ТАНСАГ ЖИЙПНИЙ ЖАГСААЛТ
2025-11-03 07:00:00
Т.БАРХҮҮ: Уран бүтээлчийн бүхнээ зориулж, өөрт байгаа нөөц боломж, авьяас билгээ тултал дайчилдаг газар бол тайз
2025-11-03 07:00:00
Б.БЭЛГҮТЭЙ: АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН НААДАМД ШАГАЙН БЭРТЭЛТЭЙ ОРОЛЦСОН Ч ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2025-11-03 07:00:00
Т.УРТНАСАН: Гадаадын тамирчдын бичлэг үзээд л гар дээр суниалтын спортыг сонирхож эхэлсэн
2025-11-03 07:00:00
Дэлхийн аваргад Г.Монголжин V байр, Б.Наранхишиг VII байрт орлоо
2025-11-02 14:32:34
Г.Анужин, Э.Булган нар техник спортын ДАШТ-д улсын дээд амжилтыг тогтоов
2025-11-02 14:16:31
Жюү жицү-гийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга эхэллээ
2025-11-02 12:20:05
МҮБХ, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтарч ажиллана
2025-11-02 10:39:50
“Хасын Хүлгүүд” баг, Тайванийн аварга “New Taipei Kings” багийг 90:76-аар хожлоо
2025-11-02 10:32:26
Л.Болд жюү жицү-гийн мастерсын дэлхийн аварга боллоо
2025-11-02 10:19:27
Т.Нэмэхбаяр жюү жицү-гийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2025-11-02 10:12:38
М.Мөнхтулга жюү жицү-гийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
2025-11-02 10:06:36
Б.Бат-Эрдэнэ жюү жицү-гийн дэлхийн аваргаас мөнгөн медаль авлаа
2025-11-02 10:00:01
Б.Энхтүвшин жюү жицү-гийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2025-11-02 09:54:57
Г.Аварзэд жюү жицү-гийн дэлхийн аваргаас хос медаль хүртлээ
2025-11-02 09:43:37
2025-11-02 09:24:31
АРДЫН ЭМЧ О.СЭРГЭЛЭН: МЭС ЗАСЛЫН ӨРӨӨНД БИДЭНТЭЙ ХАМТ 33 ЦАГ ТЭМЦЭЖ, ЭЛГЭЭ СОЛИУЛСАН ХҮН МААНЬ ЭРҮҮЛ ЭНХ АМЬДАРЧ БАЙГАА НЬ БИДНИЙ ШАГНАЛ ЮМ ДАА
2025-11-02 08:03:00
"ХАЧИН ХҮН"-ИЙ ХАРЦАГА, "НАНДИН-ЭРДЭНЭ" КИНОНЫ ЦОГОО ГЭЭД Л.ЖАНЧИВДОРЖИЙН БҮТЭЭСЭН МАРТАГДАШГҮЙ ДҮРҮҮД
2025-11-02 08:02:05
МАН-ЫН “ХАМГААЛАЛТЫН 30”, “ДОВТОЛГООНЫ 38” БҮЛЭГЛЭЛИЙН АЛЬ НЬ ХҮЧТЭЙ ВЭ
2025-11-02 07:00:00
ЗАСГИЙН ГАЗАР ЦАЛИНГАА НЭМЖ ЧАДАХГҮЙ ЧАРДАЙЖ БАЙХАД ЗАСАГ ДАРГА НАР 900 САЯАР ЖИЙП АВААД ТАНСАГЛАЖ БАЙНА
2025-11-02 07:00:00
Ц.НАНДИН-ЭРДЭНЭ: ХҮМҮҮС НАМАЙГ ТАНИАД “АМИНА, САЙН ЖҮЖИГЛЭСЭН ШҮҮ” ГЭЖ МАГТАЖ, ХҮНДЭТГЭХ НЬ САЙХАН БАЙГАА
2025-11-02 07:00:00
Б.ХОНГОРЗУЛ: ХОРВОО ЕРТӨНЦТЭЙ ДӨНГӨЖ ТАНИЛЦАХ 16-ХАН НАСАНДАА ОЛОН ХЭЦҮҮ ЗҮЙЛ ТУУЛЖ БАЙГАА АМИНАГАА ӨРӨВДӨЖ, ХАЙРЛАЖ ДҮРЭЭ БҮТЭЭСЭН
2025-11-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |