• Өнөөдөр 2025-11-04

Ж.Нямсүрэн: Иогийн дасгалаар сэтгэлээ ажиж, чадвараа хөгжүүлэх нь чухал

2025-11-04,   106

Орчин үеийн  хотжилтын хөгжил дэвшлийн сөрөг тал нь суугаа ажлаас шалтгаалсан хөдөлгөөний дутагдал, илчлэг өндөртэй хоол, унд болжээ.  Бид хөдөлгөөний дутагдлаа нөхөж, биедээ хуримтлагдсан илүүдэл хороо гадагшлуулж, өөртөө үнэнч тууштай хандаж, бие сэтгэлээ цэвэрлэж чаддаггүй. Иогийг өдөр бүр хийснээр хүний бие махбод тухайн өдрийнхөө эрч хүчээр сэлбэгдэж, дархлаа нэмэгдэж, ажлын бүтээмж сайжран, амьдрах урам зоригоор дүүрдэг байна.  Булчин шөрмөст тохирсон ачаалал, сунгалт, мушгиралтаа авч, биеэс хор гадагшилж цэвэрлэгддэг аж. Иог хийснээр хөдөлгөөний дутагдал, зүрх судасны өвчлөл, таргалалтад өртөхгүй байх боломжтой аж. Иогийн гайхамшигт урлагийн талаар Олон улсад багшлах эрхтэй, иогийн багш бэлтгэх “Намастэ” иогийн төвийг  үүсгэн байгуулагч Ж. Нямсүрэн багштай ярилцлаа.

-Та өөрийгөө танилцуулахгүй юу. Иогоор хичээллээд удаж байгаа юу?
       -Намайг Ж.Нямсүрэн гэдэг. Би “Намастэ” иогийн олон улсын сургуулийг, төрсөн дүү Ж.Даваажаргал багшийн хамт байгуулсан. Бид одоогоос 20 жилийн  өмнө АНУ-д оюутан байхдаа,  иогийн  сургалтад явдаг байсан.

 Оюутны хичээл хүнд учраас бид ядаргаагаа багасгаж, арилгах, сурлагаа сайжруулах зорилгоор иогоор хичээллэсэн. Даваа багш Америк явахаас өмнө иогоор хичээллэж байгаагүй. Харин би Монголд байхдаа Шри шригийн Ц.Саран багшаар иог, бясалгал заалгаж байсан. Түүний дараа АНУ-д оюутан болж очоод үргэлжлүүлэн иогоор хичээллэсэн.

-Иогийн олон төрөл байдаг. Танайх ямар төрлийн иог нь вэ?
      -Иогийг ямар арга барилаар яаж зааж байгаа нь чухал. Барууны арга барилаар зааж байна уу, уламжлалт арга уу гэдгээрээ ялгаатай. Монголын иогийн  сургалтын 90 хувь нь Энэтхэгийн уламжлалт аргаар явж байна. Бид хувь тохиолоор Америкт, барууны арга барилаар иог сурсан. Хүмүүст заахдаа орчин үеийн хүний биед тохирсон, шинжлэх ухаанд үндэслэсэн барууны аргаар иог заадаг.

     Гэхдээ барууны аргаар заагаад уламжлалт Энэтхэгийн иогийн аргыг орхигдуулдаг гэсэн үг биш. Даваа багш маань Өмнөд Энэтхэгт уламжлалт аштанга, виняаса иогоор суралцсан. Бид гүнзгий түвшний сургалтад Энэтхэгийн уламжлалт иогийг барууны аргатай хослуулан заадаг. Барууныхан иог руу гүнзгий орохгүйгээр бие, сэтгэлээ тайвшруулах, амар, амгалангаа олох, стресс, ядаргаагаа тайлах зорилгоор иог хийж, өдөр тутмын амьдралын хэв маяг болгосон байдаг.

-Иог, бясалгал хоорондоо юугаар ялгаатай вэ?
      -Иог, бясалгал нь нэг зүйл  юм. Иог хийж байгаа хүн бясалгал хийхгүй байж болохгүй. Бясалгал хийдэг хүн иогийн дасгал хийх ёстой. Бие, сэтгэл, амьсгалын нэгдэлийг иог гэх ойлголт бий. Анхаарал төвлөрөхгүй, стресстээд байгаа  хүн, бясалгал хийгээд  сууна гэдэг хэцүү.

Орчин үед техник дэвшил хурдтай хөгжиж байна.  Цаг үеийн хөгжлийн хурдыг дагаад яаруу давчуу амьдралын хэмнэлтэй хүн  олширсон.  Ихэнх иогчид  биеийнхээ гарт баригдаж, нүдэнд үзэгдэхүйц, булчин, гар, хөл, шөрмөсийг хөгжүүлэх дасгалуудыг хийж, бясалгаж байна. Ер нь шууд бясалгалын арга хэрэглэх нь  ч байдаг. Бясалгал нь оюун санааны дасгал болдог. Гэхдээ буруу, зөв хийж байна уу, сайн төвлөрч чадаж байна уу, үгүй юу. Сэтгэл догдлоод шунал төрж, уур чинь хүрээд байна  уу. Юунаас болоод сэтгэл тань савлаад  байгаа вэ гэдгийг нарийн сайн ялгаж сурах хэрэгтэй.

-Монголд танай иогийн хэдэн салбар байгаа вэ?
        -Манайхо одоогоор гурван салбар байна. Энэ гурван салбар 400-500  виняаса иогийн багшийг бэлтгэн гаргасан. Даваа багш  Америкаас сургуулиа төгсөж Монголдоо ирээд иогийнхоо замаар тасралтгүй замнаж яваа. Харин би АНУ-аас ирээд багагүй хугацаанд гаднын төсөл дээр оффисын ажил хийсэн. Түүний дараагаас зав чөлөө гарсан үед иогоор хичээллэж байгаад багшийн ажилд шилжсэн. Манай үндсэн багш нар америкчууд байгаа. Тэд дэлхийн хэмжээний алдартай энэтхэг багшийн  шавь нар. Иогийг багшаас шавьд уламжлан сургадаг гэх ойлголт бий.

   Тэгэхээр бид иогийг их ойрхноос сурснаа их аз завшаан гэж боддог. Үүнээс гадна “Намастэ” маань Монголын иогийн багш нарт зориулсан  сургалт явуулж, багшлах эрх олгодог олон улсын “RYS 200”, “RYS 300” зэрэглэлийн анхны сургууль юм. Эдгээр сургалтдаа бясалгал болон иогийг  заавал цогцоор нь заадаг. Төгсөж байгаа багшдаа  иог хийх, иог заах нөхцөлийг бүрдүүлж өгдөг.

-Танай иогийг  нүдээр хараагүй болохоор надад төсөөлөгдөх зүйл алга. Бясалгал хийгээд суудаг юм уу, тамирчид шиг гүйж, харайж, дасгал, хөдөлгөөн хийдэг үү?
      -Бидний мэдэх  “Ганжуур”, “Данжуур” гэдэг их хөлгөн судар байдаг шүү дээ. Түүнтэй адилхан иогийн “Патанжали” судар гэж бий. Тэр сударт иогийг хийх бүх аргыг, алхам алхмаар нь зааж өгсөн байдаг. Сударт зааснаар “Сэтгэл зүй, биед ямар зүйл тохиолдох вэ. Тэдгээрийг хэрхэн даван туулах вэ” гэдгийг  дөрвөн бүлэгт тодорхой бичсэн нь бий.

Бид тэр судрын дагуу яваа. Судар дээр юу гэж бичсэн байдаг вэ гэхээр иогийг найман алхмаар хийж цогц болно гэжээ. Иог хүнийг амар амгалан болгох арга юм. Таны сэтгэлийн мөн чанар угаасаа амар амгалан. Тэр дотоод амар амгалан байдлаа иогоор дамжуулан таньж мэдэх л зорилготой. Гүйж, харайдаг юм уу гэвэл тийм. Булчинг тухайлсан газруудад нь ажиллуулна. Булчингаа ажиллаж байгаа, үгүйг өөрийн анхаарлаар хянаж, удирдан авч явахын тулд төвлөрнө.

      Энэ үед биеийн түгжигдмэл хаалттай, унтаа хэсгүүд сэрэхээр амьсгалын урсгал чөлөөтэй болдог. Уушгиар энергийн сувгаар амьсгал, амин эрчим чөлөөтэй гүйнэ. Тэр урсгал дунд хүн биеэ хөдөлгөж, амьсгалаа удирдаж, төвлөрөх үед хүсэл шунал, уур, мунхагаа харах боломж бүрддэг. Мөн бясалгал хийгээд, хөдөлгөөнгүй суух чадвар тухайн хүнд бий болдог.

Бясалгал хийхээс өмнө далд ухамсар, сэтгэлийн гүнд байгаа зүйлийг төдийлөн  олж хараад, мэдрэх нь  ярвигтай. Иогийг өдөр бүхэн, амьдралын хэв маяг болгож өөрийнхөө сэтгэлийг  зөв засаж, аз жаргалтай байгаагаа байнга өөртөө сануулах ёстой. Сэтгэл хангалуун байхын тулд тогтмол “шүдээ угаадаг шиг”  иог хийх хэрэгтэй. Гэхдээ иогийн хажуугаар  хүн өөрийн эзэмшсэн мэргэжлийн ажил, төрлөө хийгээд амьдарч явах нь зүйн хэрэг. Тогтмол иог хийдэг хүн өөрийн ажил, мэргэжилд жирийн хүнээс илүү амжилт гаргах, нөөц боломж нь нээгдэнэ.

-Өдөрт тогтмол хэдэн цагийг иогт зориулах ёстой вэ?
     -Иогийн дасгалаар дамжуулан өөрийн сэтгэлээ ажиж, чадвараа хөгжүүлэх нь чухал. Тэр ямар гоё өнгөтэй юм бэ. Энэ яасан сайхан үнэр, амттай юм бэ гэдэг гадагшаа чиглээд байгаа анхаарлыг  дотогшоо сэтгэл рүүгээ  чиглүүлэх нь чухал. Тийм болохоор дасгалын үргэлжлэх хугацаа гэхээсээ илүү сэргэг, соргог дасгалаа баригдмал хүлээсгүй хийх нь чухал. Байнга өөрийн төвдөө орших тэр дадлыг суулгах хэрэгтэй.

    Гэрийн нөхцөлд өөртөө, иогт цаг гаргаж зориулах нь том төлөвшил. Иогийн дасгалаа 30-45 минут хийгээд дараа нь амьсгалын дасгалыг таван минут хийгээд 30 минут бясалгал хийвэл  зүгээр. Зөв сууж сурах нь чухал. Нүдээ аниад, өөрийн биеийн, эд эрхтэндээ  ажиглалт  хийх хэрэгтэй. Гэхдээ судар номыг судлахгүйгээр иогийг хийх нь жолооч биш хүн машин  барьж буйтай ижил. Бүдүүн тоймоор иогийг хийх нь бичиг үсэг мэдэхгүй байж ном унших гэж оролдохтой адил.

-Багшгүйгээр иог хийх нь иртэй хутгаар өөрийг зүсэхтэй ижил гэх юм билээ?
     -Энэ хоёр талтай үг. Зарим хүн бие даан иог хийж  өөртэйгээ  сайн ажилласан байдаг. Өөрийгөө таньж, өөрийгөө олж чадсан хүн иогоор хичээллэх боломжийг нээсэн гэсэн үг.  Ямар ч сайн сургалтад явсан хүн эцсийн бүлэгт өөртэйгээ ажиллаж сурна. Багшгүйгээр өөртөө дадал суулгаж байгаа хүмүүсийг  мундаг гэж боддог. Гэхдээ нөгөө талаар энэ нь цаг алддаг.  Дөчин жил багшгүйгээр иог, бясалгал  хийсэн хүнтэй таарч байсан. Багшаар заалгаж, системтэй яваагүйгээс цаг алдсан зүйл нэлээд байсан. Ер нь бие даан иог сонирхогчид нэг сарын багшийн курст сураад, хурдтай хөгжиж, огцом өсөх нь бий. Тиймээс багшаар заалгах нь зүйтэй. Системтэй сурсан хүн бие дааж иог хийх боломжтой.

-Монголд хатха, нисдэг, агаарын, нүүрний гээд олон төрлийн иог байна. Эдгээрээс танай иог юугаараа ялгарах вэ?
      -Орчин үед зураг зурах хүртэл иог болчихсон. Манайх бусад иогуудаас заах аргаараа  ялгарна. Хүний анхаарал, сэтгэлийг дотогш нь хандуулах  төвлөрүүлэх, тайвшруулах,  амьсгалын дасгалаараа ялгагдах зүйлгүй ижил.  Бид иогийн амьсгалын дасгал, төвлөрөл гээд найман зүйлийг нэг цагийн хичээлд дээр багтааж хийлгэдэг аргаараа онцлогтой. Бид агаарын иог шиг зөвхөн нэг төрлийг сонгож авдаггүй.

    Манайх нэг цагт гурван төрлийн иогийг хольж  хийлгэдэг. Үүнд эмчилгээний иог, хөдөлгөөнт бясалгал, төвлөрлийн  аштанга, виняасагаар орно. Мөн ёс зүйтэй байх, өөр рүүгээ дотогшоо анирлах дадлуудыг суулгадаг.  Энэ аргыг  америк гаралтай, дэлхийд алдартай багш нар 1980 оны сүүлээр боловсруулсан. АНУ-ын “Нью- Йорк таймс“ сонинд багшийн талаар том нийтлэл гарсан байсан. Түүнд “Орчин үеийн хүний амьдралын хэв маягт иогийн ач тусыг хэрхэн зөв хүргэх. Хүнд аль болох эвтэйхэн, хурдан, ухаалаг аргаар хэрэглэх вэ гэдэг дээр технологийн дэвшилттэй адилтгам өөрчлөлтийг хийж чадсан хүн гэж онцолсон” байсан. 

     Иогийг уламжлалт ганц аргаар сурах, хийх ёсгүй. Цаг үе өөр болж байна. Хүний иддэг хоол, бие махбодийн насжилт өөр болж хувирсан. Техник технологийн дэвшил  өдрөөс өдөрт хөгжиж байгаа өнөө үед, цаг үеэ мэдэрч түүнд нийцүүлэн  дотоод сэтгэхүй, мэдрэмжээ хурдтайгаар хөгжүүлэх нь чухал. Хаана ухаалаг, зөв тохирсон, аюулгүй арга байгааг бодитоор судалж мэдэх хэрэгтэй.

 


Ж.Нямсүрэн: Иогийн дасгалаар сэтгэлээ ажиж, чадвараа хөгжүүлэх нь чухал
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188