Жүжигчин, нэвтрүүлэгч, хөтлөгч Б.Батзаяа эдгээр өдрүүдэд Юань гүрэн болон Их наран улсын 13 дугаар зууны үед “оччихсон” Такахара овгийн эзэн Лорд Кентагийн дүрд хувирч байна. Үргэлж л дэлгэцээс хардаг түүнийг тайзнаас, тэгээд бүр Япон хүний дүрээр харна гэдэг сонирхолтой байгаа биз.
.jpg)
Тэрбээр “Гайжин: Монгол самурай” жүжиг маргаашнаас Улаанбаатар театрын тайзнаа 19:30 цагаас долоон удаа тоглоход бэлэн болсон байна. Өнгөрсөн зургадугаар сард олон улсын 5000 гаруй зочид Монголд ирэхэд хоёр удаа тоглосон. Одоо харин нийт үзэгчдэдээ хүргэх гэж байна. Миний хувьд тус жүжгийн Такахара овгийн тэргүүлэгч Лорд Кентагийн дүрд ажиллаж байна. Кента бол Шогун Нобуяасугийн баруун гар, итгэлт нөхөр. Мэдээж хэрэг Б.Батзаяа гэдэг хувь хүн, Лорд Кентатай нас, цаг үеийн байдал, нийгмийн гарал угсаа гээд ялгаатай зүйл их байна. Энэ ч үүднээс тус түүхтэй холбоотой кино үзэх, Японы ёс жаяг, соёлын талаар судлах шаардлагатай болсон. Тухайлбал, Япончуудын биеийн хэлэмж, үйлдэл, алхаа гишгээ, хувцас эдлэлээ өмсөж, хэрэглэх, илд сэлэмтэйгээ харилцаж байгаа байдал, тулаан гээд бүх зүйлийг нарийн мэдэж байж дүрдээ ажилласан” гэснээр бидний яриа эхэлсэн юм.
-“Гайжин: Монгол самурай” жүжгийн Лорд Кентагийн дүрд тоглох саналыг анх танд хэрхэн тавьсан бэ. Тайзны анхны бүтээл үү?
-Энэхүү жүжгийн продюсер, зохиолч Г.Мөнхбаяр бид найзууд. “Хайр-2” кинонд найз маань продюсерээр ажиллаад, би туслах дүрд тоглосон. Тэр үеэс уран бүтээлийн хамтрал эхэлсэн. Түүнээс хойш өнгөрсөн оны арванхоёрдугаар сард “Ийм нэг жүжиг хийх гэж байгаа шүү” гэдгээ цухас дурдаад, хавар гуравдугаар сард жүжгийн дүрд ажиллах санал тавьсан. Мэдээж олон жил театрын тайзнаа жүжигчнээр гараагүй болохоор багахан эмээж байлаа. Гэхдээ би өөрөө түүхэн, туульсын уран бүтээлд дуртай учир найзынхаа саналыг талархалтайгаар хүлээн авсан. Тайзны анхны бүтээлийн тухайд би Кино урлагийн дээд сургуулийг кино драмын жүжигчин мэргэжлээр төгссөн. Төгсөх курсдээ Софоклийн “Эдип хаан” жүжгийн Эдипийн дүрээр дипломоо хамгаалж байлаа. Тэгээд оюутан байхаасаа л телевизийн салбарт ажиллаж байсан болохоор сургуулиа төгсөөд, телевизийн арын алба, кино дуу оруулалт, тайзны найруулга, хөтлөлт гээд ажилласнаар үндсэндээ телевиз, киноны салбарт 20 жил болж байна. Тэгэхээр их сургуулиа төгссөнөөс хойш тоглож буй тайзны анхны бүтээл гэдгээрээ миний хувьд их олзуурхууштай, сайхан байгаа. Үүнтэй зэрэгцэн эзэмшсэн мэргэжлийнхээ ид шидийг үзэх, энэ олон жилийн хугацаанд кино, дэлгэцийн урлагт ажилласан ч гэсэн театрын тайзнаа гарах хүсэл мөрөөдлөө биелүүлж, мэргэжлийн ур чадвараа үзэгчдэд илүү нээн харуулах боломж гарч ирсэнд баяртай байгаа. Тэгэхгүй бол намайг хүмүүс телевизийн хүн, сэтгүүлч мөртлөө кино руу орлоо гэж ойлгох тал бий юм билээ. Иймд тийм биш шүү, би мэргэжлийн жүжигчин, тэр дундаа мэргэжлийн жүжигчнийг шалгадаг тайзнаа ч гарах боломжтой уран бүтээлч шүү гэдгээ харуулахыг зорьсон.
Мэдээж хүмүүс хэрхэн хүлээж авах бол гэх бодол эргэлдэж л байна. Гэхдээ мэргэжлээр нь төгссөн уран бүтээлчийн хувьд дүрдээ зоригтойхон ажиллаж байна.
.jpg)
-Тийм ээ. Үзэгчид таныг анх удаа тайзнаас үзэх гэж буй учир хүлээлттэй байгаа байх?
-Хүмүүсийн хэлэх сэтгэгдэл ямар ч байдлаар ирсэн миний хувьд хүлээн авахад бэлэн байгаа. Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин П.Цэрэндагва багш маань “Зэмлэл, магтаал хоёрыг зэрэг дааж яваарай” гэх үг бий. Кино уран бүтээл дээр намайг ихэнхдээ дурлалт залуу, прокурор, цагдаа гэхчлэн эерэг дүрээр хардаг байсан бол сүүлийн хоёр гурван жилийн хугацаанд киноноосоо түр завсарлага аваад, тайзны хөтлөлт түлхүү хийлээ. Энэ үед минь “Надад ирээгүй хайр” киноны Заанаагийн дүрийн санал ирсэн. Дараагийнх нь “Гайжин: Монгол самурай” жүжгийн Лорд Кента. Нэг ёсондоо эдгээр дүрээр би Б.Батзаяаг өөрөөр харуулах боломж олдсон. Эхнээсээ найзууддаа, ангийнхандаа жүжгийн урилга илгээхэд, “Чамайг тайзан дээрээс харна гэдэгт үнэхээр хүлээлттэй байна” гэсэн.
Аргагүй л дээ, 20 жил тайзан дээр гараагүй. Гэхдээ туршлагатай найруулагч, хөдөлгөөний, тулааны найруулагч, хамтран тоглож байгаа олон сайхан уран бүтээлчид байгаа учир би тэдэндээ итгэж байгаа. Тийм ч болохоор өөрийгөө арай өөрөөс харуулж чадах болов уу гэсэн хүлээлт өөрт ч байна.
-Магадгүй тайзны энэ дүрийг нь үзсэн нэг найруулагч танд дараагийн тайзны уран бүтээлийн санал тавихыг үгүйсгэхгүй юм. Тэгвэл та саналыг нь хэрхэн хүлээж авах вэ, дахин жүжигт тоглох уу?
-Миний үндсэн ажил телевизийн ажил. Хоёр дахь нь тайзны арга хэмжээ, хөтлөлт. Тайзны уран бүтээл уран бүтээлчээс асар их эрч хүч, бэлтгэл, цаг хугацаа шаарддаг учир тухайн үеийн цаг байдлыг харах байх. Үнэхээр зохиол, дүр, ажиллаж байгаа багийн хувьд таалагдаад, бүх зүйлийн тохироо бүрдвэл надад татгалзах зүйл байхгүй. Гэхдээ телевиз, хэвлэл мэдээллийн салбарын ажил цаг наргүй байдаг шүү дээ. Кино уран бүтээлд тоглоход хүртэл би телевизээсээ чөлөө авдаг. Тэгэхээр тийм цаг нар олдох нь уу гэдэгт л байгаа юм.

-Жүжигт бэлдэж байгаа энэ цаг хугацаагаа та юутай зүйрлэх вэ. Огт өөр ертөнц, орчин байгаа шүү дээ?
-Мэдээж өөр ертөнц. Япон ардын эртний түүхэн ертөнцөөр амьсгалсан өдрүүд өнгөрч байна. Үүнийгээ дагаад амьдралын хэв маяг ч ондоо болсон. Жүжгийн бэлтгэл шөнийн 01:00, 02:00 цаг гэж тарж байна. Өглөө 07:00 юм уу 09:00 цагт дуудлага зарлаж байна. Тэр хооронд өөрийгөө бэлдэнэ, хоол, ундаа тохируулна. Хоолойгоо өвтгөж болохгүй. Ар гэрийн бүх асуудлаа хойш тавьна. Ерөөсөө бүх эд, эс, оюун бодлоо жүжигтээ зориулж байж дүрээ гаргана. Намайг хүлээгээд энд олон хүн ажиллаж байна. Энэ хүмүүсийн итгэлийг алдаж болохгүй учир өөрийгөө дайчилж байна. Тэгэхээр энэ оны наймдугаар сард анх ширээний уншлага хийснээс хойш өнөөдөр хүртэл цоо шинэ амьдралын хэв маягтай боллоо.
Жүжиг тоглож дууссаны дараа эргээд хэвийн амьдралдаа ороход жаахан дасаж өгөхгүй байна байх. Үргэлжлүүлээд шинэ жилийн ажлууд эхэлж байгаа. “SBN” телевизийн маань “Happy31” баярын хөтөлбөр эхэлчихсэн, жүжгээ дуусаад, тийшээ орно.
-Тоглохыг хүсдэг жүжгийн дүр байдаг уу?
-Түүхэн сэдэвтэй уран бүтээлд дуртай гэж хэлсэн шүү дээ. Энэ ч утгаар түүхэн жүжигт тоглохыг хүсдэг. Эртний Монголын түүх, Дорно дахин, Грек, Ром, Маяачууд гэхчлэн бидний сайн мэдэхгүй, үлгэр домгоос л уншдаг байсан тийм сэдвийн жүжиг байвал тоглох их сонирхолтой. Үүнд багаасаа үлгэрийн ном уншиж өссөн минь мөн нөлөөлдөг. Тэгэхээр үлгэр, домог, үүх түүхийн сэдэв надтай ойр юм шиг мөртлөө ажиллахад ч амттай байдаг учир их дуртай. Тийм жүжиг үзэгчдэд ч их сонирхолтой байх болов уу.

-Та яриандаа “Надад ирээгүй хайр” киноны Заанаагийн дүрээ цухас дурдлаа. Үнэхээр ч таны бидэнд хоногшуулсан эерэг, зөв дүрээс огт ондоо дүр байна лээ. Үзэгчдийн сэтгэгдэл одоо ч хөвөрсөөр байна?
-Тийм ээ. Би Заанаагийн дүрээс өмнө үнэндээ би киноноос түр завсарлага авчихсан байсан. Учир нь өөрийгөө өөрөөр эрж байсан юм. Тэгж байтал Заанаагийн дүрийн санал ирсэн. Заанаа эсрэг дүр мөртлөө их эргэлттэй. Үзэгчид “Бүжин ашгүй гэр бүлээ сайхан авч явах сайхан ханьтай боллоо” гэж миний дүрийг эхлээд эерэгээр хүлээж авч байтал бүх зүйл эргэж, Бүжинг бүр шоронд ороход хүргэчихсэн. Үндсэндээ баярлаж, хайрлаж хүлээж авч байтал эцэстээ үзэн ядах сэтгэл төрүүлэхээр үзэгчид өнөө л “Зөрлөг”-ийн Манлай, “Дэлхийд дурласан сар”-ын Энхээ гэдгээрээ харахаа больж байгаа юм. Тэгэхээр уран бүтээлчийн хувьд өөрийгөө өөр өнцгөөс харуулах гэж зорьсон эрлийн үеийн минь эхлэл болсон дүр бол яах аргагүй Заанаа. Дараагийнх нь “Гайжин” жүжгийн Лорд Кента болж байна. Миний хувьд кино уран бүтээлд орж байсан эхний арван жил, дараагийн арван жил гээд үе үеэрээ өөр байлгая гэж уран бүтээлчийнхээ хувьд боддог юм.
-Одоо дэлгэцийн бүтээлд давхар ажиллаж байна уу. Эсвэл арай амжихгүй байгаа юу?
-Уран бүтээлийн санал орж ирсэн. Гэхдээ шинэ жилийн нэвтрүүлэг, хөтлөлтийн ажил байгаа учир нэг олон ангит киноны саналаас татгалзсан байна. Нэг кино хийгдсэн байгаа, хэзээ дэлгэцэд гарах нь мэдэгдээгүй байна. Мөн өөрийгөө өөр байдлаар харуулахыг зорьсон бүтээл байгаа.

-Зарим уран бүтээлч эсрэг дүр хэцүү гэдэг. Эерэг дүр бэрх гэх нь бий. Таны хувьд аль нь хэцүү вэ. Таны тоглосон дүрүүдээс ажиллахад хүнд байсан нь аль нь байв?
-“Зөрлөг” киноны Манлайгийн дүрд тоглоход анхных учир хэцүү байсан. Яагаад гэхээр өмнө нь огт кино уран бүтээлийн багтай ажиллаж үзээгүй, телевизэд гурван жил кинонд дуу оруулж, телевизэд хөтлөгчөөр ажиллаж байгаад анхны киноны санал авсан юм. Энэ ч үүднээс их хариуцлага, их айдастай байлаа. Тухайн үед киноны дүрийн сонгон шалгаруулалтад орж тэнцээд, киноныхоо зураг авалтад Зүүнхараа руу 25 руу явах болоод, телевизээсээ чөлөө авсан. Хамт олон маань ч найрсгаар дэмжсэн. Тэгэхэд их хэцүү байсан. Азаар харин сайн найруулагч ах нар, найзууд байсан учир ард нь гарсан гэж боддог. Түүнээс хойш бага багаар кино ертөнцтэй танилцаад, ингэж бүтдэг юм байна гэдгийг мэдрээд, явцын дунд суралцсан. Жүжигчин тэгээд бүтээлээс бүтээлийн хооронд хөгжиж, өөрийгөө сайжруулдаг байдаг. Мэдээж кино зураг авалтын үеэр чихээ хөлдөөх, хацраа хайруулах гэхчлэн бэрхшээл бий. Гэхдээ түүнээс ч илүү дүрээ ойлгохгүй, эсвэл тухайн киноны зохиол жүжигчний сэтгэл зүйд хүндээр нөлөөлөх нөхцөлд ороод түүнээсээ гарч чадахгүй байх гэхчлэн уран бүтээлчдэд тулгардаг. Миний хувьд харьцангуй гайгүй байна. 2010 онд бүтээгдсэн “Сонголт” олон ангит кинонд эсрэг талын дүр болох захирлын дүрд тоглосон. Дүүгээ бизнесийн хамтрагчдаа өгчихдөг. Тухайн үед тэр дүрээрээ мөн “адлагдаж” байсан. Нэг талаараа дүр үзэгчдэд хүрч байгаа нь сайхан ч нөгөө талаар бодууштай. Сая Заанаагийн дүрд тоглоход хүртэл хүмүүс фэсбүүк, инстаграммын чаатаар янз бүрийн л юм бичиж орж ирж байна. Энд тэнд явахад эвгүй харцтай ч тулгарна.

-Уран бүтээлчийнхээ хувьд ямар зарчим барьдаг вэ?
-Судалгаа хамгийн чухал. Харьцангуй одоо бол эх сурвалж ихтэй байна. Тухайлбал, Ази хүний биеийн хэлэмж, сэтгэлийн илэрхийлэл, характерууд Европынхноос, Латин Америкаас ондоо. Тэр ч үүднээс тухайн дүрд хувирахын тулд тэр хүний биеийн хэлэмж, илэрхийллийг хэвшүүлэх л чухал. Үгүй ядаж, тодорхой хэмжээний деталь зүйлийг өөртөө суулгах. Жишээ нь байнгын хийдэг нэг зуршлаас нь их ариун цэвэрч хүн байна гэдгийг илэрхийлэх ч юм уу. Эсвэл байнгын дасгал сургуулилалт хийдэг бол их уян хатан хүн байна гэдэг ч юм уу таньж, мэдэж болохоор тоглох хэрэгтэй юм билээ.
-Танд ирж байгаа уран бүтээлийн саналыг ямар цензурээр, хэрхэн хардаг вэ?
-Миний хувьд туслах дүрийн саналаас татгалзаж байгаа. Хоёрдугаарт, цаг нь тулсан дуудлагад татгалзаж байна. Тухайлбал, ирэх долоо хоногт зураг авалттай, эсвэл “Маргааш та нэг зурагт ороод өгөөч” гэх саналд татгалздаг. Энэ нь өнөө л судалгаатай холбоотой асуудал. Би дүрээ мэдэх ёстой, зохиолоо уншина, судална. Би энэ дүрд тохирох уу, үгүй юу гэдгээ мэднэ, тэгээд мөн тухайн уран бүтээлд цаг заваа тааруулна шүү дээ. Ийм цаг хугацааны асуудал л байгаа. Түүнээс жүжигчин дүрийг голох ёсгүй шүү дээ. Ямар ч дүрд ажиллах л ёстой. Хамгийн гол нь тухайн дүрд ажиллаж байгаа жүжигчнийг дүрдээ ажиллах цаг заваа зарцуулах боломжийг нь олгох хэрэгтэй.
-Бүтээсэн дүрүүдээс нь таны зан чанартай төстэй дүр аль нь вэ?
-Найруулагчид миний хувь хүний зан байдалд тохируулж дүрээ сонгодог байх. “Зөрлөг” киноны Манлай бол надтай төстэй. Учир нь тухайн дүр бол тэвчээртэй, бусдыг гомдоочих вий гэхдээ туслах гэж эргэж асуудалдаа ордог, ороогддог, гэнэн, итгэмтгий зантай. Үүгээрээ надтай адилхан.

-Таны хувьд тайз, дэлгэц, телевизийн салбар гээд юм бүхэнд өөрийгөө сорих дуртай уран бүтээлч шиг санагддаг. Энэ магадгүй таны өөрийгөө олон талаар нээх хүсэлтэй холбоотой байх?
-Энэ бүхэн миний бага насны хүсэл мөрөөдөлтэй холбоотой болов уу гэж бодож байна. Багаасаа телевизээр нэвтрүүлэг, кино үздэг, хөтлөгч, сэтгүүлчдийг нь даган дуурайдаг, үлгэрийн ном их уншдаг, олон сонин содон ертөнцөд ордог, тэр хэрээр тэр бүх дүрүүдэд орж үзэхийг хүсдэг байлаа. Тэгээд энэ бүхнийгээ биелүүлэх хамгийн боломжит хувилбар бол жүжигчин гэдгийг олж мэдэж, арван жилээ төгсөхдөө мэргэжлээ сонгосон. Тэгэхээр хүүхэд байхаасаа л мөрөөдсөн бүхнээ биелүүлж яваа минь энэ л дээ. Өөрийнхөө чадах бүх зүйлд өөрийгөө сориод яваад байсан чинь эргээд харсан чинь бүгдийг хийдэг болчихсон байна. Энэ бүхнийг чаддаг болсондоо баяртай байдаг.
-Кино найруулах бодол байдаг уу?
-“360 градус” хошин мэдээллийн продакшны талаар асуухгүй өнгөрч болохгүй байх. Үүгээр хоёулаа яриагаа өндөрлөе.
-Оюутан байхдаа “360 градус” хошин мэдээллийн хөтөлбөрт сэтгүүлч, маркетингийн менежер, жүжигчнээр ажилладаг байсан. Тухайн цаг үеийнхээ нийгмийн асуудлыг хошин байдлаар илэрхийлдэг тийм мэдээллийн хөтөлбөр. Тухайлбал, тэр үеийн Засгийн газар, УИХ-ын гишүүдийн ширээн дээр ТВ долоо хоног гээд сонин байдаг байхад, “360 градус” мэдээллийн хөтөлбөрийг тодруулж зураад үздэг байсан. Тэгээд хэвлэлийн төлөөлөгч нь ирж уулзаад, “Танайх хэний захиалгатай, ямар хүн ард чинь байгаа юм” гэж хардаж орж ирдэг байсан. Үзэгчид ч их үздэг байлаа. Одоо тэр продакшнд маань ажиллаж байсан залуус салбар салбарт амжилттай явж байна даа. Эргээд харахад их сайхан цаг хугацаа өнгөрсөн байна.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
| Б.БАТЗАЯА: ӨӨРИЙГӨӨ ӨӨРӨӨР ХАРУУЛАХ ЭРЛИЙН МИНЬ ЭХЛЭЛ "НАДАД ИРЭЭГҮЙ ХАЙР" КИНОНЫ ЗААНАА, "ГАЙЖИН" ЖҮЖГИЙН ЛОРД КЕНТАГИЙН ДҮР |
|
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |