• Өнөөдөр 2024-04-20

ДЭЛХИЙН ШИЛДЭГ НИЙТЛЭЛ: Паттерсоны цуглуулга

2021-04-13,   659

          Латин Америкийн түүх соёлын олдворуудыг АНУ, Европ руу хууль бусаар хил дамнуулан наймаалж, асар их орлого олсон олон этгээдүүдийг илрүүлсэн ч тэднээс цөөн нь шалгагдаж, бусад нь ямар нэгэн байдлаар хуулийн цоорхойг ашиглан хууль шүүхээс зайлсхийсэн аж. Уг хэргийн мөрөөр таван орны сэтгүүлчид хамтарч, өөр өөрсдийн цуглуулсан материалаа нэгтгэснээр хуулиас зайлсхийж, ял шийтгэлгүй өнгөрсөн гэмт хэрэгтнүүдийн талаарх хөдөлшгүй баримт дэлгэжээ. Тэд ингэхдээ сүүлийн 20 жилийн хугацаанд илэрсэн хулгайлах, худалдаалах, хууль бусаар хил дамнуулах, түүхэн соёлын олдворыг хууль бусаар эзэмших хэргүүдэд холбогдсон этгээдүүд ямар нэгэн ял шийтгэл хүлээгээгүй, эрх чөлөөтэй явж байгааг онцолжээ. Сэтгүүлчид уг нийтлэлийг бичихээр эрэн сурвалжилж байгаад 7000 гаруй түүхэн соёлын олдворыг хууль бусаар хил дамнуулсан хэргийн мөрөөр оржээ. Таван орны шилдэг сэтгүүлчдийн хамтарч бүтээсэн “Алдагдсан дурсамж” нэртэй уг эрэн сурвалжлах цуврал нийтлэл Олон улсын сэтгүүлчдийн холбооны 2016 оны шилдэг нийтлэлээр шалгарсан юм. Уншигч та бүхэнд уг эрэн сурвалжлах нийтлэлийн хоёр дахь цуврал болох “Паттерсоны цуглуулга” нийтлэлийг хөрвүүлэн хүргэж байна.

Эхний дугаарыг нь ЭНДЭЭС уншаарай.

Интерполоос эрэн сурвалжилсан гэмт хэрэгтэн Леонардо Паттерсон

Коста Рика Улсын дипломатч Леонардо Паттерсон 2008 оноос хойш Герман Улс руу 6000 гаруй археологийн алдарт цуглуулгыг хууль бусаар хил дамнуулсан байна. Үүнтэй холбоотойгоор түүнийг гурван удаа цагдан хорьж, таван удаагийн шүүх хурлаар хорих ял оноосон байдаг. Түүний хууль бусаар хил дамнуулсан археологийн ховор олдворуудыг өнөөг хүртэл Германы Мюнхен хотын хувийн агуулахад хадгалдаг гэх. Леонардо Паттерсон 2015 оны арваннэгдүгээр сард Баварийн Иргэний хэргийн шүүхэд дуудагдсан. Шүүх хурлын дараа түүнд зөвхөн Мексикт хадгалагдаж байсан хоёр модон Ольмекыг хууль бусаар хил дамнуулсан гэж тогтоосон аж. Түүний хууль бусаар хил дамнуулсан түүхэн олдворуудад Перу, Гватемала, Коста Рика, Колумб, Эквадор зэрэг улсад хамаарах соёлын өвүүд багтсан. Гэвч дээрх улсуудаас алдагдсан соёлын үнэт өвүүдээ эргүүлэн авах хүсэлтийг Германы шүүхэд 10 гаруй жилийн хугацаанд тасралтгүй өгч байсан ч тус шүүхээс ганц хариу өгөөгүй гэнэ. Энэ зэрэг шалтгааны улмаас Леонардо Паттерсоны хэргийн үл харгалзах, шүүхийн шийдвэрийг давж заалдах зэрэг ажиллагаа гацаанд орох болсон байна.

          Дээрх шалтгаануудын улмаас Леонардо Паттерсонд холбогдох хэрэг гацаанд орж, түүнийг эрх чөлөөтэй байхад хүргэсэн аж. Тэрбээр өдгөө 74 настай, Германы Мюнхен хотод бусдын л адил амьдарч байгаа гэнэ. Уг нь түүнд Баваригийн Эрүүгийн шүүхээс гурван сарын хорих ял, хуурамч Ольмек үзмэр худалдаалсан гэх шалтгаанаар 36 мянган еврогийн торгууль ногдуулсан. Паттерсон 1996 оноос Испанид хэд хэдэн хуурамч археологийн олдворын худалдаа эрхэлж байсан бөгөөд үүнтэй холбоотойгоор Интерполоос олон нийтэд анхааруулга хүргэж, эрүүгийн хэрэг үүсгэж байсан юм. Паттерсон уг хэрэгт холбогдсоноосоо хойш буюу 2004 оноос дахин таван оронд хуурамч олдворын худалдаа эрхэлсэн гэх.

Маяагийн, Колумбын, Испанийн өмнөх үед хамаарах археологийн олдворууд болон Паттерсоны цуглуулга

Леонардо Паттерсоны шуугиан намжсанаас хойш 12 жилийн дараа Мексик Улсаас сураггүй болсон Маяагийн үеийн 691 археологийн олдворыг эргүүлэн татаж авахаар Герман Улсын шүүхэд хандсан. Маяагийн үеийн 691 маш ховор, соёлын өвийг тээсэн олдворуудыг “Паттерсоны цуглуулга” гэж нэрлэдэг. Соёлын үнэт олдворуудаа эргүүлэн татах ажилд Мексикийн Ерөнхий прокурор Роберт Куглер ажиллаж байгаа бөгөөд Мюнхений Антропологийн үндэсний хүрээлэнд хулгайлагдсан олдворуудын нийт мөнгөн дүнг гаргаж өгөх хүсэлт гаргасан байна. Роберт Куглер нь Леонардо Паттерсоны хорих ялыг дэмжиж, өөрийн саналаа шүүхэд хүргэсэн цөөн хүмүүсийн нэг.

          Гэвч Мексик Улс Герман Улсаас соёлын олдворуудаа эргүүлэн авахад нэгэн том саад гарах аж. Энэ нь Германы хуулинд зааснаар соёлын олдворыг буцааж өгөх нь хууль бус болдог гэнэ. Харин Германы парламентаас хэд хэдэн нөхцөл шаардсан бөгөөд тухайн шаардлагыг биелүүлсэн тохиолдолд археологийн олдворуудыг буцаан өгөх боломжтой. Энэ нь археологийн олдворуудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг судалж, мэдээллийн сангийн бүх мэдээллийг олон нийтэд дэлгэх ёстой. Мөн зөвхөн 2007 оноос хойш Германд орж очсон олдворуудыг л буцааж өгөх гэжээ. Дээрх нөхцөлүүдийг биелүүлээгүй хэмээн Герман Улсын Захиргааны хэргийн дээд шүүхээс Перу, Мексик, Гватемала, Коста Рика, Колумб орнуудад хамаарах археологийн олдворуудыг эргүүлэн өгөхөөс татгалзсан байна.

Дэлхийд зартай луйварчин Леонардо Паттерсон

Леонардо Паттерсоны амьдралын эхний он, жилүүд АНУ-д эртний эдлэлийн бизнес эрхэлж, түүнтэй холбоотой цагдан хорих, хөнгөн ял шийтгэлийг олон авсан байдаг. Гэвч түүнийг эртний эдлэлийн зах зээлийн дээд зиндаанд гарах болсон шалтгаан нь АНУ-ын Нью-Йорк хотын алдартай галерейн эзэн Эверетт Рассига байсан гэнэ. Сургууль сураагүй, боловсрол эзэмшээгүй Паттерсоны амьдрал Рассигагийн галерейд худалдагчаар ажиллаж эхэлсэн юм. Тэр цагаас л эхэлж Паттерсон хүмүүсийн танил болж олон улстай холбогджээ. Түүнийг маш ховор эд зүйл цуглуулагч гэхээс гадна алдарт луйварчин гэдгээр мэдэх гэнэ. Леонардо Паттерсоныг 1975 онд Швейцарь Улс залилан, 1984 онд АНУ-ын Даллас муж хот төрийн хамгаалалттай амьтдыг хууль бусаар хил дамнуулсан, 1991 онд Базель Улс Сальвадор Далигийн хэмээн нэрлэсэн хуурамч бүтээлийг худалдсан луйврын гэх зэрэг хэргүүдээр шийтгэж байсан аж.

          Мөн Паттерсоны нэр 1996 онд Перу Улсын үнэт эдлэл цуглуулагч Раул Апестегуаг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт холбогджээ. Гэмт хэрэг гарсан өдөр Колумбын өмнөх үед хамаарах урлагийн түүхэн олдворууд талийгаачийн Лима дахь гэрээс алга болсон. Харин 2006 онд Паттерсоны Их Британи Улсын нийслэл Лондон хот дахь гэрээс Перугийн үнэт эдлэл цуглуулагч Раул Апестегуагийн гэрээс алга болсон соёлын олдворуудыг илрүүлжээ. Перугийн прокурорын газраас Раул Апестегуаг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт Леонардо Паттерсоныг холбон шалгаж байгаагүй юм. 2013 онд Перугийн үнэт эдлэл цуглуулагч Раул Апестегуагийн хадгалж байсан үнэт эдлэлүүдийг буцаан авахаар Перу Улсын холбогдох байгууллагаас холбогдсон ч Герман Улсын хуульд зааснаар соёлын үнэт зүйлийг хувийн гарт эзэмшүүлэхгүй, мөн Перу болон Герман улсууд шилжүүлэх гэрээ байгуулаагүй гэх шалтгаанаар соёлын олдворуудын Германы талд үлджээ. Харин үүнээс өмнө Германы Захиргааны шүүхийн шийдвэрийн дагуу Перу Улсаас нэмэмжлэл гаргаж, Сантьяго де Компостела дахь агуулахад хадгалагдаж байсан 273 археологийн олдвороо эргүүлэн авч байсан юм. Гэвч буцааж өгсөн олдворуудад Испани хэлний үеэс өмнөх үеийн есөн алтан эдлэл, 1996 оны үзэсгэлэнгийн каталог байгаагүй гэнэ. Бүртгэлд байгаагүй олдворуудыг авах нэхэмжлэлийг Перу Улсын Соёлын яамнаас гаргасан ч Герман Улсын Захиргааны шүүх буцаасан аж.

Леонардо Паттерсон хууль бус зүйлээс зайлсхийж, тэтгэвэрт гарсан хэдий ч соёлын өв, үнэт эдлэлтэй холбоотой байсаар байх юм

Леонардо Паттерсонд холбогдох хавтаст хэргийг Лима дахь шүүхийн архивт хадгалсан байдаг. Уг нь Паттерсонд 45 дахь мужийн Эрүүгийн прокуророос хууль бусаар соёлын олдворын худалдаа эрхэлсэн, иргэдэд 300 мянга гаруй ам.доллартой тэмцэх хохирол учруулсан хэрэгт гэм буруутай гэж үзэн таван жилийн хорих ял оноохыг санал болгожээ. Гэвч энэ хүсэлт зогсонги байдалд байсаар дахин сөхөгдөөгүй юм. Мөн үүнтэй холбоотойгоор төрийн алба хаагч, дипломатч нарыг шалгах болсон аж. Улмаар 2001 онд Перугийн дипломатя Делиа Подеста Куадрос Колумбын үеэс өмнө соёлын олдворыг хууль бусаар хил дамнуулах гэж байгаад баривчлагдсан. Делиа Подеста Куадрос уг хэргээ Леонардо Паттерсонтой холбон тайлбарласан мэдүүлэг өгсөн гэдэг. Мөн Паттерсоны цуглуулгаас Гватемал Улс Маяагийн үед хамаарах 369 археологийн үнэт зүйлээ эргүүлэн авах оролдлого хийсээр байсан. Харин тус хэргийн гол прокурор Роландо Роденас “Гватемалл Улс Герман Улсаас тавьсан шаардлагыг хангаагүй тул хэргийг архивлана” хэмээн мэдэгджээ. Археологийн олдворуудад бүрэн бүртгэл хийж, мэдээлээгүйн улмаас дээрх шийдвэрт хүргэсэн аж. Харин Эквадор Улс археологи, Палентеологийн олдвороо эргүүлэн авах хүсэлт гаргаж байсан ч тус хүсэлтээ эргүүлэн татсан байдаг.

          Өдгөө Леонардо Паттерсон Герман Улсын Мюнхен хотод амар тайван амьдрахын тулд хууль бус наймаа, үнэт эдлэлийн цуглуулга, үл хөдлөх хөрөнгийн бизнесээ зогсоосон гэнэ. Харин 2016 оны тавдугаар сард түүний амьдарч буй харшийн тухай сурвалжилга Германы “Der Spigel” сэтгүүлд нийтлэгдсэн байдаг.Тус сурвалжилгын зургуудад Колумб, Испанийн өмнөх үед хамаарах хэд хэдэн ховор зураг, үнэт эдлэл байсныг нэмэн дурдах нь зүйтэй болов уу. Үүнтэй холбоотойгоор Лимагийн мөрдөн байцаагч Леонардо Паттерсон руу түүний одоогийн хадгалж буй үнэт эдлэлийг шалгахтай холбоотой асуултууд явуулсан ч хариу өгөөгүй байгаа юм.


ДЭЛХИЙН ШИЛДЭГ НИЙТЛЭЛ: Паттерсоны цуглуулга
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188