• Өнөөдөр 2024-09-16

ТЭД БИДНИЙ ТУХАЙ: АНУ-ЫН ТӨВ АЗИЙГ ЧИГЛЭСЭН СТРАТЕГИЙН БОДЛОГО БУЮУ ЭНТОНИ БЛИНКЕНИЙ МОНГОЛД ХИЙСЭН АЙЛЧЛАЛЫН АЧ ХОЛБОГДОЛ

2024-08-05,   973

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен өнгөрсөн пүрэв гарагт Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн. Өнгөрөгч оны хавар АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Монголд айлчлал хийснээс хойш хоёр орны хоёр дахь харилцан айлчлал болж буй уг айлчлалаар стратегийн чухал ач холбогдол бүхий яриа хэлэлцээ хийж, талууд хэд хэдэн асуудалд тохиролцоонд хүрсэн юм. Тэгвэл АНУ-ын Монгол Улстай сайн харилцаагаа хадгалж, стратегийн хамтын ажиллагаа хийхээр болж байгаа нь Монгол руу чиглэж буй Төв Азийн худалдааны замтай холбоотой гэнэ.

Эргэлт.мн мэдээллийн сайт “Тэд бидний тухай” буландаа олон улсын хэвлэл мэдээллийн сайт, агентлагуудад Монгол Улсын тухай бичсэн нийтлэлийг хөрвүүлэн хүргэдэг. Тэгвэл энэ удаагийн дугаартаа “Diplomat” сайтын АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений Монголд хийсэн албан ёсны айлчлалтай холбоотойгоор бичсэн нийтлэлийг хөрвүүлэн хүргэж байна.

АНУ-ЫН СОНИРХОЛ БА Э.БЛИНКЕНИЙ АЙЛЧЛАЛ

Энтони Блинкений Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалаар хоёр тал гуравдагч хөршийн харилцаагаа өргөжүүлж, саяхан Вашингтонд болсон Иж бүрэн стратегийн яриа хэлэлцээний үеэр ярьсан асуудлуудыг ажил хэрэг болгох асуудлаар санал солилцсон. Тухайлбал, Монголын англи хэлний багш нарыг мэргэшил дээшлүүлж, чадавхжуулах мэргэжлийн төвийг Улаанбаатар хотод нээх, хоёр орны эрчим хүчний асуудлаар яриа хэлэлцээг Улаанбаатар хотод зохион байгуулах, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах төсөл, хөтөлбөрийн санал ярилцсан байна. Энэ тухай АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен

“Миний Монгол Улсад хийж буй айлчлал нь Лаос, Вьетнам, Япон, Филиппин, Сингапурын дараа хийж буй бөгөөд энэ бүс нутагт хийж буй 18 дахь айлчлал болж байна. Уг айлчлал Ерөнхийлөгч Жо Байдены "Бидний хамтарсан ирээдүй нь энэ бүс нутагт үргэлжилнэ" гэж хэлсэнтэй холбоотой. АНУ гуравдагч хөршийн хувьд Монгол Улстай харилцах харилцаандаа онцгой анхаардаг. Өнөөдөр хоёр орон бүх талаараа нягт харилцаатай болж байгаа. Бид эдийн засгийн замын зураглал гаргаж, нийлүүлэлтийн сүлжээ болон эдийн засгийн хамааралтай байдлыг бууруулах, ажлын байрыг шинээр бий болгоход хамтран ажиллана.

АНУ болон Монгол Улс бүс нутгийн аюулгүй байдлын асуудал дээр хамтран ажилладаг. Монгол Улс нь Солонгосын хойгийн асуудлаар тогтвортой байр суурьтай байдагт үргэлж талархдаг. Монгол Улс нь 35 жилийн өмнө сонгууль зохион байгуулж, Ардчиллын төлөө саналаа өгсөн түүхтэй. Бид ардчиллыг илүү бэхжүүлэхэд нь тус болно. Үүний хүрээнд сайн засаглал, хууль дээдлэх ёс, авлигатай тэмцэхэд болон хүний эрхийн суурь эрх чөлөөний асуудал дээр дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлье. Энэ хүрээнд шашин шүтлэг, эмзэг бүлэглэлийн эрх ашгийг хамгаалахад цаашид анхаарна. Тэр тусмаа хүний наймааны хохирогч болсон хүүхдүүдийг хамгаалах зайлшгүй шаардлагатай.

Тиймээс ирэх жилүүдэд хүүхдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор нэг сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ. Бид өдөр бүр Америк, Монголын харилцааг шинэ шатанд гарч буйг харж байна" хэмээн албан ёсны мэдэгдэлдээ дурджээ.

Түүнчлэн дээрх айлчлалын үеэр Энтони Блинкен Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхаж, хоёр орны харилцаа сайжирч, хамтын ажиллагаа урагшилж байгаа тухай мэдээлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын хийсэн уг айлчлал Вашингтоны Төв Ази руу чиглэж буй томоохон стратегийн бодлого бөгөөд хэрэв урт хугацаанд Монгол Улс Төв Азийг нийлүүлсэн замтай болбол АНУ-ын “зорилго” биелэхтэй ижил гэсэн үг.

ТӨВ АЗИЙН ЗАМУУД МОНГОЛ РУУ ЧИГЛЭЖ БАЙНА

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений айлчлалтай зэрэгцэн нэг сонирхолтой мэдээлэл гарсан нь "Российская газета" сонины ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Марат Хуснуллины мэдээллээс эш татан Москва М-12 хурдны замыг Монголоор дамжуулан Хятадтай холбохыг дэмжиж байгааг онцолсон нийтлэл байв. Тухайлбал, одоогийн байдлаар дээр дурдсан М-12 хурдны зам Оросыг Казахстантай холбож буй. Зам өргөтгөх ажил аялал жуулчлал, газрын тээврийг дэмжих талаар Хуснуллин онцолсон гэнэ. Үүний зэрэгцээ, Узбекистан, Монгол хоёр улс авто болон агаарын тээврийн хэлэлцээрийг шинэчлэх шатандаа орж, БНХАУ-аас дамжин өнгөрөх тээвэрлэлтийг хялбарчлахыг эрмэлзэж байгаа тухай мэдээлэл гараад байна.

Узбекистан, Монголын албаны хүмүүс Хятад, Европ төдийгүй Иран, Пакистан, Энэтхэг рүү дамжин өнгөрөх ачаа тээвэрлэлтийг хөнгөвчлөх талаар харилцан ойлголцлын санамж бичиг байгуулжээ. Казахстан, Казахстаны Засгийн газар тус улсын худалдааны төв болох Алматы хотын эргэн тойронд төмөр зам барих ажлыг эхлүүлсэн байна. 2022 онд Хятад, Казахстаны хооронд төмөр замын тээврийн хэмжээ 23 сая тонн байсан бол өнгөрсөн онд 20 хувиар өссөн байна. Узбекистан, Узбекистаны Тээврийн яамны хэвлэлийн албанаас мэдээлснээр, дэд сайд Маманбий Омаров Хятадын “Hichain Logistics Co” фирмийн төлөөлөгчидтэй Андижан, Навои, Каракалпакстан зэрэг байршилд тээврийн зангилаа байгуулах гэрээнд гарын үсэг зуржээ.

Киргиз, Киргизийн эрх баригчид Хятад-Киргизстан-Узбекистан төмөр замын Киргизийн хэсгийг санхүүгийн дэмжлэг авахын тулд хүчин чармайлтаа үргэлжлүүлсээр байна. Киргизийн Тээврийн дэд сайд Ырысбек Бариев Азербайжанд болсон худалдааны арга хэмжээний үеэр хэлэхдээ, бүс нутаг хоорондын харилцааг бэхжүүлж", бүс нутгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ гэжээ. Тажикстан Худалдааны дэд сайд Фарход Восидион Хятадын Шиань хотод болсон худалдааны арга хэмжээнд оролцох үеэрээ Хятад-Тажикистаны худалдаа 2023 онд өнгөрсөн оны үеэсээ 10 хувиар өссөнийг мэдэгдэв. Сүүлийн таван жилийн хугацаанд хоёр талын худалдаа бараг хоёр дахин нэмэгдсэн гэж Худалдааны яамны хэвлэлийн албанаас мэдээллээ. Туркменистан Туркмен-Ираны Засгийн газар хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны комиссын 17 дугаар хуралдаанд оролцож буй Туркменистаны эрх баригчид Туркменстан, Казахстанаар дамжин Иран, Хятадыг холбосон транзит замын хөгжлийг эрчимжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Туркмений транзит тээврийн дэд бүтцийг өргөжүүлснээр Хятад, Ираны хооронд бараа тээвэрлэх хугацааг хоёр долоо хоног хэмнэнэ гэж Казахстаны “Ак Жайык” сонинд нэрээ нууцалсан шинжээчид тэмдэглэжээ.

POLITICO: АНУ-ЫН ХУВЬД МОНГОЛ БОЛ ТОГЛООМЫН НЭГ ХЭСЭГ

Хятад, Орос хоёрын дунд оршдог Монгол Улс АНУ-ын цэвэр эрчим хүчний төслүүдэд чухал ач холбогдолтой ашигт малтмалын хүчирхэг нийлүүлэгч байж болно. Энэ бол Монголын Ерөнхий сайдын АНУ-д хийсэн айлчлалын үеэр Америкийн өндөр албан тушаалтны хэлсэн нэг санал. Чингис хааны өлгий нутаг салхи, нарны эрчим хүч, олон сая цахилгаан машиныг зах зээлд гаргахад шаардлагатай зэс болон бусад ашигт малтмалаар баялаг. АНУ-ын өндөр албан тушаалтнууд бизнес болон Засгийн газрын харилцаа холбоог бэхжүүлэх, уул уурхайн төслүүдэд ахиц дэвшил гаргахаар Монголд айлчилсан. Дэлхий дахины чухал ашигт малтмалын хувьд Хятадаас хамааралтай байдлаа хөнгөвчлөх хэрэгцээ нь Монгол болон бусад байгалийн баялаг ихтэй орнуудтай яриа хэлэлцээ хийх  замаар үргэлжилж байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Эдийн засгийн өсөлт, эрчим хүч, байгаль орчны асуудал эрхэлсэн орлогч Хосе Фернандес “Монгол Улс  боломжийн өмнө тулж ирээд байгаа бөгөөд бидний хувьд цэвэр эрчим хүчний зорилгодоо хүрэхийн тулд чухал ач холбогдолтой ашигт малтмал, газрын ховор элементийг олох хэрэгцээ нь бий” хэмээн мэдэгдэл хийсэн.

БНХАУ дэлхийн цэвэр эрчим хүчний технологийн эрэлт хэрэгцээг хангадаг түүхий болон боловсруулсан ашигт малтмалын нийлүүлэлтийг давамгайлж байна. Харин АНУ нийлүүлэлтийн сүлжээг дахин сэргээж, төрөлжүүлэхийг хүсэж буй. Тус улс Канад, Австрали, Өмнөд Солонгос зэрэг барууны орнуудаас бүрдсэн "Эрдэс баялгийн аюулгүй байдлын түншлэл”-ийн нэг хэсэг бөгөөд батерей болон бусад эрчим хүчний технологийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа тул ашигт малтмалын нөөцийг хангахаар ажиллаж байна.

Байгалийн арвин их баялагтай учир нэгэн цагт “Minegolia” хэмээн хочилдог байсан Монголын хувьд энэ бүхэн юу гэсэн үг вэ. Тус улс  Коммунист Хятадтай өмнөд хэсгээрээ 3000 орчим милиэр хиллэдэг бөгөөд Бээжин Монголын  дэлхийн зах зээлд газар болон далайгаар нэвтрэх боломжийг хянадаг. АНУ болон түүний холбоотнуудтай харилцаагаа бэхжүүлэх нь одоогийн байдлаар зэс, нүүрснийхээ дийлэнх хэсгийг нийлүүлж буй Монгол Улсын Хятадтай тогтоосон худалдааны харилцаанд сөргөөр нөлөөлж болзошгүй юм.

Барууныхны хувьд Монгол бол АНУ болон түүний холбоотнууд Хятадтай сөргөлдөх, ашигт малтмалын шинэ эх үүсвэрийг нээхийн тулд нэгдэж буй дипломат харилцааны нарийн төвөгтэй тоглоомын зөвхөн нэг хэсэг юм.

 

 


ТЭД БИДНИЙ ТУХАЙ: АНУ-ЫН ТӨВ АЗИЙГ ЧИГЛЭСЭН СТРАТЕГИЙН БОДЛОГО БУЮУ ЭНТОНИ БЛИНКЕНИЙ МОНГОЛД ХИЙСЭН АЙЛЧЛАЛЫН АЧ ХОЛБОГДОЛ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188