АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп анхны бүрэн эрхийнхээ хугацаанд БНХАУ-тай томоохон худалдааны дайн эхлүүлсэн. Хоёр орны эдийн засаг, гадаад худалдааны хоригоор эхэлсэн “дайн” зөвхөн АНУ, БНХАУ төдийгүй дэлхийн эдийн засагт томоохон нөлөө үзүүлж, зарим хэсгийг нь орвонгоор нь эргүүлсэн байдаг. Харин Д.Трамп дахин АНУ-ын төрийн тэргүүнээр сонгогдож, Цагаан ордныг удирдах болсонтой холбоотойгоор худалдааны дайн дахин эрчээ авч, хоёрдугаар шат нь эхэлнэ гэж шинжээчид үзэж байна.
Худалдааны дайн тус хоёр улсын эдийн засагт аль алинд нь сөргөөр нөлөөлсөн. Ерөнхийлөгч Д.Трамп худалдааны дайны талаар “АНУ нь Хятадтай хийж байсан худалдаанд жил бүр алдагдал хүлээж байсан бөгөөд нийт худалдааны алдагдалын хэмжээ нь 375.2 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ алдагдлыг нөхөж, дахин үүсэхгүй байх, эдийн засгийн өсөлтийг хурдасгахад чиглэсэн” хэмээн албан ёсоор тайлбарласан бөгөөд энэ нь үр дүнд хүрч 2018 оны сүүлийн хагасын байдлаар Америкийн эдийн засгийн өсөлт 2014 оноос хойш анх удаа 4.1 хувьд хүрсэн. Харин Хятадын хувьд өмнөх хагастай харьцуулахад эдийн засгийн өсөлт буурч 6.7 хувьд хүрсэн байна. Харин 2019 он гарч худалдааны дайн дахин нэг жил үргэлжилснээр, нөхцөл байдал өөрчлөгдөн, компаниуд, тариаланчдын амьдралд сөргөөр нөлөөлж, аль аль талынх нь эдийн засгийн өсөлт улам буурсаар байна. Цагаан ордны мэдээлж байгаагаар энэ дайн хэлэлцээрт хүрч чадалгүй үргэлжилвэл Америкийн эдийн засгийн өсөлт нэг хувиар буурсан гэсэн тооцоо байсан. 2019 онд Америкийн Хятадаас авдаг импорт 2018 онтой харьцуулахад нэлээд буурсан. Харин эсрэгээрээ Европын холбооны орнуудын Америкийн зах зээлд эзлэх хувь хэмжээ нэмэгдсэн. Ийнхүү худалдааны урсгалд өөрчлөлт гарсан нь Америкийн худалдааны алдагдалд төдийлөн нөлөөлөөгүй. Өөрөөр хэлбэл, дайны улмаас Америкийн худалдааны алдагдал худалдааны дайнаас өмнөхтэй бараг адил ДНБ-ий гурван хувьтай тэнцсэн хэвээр байв. Мүүдис Аналитиксын 2019 оны есдүгээр сард хийсэн судалгаанаас үзэхэд, худалдааны дайны улмаас АНУ-д 300 мянган ажлын байр үгүй болж, худалдааны дайнаас хүлээх хохирол бодит ДНБ-ий 0.3 хувьтай тэнцэж байв. Бусад судалгаанд тооцсноор, худалдааны дайн нь АНУ-ын ДНБ-ий ойролцоогоор 0.7 хувьтай тэнцэх хэмжээний хохирол учруулжээ.
Блүүмберг Экономиксийн 2019 оны тайланд дурдснаар, 2020 оны эцэс гэхэд худалдааны дайнаас үүдэн Америкийн эдийн засаг 316 тэрбум ам.долларын алдагдал хүлээхээр байгаа бол НьюЙоркийн Холбооны нөөцийн банк, Колумбийн их сургуулийн хамтарсан сүүлийн судалгаагаар, АНУ-ын зүгээс БНХАУ-ын экспортод тавьсан тарифын улмаас Америкийн компаниуд хамгийн багадаа 1.7 их наяд ам.долларын алдагдал хүлээсэн байна. Үндсэндээ худалдааны дайны улмаас тогтоосон тарифын зардлыг Америкийн компаниуд үүрч, нийтдээ 46 тэрбум ам.долларыг төлсөн болох нь олон тооны судалгаанаас харагдаж байна. Тарифын улмаас Америкийн аж ахуйн нэгжүүд ашгаа хамгийн доод түвшинд барих, ажилчдын цалин хөлсийг бууруулах, ажлын байрыг цомхотгох цалин хөлсийг нэмэгдүүлэхээ хойш нь тавих болсон төдийгүй Америкийн хэрэглэгчдийн гарт очих бараа бүтээгдэхүүний өртөг зардал нэмэгдсэн. АНУ-ын ноогдуулсан тарифын хариу болгож БНХАУын авсан арга хэмжээний улмаас Хятад руу гаргадаг байсан 24 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүний зах зээлийн дийлэнх хувийг алдсан гэж Америкийн фермерийн товчооны хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. Жил гаруй хугацаанд үргэлжилсэн худалдааны дайн нь Хятадын хөгжлийг сааруулж, гадаад худалдаа нь буурахад хүргэсэн гэх тооцоог Финландын төв банкнаас гаргасан байна. Ялангуяа, 2019 онд Хятадын импорт өмнөх онтой нь харьцуулахад буурсны дотор Хятадын Америкаас авдаг импортын бараа бүтээгдэхүүний хэмжээ 2019 оны долдугаар сард 25 хувиар огцом буурчээ.
Худалдааны дайны нөлөөгөөр эрэлт буурч, үйлдвэрлэлийн гинжин хэлхээ тасалдснаас Хятадын хөрш орнуудаас нийлүүлэх гадаад худалдааны урсгал багасгах болов. Мөн АНУ- ын Худалдааны танхимын хийсэн судалгаанд оролцсон, Хятадад үйл ажиллагаа явуулж байгаа Америкийн компаниудын 40 хувь нь үйлдвэрлэлээ Азийн бусад зах зээл юмуу эсвэл Мексик шилжүүлэхийг сонирхох болов. Учир нь Хятадад үйлдвэрлэл явуулдаг Америкийн дөрвөн компани тутмын нэгд нь Америк, Хятадын бие биедээ тавьсан тариф сөрөг нөлөө үзүүлсэн байна.
АНУ тарифаа нэмэгдүүлсэнтэй холбогдуулан БНХАУ-ын зүгээс мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг ялимгүй сулруулах арга хэмжээ авснаар валютын зах зээл дээр Хятадын юанийн ханш суларсан байна. Худалдааны дайны тухай мэдээ тархснаар санхүүгийн зах зээлд түгшүүр төрүүлж, хөрөнгийн зах зээл дээр савлагаа үүсгэсэн. Ялангуяа, шинээр гарч ирж буй эдийн засгууд, түүний дотор Хятадын хөрөнгийн зах зээлд худалдааны дайны сөрөг нөлөө илэрхий мэдрэгдэж байв. 2019 оны тав болон наймдугаар сард болсон худалдааны хэлэлцээртэй зэрэгцэн зээлийн эрсдлийн үнэ өссөн. Шинээр гарч ирж буй эдийн засгуудад 2018 оны эхнээс эхлэн эрсдлийн үнэ бага зэрэг нэмэгдсэн боловч дэлхийн зах зээлийн хувьд ерөнхийдөө дундаж түвшинд байв.
Худалдааны дайн нь дэлхийн эдийн засагт ихээхэн хохирол үзүүлж, улс хоорондын экспортын хэмжээг бууруулж, корпорацуудын ашиг багасаж, үүнээс улбаалан дэлхийн ДНБ буурдаг. Мөн гаалийн татварыг тодорхой хэмжээнд нэмэгдүүлнэ. Олон улсын гаалийн татвар нэг хувиар нэмэгдэхэд улс орнуудын ДНБ харилцан адилгүй буурах бөгөөд үүний дотор БНСУ болон ХБНГУ-ын ДНБ 0.65 болон 0.48 хувиар буурдаг гэсэн тооцоо бий. Өөрөөр хэлбэл, тус хоёр улс АНУХятадын худалдааны дайны хөлд хамгийн их хохирол амсах улс гэсэн үг юм.
Америкийн компаниуд Хятадаас өөр боломжит импортлогчийг олж чадвал АНУ-ын Хятадаас хамаарах хамаарлыг бууруулж чадна. Өнгөрсөн жилийн тухайд Америк нь Хятадаас авдаг байсан бараа бүтээгдэхүүнээ өөр улсаас нийлүүлэх замаар хэрэгцээгээ хангахыг оролдсон боловч энэ зорилгоо бүрэн биелүүлж чадсангүй. АНУ-ын зүгээс тарифаа нэмэгдүүлсэн бараа нь 2018 оны эхний хагаст 130 орчим тэрбум ам.доллар байсан бол 2019 оны эхний хагаст 95 тэрбум ам.доллар болж буурснаас үзэхэд АНУын БНХАУ-аас авдаг импорт 35 тэрбум ам.доллар (25 орчим хувь)-аар буурсан байна. Тэрхүү 35 тэрбум ам.долларын импортын алдагдлын 21 тэрбумыг нь бусад орноос авах импортоор нөхсөн бол АНУ-ын эрэлтээ бууруулсан эсвэл дэлхийн бусад орноос нийлүүлэх боломжгүй гэх шалтгаанаар үлдэх 14 тэрбум ам.долларын барааны эрэлт нөхөгдөөгүй байна. Мөн үүнээс хийх нэг чухал дүгнэлт нь хэдийгээр БНХАУ тарифын өсөлтөнд өртсөн ч гэсэн АНУ-тай хийх худалдааныхаа 75 хувийг хэвээр хадгалж чадсан байна.
НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын гаргасан тайланд дурдсанаар, хоёр улсын худалдааны дайнаас хамгийн их ашиг хүртсэн нь Хятадын Тайвань бөгөөд 2019 оны эхний хагаст 4.2 орчим тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнийг АНУ руу нэмж нийлүүлжээ. Тайваний оффисын болон харилцаа холбооны тоног төхөөрөмжийн экспортод өсөлт гарснаар АНУ руу нийлүүлэх бараа бүтээгдэхүүний хэмжээ нь нэмэгджээ.
Худалдааны дайнаас ашиг хүртэгсдийг тэргүүлэх хоёрдахь улс нь Мексик. Тус улсын хувьд Хятадын нийлүүлдэг байсан хүнс, тээврийн хэрэгсэл, электрон машин механизмын салбарт хамаарах бараа бүтээгдэхүүнийг түлхүү нийлүүлж, АНУ-ын зах зээлээс нэмээд 3.5 тэрбум ам.долларыг олох боломжтой болов. Европын холбоо ч Америкийн зах зээлээс 2.7 тэрбум ам.долларыг “халааслаж” чадсан нь машин тоног төхөөрөмжийн худалдаанаас үүдэлтэй юм. Өмнөд Солонгос, Канад, Энэтхэгийн тухайд худалдааны дайнаас 0.9-1.5 тэрбум ам.долларын ашиг хүртсэн нь чамлахааргүй үзүүлэлт юм. Өмнөд Азийн бусад орнууд нийлээд 1.7 тэрбум ам.долларын худалдааг АНУ-тай хийсэн бол Латин Америк, Саб Сахарын орнууд болон дэлхийн бусад орон төдийлөн ашиг хүртэж чадаагүй байна.
АНУ-ын Холбооны нөөцийн сангийн судалгаагаар, худалдааны дайны нөлөөгөөр Мексик Улс АНУ руу гаргах экспортоо нэмэгдүүлснээр ДНБ-ээ өсгөж хамгийн их ашиг хүртэж чаджээ. Харин Хятадын эрэлт буурснаар тус улсад түүхий эд нийлүүлдэг Шинэ Зеланд, Чили, Өмнөд Африк зэрэг улсын бодит ДНБ-д сөргөөр нөлөөлж, бууралт ажиглагдахад нөлөөлжээ. Харин Японы Номура санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч компанийн тооцоогоор, худалдааны дайны нөлөөгөөр Америкийн Вьетнамаас авах импорт нэмэгдснээр, тус улсын ДНБ 7.9 хувиар өсаж, энэ тэмцлээс хамгийн их ашиг хүртжээ. Дараагийн байруудад орсон Чили, Малайз, Аргентиний тухайд Хятадын импорт нэмэгдсэнээр худалдааны дайнаас ашиг хүртсэн байна. Нийтдээ, гуравдагч орнууд Хятад руу нэмж экспортлохоос илүүтэй АНУ руу Хятадын экспортыг орлосон бүтээгдэхүүнийг гаргаснаар илүү ашиг хүртсэн байна. Азийн дэлхийн өртгийн гинжин сүлжээ (Хятадыг эс тооцвол) АНУ-ын импортыг орлох замаар илүү их ашиг олж байсан бол (АНУ-ыг эс тооцвол) Хятад импортыг орлох замаар илүү их ашиг олжээ. Европ дахь хамгийн том ашиг хүртэгч нь Франц боловч бүс нутгийн нийт ашиг нь бага хэмжээтэй байна.
Трамп кампанит ажлынхаа үеэр Хятадын импортын бараа, бүтээгдэхүүнд 60 хүртэлх хувийн гаалийн татвар ногдуулах амлалт өгсөн. Энэ амлалт бодит ажил хэрэг болвол дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр улсын худалдаа тодорхойгүй, аюултай байдалд орно. Гэхдээ Хятадын тал энэ амлалтын үр нөлөөг даван туулахад харьцангуй сайн бэлтгэгдсэн гэж эдийн засагчид үзэж байна.
Трампын эхлүүлсэн худалдааны дайн Ерөнхийлөгч Жо Байдены үед ч үргэлжилсэн. Энэ хугацаанд Хятадын компаниуд ээлж дараагаараа АНУ-аас худалдааны хараат байдлаа идэвхтэйгээр бууруулж эхэлсэн билээ. Үүний үр дүн, нөлөөллийг худалдааны статистик мэдээллээс бэлээхэн харж болох аж. Мексик Улс өнгөрсөн жил Хятадыг гүйцэж, АНУ руу нийлүүлдэг бараа бүтээгдэхүүний хэмжээгээр тэргүүлэх болсон. Хятадаас АНУ руу экспортолсон бараа бүтээгдэхүүний хэмжээ өнгөрсөн онд 20 хувиар буурч, 427 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнээс өмнө Хятад улс 20 жилийн турш АНУ-ын хамгийн том түнш байв.
"Matthews Asia"-гийн мэдээлснээр өнгөрсөн онд Хятадын экспортын бараа бүтээгдэхүүний 30 хүрэхгүй хувь нь "Их долоо"-гийн бүлгийн орнуудад чиглэжээ. Энэ нь 2000 оноос 48 хувиар буурсан үзүүлэлт юм. Дэлхийн экспортод эзлэх Хятадын хувь Трампийн анхны татвараас өмнө 13 хувь байжээ. Өдгөө АНУ руу нийлүүлэлт буурсан ч гэлээ Хятад 14 хувийг эзэлж байна.
Хятадын Олон улсын худалдааны хэлэлцээний төлөөлөгч, Худалдааны дэд сайд Ван Шоувэнь өнгөрсөн сард хэлэхдээ "Бид гадны цочролыг даван туулж, түүнийг эсэргүүцэх чадвартай байгаа" гэжээ.
Трампийн татварын эсрэг “Хятад ямар хариу арга хэмжээ авах вэ” гэсэн асуултад эдийн засагч Лиза Тобины хэлснээр “Хятадын хариу арга хэмжээ нь бараа бүтээгдэхүүнд ижил татвар ногдуулах гэх мэт энгийн зүйл байхгүй. Харин үүний оронд Хятад улс урьдчилан таамаглах боломжгүй байдлаар хариу арга хэмжээ авч, АНУ-ын эмзэг байгаа салбар, үйл ажиллагааг онилно гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, тодорхой бүс нутагт АНУ-ыг хохироох зорилготой хариу үйлдэл үзүүлнэ” гэнэ.
Хятад энэ хүрээнд өөрийн зах зээл дээрх гадаадын компаниудад хэдийнэ шахалт үзүүлээд эхэлсэн. Тэр дундаа Хятадаас гаргахыг хүсч буй Америкийн бизнесүүд энд багтана. Жишээ дурдвал, Хятад өнгөрсөн есдүгээр сард "PVH Corp" компанийг Шинжаан бүс нутгийн хөвөнг ашиглаагүй хэргээр шалгажээ. "Calvin Klein", "Tommy Hilfiger" зэрэг брэндийг эзэмшдэг "PVH Corp" компани нь хүний эрх зөрчсөн гэх үндэслэлээр Шинжааны хөвөнг үйлдвэрлэлдээ ашиглахаас татгалзсан аж.
Мөн өнгөрсөн жил АНУ-ын менежментийн зөвлөх компани болох "Bain & Company"-ийн Шанхай дахь оффист Хятадын цагдаа нар нэгжлэг хийжээ. Энэ нь Америкийн бизнесийн хүрээнийхнийг түгшээсэн явдал болсон. Үүний дараахан Шанхай, Нью-Йоркт төвтэй олон улсын зөвлөх компани болох "Capvision" олон улсын зөвлөх фирмийн хэд хэдэн оффист нэгжлэг хийснийг Хятадын төрийн хэвлэлүүдээр мэдээлжээ.
Хятад улс өөрийн эзэмшиж буй АНУ-ын засгийн газрын бондыг худалдах шийдвэр гаргахаас илүүтэй АНУ-ын пүүсүүд эсвэл хөдөө аж ахуйн үйлдвэрүүдийг хэлмэгдүүлэх магадлал өндөр гэж эдийн засагчид үзэж байна. Засгийн газрын бондыг худалдах шийдвэр АНУ-д төдийлөн нөлөөлөхгүй байх магадлалтай. Эсрэгээрээ худалдах нь Хятадад санхүүгийн хохирол учруулж магадгүй аж. Юанийн ханшийг бууруулах гэсэн өөр нэг хувилбар байж болно. Гэхдээзардал нь ашгаасаа хэтэрдэг учир энэ нь ч бас тийм ашигтай хувилбар биш. Үндсэндээ шинжээчдийн үзэж байгаагаар Хятад улс АНУ-ын татварт хариу өгөхдөө эрсдэл багатай стратегийг илүүд үзнэ.
Нөгөөтэйгүүр Хятад бол Трампын төлөвлөсөн татварын цорын ганц бай биш. Тэрбээр импортын бүх бараанд 10-20 хувийн татвар ногдуулах санал гаргасан бөгөөд энэ нь одоогийн дундаж хоёр хувиас ихээхэн нэмэгдсэн үзүүлэлт юм. Цаашилбал, Мексикт үйлдвэрлэсэн машинууд эсвэл АНУ-аас Мексик рүү үйлдвэрлэл явуулдаг компаниудын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд 100, 200 хувийн татвар ногдуулжээ.
БНХАУ-ын экспорт өнгөрсөн сард 6.7 хувиар өсөж, 312.3 тэрбум ам.долларт хүрсэн талаар Хятадын Гаалийн ерөнхий газраас мэдээлжээ. Гэвч энэ үзүүлэлт “Bloomberg”-ийн судалгаагаар эдийн засагчдын таамаглаж байсан 8.7 хувиас хамаагүй удаашралтай байсан бөгөөд 10-р сард 12.7 хувийн өсөлттэй байсан нь сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд хамгийн хүчтэй өсөлт байсан юм. Нэгдүгээр сараас арваннэгдүгээр сард экспорт өмнөх оны мөн үеийнхээс 5.4 хувиар өссөн үзүүлэлт гарчээ.
Хятадын шийдвэр гаргах дээд байгууллага болох Улс төрийн товчоо 2025 онд хэрэглээг "эрч хүчтэй" дэмжиж, мөнгөний бодлогыг сулруулахыг уриалав. Гэхдээ ажиглагчид тодорхой бодлого, тэр дундаа хэрэглээг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх аливаа арга хэмжээг зарлахыг хүлээж байна. “Pinpoint Asset Management”-ийн ерөнхийлөгч бөгөөд ахлах эдийн засагч Жан Живэй мэдэгдэлдээ, ойрын өдрүүдэд болох эдийн засгийн бодлогын өөр нэг чухал уулзалт нь "ялангуяа төсвийн бодлогын талаар илүү их гэрэл гэгээ тусгаж чадна" гэжээ.
Түүнчлэн БНХАУ болон АНУ-ын “Худалдааны дайн”-д чухал ашигт малтмалын зах зээл хамгийн их өртөнө гэж шинжээчид таамаглаж байна.
БНХАУ-ын импортын бараанд ногдуулах тарифтай холбоотойгоор нарны зайн хавтангийн үйлдвэрлэлд ашигладаг антимонийн экспортоо хязгаарлаад байгаа юм. Харин Дональд Трампын засаг захиргаа бүх төрлийн импортын бараанд тариф ногдуулах болсноор БНХАУ-ын талаас ямар хариу арга хэмжээ авах нь шинжээчдийн анхаарлыг татаж байна.
АНУ-ын Геологийн албанаас мэдээлж буйгаар 50 чухал ашигт малтмалын 26-г нь БНХАУ- нийлүүлдэг. Мөн өнгөрсөн онд галлийн импортоос нь 100 хувь хараат байсныг дурдаж буй.
БНХАУ шинэ экспортын хязгаарлалтаа энэ оны эхэнд зарласнаар антимонийн үнэ метр тонн нь 13 мянган ам.долларт хүрч, дээд цэгээ шинэчлээд байна.
Жо Байдены засаг захиргаа дотооддоо чухал ашигт малтмалын олборлолтоо нэмэгдүүлэх чиглэлд олон тэрбум ам.долларын санхүүжилтийг зарцуулаад байгаа ч шинэ уурхайн зөвшөөрөл авах зэрэг шалтгааны улмаас үйл явц удаашралтай байгаа аж.
АНУ, БНХАУ-ЫН ДУНДАХ “ХУДАЛДААНЫ ДАЙН” ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙГ ХЭРХЭН ӨӨРЧИЛЖ БАЙНА ВЭ |
|
2025-03-31 13:58:40
2025-03-31 13:55:25
2025-03-31 13:36:36
2025-03-31 13:23:33
2025-03-31 12:56:49
2025-03-31 12:47:05
2025-03-31 12:40:00
2025-03-31 12:27:19
2025-03-31 12:15:20
2025-03-31 12:00:58
2025-03-31 12:00:00
2025-03-31 11:52:52
2025-03-31 11:03:43
2025-03-31 10:52:10
2025-03-31 10:24:18
2025-03-31 10:13:48
2025-03-31 10:08:15
2025-03-31 09:52:02
2025-03-31 09:45:03
2025-03-31 08:57:45
2025-03-31 08:35:14
2025-03-31 08:27:32
2025-03-31 07:00:00
2025-03-31 07:00:00
2025-03-31 07:00:00
2025-03-31 07:00:00
2025-03-31 07:00:00
2025-03-31 07:00:00
2025-03-31 06:00:00
2025-03-31 06:00:00
2025-03-30 16:39:21
2025-03-30 16:32:40
2025-03-30 15:41:24
2025-03-30 14:55:33
2025-03-30 14:45:38
2025-03-30 13:34:33
2025-03-30 12:53:42
2025-03-30 11:09:50
2025-03-30 09:41:01
2025-03-30 09:26:36
2025-03-30 09:12:37
2025-03-30 09:06:33
2025-03-30 08:58:56
2025-03-30 08:54:45
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |