• Өнөөдөр 2025-03-31

БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ, ЭРХ БАРИГЧ НАМЫНХАН БҮГД ОГЦОРЧ, СӨРӨГ ХҮЧИН СОЛОНГОСЫГ УДИРДАНА ГЭВ

2024-12-08,   2782

Өмнөд Солонгос Үндсэн хуулиараа Ерөнхийлөгчийн засаглалтай хэдий ч төрийн тэргүүндээ “халтай” орон. Тус улс албан ёсоор Бүгд Найрамдах Солонгос Улс болсноос хойш буюу 1948 оноос хойш 13 Ерөнхийлөгчийн нүүр үзсэн ч нэг нь бусдад алуулж, өөр нэг нь амиа егүүтгэж, хоёр нь цаазын ял сонсож, тав нь авлига, албан тушаалын хэргээр ял эдэлж байсан түүхтэй. 2000 оноос хойш гэхэд л БНСУ-ыг удирдсан зургаан төрийн тэргүүнээс ердөө хамгийн сүүлийн хоёр нь ял аваагүй байдаг. Харин Ерөнхийлөгчдөө “халтай” Өмнөд Солонгосыг сүүлийн хоёр жил удирдаж буй одоогийн төрийн тэргүүн Юн Сок Ёол цэргийн онц байдал зарласантай холбоотойгоор өнгөрсөн өдрүүдэд БНСУ-ын улс төрийн байдал улам хурцдав. Цэргийн хүчнийг нийслэл хот руу оруулж, парламентын ордныг бүслүүлсэн Өмнөд Солонгосын 13 дахь Ерөнхийлөгч Юн Сок Ёол ч одоо мөн огцрох цаашлаад хуулийн хатуу хариуцлага хүлээх өндөр магадлалтай байна.

СОЛОНГОСТ ТОГТООСОН ЦЭРГИЙН ОНЦ БАЙДЛЫН ЭРГЭН ТОЙРОНД:

БНСУ-ын Ерөнхийлөгч БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол өнгөрсөн мягмар гарагийн орой орон нутгийн цагаар 22:15 цагт мэдэгдэл хийж, Өмнөд Солонгос даяар цэргийн онц байдал зарласан. Цэргийн онц байдлыг БНСУ нь дайн, мөргөлдөөний үеийн онцгой түгшүүрийн үед зарладаг бөгөөд тус улсын хувьд сүүлийн 45 жилийн турш цэргийн онц байдалд зарлаагүй байв. Харин 45 жилийн дараах ардчиллын үед цэргийн онц байдлын зарлахдаа Ерөнхийлөгч Юн Сок Ёол “Сөрөг хүчний удирдлагууд нууцаар хуйвалдан төрийн эсрэг ажиллагаа зохион байгуулж, бослого гаргахаар төлөвлөж байна” хэмээн мэдэгдэж, онц байдал зарласнаар Солонгосын армийн цэргүүд, танк, хуягтууд нийслэл Сөүл хот руу орж, парламентын ордон, сөрөг хүчний намын байр, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн байранд хамгаалалтад гарч, хаалт хийгээд байсан билээ.

 

Харин тус улсын Үндэсний Ассамблейн дарга Ву Сон Сик цэргийн онц байдлыг цуцлахыг хүссэн тогтоол гаргаснаар парламентын гишүүд Үндэсний аюулгүй байдлын байранд хуралдаж, парламентын 190 гишүүн дэмжсэнээр Ерөнхийлөгчийн тогтоосон цэргийн онц байдлыг дөрвөн цагийн дараа цуцалснаар нөхцөл байдлыг арай намжаасан юм.

 

Хэдий Солонгосын Ерөнхийлөгч Юн Сок Ёолын тогтоосон цэргийн онц байдлыг албан ёсоор цуцалж, цэргийн хүчнийг эргүүлэн татсан ч эмх замбараагүй байдал үргэлжилж, хэдэн мянган иргэн Сөүл хотын төвд үргэлжлүүлэн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулав. Тодруулбал, орон нутгийн цагаар 22:15 цагт цэргийн онц байдал зарлаж, шөнийн 02:00 цагийн орчимд онц байдлыг цуцалсан ч иргэд жагсаж, төрийн тэргүүнээ огцрохыг шаардсан. Үүнтэй ч холбоотойгоор Өмнөд Солонгосын хууль тогтоогчид Ерөнхийлөгч Юн Сок Ёолыг огцруулах санал өргөн барьж, парламентаар хэлэлцэж эхэлсэн. Төрийн тэргүүнийг бүрэн эрхээс нь чөлөөлөх тухай санал хураалтад хууль зааснаар парламентын гишүүдийн гуравны хоёр нь буюу 200 гаруй хүн саналаа өгөх ёстой. Тиймээс зарим шалтгааныг харгалзан үеэж Ерөнхийлөгч Юн Сок Ёол огцрох эсэх асуудлаарх санал хураалт хэд хоногийн турш үргэлжлэх төлөвтэй байгааг орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.

ЕРӨНХИЙЛӨГЧ ЮН СОК ЁОЛ ОГЦРОХ УУ

Өмнө нь Өмнөд Солонгосын Ерөнхий прокурорын алба хашиж байсан өдгөө 63 настай Ерөнхийлөгч Юн Сок Ёол 2022 онд Мүн Жэ Ин Ерөнхийлөгч огцорсны дараа төрийн тэргүүнээр сонгогдсон. БНСУ-ыг удирдаж эхэлсэн цагаасаа л сөрөг хүчин, хэвлэл мэдээлэл, олон нийтээс шүүмжлэл хүртэж байсан Юн Сок Ёол энэ удаад унаж болох шалтгааны нэг нь цэргийн онц байдал зарласнаас гадна түүний гэргий, Солонгосын тэргүүн хатагтай гэнэ.

Тодруулбал, БНСУ-ын тэргүүн хатагтай 52 настай Ким Кеон Хи нь өнгөрсөн жилүүдэд үнэт цаасны залилан хийж, их хэмжээний хөрөнгө нуун дарагдуулж байсан нь Солонгосын хэвлэлүүдээр ил болж, багагүй шүүмжлэлд өртсөн. Мөн энэ удаад Ерөнхийлөгч Юн Сок Ёолыг цэргийн онц байдал зарласны дараа төрийн тэргүүний 10 зөвлөх бүгд мэдээлэлгүй байсан, онц байдал зарлах гэж байсныг мэдээгүй тухайгаа мэдэгдсэн. Ингэснээр Ерөнхийлөгчийн цэргийн онц байдал зарлахад нь тэргүүн хатагтай Ким Кеон Хи нөлөөлж, онц байдал зарлуулсан байж болзошгүй талаар Солонгосын зарим хэвлэл мэдээлсэн байна.

     Ийн болж буй үйл явдалтай холбоотойгоор Ерөнхийлөгч Юн Сок Ёолыг огцруулах асуудал улам идэвхтэй яригдаж, түүний хүмүүсийг ч Хөх ордноос гаргах тухай асуудал гарчээ. Тухайлбал, онц байдал цуцлагдаж, төрийн тэргүүнийг огцруулах санал гарснаас хойш Ерөнхийлөгч 10 зөвлөх бүгд албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байна. Түүнчлэн БНСУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаас эхлээд тус газрын хэлтсийн дарга нар ч ээлж дараагаараа чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлээд байгаа юм байна. Үүнд ч Солонгосын сөрөг хүчин болж буй зургаан нам нэгдэж байгаа хэмээн судлаач, шинжээчил үзэж буй бөгөөд Ерөнхийлөгч Юн Сок Ёолыг багийнхантайгаа хамт огцрох магадлалыг 75 орчим хувь гэж үзжээ.

Хамгийн сүүлийн мэдээллээр БНСУ-ын Ерөнхийлөгчийг огцруулах санал сөрөг хүчний намуудын 191 гишүүн дэмжсэн гарын үсэг зураад буй бөгөөд үргэлжлүүлэн Юн Сок Ёолд итгэл үзүүлэх эсэх импичментийн хурлыг энэ сарын 6-7-ны өдөр зохион байгуулж, санал хураахаар болсон байна. Хэрэв импичментийн хурлаар орсон ч төрийн тэргүүнийг огцруулах санал батлагдвал Юн Сок Ёолын бүрэн эрхийг шууд түдгэлзүүлж, тус улсын Ерөнхий сайд Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч болох гэнэ. Улмаар Үндсэн хуулийн шүүх эцсийн шийдвэрийг гаргаснаар 60 хоногийн дотор дахин сонгууль явуулж, БНСУ-ын Ерөнхийлөгчийг шинээр сонгох юм байна.

 

 


БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ, ЭРХ БАРИГЧ НАМЫНХАН БҮГД ОГЦОРЧ, СӨРӨГ ХҮЧИН СОЛОНГОСЫГ УДИРДАНА ГЭВ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-08 12:00:39
    S: SEKSY NZ AMRAG BOLI XUSMEER80955877
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188