• Өнөөдөр 2024-04-20

ХАВТАСТ ХЭРЭГ: СОГТУУРЛАХ УНДААНЫ ЗҮЙЛ ХЭРЭГЛЭСЭН ҮЕДЭЭ ГЭР БҮЛИЙНХЭЭ ХҮНИЙГ ОНЦ ХЭРЦГИЙГЭЭР ХӨНӨӨЖЭЭ

2022-09-30,   713

       Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний биед санаатайгаар халдан, улмаар амь насаар нь хохироох гэмт хэрэг сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсээр байна. Ялангуяа согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эцэст нь эхнэрийнхээ, эсвэл нөхрийнхөө аминд хүрсэн хэрэг давамгайлж байгаа юм. Тэгвэл хэдхэн сарын өмнө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд иргэн Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийнхээ хүнийг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг “Хавтаст хэрэг” булангаараа хүргэх гэж байна. 

        Тодруулбал, шүүгдэгч Б.Э нь 2022 оны хоёрдугаар сарын 20-21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дарь-Эхийн 12-1409 тоот хашаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн хамтран амьдрагч Б.Т-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэжээ. Үүнээс болж түүний биед хүч хэрэглэн халдаж, гараараа алгадах, цохих зэргээр зодсоны улмаас биед нь хүнд гэмтэл буюу элэгний урагдал, задрал, тархины хоёр тал бөмбөлгийн дагзны дэлбэн, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, зүүн зулай, духны дэлбэнгийн хатуу хальсан доорх цус хуралт, хүзүүний долдугаар нугалмын зүүн латерал массын хугарал, сээрний тав, зургадугаар нугалмын их биеийн хугарал, доод эрүүний далд хугарал, баруун хоёр, наймдугаар хавирганы далд шууд хугарал, хоёр уушгины доод дэлбэнгийн долдугаар сегментийн ар гадаргуугийн цус хуралт, няцрал, хоёр бөөрний хальсны цус хуралт, нүүр их бие, мөчдийн олон тооны цус хуралт, зулгаралт гэмтэл зэрэг олон тооны шарх үүсгэн, Б.Т-г согтуурсны улмаас биеэ хамгаалах чадваргүй, биедээ гэмтэл авсан болохыг мэдсээр байж онц харгис хэрцгийгээр хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүгдэгч Б.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ би баарнаас гараад салхинд цохиулсан, тасарсан байсан юу болсныг сайн мэдэхгүй. Согтуу хүмүүс сайн явж чадахгүй тэврэлдэж давхралдаж унаж, ойчоод хохирогчид тийм гэмтлүүд учирсан байх. Баарнаас гэр хүртэлх зам өгсүүр, явахад эвгүй, унаж ойчих боломжтой. Хэдэн ч удаа унаж, ойчсын билээ. Би өөрөө тасарсан байсан болохоор хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй болсон байсан гэдгийг мэдэхгүй байна. Би хохирогчтой албан ёсоор гэрлээгүй, бидэнд гэрлэлтийн баталгаа байхгүй тул гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан гээд байгааг ойлгохгүй байна” гэсэн.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н  нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би 11 дүгээр сард төрсний дараа манай эгч нэг хүнтэй танилцсан гэрлэх гэж байгаа талаар надад хэлж байсан. Харин би шүүгдэгчтэй харилцаж байгаагүй. Оршуулгын зардлыг нэхэмжилсэн боловч шүүгдэгчийн талаас нэг ч хүн биднийг яаж байгаа талаар асууж яриагүй. Оршуулгын зардал 12 сая гаруй төгрөгийг барагдуулсан тохиолдолд энэ хүний машиныг буцаан өгөх болно. Энэ хүн манай эгчтэй хамтран амьдрах гурван сарын хугацаанд манай бүх хамаатан, садангийн гэр орноор орж, уулзаад бидний талаар мэдэж авсан байсан. Манай хамаатнууд энэ хүн ялаа эдэлж дуусаад гарч ирээд яах бол гэдгээс айж байна. Маш их гомдолтой байна. Хуулийн дээд хэмжээгээр нь шийтгэж өгнө үү” гэжээ.

Шүүхийн шийдвэр:

Б.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад заасан “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Эд 18 /арван найман/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд оногдуулсан 18 /арван найман/ жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эийн цагдан хоригдсон 100 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

         Мөн хүний эрхийн түгээмэл тунхаглалын гуравдугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний халдашгүй байдлыг баталгаажуулсан байдаг. 

 

 

 

ХАВТАСТ ХЭРЭГ: СОГТУУРЛАХ УНДААНЫ ЗҮЙЛ ХЭРЭГЛЭСЭН ҮЕДЭЭ ГЭР БҮЛИЙНХЭЭ ХҮНИЙГ ОНЦ ХЭРЦГИЙГЭЭР ХӨНӨӨЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188