Баян-Өлгий аймгийн дарга нар газар нутгийн нэр дураараа өөрчилж, Үндэсний аюулгүй байдалд халдсан байж болзошгүй хэргээр 2020 оноос хойш хуулийн байгууллагынханд шалгагдаж байгаа. Тодруулбал, төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй болгох үүднээс Баян-Өлгий аймгийн Дэлүүн, Улаанхус, Сагсай, Өлгий суманд 2013 оноос хойш 11 баг шинээр байгуулсан байдаг. Ингэхдээ үе үеийн дарга нар нийлж 4-5 багийн нэрийг казах болгон сольж, улсын бүртгэлд бүртгэсэн байсныг хуулийн байгууллагынхан, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газрынхан болон холбогдох байгууллагуудын мэргэжилтнүүд илрүүлж, шалгалтын ажиллагааг эхлүүлсэн байдаг.
Тэгвэл тухайн үед шинээр байгуулсан багийн нэрийг хэрхэн өөрчилж, улсын бүртгэлд казах нэрээр бүртгүүлж байсныг эх сурвалж бидэнд мэдээлсэн юм. Тэрбээр “2015 онд Дэлүүн суманд гурван баг шинээр байгуулсан. Ингэхдээ Шинэ айл багийн нэрийг Жана-Аүл, Улаанхус сумын Улаан эрэг багийн нэрийг Каызыл-Жар, Сагсай сумын Өмнөгол багийн нэрийг Өмнөговы, Өлгий сумын Хөх хад багийн нэрийг ... хэмээн казах болгон өөрчилж байсан” гэв.
Мөн тухайн үед Хил хамгаалах байгууллагынхны хийсэн судалгаагаар Баян-Өлгий аймгийнхан газар, усны нэр өөрчилж, 85 хувийг нь казах болгочихсон эсвэл казах аялгаар дууддаг болохыг тогтоосон байдаг. Тухайлбал, Цагаан голыг Аксул, Таван богдыг Бесбогда, Хар ямаатыг Хар жамат, Бага түргэний уулсыг Сыргаль гэх мэтээр казах болгож, өөрчилсөн гэнэ. Сүүлийн үед Баян-Өлгийчүүд иймэрхүү байдлаар газар, усны нэрийг дур мэдэн өөрчилж, казахаар дуудах нь элбэг болжээ. Энэ нь Үндэсний аюулгүй байдал болоод хилийн аюулгүй байдалд шууд халдаж буй ноцтой асуудал болоод байгаа юм. Мөн казахууд бусад үндэстнүүдээ дээрэлхэж, өвөлжөө, хаваржааг нь шахаж буух эсвэл гэрийнх нь гадаа талийгаачаа оршуулж байгаад ч хамаагүй газар нутгийг нь авдаг асуудал эртнээс байсан гэдэг.
2003 оны аравдугаар сарын 31-ний 42 дугаар УИХ-ын тогтоолоор “Монгол Улсын нутаг дэвсгэрийн газар зүйн нэрийн жагсаалт” баталсан байдаг. Уг жагсаалт дахь газар, усны газар зүйн нэрийг албан хэрэг, олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд мөрдүүлэх, тухайн орон нутагтаа ард иргэдийн дунд сэргээн хэвшүүлэх, цаашид хууль бусаар газар орны нэр өөрчлөх гэмт явдалтай хууль тогтоомжийн дагуу тууштай тэмцэх, уул ус, газар нутгаа эрх бүхий байгууллагаас баталсан нэрээр зөв нэрлэж занших, өөрчлөн буруу нэршихээс сэргийлэх, монгол хэлнээс бусад хэлээр орчуулах буюу бусад хэлний дуудлагаар галиглахгүй байхыг Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2017 оны долдугаар сард зарлиг болгож байсан юм. Ийн Монгол хэлний тухай болон Эрүүгийн хууль, УИХ-ын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг зэрэг эрх зүйн баримт бичгүүд байсаар атал Баян-Өлгий аймгийн дарга нар дээрх эрх зүйн баримт бичгүүдийг санаатай зөрчих тохиолдол бий болжээ. Тухайлбал, газрын зураг хэвлэдэг аж ахуйн нэгжүүд ч мөн хууль зөрчиж зарим газар, нутгийн нэрийг казах нэрээр хууль бусаар хэвлэсэн гэх асуудал үүсэж байсан гэдэг.
Баян-Өлгий аймгийн зарим сумын газар нутгийн нэрийг казах нэрээр өөрчилсөн гэх асуудал шүүхийн шатандаа үргэлжилж байгаа. Тэдний шүүх хурал өнгөрсөн наймдугаар сар, есдүгээр сард болсон. Тодруулбал, тэднийг Эрүүгийн хуулийн 19.16 дахь хэсэгт заасан “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, хилийн цэс, газар орны нэрийг хууль бусаар албан ёсны баримт бичиг, газар зүйн зурагт өөрчилсөн” гэх үндэслэлээр яллагдагчаар тооцоод байгаа юм.
Тухайлбал, тэднийг Улаанхус, Дэлүүн, Сагсай сумд шинээр баг байгуулахдаа казах нэрээр улсын бүртгэлд бүртгэсэн хэмээн буруутгасан юм. Үүнд, Баян-Өлгий аймгийн Засаг дарга асан Д.Бауыржан, Баян-Өлгий аймгийн Засаг дарга байсан, одоо АТҮТ-ийн дэд даргаар ажиллаж буй А.Гылымхан, тус аймгийн Засаг даргын Нийгэм, эдийн засгийн салбар хариуцсан орлогч А.Камелият, ИТХ-ын нарийн бичгийн дарга асан А.Серикболат, Улаанхус сумын Засаг дарга О.Нурлан, Ногооннуур сумын Засаг дарга К.Хуаниш, Сагсай сумын Засаг дарга С.Хонаев, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга К.Бекжан, Хууль, эрхзүйн хэлтсийн дарга Ө.Хуралай, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга К.Болат, Улсын бүртгэлийн газрын дарга С.Арман, ИТХ-ын ажлын албаны эрх зүйн ажилтан Т.Аршагүль, Цэнгэл сумын Засаг дарга Д.Ербол, Цагааннуур тосгоны захирагч П.Есболат нарыг холбогдуулан шалгаж байгаа аж. Хууль бусаар газрын нэр өөрчилсөн хэрэгт холбогдсон холбогдогч нарт хилийн хориг тавьж, таслан сэргийлэх арга хэмжээг шүүхээс авсан гэх. Удахгүй тус хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхээр хэлэлцэх болсон байна.
Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хууль бусаар газрын нэр өөрчилсөн дарга нарыг Үндэсний аюулгүй байдалд халдсан болоод Хилийн аюулгүй байдалд нөлөөлсөн гэж үзвэл хуулийн хүрээнд ямар хариуцлага хүлээх ёстой байдгийг танилцуулъя. Хэрэв тэднийг Үндэсний аюулгүй байдалд халдсан гэж үзвэл, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн тавдугаар бүлгийн 20.1-т заасны дагуу Үндэсний аюулгүй байдлын тухай хууль зөрчигчид Монгол Улсын хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ хэмээсэн байна. Харин Хилийн тухай хуулийн наймдугаар бүлгийн 57.1-т заасны дагуу энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. Харин 57.2-т заасны дагуу энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ хэмээсэн байдаг.
Мөн иргэд Баян-Өлгий аймгийн дарга нарыг газар, нутгийн нэрийг казах болгон өөрчилж, өөрийн эзэмшил болгодог хэмээн ярьдаг. Тэгвэл 2020 оноос хойш Баян-Өлгий аймгийн хэмжээнд шинэ баг байгуулсан болон газар, нутгийн нэр өөрчилсөн эсэх талаар Баян-Өлгий аймгийн ИХТ-өөс тодрууллаа. Тэрбээр “2020 оноос хойш аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн хурлаар газар, нутгийн нэр өөрчлөх болсон тухай асуудал огт яригдаагүй. Сонгууль дөхөж байгаатай холбоотойгоор МАН-ынхны дотоод дахь зодоон эхэлчихсэн байна. Тиймээс Баян-Өлгий аймгийн дарга нарын газар, нутгийн нэр сольсон гэх суудал дахин яригдаж, олон нийтийн сүлжээгээр худал, ташаа мэдээлэл тарж байна. Ер нь, тэд нэгнийгээ буланд шахаад эхэлчихсэн гэсэн үг. Тиймээс шүүхээр тэдний зорчих хөдөлгөөнийг хүртэл хязаарлаж, дараагийн сонгуульд орох эрхгүй болгож байна” гэсэн юм.
Мөн хууль бусаар газар, нутгийн нэр сольсон гэх дээрх хэрэгт холбогдсон дөрвөн сумын Тамгын газрын дарга нар болон бусад эх сурвалжуудтай холбогдож, зарим зүйлийг тодруулсан юм. Баян-Өлгий аймгийн Өлгий сум шинээр хэдэн багтай болсон талаар ЗДТГ-ын дарга М.Саүлешээс тодрууллаа. Тэрбээр “Манай сум 13 багтай. 2013 онд дөрвөн баг шинээр байгуулагдаж байсан. Манай сумын газар, нутгийн бүх нэр монголоор бүртгэгдсэн байгаа. Харин нутгийн иргэд хоорондоо зарим уул, усны нэрийг казахаар орчуулж ярьдаг нь нууц биш. Сумын төвийнхөө зарим гудамжинд алдартай хүмүүсийнхээ хөшөөг босгосон учир тэдний нэрээр нэрлэх тохиолдол бий “гэв.
Дэлүүн сумын ЗДТГ-ын дарга Х.Самаркан “Манай сум 2019 оны арваннэгдүгээр сард хоёр шинэ багтай болсон. Хөх толгой гэх ёсдүгээр багаас арванхоёрдугаар баг болох Шинэ айл баг бий болсон. Мөн Чихэртэй хэмээх дөрөвдүгээр багаас Хүйтэн буйр хэмээх арваннэгдүгээр баг бүрдэж байсан. Манайх 12 багийнхаа нэрийг монголоор бүртгэсэн учир нутгийн иргэд ч бүртгэлийн нэрээр дууддаг. Харин малчид өөрсдийнхөө амьдардаг газар нутгийг хэрхэн дуудаж, нэрлэдэгийг мэдэхгүй” хэмээв.
Мөн Улаанхус сумын мэргэжилтэнгээс шинээр хэдэн багтай болж, ямар нэрээр нэрлэсэн талаар тодруулахад “2018 онд шинээр гурван багтай болж байсан. Бид багаа ес, арав, арваннэг гэхчилэн тоогоор нэрлэдэг болохоор нэрийг нь мэдэхгүй байна. Тухайн багийн төв байх газрын нэрээр нэрлэсэн болов уу гэж бодож байна. Иргэн бүр өөрсдийнхөө багийн нэрийг мэдэх байх” гэв.
Баян-Өлгий Монголын нэгэн аймаг учир тэд газар, нутгаа зайлшгүй монголоор нэрлэх, дуудах, өвлүүлэх бусадтайгаа ижил хуулинд захирагдаж амьдрах ёстой. Гэтэл газар, нутгийн нэр дураараа солих хэмжээнд хүртэл даварч болохгүй. Үүнээс гадна казахууд улсынхаа Ерөнхийлөгчийг хүртэл танихгүй царайлж, үл тоодог болчихсон болчимгүй зан гаргасан нь олон нийтийн сүлжээгээр ил болсон. Казахууд Монгол Улсын түүхийг бүтээлцэж, ижил хуулинд нь захирагдаж амьдрах ёстой гэдгийг дээрх хоёр жишээгээр дахин сануулъя.
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ДЭЛҮҮН, УЛААНХУС, САГСАЙ, ӨЛГИЙ СУМАНД 11 БАГ ШИНЭЭР БАЙГУУЛАХДАА ДӨРВӨН ГАЗРЫН НЭРИЙГ СОЛЬЖ, КАЗАХ БОЛГОЖЭЭ |
|
2025-04-02 14:20:59
2025-04-02 14:15:21
2025-04-02 14:10:31
2025-04-02 14:03:06
2025-04-02 13:12:12
2025-04-02 12:46:09
2025-04-02 12:27:55
2025-04-02 12:13:43
2025-04-02 12:00:00
2025-04-02 11:50:40
2025-04-02 10:49:00
2025-04-02 10:20:54
2025-04-02 09:21:01
2025-04-02 07:00:00
2025-04-02 07:00:00
2025-04-02 07:00:00
2025-04-02 07:00:00
2025-04-02 07:00:00
2025-04-02 07:00:00
2025-04-02 06:00:00
2025-04-02 06:00:00
2025-04-01 18:33:37
2025-04-01 17:03:00
2025-04-01 15:51:51
2025-04-01 15:43:06
2025-04-01 15:42:34
2025-04-01 15:40:22
2025-04-01 15:36:53
2025-04-01 15:35:04
2025-04-01 15:07:10
2025-04-01 13:49:50
2025-04-01 13:47:49
2025-04-01 13:01:31
2025-04-01 12:33:50
2025-04-01 12:28:01
2025-04-01 07:59:43
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |