• Өнөөдөр 2024-04-18

Эм, тарианд “бөмбөгдүүлсэн" МОНГОЛ МАЛЫН МАХ ХООЛ БИШ ХОР БОЛСОН УУ-I

2022-04-22,   1910

    -МАЛЫН ЭМ, ТАРИАНЫ ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭЭ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД ЗАНАЛХИЙЛЖ БАЙНА-

   Монгол малын мах хүний эрүүл мэндэд хортой хүнс болон хувирчээ. Бүр үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд хүрээд байгаа гэнэ. Үүнд төр засаг огт анхаарал хандуулахгүй, эрдэмтэн судлаач нар нь амаа үдүүлсэн мэт чимээгүй байгаа нь энэ төрлийн бизнес эрхлэгчид болон шахааны эм тариагаар ашиг ологчдын шуналыг гааруулж байна. Монгол малын мах хүмүүс бидний үр удамд нөлөөлөх, хорт хавдар үүсгэх гээд хүний бие, эрүүл мэндэд хортой олон төрлийн бодис агуулж байна гээд уншигч та боддоо. Энэ талаарх бодит мэдээллийг хайж, мэргэжлийн эрдэмтэн судлаач нарын гаргасан судалгаа, эмийн гаж нөлөө зэрэгт тулгуурлан энэхүү цуврал сурвалжилга бэлтгэж байна.

             Эм, тарианы гаж нөлөөг мэдэхгүй хүн гэж үгүй. Эрүүл хүнд тариа, хүчтэй үйлчилгээтэй эм зэргийг хэрэглэхээр ямар үр дүн гардаг вэ. Тэгвэл монгол мал ашигтай, ашиггүй тариа, эм, тарианд сэхээ авалгүй “бөмбөгдүүлж” байна. Малчид хавраас эхлээд малаа таргалуулж, тэнхрүүлэх, хачиг, гуурнаас нь салгах гээд янз бүрийн тариа тарьж эхэлдэг. Бүр сумдын мал эмнэлгийнхэн гэх хувийн компанитай малын эмч нар тарилга хийх ажлыг гардан ажиллаж байна. Нэг малд шаардлагатай тохиолдолд жилд 8-9 вакцин, олон арван тариа, эм өгч, ёстой л малыг эмийн “боол” болгож байгаа гэнэ. Энэ нь эргээд өвсний хамгийн шимтэй  соргог, усны  тунгалгийг ууж явдаг экологийн цэвэр хүнс биш. Химийн хорт бодис, хүний биед хор болох хүнс болон хувирдаг байна. Шуудхан монгол малын мах эм, тариа, вакцины замбараагүй хэрэглээнээс болж өөрчлөлтөд орж, генийн  өөрчлөлтэй тахианы мах гэдэг шиг л хортой  хүнс болон хувирдаг гэсэн үг юм.    

МАЛЫН ЭМИЙН САНЧ Т: ИВОМЕК, ЦАГААН ТАРИА, ТУУЛГА ТАЛХ ШИГ ЗАРАГДДАГ

          Бид малын эмийн сангуудад очлоо. Тэнд малчид малын тариаг талх шиг л худалдан авдаг юм байна. Эндээс ямар  нэртэй тариаг хэр хэмжээгээр авдаг вэ гэдэг нь тодорхой болох аж. Малчид өт, батганы цацлага, тэнхрүүлэх, дархлаа дэмжих витамин, амин дэмүүд, малын хөл, нүд нь хавагнах, доголох үед хийх тариа, хамуу, шимэгч хорхой устгах, нян бактерийн эсрэг антибиотик, ивомек тариаг гэрийнхээ хүнсэнд хэрэглэх гэж байгаа хайрцаг, хайрцгаар нь, шил шилээр нь авахаар зэхэж байна. Машинаа эмийн сангийн үүдэнд эгнүүлж зогсоогоод авсан эм, тариа, зүү, том том тариураа зөөж байв. Хэдийгээр антибиотикийг эмчийн зааврын дагуу өгөх ёстой ч энд үйлчилж байгаа заавар, зөвлөмж гэж алга. Зогсоо, зайгүй малдаа эм, тариа шахаж, “Тэр ч сайн гэнэ. Тийм тариа хийвэл өвөл ядарч, эцэхгүй, хавар өргүүлэхгүй” гээд л нэг рүүгээ утас цохих юм. Эмийн санчид хандан “Ивомекоос хэдэн шилээс дахиад авъя. Өнөөх хэдэд маань бас хэрэгтэй гэнэ” гээд утсаа амандаа зуучихаад, инээж байх.

Эмийн санчид “Энэ сайн бүтээгдэхүүн. Шинээр гарсан, орц, найрлага нь шинэчлэгдсэн. “Малаа шимэгч хорхойд бариулахгүй, таргуулахыг хүсвэл, хавар тарга тэвээртэй байлгая” гэвэл энэ тарилгыг ав. Сүүлийн үед хүмүүс энийг ихээр сонирхож авч байгаа. Өөр юу хэрэгтэй байна. Цацлага, цагаан тариа авах уу” гэх мэтээр асууж, бараагаа шахаж байв.

Малын эмийн санч Т-ээс малчид ямар эмийг голчлон авдаг талаар  тодруулахад “Малчдын авдаг хэдхэн тариа, эм л байдаг шүү дээ. Цагаан тариа, ивомек, туулга буюу тарган цагаан гурав эрэлттэй зарагддаг. Мөн үүнээс гадна адууны бэлдмэл, хурдан моринд хэрэглэх амин дэм, витамин, хөлийн тос зэргийг голчлон авдаг. Малчид ирэхдээ өөрийнхөө малд тарихаас гадна хаяа, хотныхоо айлын малд тарих тариа, эмийн захиалгатай ирдэг юм. Тэгээд л ийм их эм, тариа авч байгаа юм шиг харагддаг. Мөн байн, байн Улаанбаатар руу орж ирээд байх боломжгүй болохоор хэрэгцээндээ тааруулж, нөөцлөөд аваад явдаг. Бид хэдийгээр заавар зөвлөмжийн дагуу эм, тариагаа зардаг ч малчид гэртээ очоод хэрхэн, яаж тарьж, хэрэглэдгийг мэдэхгүй” гэлээ.

МАЛЧИН Р: ИВОМЕК ТАРИХГҮЙ БОЛ МАЛ МУУДАЖ, ТАРГАЛАХГҮЙ

        Малчид малын эм, тариаг гэрийнхээ хойморт овоолж, малдаа зогсоо, зайгүй шахаж, эрүүл болгох нэрийдлээр эмийн хордлогод оруулж байна. Монгол малын махыг шахахад эм, тарианы үлдэгдэл дуслах хэмжээнд очжээ. Энэ бол ноцтой аюул гэсэн үг. Үндэсний аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдалд заналхийлсэн хэргийг малчид малын эмч, малын эмийн санчтай нийлээд үйлдэж байна гэхэд буруудахгүй болов уу. Угтаа малчид үүнийг мэдэж байгаа хэдий ч мэдээгүй царайлдаг. Тэр бүү хэл нуун дарагдуулдаг. Бид малын эмийн сангаар үйлчлүүлж байгаа малчидтай уулзаж, эм, тариаг их хэмжээгээр хэрэглэж байгаа шалтгааныг тодруулсан юм.  

           Малчин Р “Амьдралын баталгаа болсон хэдэн малаа тордож, нааш, цаашаа гэхгүй бол горьгүй. Манай суманд малын гоц халдварт өвчин гараад голомт нь хумигдсан. Одоо л тэнхрүүлж, урьдчилан сэргийлж, дархлаа дэмжих тариа, эм өгөхгүй бол хэдэн мал минь өвөл онд орохгүй. Зун гэхэд зарж, борлуулах малгүй болно. Малчин бидний орлогын гол эх үүсвэр нь мал, малын бүтээгдэхүүн. Дулааны улиралд өт, зурхантайгаа “дайд”-аад дийлдэхгүй, өвөл нь ядраад онд орохгүй байх вий л гэж айхдаа эм, тариаг чихэр шиг хэрэглэдэг болсон. Ядаж тарга тэвээр сайтай байх юм бол борлуулж, мөнгө болгоход ч амьдралд хэрэгтэй шүү дээ. Ивомек тарьсан мал цаанаа л ондоо. Хоёроос гурван сар болоод ивомек хийчихэд зун авсан тарга тэвээрээ алдахгүй урин дулаан цагтай золгодог юм. Эмийн санчид ч ивомекийг хоёр сарын зайтай хийхэд болно гэж хэлдэг шүү дээ. Бид өөрсдөө хэм хэмжээг нь тааруулаад л малдаа тарьчихдаг. Малын эмчээр тариулахаар гэрчилгээ, хүнсэнд хэрэглэх бичиг гээд бөөн ажил болдог юм” гэлээ.

МАЛЧИН Н: ЖИЛД ДУНДЖААР НЭГ ХОНИНД 10-12 ТӨРЛИЙН ВАКЦИН, ТАРИА ХИЙДЭГ

            Малчин Н: “Малын гоц халдварт өвчин манай аймагт бүртгэгдсэн. Голомт дарагдсаны дараа хэдэн мал борлуулж, мөнгөтэй боллоо. Хэдэн төгрөгтэй болсон учраас малдаа тариа, витамин авч явна. Бас манай ойр хавийнхан эм, тариа захисан. Нэг тордоод авбал хэдэн сардаа гайгүй. Голомт л гарчихгүй бол эм, тариаг улиралд л нэг хийдэг юм, шаардлагатайг нь. Энэ жил малын гоц халдварт өвчин их гарч байгаа учраас манайх малдаа шүлхий, цэцэг өвчний вакцин 28 хоногийн хугацаатай тариулсан. Мөн энэ намар ивомекийг хоёр ч удаа тариад байна. Ивомек тарьсан бол долоо хоног мах, сүүг нь хэрэглэдэггүй. Бусдаар бол бидэнд асуудал гарахгүй. Төлөвлөгөөт тарилт, вакцин, хамуу, туулга гээд жилд дунджаар нэг хонинд 10-12 төрлийн вакцин, эм, тариа хийдэг. Үхэрт ч мөн ялгаагүй. Эм, тарианы хор малын биеэс гадагшлах хугацааг л хүлээж чадвал аюул байхгүй. Зарим малчид гурав хоногийн дараа л малаа борлуулж, сүү, сүүн бүтээгдэхүүнийг нь хэрэглэж эхэлдэг шүү дээ.

МАЛЧИН Б: ТУУЛГА БУЮУ ТАРГАН ЦАГААНЫГ ХОЁР УДАА ОЙРХОН ХЭРЭГЛЭХГҮЙ БОЛ ҮЙЛЧИЛДЭГГҮЙ

          Малчин Б “Малчид сүүлчийн жилүүдэд эм, тариаг малдаа замбараагүй тарьж, хяналтаа алдаж байгаа гэдэг нь үнэн. Нэгийнхээ амнаас сонссон сайн гэсэн болгоноо хэдэн малдаа тарьж байна. Олон ч эм, тариаг сурталчилж, малчдын тархийг угаадаг болсон цаг. Манайх гэхэд л жилдээ 7-8 төрлийн эм, тариа малдаа хийж байна. Хачиг, хувалзын эсрэг тариа, арьсан дээрх өвчлөл зэргийн малчид гэртээ нөөцөлдөг. Ивомек тариаг бол бүр ч их хэрэглэж, малдаа тариад зуршил болгосон. Хэдийгээр уг тариаг жилд 1-2 удаа хийх ёстой гэдэг ч малчид зарим тохиолдолд 28 хоноод л хийдэг нь нууц биш. Малчдын хамгийн их хэрэглэж, өр өгөөжийг нь хүртдэг тариа ивомек. Үр дүн ч сайтай. Туулга буюу тарган цагааныг нэг удаа хэрэглээд үр дүн өгнө гэж байхгүй. Заавал ч үгүй хоёр ойрхон хэрэглэхгүй бол үр дүнгүй, ашиггүй байдаг юм. Ер нь малчид бид өөрсдөө малдаа тарих хэмжээгээ тохируулж хэрэглэхгүй бол эмч нарын хэлсэн тунгаар тарих юм бол бүтэхгүй. Мөнгөний гарз болно. Олон жил малаа өөрсдөө тарьж байгаа болохоор бид ямар тунгаар тарих вэ гэдгээ сайн мэддэг болчихсон” гэв.

МАЛЫН ЭМЧ: ИРГЭД МАЛЧДЫН БУРУУГААС БОЛЖ, ЭМИЙН ҮЛДЭГДЭЛТЭЙ, ТУНГИЙН ИЛҮҮДЭЛТЭЙ МАХ ИДЭЖ БАЙНА

         Малчид дур мэдэж, малдаа сайн гэсэн болгоныг шахаж, нэг үгээр малаа эм, тарианы талбар болгож байна. Тэд дуртай цагтаа, дурын хэмжээгээр эм, тариагаа найруулж, ихэнхдээ эмчийн хэлсэн хэмжээнээс хэтрүүлэн өгч, монгол малын ирээдүйд заналхийлж байна гэхэд буруудахгүй. Малын эмийн сан ороод дуртай хэдэн тариагаа аваад хөдөө рүүгээ давхидаг. Очоод орон дороо авсан эм, тариагаа хадгалж, хадгалах горим алдагдуулдаг. Химийн гаралтай тариаг хоног өнжөөд угсруулан малдаа тарьдаг, хооронд хольж, хутгадаг асуудал малчдын хувьд энгийн үзэгдэл. Тэдний ярианаас эм, тариа хэрэглэх нь энгийн үзэгдэл, байх л ёстой зүйл гэдгийг төвөггүй харуулах биз ээ. Тэгвэл малын гавьяат эмчтэй холбогдож, дараах тодруулгыг авав.

           Малын ЭМЧ Х: Малын эмийг мал ганцхан хэрэглээд байгаа юм шиг хүмүүс ойлгодог. Гэтэл энэ нь угтаа бидний хүнсний аюулгүй байдал, эрүүл мэндтэй холбоотой шүү дээ. Ийм учраас малчид малын эмийн хэрэглээнд маш хариуцлагатай хандах хэрэгтэй. Малчид ивомекийг ядарсан малд л тарьдаг гээд ойлгочихсон. Гэтэл энэ тарилга нь гадна хорхой, паразитын эсрэг үйлчилгээтэй юм. Харамсалтай нь, малчид ивомекоос сайн тариа байхгүй, ямар л бол ямар өвчинд тарина гээд ойлгочихсон. Тус тариаг жилд хамгийн ихдээ гэхэд хоёр удаа хийх ёстой. Тус тариаг малдаа тарьсан бол 28-54 хоног хүнсэнд хэрэглэж болохгүй гэж хатуу заасан байдаг. Хамгийн удаан малын биеэс гадагшилдаг химийн найрлагатай бодис. Гэтэл малчид ядарсан малдаа ивомек тарьж, тарьж дээрдэхгүй болохоор нь нядлаад ирдэг. Тэгэхээр хэрэглэгчид эмийн үлдэгдэлтэй мах, сүүг хэрэглээндээ хэрэглэж байна гэсэн үг. Эмийн үлдэгдэлтэй мах, сүү, сүүн бүтээгдэхүүнийг боловсруулах тусам задарч, хортой болдог. Ивомек нь малын мах, сүүгээр дамжиж хүний яс, элэг, бөөрөнд хуримтлагдаж, гэмтээдэг бодис. Бүр хорт хавдар үүсгэж, ургийн гажиг, ой санамжид нөлөөлдөг аюултай. Энийг монголчууд маш сайн ойлгох хэрэгтэй. Мөн туулга буюу тарган цагааныг нэг хонинд таван граммаар тарих ёстой. Гэтэл малчид олон хонинд хуваагаад хийчихээр үйлчилгээ үзүүлж, үр дүн гардаггүй юм. Тэгээд үр дүн гарахгүй болохоор нь дахиад тарьдаг. Ингээд нөгөө мал нь тунгийн илүүдэлтэй болдог.Эмийн үлдэгдэлтэй мах идэж байгаа хүн хараад мэдэхгүй шүү дээ. Ингээд л аюул эхэлдэг юм даа” гэв.

Малын эмч, эмийн санч, малчдын яриаг ямар нэгэн нэмэлт хачиргүйгээр хүргэлээ.  Хөрсөн дээрх бодит үнэнийг тэд ийн ярьж байна. Тодруулбал,    малдаа ямар ч хараа хяналтгүйгээр эм тариаг замбараагүй  тарьж, уулгаж байгааг эндээс харж болохоор байна.  Мал ямар ч сэхээ авалгүйгээр ар араасаа тариулж, вакцин тариулаад   хордчихдог. Мах, сүү нь тэр чигтээ  химийн бодис агуулагдаж байна. Үүнийг нь нийслэлчүүд хоол хүнсэндээ хэрэглэж өвчний үүр болж байгаа юм. Хамгийн энгийнээр хэлэхэд  Ивомектой мах идээд хорт хавдарт нэрвэгдэж байна гэсэн үг юм аа.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

 


Эм, тарианд “бөмбөгдүүлсэн" МОНГОЛ МАЛЫН МАХ ХООЛ БИШ ХОР БОЛСОН УУ-I
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188