• Өнөөдөр 2024-04-20

ЗУУНЫГ ЭХЛҮҮЛЭХ ЗУРГААН БОДЛОГО ЧИНЬ БИЕЛЛЭЭ ОЛСОНГҮЙ ДЭЭ, ЕРӨНХИЙ САЙД АА

2022-11-28,   694

- ЕРӨНХИЙ САЙД АНХ АМЛАСАН ШИГЭЭ БИЕЛҮҮЛСЭН БОЛ ӨНӨӨДӨР ТЭР УЛСЫНХАА ХӨГЖИЛД ҮНЭТЭЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН ГЭХ ТОМ АВТОРЫН ЭЗЭН БОЛОХ БАЙЛАА-

       Олны таамгаас харьцангуй удаан Засгийн газраа толгойлсон ч үе үеийн Засгийн газраас хамгийн хүчгүй, улбагар, сүргүй Ерөнхий сайд нь Л.Оюун-Эрдэнэ гээд хэлчихэд санал нийлэх хүн олон болов уу. Уг нь танхимын бүтцээрээ, сайд нарынхаа тоогоор урьд өмнө нь байгаагүй данхар бүтэцтэй, том Засгийн газар. Гэвч Ерөнхий сайдынхаа хувьд ч, намын даргынхаа статусаар ч намдаа дэндүү "жижигхэн" байгаа нь дорвитой юу ч хийж чадалгүй жил гаруй хугацаа өнгөрүүлснээс нь тодорхой харагдана.

       Л.Оюун-Эрдэнийн кабинет мэргэжлийн гэх тодотголтой Л.Хүрэлсүхийн Засгийн газрын буурин дээрээс гарч ирсэн гэдгээрээ олны дунд чамгүй хүлээлттэй байлаа. Хэдий цар тахлын амаргүй цаг үед Засгийн газраа толгойлсон ч тэр эдийн засгийн боломжууд, гаднын зээл тусламжаар бялхсан гэхэд хилсдэхгүй. Иймдээ ч Л.Оюун-Эрдэнийн баг “Шинэ сэргэлтийн бодлого" гэх баримт бичиг боловсруулан баталж, биелүүлэх хүрээндээ бүх талын боломжоор хангуулсан.

        Гэвч энэ төлөвлөгөө өнөөг хүртэл цаасан дээрх бичиг хэвээрээ л байх шиг байна даа. Тодруулбал, тэд гарын таван хуруунд багтах цөөн хэдэн төсөл хөтөлбөрөө эхлүүлснээс өөрөөр ахиж, дэвжсэн ажил тун цөөн байна. 

ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГОД ЮУ АМЛАЖ БАЙВ

       Анх “Шинэ сэргэлтийн бодлого"-ыг танилцуулахдаа зургаан бүлэг бүхий том төсөл, хөтөлбөр танилцуулж байлаа. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Боомтын сэргэлтийн тухайд Ханги, Цагаандэл, Бургастай, Цагааннуур, Тэс, Арцсуурь, Ханх, Бага Илэнхи, Зэлтэр, Ульхан, Хавирга, Сүмбэр, Баянхошуу, Бичигт зэрэг боомтыг авто замаар холбож, бүс нутгийн эдийн засгийн өрсөлдөх чадварыг үе шаттайгаар сайжруулах зорилтууд багтаж байгаа. Хилийн боомтуудыг хурдны замаар холбох ажлыг үргэлжлүүлж, Алтанбулаг-Замын-Үүд боомтуудыг холбосон 987 километр хурдны замыг барина.

         Эрчим хүчний сэргэлтийн тухайд Зүүн Хойд Азийн супер сүлжээнд холбогдож, хоёр хөршийг холбосон өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж байгуулах зорилтыг дэвшүүлж байна. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд, түүний дотор усан цахилгаан станцыг нэн тэргүүний зорилт болгож, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг дуусгаж, Эгийн голын усан цахилгаан станцыг эхлүүлэхийн төлөө бүх боломжоо дайчлан ажиллана. Дулааны III цахилгаан станцын өргөтгөл, Тавантолгой, Багануур, Чойбалсангийн Дулааны цахилгаан станц, Амгалан цахилгаан станц зэрэг эхлүүлсэн бүтээн байгуулалтын ажлуудаа цаг алдалгүй дуусгаж, ашиглалтад оруулна.

        Аж үйлдвэрийн салбарын тухайд Эрдэнэтийн зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэр болон Дархан-Сэлэнгийн бүсэд гангийн үйлдвэрүүд барьж, ашиглалтад оруулна. Дарханы арьс шир боловсруулах үйлдвэр болон татан авах дэд төвүүдийг байгуулах ажлыг зохион байгуулна.

      Хот, хөдөөгийн сэргэлтийн тухайд Улаанбаатар хоттой дүйцэх хэмжээний шинэ суурьшлын бүсийг эртний нийслэл Хархорум хотыг түшиглэн шинээр байгуулах нарийвчилсан судалгааны ажлыг олон улсын хот байгуулалтын инженерүүдтэй хамтарч, 2022 онд багтаан эхлүүлж, Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс, шинэ хот байгуулах Их бүтээн байгуулалтын ажлыг ч мөн ирэх жил эхлүүлэхээр тусгалаа.

      Хүнсээ дотооддоо бүрэн хангах, хүнс экспортлогч улс болох зорилтын хүрээнд “Шинэ хоршоо” хөдөлгөөн, Атрын дөрөвдүгээр аяныг орчин цагийн хөгжлийн шинэ агуулгаар баяжуулан үндэсний хэмжээнд өрнүүлнэ. Улаанбаатар хотын нийтийн тээврийг бүрэн шинэчилж, тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээврийн хэрэгслийг гурван чиглэлд 41 километр зайд барих ажлыг эхлүүлж, эхний шугамыг 2024 онд багтаан дуусгахаар төлөвлөсөн.

        “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд нэмүү өртөг шингэсэн уул уурхай, хөдөө аж ахуйн эцсийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийг үе шаттайгаар байгуулна.
Ногоон хөгжлийн сэргэлтийн тухайд Улаанбаатар хот болон аймаг, орон нутагт хог хаягдал дахин боловсруулах байгальд ээлтэй шинэ технологийн үйлдвэрүүдийг бүсчлэн байгуулах шаардлага байна.

     Төрийн бүтээмжийн сэргэлтийн тухайд төрийн бүтээмжийг дээшлүүлэхийн тулд төр, иргэн, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчид хамтарч, хязгаарлаж буй хүчин зүйлсээ зөв тодорхойлж, шийдэл олно. Төрийн бүтээмжийг сайжруулахын тулд Цахим үндэстэн болох зорилтоо илүү далайцтай өрнүүлж, 2024 он гэхэд төрийн байгууллагаас шаарддаг тусгай зөвшөөрөл, техникийн нөхцөлийг 50-иас доошгүй хувиар бууруулахаар тус хөтөлбөрт тусгалаа гэх мэт амлалтыг яг жилийн өмнө ард түмэнд өгч байв.

      Уг төлөвлөгөө, бодлогыг Ерөнхий сайд анх амласан шигээ биелүүлсэн, эхлүүлсэн бол өнөөдөр тэр улсынхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан гэх том авторын эзэн болох байв. Гэвч бодит байдал дээрээ Ерөнхий сайдын энэ төлөвлөөгөө цаасан дээр бичигдсэн төсөл, ард түмэнд цонхны цаанаас долоолгосон чихэр л байв. Үндсэндээ өнгөрсөн долоо хоногт Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 километр төмөр замыг нээж, “тууз хайчилснаас” өөрөөр биеллээ олсон том төсөл одоогоор алга байна. Ховд аймгийн Засаг даргаар зөвлөхөө ёстой арайхийн томилуулсныг нь нэмж бас болох л юм. 

      Тэр байтугай Ерөнхий сайд ““Шинэ сэргэлтийн бодлого” амжилттай хэрэгжсэнээр эдийн засаг хоёр дахин тэлж, 285 мянга гаруй ажлын байр шинээр нэмэгдэж, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжих суурь нөхцөл хангагдаж, цар тахлын хүндрэлээс эдийн засгаа аварч чадна гэдэгт Ерөнхий сайдын хувьд бүрэн итгэлтэй байна” гэх амлалт өгсөн ч бодит байдал дээрээ эдийн засаг хасах үзүүлэлт рүү орж, олон ч аж ахуйн нэгж дампуурлаа зарлаж, хаалгаа барилаа. Эндээс харахад Зууныг эхлүүлэх зургаан төлөвлөгөө чинь биеллээ олсонгүй дээ, Ерөнхий сайд аа.

  МАН-ынхан шинэ оноос өмнө Засагт засвар оруулж, намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргын томилгооноос эхлээд нэлээд хэдэн халаа, сэлгээ хийх сурагтай. Ингэхдээ Засгийн газрыг танхимаар нь огцруулж, дараагийн Ерөнхий сайдын нэр ч тодорсон гэх бор шувуу МАН-ынхан дунд яваад эхэлжээ.

       Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ буусан сайд нарынхаа араас буцаж мэдэхээр байна, энэ удаад. Эргээд харахаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүсэл байвч, хүч дутсан гэж ч болохоор байна. 


ЗУУНЫГ ЭХЛҮҮЛЭХ ЗУРГААН БОДЛОГО ЧИНЬ БИЕЛЛЭЭ ОЛСОНГҮЙ ДЭЭ, ЕРӨНХИЙ САЙД АА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188