• Өнөөдөр 2024-04-19

ТӨРИЙН АЛБАНЫ ТОМИЛГООГООР НАМРЫН ЧУУЛГАН ХААЛТ ХИЙНЭ

2022-01-04,   3217

-Томчуудын тоглоом төрийн албыг сургалтын дамжаа болгочихлоо-

       Сар хүрэхгүй хугацааны дараа УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаан завсарлалаа. Намрын чуулганаар баталсан хууль, хийсэн ажлаа УИХ тайлагнахад уртаас урт жагсаалт гарах нь тодорхой. Үндсэндээ өнгөрсөн гурван сарын хугацаанд УИХ-ын гишүүд хуулийг талх шиг  үйлдвэрлэж, төрийн эрхэнд дураараа дургисан нь нууц биш.
 
       Одоо энэ сар хүрэхгүй хугацаанд эрх баригч намынханд амжуулах ажил даанч их байна. Ямар сайндаа л шинэ он гарахтай зэрэгцэж, УИХ-ын чуулганы хуралдаанаа шөнө дөлөөр ч хамаагүй хуралдуулаад чухал хуулиудаа олны анхаарлаас холдуулж байгаад батлах билээ. Тэр бүү хэл Үндсэн хуулийн цэц дээр үүсгэсэн маргаантай асуудлыг нэг мөр шийдэж, оны дараа “давхар дээл"-тэй сайд нарынхаа тоог нэмэх бэлтгэлдээ ороод байсан ч төлөвлөгөө  нэг алхам хойшилж, бачимдаж суугаа сурагтай. Өөрөөр хэлбэл, энэ намрын чуулган завсарлуулахаас өмнө батлах чухал хуулийн төслүүдээс гадна халаа сэлгээний томилгоог хэлэлцэх хугацаа хойшилчих вий гэдгээс айж, аль болох хурдан асуудлыг цэгцлэх гэж хэрэндээ хичээж байгаа гэх. Чуулган завсарлахаас өмнө Нийгмийн даатгалын багц хуульд өөрчлөлт оруулах гээд эрх баригч намынхан завгүй гүйцгээж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, иргэд хамгийн их анхаарал хандуулж, олон нийтээс оноо авах боломжтой энэ хуулийг чуулганаар хэлэлцээд баталчихвал ямар хууль баталж, Засгийн эрхэнд яаж ч аягласан тэдний дур болох нь. УИХ дахь МАН-ын бүлгийнхэн ээлжит хуралдаанаараа энэ хуулийн төслийг хэлэлцэж батлах талаар ярилцаж, ажлын хэсэг хүртэл томилоод амжсан гэнэ.
 
      Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Чуулган завсарлахаас өмнө хэлэлцэж шийдвэрлэх хуулиуд бий. Ялангуяа эдийн засгийг сэргээх чиглэлээр саяхан гарсан хөтөлбөртэй холбоотой асуудлууд байна. Нийгмийн даатгалын багц хуулиудын тухай Засгийн газар 2021 оны аравдугаар сарын 15-нд таван хуулийн төсөл өргөн барьсан. Тухайлбал, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулагыг өргөн барьсан,  нийгмийн даатгалын сангаас Тэтгэврийн даатгалын хууль, нийгмийн даатгалын сангаас олгох Тэтгэмжийн даатгалын хууль, нийгмийн даатгалын сангаас олгох Мэргэжлээс шалтгаалах өвчин, үйлдвэрийн ослын даатгал, төлбөрийн тухай хууль, нэмэлт тэтгэврийн тухай хуулийг өргөн барьсан.Дээрх таван хуулийг өнөөдөр үнэлгээний хэлтэс А.Ариунзаяа сайдын танилцуулга, мэдээлэл, гишүүдийн саналыг сонсоод УИХ-ын гишүүн Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэгээр ахлуулсан ажлын хэсэг гаргаж ажиллахаар болсон” хэмээн мэдээлэл өгөв. Эдгээр багц хуулийг мэдээж тогтсон уламжлалын дагуу ногоон гэрлээр батлах нь тодорхой.
 
    Харин хуулийн төслүүдээс илүү эрх баригч намынхны анхаарал хандуулж байгаа гол асуудал нь “давхар дээлтэй” сайд нар буюу халаа сэлгээний асуудал. Юун түрүүнд тодорхой байгаа нэг асуудал нь хоёр яам шинээр байгуулж, сайд нарыг томилох. Үндсэндээ Сар шинийн баяр болтол УИХ-ын гишүүд тунчиг завгүй сайд дарга нартаа тал засах нь засаж, сайдынхаа ивээлд багтаж чадаагүй нь сөрөг хүчин болж хэсэг бужигнах нь.
 

     Тэдний тооцоолж байгаагаар одоогийн Засгийн газрын танхимын сайд нараас гарын таван хуруунд багтах цөөн хэдэн сайд суудалдаа үлдэж бусад нь бүгд явна. Ингээд л төрийн албаны томилгоо сэлт дахин эхэлж, хөл толгойгоо олохгүй бужигнаан үүсэх нь. Өнгөрсөн жилийн өдийд У.Хүрэлсүхийн Засгийн газар танхимаараа огцорч, төрийн эргэлт  гарсан. Энэ жил түүх дахин давтагдаж, Ерөнхий сайд нь өөрөө танхимаа огцруулж мэдэхээр байна. Эрх баригч намынханы энэ дураараа үйлдэл төрийн албыг туйлдуулж, сургалтын дамжаа болгож гүйцэх нь.

 
      Угтаа бол Засгийн газрын бүтэц солигдох тоолонд төрийн албаны бүтэц тэрчигтээ өөрчлөгдөж, эрх мэдэлд очсон нэг нь хэн дуртайгаа төрийн албан шахдаг задарсан уламжлал тогтчихлоо. Ингэснээх төрийн албаны залгамж, бодлого алдагдаж, танил тал, найз нөхөд, хамаатан саднаа ажлуулдаг, төрийн албыг төрлийн алба болгодог нь хэвийн үзэгдэл болов. Түүгээрч зогсохгүй Цар тахлын хууль гэх сүржин нэртээ хуулиар далимдуулж, халаа сэлгээ хийдэг, төрийн албанд чадваргүй мэргэжлийн бус ажиллуулдаг жишиг  тогтсон нь ч нууц биш юм.
 

     Ямар сайндаа л цар тахлын нөхцөл байдал намжсан хэдий ч халаа сэлгээ, төрийн томилгоогоо саадгүй явуулахын тулд эрх баригч намынхан Цар тахлын хуулиа дахин зургаан сараар сунгав. Энэ сард багтаад Цэц сайд нарын “давхар дээл”-ний асуудлын хэлэлцчихвэл зургаан сарын хугацаанд халаа сэлгээ, томилгоо сэлтийг дор нь хийнэ гэсэн үг. 

 
Үндсэндээ энэ намрын чуулганы сүүлчийн сард МАН-ынхан төрийн албыг шинэчилж, шинэ бүтцээр ажиллах нь тодорхой болов бололтой.
 

ТӨРИЙН АЛБАНЫ ТОМИЛГООГООР НАМРЫН ЧУУЛГАН ХААЛТ ХИЙНЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188