• Өнөөдөр 2024-04-25

МАН-ын "мандуулах" ээлжит эмэгтэй нь "Дижитал гүнж" үү

2022-01-04,   2253

        МАХН-ын сэдэж, МАН-д өвлөгдсөн “мандуулах” гэж нэг мундаг технологи байна. Үе үед нэг эмэгтэй сонгон тодруулж, үүрээс үдшийн бүрий хүртэл, бүр үсээ цайтал зөвхөн тэр эмэгтэй л төрийн ажлыг нугалаад байгаа мэт харагдуулж, үндэстнээр нь тахин шүтүүлдэг тийм технологи. Тэгээд сонгосон эмэгтэйгээ нэрийн хуудсаа болгоод, “Төмөр хатагтай”, “Ногоон хатагтай”, “Хатан ижий” гээд л “Шарилжин дундах сарнай” гэх нь холгүй өргөмжилнө, алба, ажлыг нь зориудаар дэмжиж, сайдын сэнтийг угсруулаад “бэлэглэнэ”.  

Өнгөрсөн хугацаанд МАН энэ технологиороо Т.Ганди, Д.Оюунхорол, Д.Сарангэрэл гэдэг лавтай гурван эмэгтэйг “мандуулсан” байна. Тус бүрийг нь 3-4 удаа төрийн түшээ болгож, хоёр удаа сайдаар залж, мөн хоёр удаа байнгын хороог даргалуулсан. Олон эмэгтэй төр түшилцэж байсан ч олон нийтийн ой тойнд энэ гурав л илүү тод үлдсэн гэхээр МАН-ын “мандуулах” технологи чухамдаа энэ юм. 

        Тэгвэл Л.Оюун-Эрдэнийн эрхэнд очсон МАН ээлжит сонголтоо хийж, “мандуулах” дараагийн эмэгтэйгээ сонгочихсон бололтой. Тэр нь Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “цахим үндэстэн” гэх гол амбицыг нь гүйцэлдүүлж яваа энэ эмэгтэй мөдхөн байгуулагдах шинэ яамны сайдад яригдаад амжсан. Нэмээд ирэх сонгуулиар эвийг нь тааруулаад төрийн түшээ болгож залах “алсын хараа” Л.Оюун-Эрдэнэд бий байх. Товчхондоо, МАН-ын бодлогоор мандсан “аниа” нарынхаа араас явах лифтэнд тэр суучихлаа гэсэн үг л дээ. 
 
Тэгвэл Б.Болор-Эрдэнийн өмнө мандсан “аниа” нарыг нь дарааллаар нь цухас танилцуулъя. 
 

 “ТӨМӨР ХАТАГТАЙ"

 
         Төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонины коллегийн гишүүн, сэтгүүлч бүсгүй төрд орж ирсэн нь 1992 он. Тэр үед Т.Ганди 29 настай байлаа. Тэр цагаас хойш 49 нас хүртлээ, 20 жил төрд ёстой л мандсан. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний давхар дээлээр гангарч, Эрүүл мэндийн сайд, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын албыг хашихын сацуу УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар хоёр удаа ажиллаж байв. Тэр л төрийн ажлыг нугалж буй мэт харагдаж, басхүү түүнийг зориудаар тэгж харагдуулж, “төмөр хатагтай" гэж хүртэл өргөмжилж байсан. Нэмээд шанаагаа шүргэсэн тайрмал хар үс, харааны шил, хослол хоёрыг өнгө, загвараар нь сольдог, энгэртээ эрээн алчуур зангиддаг имиж нь ч түүнийг төрийн харчуулаас тодруулж байлаа. Тухайн үедээ тэр өөрөө ч бардам, “Би амбицтай хүн” хэмээн ярилцлага өгч явсан. Ингээд 29 насандаа орж ирсэн Саарал ордноосоо 49 насандаа гарч явахад нь Унгар Улсад элчин сайдаар хоёр жил суулгасан. Харин буцаж ирэхдээ тэр “мартагдсан” нэгэн болсон байлаа. Гэхдээ залуу насыг нь “авсан” нам нь түүнийг шууд хаячихсангүй, УИХ-ын даргын зөвлөхөөр хоёр жил ажиллуулж, дараа нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх болгоод нам гүмхэн суулгах болсон. 2020 оны сонгуулиар “төмөр хатагтай" өөрөө төрд эргэлт ирэлт хийхийг хүссэн ч дээр хэлсэнчлэн тэр хэдийнэ “мартагдсан” нэгэн болсон байсан учраас амжилт олоогүй. Ингэж МАХН-ын угшилтай, МАН-ын залгамжилсан мандуулах технологи түүн дээр хэрэгжсэн. 
 

“НОГООН ХАТАГТАЙ” 

 
        Математикийн багш Д.Оюунхоролын МАН-д мандсан түүх бас л урт. Дунд сургуулийн математикийн багшаасаа Отгонтэнгэр дээд сургуулийн ректор болж, тэгмэгцээ төрийн түшээ болж мандсан. 2000 оноос хойш УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа сонгогдож, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар хоёр удаа, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар мөн хоёр удаа томилогдож ажилласан. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд байхад нь Улаанбаатар хотын утаа угаар, устах шахсан ховор ан амьтныг агнах зөвшөөрөл, уул уурхайн сүйтгэл тэргүүтэй шүүмжлэлүүд түүнээс алхам холддоггүй байсан. Гэсэн ч түүнийг энэ салбарын сайдын сэнтийд хоёр удаа залсан гэхээр МАН түүнийг хэрхэн мандуулж байсан нь бэлхнээ харагдана. Байгаль орчны яамыг улирч удирдсанаас нь ургуулж “Ногоон хадагтай” гэж хүртэл өргөмжилж байв. Гэхдээ МАН түүнийг магтахын хажуугаар матсан нь ч бий. Хурал болгон дээр унтдаг, хамаарал бүхий этгээдийнхээ компанид 1.9 тэрбумын санхүүжилт олгосон, халамцуу үедээ төрийн ордонд гитар тоглож “шоудсан”, хууль хяналтын хаалга татсан гээд түүнд хаягласан шүүмжлэлүүдийг дурдвал мундахгүй олон. Ингээд 2000 онд төрийн ордонд хөл тавьсан Д.Оюунхорол 20 жилийн дараа буюу 2020 онд гарч явсных нь дараа “Хил давж зугтсан” дуулиан дэгдэж, хэсэгтээ шуугьж байгаад намжсан. Хэсэг хугацаанд нам гүм байж, хэргээ намжаасан түүнийг өнгөрсөн намар Хөшигийн хөндийн бүтээн босголтын асуудал хариуцсан Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр томилсон. “Оргүйгээс охинтой нь дээр” гэдэг дээ. 
 

“ХАТАН ИЖИЙ”

 
         Монголын Үндэсний телевизийн сэтгүүлч явсан Д.Сарангэрэл 2011 онд МАН-ын нарийн бичгийн дарга болж, улс төрд орох замаа засаж байв. Ингээд 2012 онд санасандаа хүрч, саарал ордонд заларсан. Одоогоор УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдож, Эрүүл мэндийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны даргаар тус тус томилогдон ажиллаад байна. Тэр энэ хугацаанд МАН-д ёстой л “хатан” байсан. У.Хүрэлсүх ч түүнийг сайн “эрхлүүлж”, сайдын суудлыг харамгүй хайрласан. Эхлээд Эрүүл мэндийн сайд болоход нь “Сэтгүүлч атлаа Эрүүл мэндийн сайд боллоо, мэргэжлийн бус” гэж нийтээрээ зад шүүмжилсэн. Гэтэл гэнэт цар тахал дэгдэж, Д.Сарангэрэл ч “сохорсон биш завшив” гэгчээр Ерөнхий сайдаасаа илүү нэр хүндтэй салбарын сайд болж хувирсан. Цар тахлын халдварыг дотооддоо алдалгүй 11 сар хамгаалсан гавьяа түүнийх болж, “Хатан ижий”-гээр өргөмжлөгдөж, өөртөө зориулан дуу хүртэл хийлгэж, нийтээр дуулуулж байв. Ингээд “Эрүүл мэндийн сайдаар сайн ажилласан гавьяатай” хэмээн магтуулсаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын сэнтийд заларсан. Д.Сарангэрэл л салбар бүрийг мэддэг, эмхлэх чадалтай мэтээр МАН түүнийг мандуулж байлаа. Сайдын суудлаа өгсөн ч тэр МАН-ын нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүн, У.Хүрэлсүхийн нөлөөлөл байгаа цагт “хатан” хэвээрээ. 
 

“ДИЖИТАЛ ГҮНЖ”

 
          Хэн, хүнд танигдаагүй Б.Болор-Эрдэнэ гэх залуухан эмэгтэй гэнэт Харилцааны холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар томилогдож, хэл амны бай болж эхэлсэн нь саяхан мэт боловч, хэдийнэ жил хагасыг үдсэн байна. Намтар нь “но”-той гэдэг ч баталгаатай үнэн бол сурсан сургууль, ажилласан газрынх нь тоонд нас нь багадмаар юм билээ. Тиймдээ ч тэр үү, ажлаа авсан цагаасаа л Л.Оюун-Эрдэнэд “эрхэлж”, ямар сайндаа “Дижитал гүнж” нэр зүүх вэ. Хэдхэн жишээ дурдахад л “Цахим үндэстэн” нэрийн дор цар тахлын журам зөрчсөн, “И-Монголиа”-г сурталчлах нэрээр татвар төлөгчдийн мөнгийг урсгасан, мэдээллийн сайтуудыг тандах захиалга өгсөн гэх мэтээр хөвөрнө. Тэгэх мөртөө хариуцлагаас бултдаг нь олон нийтийн эгдүүцлийг төрүүлдэг. Ингээд харвал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Алсын хараа” гэх төлөвлөгөөнийхөө “цахим” гэх гол судсыг атгуулсан энэ эмэгтэйгээ МАН-ын уламжлалт технологиор “мандуулах” нь нэгэнт тодорхой харагдаж байгаа юм. 
 
        Эцэст нь, “Энэ бүхэн яагаад МАН-ын технологи гэж” гэж асуух байх, хариулт нь тун энгийн. Ерөөсөө л ингэх нь МАН-д ашигтай учраас тэр. Сонгогдсон тэр эмэгтэй нь бамбай ч болно, бамбар ч болно, өөрөөр бол аль ч хувилбараараа МАН-д ашигтай учраас үе үед ингэж тодруулдаг хэрэг л дээ. Ашигтай гэдгийг маш ойлгомжтойгоор хэлбэл, тэднийг дүр болгож ашиглаад л байгаа юм. Жишээ нь, сонгосон эмэгтэйдээ хамгийн хэл амтай салбар, хэрүүл уруултай ажлыг хариуцуулаад бамбай болгож ашиглаж болно. Д.Оюунхорол, Д.Сарангэрэл хоёр гэхэд л салбарын сайд байхдаа хэчнээн их баалуулж, МАН-д хаягласан шүүмжлэлийг өөр дээрээ хүлээн авч, нэг ёсны бамбай болж байлаа даа. Мандуулсныхаа хариуд өөрсдөө муулуулахаас зайлсхийж, тэднийг өмнөө барьчихдаг гэсэн үг. Одоо “Б.Болор-Эрдэнэ гэх залуухан эмэгтэй Монгол Улсыг цахим үндэстэн болгохоор хичээж байна” гэж мандуулах гэж зүтгээд л байна. Цаашид ч энэ процесс өрнөх байх. Яг л Р.Ганди, Д.Оюунхорол, Д.Сарангэрэл нарыг “мандуулсан” шиг... Харин цаг ирж, муулуулах болохоор Б.Болор-эрдэнэ л ганцаар зогсох вий. 
 

МАН-ын "мандуулах" ээлжит эмэгтэй нь "Дижитал гүнж" үү
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-05 20:25:29
    Зочин: Гурвуулаа л хийсэн ажилтай, хэлэх үгтэй эмэгтэйчүүд. Дэмжиж байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-05 20:00:48
    Зочин: “Дежитал гүнж” минь бамбай биш бамбар болж цахимжуулалтай айж биш аархаж хийгээрэй дээ.ард түмэн дэмжиж магадгүй шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-04 17:00:25
    zochin: il daldaar ulsiin mongo chumslagchid ,bugd chereggui dald or
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-04 09:55:54
    Уншигч: Энэ дундаас Оюунхорол нь улс төрийн зангарагатай, ёстой л төмөр хадагтай даа. Муухан эр хүнээс дээр, шударга хүн гэж хардаг даа. Тэрийг лав ЖДҮ, концесс авлаа гэж л дуулддаггүй, түүнээс айдаг харчууд нь зорилготой л харлуулдаг гэж би хардаг.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188