• Өнөөдөр 2024-05-08

ИХ ХУРАЛ ДАХЬ "ҮЛ ҮЗЭГДЭГЧ"

2022-01-30,   1768

-Г.Мөнхцэцэг төрийн албыг төрлийн алба болгосон уу-

       УИХ-д хоёр парламент дамнан сонгогдсон ч хийсэн ажилгүй, хэлэх үггүй, төрд шургалсан чимээгүй гишүүд цөөнгүй байна. Угтаа бол төр төлөөлж, иргэдийнхээ эрх ашигт нийцсэн хууль санаачлан батлалцах төрийн түшээд сонгогдсон тойргийнхоо дуу хоолой болох нь битгий чуулганы танхимын үүдээр ч шагайхгүй шахам явсаар дөрвөн жилийг дуусгачихдаг тал бий. Өөрөөр хэлбэл, сонгуулийн үеэр сайхан амлалт өгч, сонгогчдын чихэн дээр цэцэг ургуулчихаад, Их хуралд ормогцоо хувийн ажлаа амжуулаад үл үзэгдэгч болчихдог гишүүд үе үеийн парламентад байсаар байна.

      Үүний тод жишээ нь УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг болчихлоо.  Түүнийг олон нийт яруу найрагч, сэтгүүлч гэдгээр нь илүү мэдэхээс улстөрч гэдэг талаас нь таних хүн ховор. Уг нь бол хоёр парламент дараалж сонгогдсон архаг улстөрчийн нэг байлтай. Гэтэл шинээр орж ирсэн гишүүдээсээ ч сул, санаачилгагүй, төрийн ажилд хориг ханддаг гээд түүнтэй холбоотой шүүмжлэл тасралтгүй үргэлжилнэ. 

     2016-2021 он хүртэл таван жил парламентад суухдаа тэрбээр нийт 14 хуулийн төсөл бусад гишүүдийн хамт өргөн мэдүүлсэн гэдэг. Гэвч өнөөдөр түүнд “Энэ миний батлуулсан хуулийн төсөл, миний санаачилсан хууль ийм үр дүнтэй байна” гээд автар болчихсон хууль үзье гэсэн ч алга. Үндсэндээ эрхэм төрийн түшээд маань хууль санаачлан батлуулах үндсэн үүргээ урамтаж,  өөр өөрийнхөө л эрх ашгийг хангаж яваа бололтой. 
     УИХ-д нөлөө бүхий гишүүн хэмээдэг Сү.Батболдтой, хамт нэг тойрогт намаасаа нэр дэвшиж, гуя дагаж, хүзүү гэгчээр парламентад хоёр дахь удаагаа сонгогдчихсон нь азтай ч юм шиг, ард түмний эрх ашгийг бодвол арчаагүй ч гэж болохоор ийм нэг гишүүн төр төлөөлж сууна. Уг нь бол тэр Дундговь, Говьсүмбэр гэх хоёр аймгийг төлөөлж суугаа. Харин хуулийн төсөл хэлэлцэх, хууль батлахад төрсөн нутаг Дорноговьдоо ихэд элэгтэй байгаа нь анзаарагддаг нь нууц биш юм. 
 
     Дорноговь аймгийн нэгдүгээр арван жилийг дүүргэж, Улсын Багшийн их сургуулийг утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжлээр дүүргэсэн М.Мөнхцэцэг хуулийн төсөл санаачилж, төрийн алба хашихад дэндүү жижигдэж байна. УИХ-ын чуулганы хуралдаан дээр нүүрээ будаж, хувцсаа янзласхийгээд, “Миний хуулийн төсөл шүү дэмжээд өгөөрэй” гээд найр тавьсан гишүүдийн хуулийн төслийг хурууныхаа үзүүрээр кнопдсон шигээ суух нь түүний гол үүрэг гээд ойлгочихсон аятай аяглана. 
 
     Хөрөнгө орлогын мэдүүлгээ даруухан мэдүүлчихсэн зальтай нэгэн. Гэвч Г.Мөнхцэцэг парламентад чимээгүй ч, төрийн албанд бол томордог нэгэн гэх цуу яриа олны дунд бий. Ялангуяа түүний төрлөх нутаг Дорноговь аймгийн Зам-Үүд сумыг  Г.Мөнхцэцэг гишүүний хамаатнууд “атгачихсан” авлига албан тушаалын хэргийг цэцэглүүлж байгаа гэх баримтууд ч мэр сэр байдаг.  Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийн ах, дүү хамаатан саднаараа Зам-Үүдэд төрийн алба хашдаг бөгөөд эрх ашгийг зөрчил үүсгэж байж болзошгүй байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийн төрсөн дүү Г.Мөнхтүвшин нь  Дорноговь аймгийн прокурорын газарт хяналтын прокуророо 2017 оноос ажиллаж эхэлжээ. Улмаар түүний бас нэг дүү Г.Мөнхзул  Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэгт сувилахуйн арга зүйч хийдэг аж. 
 
       Мөн Г.Мөнхтүвшингийн нөхөр Х.Уранбаяр нь Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Замын  цагдаагийн хэлтсийн даргаар ажиллаж байсан, хошууч цолтой нэгэн.  Өнгөрсөн долдугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллах үеэрээ төрийн байгууллагын зарим албан хаагч, дарга нарын авлигын хэрэг хэрээс хэтэрч, улсын ажил гацаанд оруулсан талаар мэдээлж байлаа.
     Улмаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсгийг тус суманд ажиллуулж, нэр бүхий албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлж, хууль хяналтын байгууллагаар шалгуулах арга хэмжээг авсан байдаг. Үүний дунд УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийн хамаарал бүхий этгээд буюу тус сумын Цагдаагийн хэлтсийн Замын  цагдаагийн хэлтсийн дарга асан Х.Ууганбаярын нэр багтсан байдаг. Өөрөөр хэлбэл, Замын-Үүдэд олон жил бугшсан авлига, албан тушаалын хэрэгт түүний хүргэн дүү нэр холбогдсон билээ. Гэтэл сүр дуулиантай өрнөсөн энэ хэрэг өнөөдөр нам гүм болж, хуулийн байгууллагаар шалгагдаж байсан асуудал нь ч сураггүй болоод байгаа юм.
 
       Ийн улс төрд үзэгдэл болсон гишүүд төрийн өндөр дээд албанд очоод ураг төрлийн хэлхээг цэцэглүүлж, ард түмнийг төлөөлөх үндсэн үүргээ биелүүлэхгүй байгаа нь нууц биш юм.
 

ИХ ХУРАЛ ДАХЬ "ҮЛ ҮЗЭГДЭГЧ"
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-31 15:47:52
    zochin : хөөсөн мантуу
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188