Ирэх дөрвөн жил улсын өнгө улаан, цэнхэр, ягаан, ногоон, шар аль нь байхыг яг сарын дараа шийдэх нь, бид. Найман жилийн өмнө улс даяараа шахуу улайсан. Өмнөх 2020 оны сонгуулиар Сүхбаатар бүтэн, Увс, Баян-Өлгий, Баянхонгор, Төв, Өмнөговь тал цэнхэртэж, Хан-Уулд нил ягаан нэг шинэ толбо бий болсноос бусдаар бүхэлдээ бас л улайсан. Харин энэ удаад МАН ардчилалгүй, бас айдастай байна
НЭМЭГДЭХҮҮНИЙ БАЙРЫГ СОЛИОД НИЙЛБЭР ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ БУЮУ МАН-ЫН “МУУ НЭРТНҮҮД”-ИЙН НЭР, ДҮР Л СОЛИГДОВ
Уг нь МАН-ыг энэ сонгуулийг ашиглаад саарал ордонд “их цэвэрлэгээ” хийх байх гэж иргэд их хүлээж байсан. Өөрөөр хэлбэл, улс төр, бизнесийн бүлэглэлүүдийн төлөөллүүдийг, төр, төсөв тоносон хулгайн мөртэй “хэрэгтнүүд”-ийг нэр дэвшүүлэхгүй байж, нэг мөр салах байх гэж найдаж байсан Атал өнөөх бүлэглэлүүдийн төлөөлллүүд болон тус намын муу нэртнүүд нь нэр, дүрээ солиод ороод ирлээ.
“Сү.Батболд ба MCS” гэж улс, төр бизнесийг “эрхшээсэн” айхавтар том бүлэглэлийн тухай олон жил ярьсан. “Төрийн ордны ойрхон байх гурван үсэгтэй компанийн оффист төрийн шийдвэрүүд гардаг” гэх яриа ч нэг биш удаа гарч байлаа. Тэгвэл өнөө алдарт бүлэглэлийн толгойлогч гэгдэх Сү.Батболдыг МАН энэ удаад тойроггүй үлдээлээ. Ард түмэн өөрсдөд нь алга ташна гэж тооцсон биз. Гэвч зүүн бүсийн Хэнтий, Сүхбаатар, Дорнодын тойрогт “MCS”-ын охин компани болох “М” банкны гүйцэтгэх захирал Л.Соронзонболдыг нэр дэвшүүллээ. Мөн МАН-ын жагсаалтын ест “MCS”-ын Дэд ерөнхийлөгч асан Д.Энхтүвшин бичигдэв. Өөрөөр бол, “Сү.Батболд ба MCS” гэх бүлэглэлтэй гэгдэж 20 жил төрд суусан Сү.Батболдыг арай залуу хоёр хүнээр сольж өгч байгаа дүр зураг л харагдаж байна.
Хэзээнээс муу нэр, луу данстай Ц.Анандбазарт тойрог өгсөнгүй. Ард түмэн ч аштай юу гэж хүлээж авсан. Гэтэл Ц.Анандбазарын оронд, түүний Хөвсгөл, Орхон, Булганы тойрогт Д.Үүрийнтуяа гэх эмэгтэйг оруулж ирлээ. Д.Үүрийнтуяа нь Ц.Анандбазарын “Сод монгол групп” ХХК-ийн Худалдаа эрхэлсэн дэд захирал, “Сод монгол групп” ХХК-ийн Орхон салбарын захирлаар ажиллаж байсан. Өөрөөр бол, Ц.Анандбазар Д.Үүрийнтуяа гэх “дүр”-ээр Төрийн ордонд дахин орж ирэх дүр зураг харагдаж байгаа юм.
Төв аймгаас тасралтгүй зургаа сонгогдож, төрийн ордонд 24 жил тухалсан Н.Энхболд энэ удаад нэр дэвшүүлээгүй. Гэхдээ Н.Энхболдын оронд худ А.Цогцэцэгийг нь хангайн бүсэд буюу Архангай, Өвөрхангай, Баянхонгорт нэр дэвшүүлэв. 2016 онд МАН үнэмлэхүй ялж, улмаар Засгийн газраа байгуулахад Н.Энхболд худ А.Цогцэцэгийгээ Эрүүл мэндийн сайдаар томилуулж байлаа. Цаашилбал, А.Цогцэцэг “Өлзийдэн” ХХК-аараа ЖДҮХС-аас зээл авсан, Боловсролын зээлийн сангаас хоёр хүүхэд нь зээл авсан гэх мэт асуудлуудтай ч үл харгалзан ийнхүү Н.Энхболдыг “орыг залгуулах”-аар нэр дэвшүүлэв.
Ерөнхий сайд асан, төмөр торны цаанаас төрийн ордонд шууд заларсан анхны улстөрч, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг энэ удаад нэр дэвшүүлсэнгүй. Харин түүний оронд Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж гэгчийг нэр дэвшүүлэв. Хоржоонтой нь, Н.Лхагвадорж нь 2012-2016 онд УИХ-ыэн Ж.Эрдэнэбатын туслахаар ажиллаж, улмаар 2016 онд Зүүнхараа буюу Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргаар томилогдож байв. Өөрөөр бол, Ж.Эрдэнэбат энэ сонгуулиар Н.Лхагвадорж гэх “дүр”-ээр төрийн ордонд дахин орж ирэх дүр зураг харагдаж байгаа юм.
“Нүүрсний хулгай”-н хэргээр УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөж, тойрог горилох, нэр дэвших эрхгүй болсон Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан хоёрын амины найзууд мандат өвөртөллөө.
Тухайлбал,
- “Нүүрсний хулгай”-н хэргээр “шувуу” болсон Ж.Мөнхбатын “галзуу ганц” найз Ө.Сумъяабаатар Баянголд нэр дэвшлээ. Ж.Мөнхбат, Ө.Сумъяабаатар хоёр Архангайд ахлах сургуулиа төгсөж, МУИС-ийг улс төр судлаачаар нэг жилийн зайтай төгсөж, Ж.Мөнхбат УИХ-ын дарга С.Төмөр-Очирын туслах, Ө.Сумъяабаатар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярын туслах болж байлаа. Дараа нь, Ж.Мөнхбат, Ө.Сумъяабаатар хоёр МАН-ын дэргэдэх Судалгааны академийг хамт удирлаж байлаа. Сүүлд, 2016 онд Ж.Мөнхбат ЗГХЭГ-ын дарга болж, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Ариунболдыг, Захиргаа, удирдлагын газрын даргаар нь Ө.Сумъяабаатарыг томилж байв. Ж.Мөнхбат ийнхүү “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн удирдлагад өөрийн хүмүүсээ замаар “нүүрсний хулгай”-н хэргийг үйлдсэн гэгдэж УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдсөн байдаг.
- “Нүүрсний хулгай”-н хэргээр УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдсөн Т.Аюурсайханы “галзуу ганц” найз Н.Батсүмбэрэлийг Сүхбаатар, Чингэлтэйн тойрогт нэр дэвшүүллээ. 2008 онд Т.Аюурсайхан, Н.Батсүмбэрэл хоёр хоёулаа Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч болж байлаа. 2012 онд Т.Аюурсайхан, Н.Батсүмбэрэл хоёр хоёулаа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийн зөвлөхөөр ажиллаж байв. 2012 оны аравдугаар сард Т.Аюурсайхан Чингэлтэй дүүргийн Засаг даргаар томилогдож, харин орлогчоор нь Н.Батсүмбэрэл томилогдож байлаа. 2013 онд Т.Аюурсайхан, Н.Батсүмбэрэл нар Тусгаар тогтнолын ордны гадаа гэр барьж, “Шинэчилье” хөдөлгөөнийг өрнүүлж байлаа. Дараа нь, 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн Т.Аюурсайхан, Н.Батсүмбэрэл нар дахиад Төрийн ордны баруун талд улаан алаг майхангууд барьж, “Монголоо аваръя” хөдөлгөөнийг өрнүүлж, АН-ын эсрэг акцалж байв. Улмаар Т.Аюурсайхан УИХ-ын гишүүн болж, Н.Батсүмбэрэл түүний тойрог буюу Чингэлтэйн Засаг дарга болж байлаа.
Шатахууны магнатууд төрд хүчтэй хэвээрээ л байх бололтой юм. Дээр дурдсанчлан “Сод монгол групп”-ын эзэн Ц.Анандбазарыг нэр дэвшүүлээгүй ч, оронд Д.Үүрийнтуяаг оруулж ирсэн. Тэгвэл энэ удаад “Тэс петролиум”-ын эзэн Б.Баттөмөрийг мөн нэр дэвшүүлээгүй. Гэсэн ч “Магнай трейд”-ийн Р.Ганзоригийн хүү Г.Дашням Сүхбаатар, Чингэлтэйн тойрогт нэр дэвшиж орж ирлээ.
За тэгээд, ЖДҮ-ийн хэрэгтэй Х.Болорчулууныг дэвшүүлээгүй ч, мөн л ЖДҮ-ийн хэрэгтэй, энэ хэргээсээ болж 2020 оны сонгуулийг өнжсөн “Газар холдинг”-ийн Ж.Энхбаярыг нэр дэвшүүллээ. Сонгинохайрханы тойргийн эзэд гэгдэх Д.Сумъяабазар, Х.Нямбаатар хоёр энэ удаад нэр дэвшээгүй. Гэхдээ Д.Сумъяабазар өөрийнхөө оронд улс төрд хөтөлж оруулж ирсэн Н.Алтаншагайг, Х.Нямбаатар өөрийнхөө оронд орлогч П.Сайнзоригийг тус тус нэр дэвшүүллээ.
МАН ТОГООН ДОТРОО ЭРГЭЛДЭВ
Энэ сонгууль төрийн түүхэнд МАН-аас хамгийн олон сайд сэтэртэн өрсөлдсөн сонгууль гэж тэмдэглэгдэх нь тодорхой боллоо. Тодруулбал, МАН-аас энэ сонгуульд одоо сайд, дэд байгаа болон 2016 оноос хойш сайд, дэд сайд байсан нийт 38 хүн нэр дэвшиж буй. Өөрөөр бол, энэ сонгуульд МАН-аас тойрогт болон жагсаалтад нэр дэвшиж буй 126 нэр дэвшигчийн гуравны нэг нь Засгийн газраасаа “илгээлт”-ээр орж ирлээ гэсэн үг.
Товчхондоо, МАН иргэдийн сонгох, бас сонгогдох эрхийг хэт хайрцаглаж, зөвхөн Засгийн газарт байсан болон байгаа сайд нарыг бүгдийг нь “хүч түрэмгийлэн” нэр дэвшүүллээ. Өөрөөр бол, МАН тойрогт, жагсаалтад нэр дэвшүүлэх хүмүүсээ сонгохдоо түүж, тунгааж сүйд болсонгүй, Засгийн газар гэх тогоондоо л эргэлдэв.
АН-ЫН БҮТЭЛГҮЙТЛИЙН "НАЙРУУЛАГЧ" НЬ МАН УУ
МАН хоёр сонгуульд үнэмлэхүй ялж, найман жил дангаараа засагласан мөртөө энэ сонгуульд асар их айдастай байгаа бололтой юм. Гол айдас нь АН. Тиймдээ ч АН-ыг янз бүрээр “янаглаж”, хорлож, бас шоглосоор байгааг Тусгаар тогтнолын ордон хавиар нүд, чихтэй, учир мэдэх нөхдүүд ярьж, бичицгээж байна. Ингэхдээ, АН-ыг хорлох, шоглох ажиллагааг дотроос нь буюу Х.Баттулга, С.Баярцогт хоёроор гүйцэтгүүлж буй гэх.
2020 оны сонгуулиар АН ээлжит ялагдлаа хүлээж, С.Эрдэнэ хариуцлага хүлээж байна гэж даргын суудлаа Ц.Туваанд үлдээгээд явсан. Энэ сиймхийг ашиглан Х.Баттулга АН-ын нэг мөр авахаар болчихоод сууж байтал Ц.Элбэгдорж гарч ирж “гай” болсон. Эндээс, гурван жил гаруй үргэлжилсэн Ц.Элбэгдорж ба Х.Баттулга гэх АН-ын хуваагдал бий болсныг бүгд шахуу мэднэ. Харин өнгөрсөн онд АН-ын даргаар Лу.Гантөмөр томилогдож, дам утгаараа АН Ц.Элбэгдоржид очлоо гэцгээж байв. Өөрөөр бол, энэ сонгуулиар АН-ыг Ц.Элбэгдорж, түүний “цэрэг” гэгдэх Лу.гантөмөр нарын талынхан удирдаж орохоор болоод байлаа. Гэтэл хавраас эхлэн Ц.Элбэгдорж руу “хавсарга” тавьсан. Ц.Элбэгдорж ханиад хүрвэл Лу.Гантөмөр хатгаа тусна, ингэснээр АН халуурч эхэлнэ, халуурахаар яадаг билээ, ухаан санаа үймэрч, дэмийрч эхэлнэ гэсэн тооцоололтой “хавсарга” гэдэг нь хэнд ч илэрхий харагдсан. Харин энэ “хавсарга”-ыг Х.Баттулга МАН-ынхантай нийлж “тавьсан” гэгдэж буй. Нэр дэвшигчдийг эцэслэхээс өмнө Ц.Элбэгдорж, Лу.Гантөмөр хоёрыг “дарж авч”, үгэндээ оруулах нь Х.Баттулгад ч, МАН-д ашигтай. Тэгэхээр АН-ын хорлох, шоглох ажиллагааг Х.Баттулга, МАН хоёр хоршиж гүйцэтгэсэн байхыг үгүйсгэх аргагүй.
Уржигдар СЕХ нам, эвслүүдээс нэр дэвшигчдийнх нь эцсийн жагсаалтыг эх хувиар нь авч дууссан. Гэтэл АН-аас тойрогт болон жагсаалтаар нэр дэвшүүлж буй 126 нэр дэвшигчийнхээ жагсаалтыг СЕХ-д гурван янзаар, ингэхдээ гарын үсэг, тамга тэмдэг дутуу байдлаар хүргүүлсэн гэх. Улмаар өчигдөр СЕХ-ноос АН-аас аль хувилбар нь зөв гэдгийг тодруулж, цаашлаад АН-ыг сонгуульд оролцуулах уу, үгүй юу гэдэг асуудлыг хөндөнө гэх агуулгатай мэдэгдэл хийсэн. Өөрөөр бол, АН эцсийн мөчид энэ сонгуулийг өнжиж болзошгүй ноцтой байдал бий боллоо. Тэгвэл АН-ыг эцсийн мөчид ийм эрсдэлд оруулах ажиллагааг өнөөх л Х.Баттулга, бас С.Баярцогт хийсэн гэцгээж байна. Эргэн санавал, өнгөрсөн долоо хоногийн даваа гарагийн 00:00 цагаар нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодруулж дууссан ч шөнө нь С.Баярцогт, Х.Баттулгын угшилтай П.Нүрзэд нараас эхлээд нэр дэвшинэ, дэвшихгүй гэх асуудал гаргасан. Үүнээс нь болж АН-ын нэр дэвшигчдийн нэрс албан ёсоор эцэслэгдэхгүй цаг алдсан. АН-ын ҮБХ-ныхон арай гэж эцэслэсэн нэрсээ СЕХ руу явуулах болтол зарим нь гарын үсэг зурахгүй гүрийсэн. Дээрээс нь С.Баярцогт бас өнөөх нэрсийг жагсаалтыг өөрийнхөө өөрчлөөд давхар явуулчихсан гэх. С.Баярцогтын хувьд 2021 онд дээд шүүхээс 4.8 жилийн ял сонссон ч 2022 онд илбийн мэт цагаадаж, АН-д эргэн ирсэн. Тухайн үед л түүнийг МАН-аар хэргээ цагаатгуулж, хариуд нь АН-ыг “самрах” даалгавар авсан гэлцэж байлаа. Эндээс харвал, АН-ыг нэр дэвшигчдийн нэрсийг жагсаалтыг “самрах”, эцсийн мөчид сонгуульд оролцуулахгүй унагах ажиллагааг МАН-ын “даалгавар”-аар Х.Баттулга, С.Баярцогт хоёр гүйцэтгэсэн байхыг үгүйсгэх аргагүй гэсэн үг.