• Өнөөдөр 2024-04-29

ХҮНД НАМАР ХҮЛЭЭЖ БАЙНА, НАЙР, НААДМАА ӨНДӨРЛӨ, ТҮШЭЭД ЭЭ

2022-08-02,   964

        Төрийн ордон ээлжийн ганц манаачтай үлдсэн аятай, эл хуль. Түшээд тойрог, төрж өссөн нутаг усныхаа найр, наадам хэсэж одоод сар болох нь. Эвлэлддэггүй намын экс дарга, Хөгжлийн банкны хоёр гүргэр зээлдэгч тэргүүтэй зарим түшээд нь уулын оройд улаан хивс дэвсүүлэн заларч, тэнгэр тайж, орой нь од тахиад завгүй. Сүхбаатарын түшээд гэхэд халуун нар, хөдөөгийн салхинд харлаж, хүнд танигдахгүй болсон бол нөгөө нь айрагдсан мориныхоо зүс, уяаг нь тааруулсан уяачийнхаа царайг ялгахаа больтлоо хөөрцөглөж явна. Баянхонгорын түшээд бүр ч дуулиантай, Гадаад хэргийн сайд Б.Батцэцэгийн бөх нөхөр нь “Лайвчин” Д.Мөнх-Эрдэнийг боож унагасан бол УИХ-ын дарга Г.Занданшатар эсрэгээрээ Д.Мөнх-Эрдэнэтэй ихэд дотночилж, наадамчин олны өмнө хөөрөглөх зуураа хүзүүгээр нь тэврээд авч байна лээ. Энэ бужигнааны хажуугаар, УИХ-ын гишүүн Д.Ганбат хэдэн жилийн өмнө тойргийнхондоо тараасан өөрийнхөө хөрөгтэй бидоноо “нэхээд” амжсан. 
 
Эмгэнэлтэй гэх үү, эгдүүцмээр гэх үү, эдийн засаг элгээрээ хэвтэж, “Энэ улс удахгүй дефолт болно” гэж улс орнууд чичилж, халдварт тахал дахин тархаж, хил дээр ачаа бараа бөөгнөрч, хоёр хөршид буун дуу хадаж байхад манай төрийн түшээд харин наргиж, наадамлаж явна. Тэгээд болоогүй, “Улсын хэтэвч хоосон байна, хэмнэе” гэж баахан лоозогносон мөртөө өөрсдөө том гэгчийн хөөрөг, торгон дээл, тас хар жийпээр гангарч давхицгаахыг нь яана. Чухамдаа, сүх далайтал үхэр амгалан гэдэг. Үхрийн сүүлэн дээр хутга ч гэдэг. Аль аль нь өнөөдрийн бидэнд яг тохирох хэлц болчхоод байна. 
Тэгвэл найр, наадам хэсэж яваа түшээдэд хүндхэн намар хүлээж байгааг хэдхэн жишээгээр сануулж байна. 
 
ХОЁР ТАХАЛ ХАВСРАХ ЮМ БИШ БИЗ
 
       Өчигдөр коронавирусийн 209 тохиолдол бүртгэгдэж, халдварт тахал биднээс яваагүйгээ сануулав. Ялангуяа BA-4, ВА-5 хувилбар хурдацтай тархаж буй нь мэргэжилтнүүдийн санааг зовоож эхэлжээ. Тиймээс хичээлийн шинэ жилийг угтан 5-11 насны хүүхдүүдийг дархлаажуулах ажлыг өчигдрөөс эхлүүллээ. Гэвч эцэг эхчүүд хүүхдээ дархлаажуулалтын цэгт дагуулж ирэх тун дургүй байгаа нь бас нэг асуудал болж хувирлаа. Халдварын тоо нэмэгдсээр байвал өнгөрсөн хоёр хичээлийн жилийн түүх давтагдахгүй гэх газаргүй аж. Бас нэгэн муу мэдээ нь сармагчны цэцэг өвчний тархалт дэлхий нийтэд нэмэгдсээр байна. Алс Африкт дэгдсэн гэж дуулдаж байсан цэцэг өвчин Азийн хэд хэдэн оронд бүртгэгдэж, хаяанд ирчихлээ. Дэлхийн 76 улсад 16 мянган тохиолдол бүртгэгдээд байгаагаас Азид 60 орчим тохиолдол бүртгэгдээд байна. Гэтэл манай хил гааль онгорхой, цэцэг өвчин орж ирж буй эсэхийг нь оношлох, тогтоох тоног төхөөрөмж дутагдалтай, хэрвээ орж ирсэн нь батлагдвал халдварт цар тахал, цэцэг өвчин хоёртой зэрэг тэмцэх хүн хүч, хөрөнгө мөнгө хомсдолтой зэрэг нь нийгмийг түгшээж байна. 
 
НААДАМ ХИЙХ МӨНГӨТЭЙ СТАНЦ ЗАСАХ МӨНГӨГҮЙ
 
      Нийслэлчүүд дүн өвлийн хүйтнээр тэс хөлдөж болзошгүй муу мэдээг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх дуулгалаа. Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах явц удаашралтай, хүнд бэрхшээлүүд тулгарч байгаа гэнэ. Учир нь, урд хөршид эрчим хүчний салбарын тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн үнэ огцом өссөн, ачаа бараа хил гааль дээр удаан саатаж байгаа гэх хоёр том шалтгаан нөлөөлжээ. Актлагдсан шугам хоолой, станцуудаа арчилж, тордохын хүчинд өдий хүрсэн. Гэтэл үнэ өссөн шалтгаанаар сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмжөө авч чадахгүй, авлаа гэхэд оруулж ирж чадахгүй хил дээр гацаасаар засварын ажлаа намартаа багтааж чадахгүй бол нийслэлчүүдийг тэс хөлдөх эрсдэл хүлээж байна гэсэн үг. Эрчим хүчний салбарын өвлийг угтсан дараагийн том ажил бол сайжруулсан шахмал түлшний нөөц бэлтгэх ажил. Одоогоор 60 гаруй мянган тонн шахмал түлш нөөцөлсөн, барьцалдуулагч бодисоос болоод бас л төлөвлөгөөнөөсөө хоцорч яваа гэх. Станцуудаа засаж сэлбэх мөнгөгүй, барьцалдуулагч бодисын нөөцгүй гэх атлаа хэчнээн тэрбум төгрөгөөр наадамлаж, наргиж суудаг манайх шиг улс үгүй биз. 
 
ДАМПУУРАХ ЭРСДЭЛТЭЙ 10 ОРНЫ ТООНД БАГТЧИХЛАА, ТҮШЭЭД ЭЭ
 
      Дефолт болох эрсдэлтэй 10 орны тоонд Монгол Улс багтсан тухай муу мэдээ хэн хүний санааг чилээх болов. Гол шалтгаан нь гадаад өр. Манай улс дэлхийн 16 улсад 33.8 тэрбум ам.долларын өртэй. Энэ бол хөгжиж буй орнуудын гадаад өртэй харьцуулахад 2-3 дахин өндөр үзүүлэлт. Ноцтой нь, дефолтын “шуум”-аар арилжааны банкууд зарим төрлийн зээл олголтоо зогсоож, хязгаарлаж эхэлсэн нь иргэдэд шууд нөлөө үзүүлж эхэллээ. Олон улсын байгууллагуудын зүгээс “Монгол улс өнөөдөртөө өрийг өрөөр дараад аргацааж байж болох ч инфляц, ханшийн сулрал зэргээс шалтгаалан дараагийн ээлжийн зээлийн хүүгийн төлбөрөө төлж чадахгүйд хүрнэ” гэж шууд, шулуухан хэлж байна. Хэрвээ энэ нөхцөл байдал өөрчлөгдөхгүй бол саяхан дефолт болсон Шри Ланка улсын түүхийг давтаж мэдэх нь гэсэн үг. 
 
ТӨМС КГ НЬ 4000 ТӨГРӨГТ ХҮРЧ, ТҮҮХЭН АМЖИЛТ ТОГТООЛОО
 
       АИ95 шатахуун литр нь 4210, дизель түлш 4030 төгрөг хүрч гаарав. Араас нь төмс нэг килограмм нь 4000 төгрөг хүрч, түүхэн дээд рекорд тогтоолоо. Өргөн хэрэглээний бусад хүнс барааны үнэ ч ялгаагүй араас нь зуузай холбон нэхэж байна. Үнийн өсөлт ийнхүү дээд цэгтээ хүрч, тэр тусмаа ургац хураалтыг угтан трактор, комбайнуудын гол “хоол” дизель түлшний үнэ 4000 давж талийсан нь намрыг угтсан хамгийн хар мэдээ. Засгийн газрын зүгээс хүний ногооны үнийг бууруулах үүднээс 10 нэр төрлийн хүнсний ногооны тонн тутамд 100 мянган төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн. Гэхдээ зөвхөн үүгээр үнийн өсөлтийг тогтоож чадахгүй гэж салбарынхан нь ярьж байна. Маш товчхондоо, үнийн өсөлт гаарсан, инфляц 15.1 хувьтай, төгрөгийн ханш унасан зэрэг өнөөгийн нөхцөл байдал удаан үргэлжилбэл дотоод эдийн засаг намрын саруудыг давах эсэх нь эргэлзээтэй байна. 
 
 

ХҮНД НАМАР ХҮЛЭЭЖ БАЙНА, НАЙР, НААДМАА ӨНДӨРЛӨ, ТҮШЭЭД ЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188