• Өнөөдөр 2024-04-26

Дэлхийн 16 улсад өртэй буюу бадар барих нүүргүй Монгол Улс

2022-06-29,   701

      Гадаад өр эрх баригчдын, эдийн засгийн хамгийн эмзэг асуудал болж хувирлаа. Хэдэн жилийн өмнө “Алив, май ав” гэдэг байсан гадаадынхан одоо хэтэвчээ харуулахгүй нуудаг, хүлээж авахаас ч цааргалдаг болсон. Өнгөрсөн хугацаанд өрийг өрөөр, бондыг бондоор төлсөн буюу хойд хормойгоо авч урдаа нөхсөөр эрээн цоохор “дээлтэй” болсон бидэнд бадар барьж гуйгаад ч итгэх улс, тэтгэх банк олдохоо больсон гэх үү дээ. Аргаа барсан Ардын намынхан ирэх онд төлөх бондын төлбөрөө олохын тулд Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчдийг нийтэд зарлаж, заримыг нь хорьж, шүүхдэж буй. 
 
УИХ-ын дарга Г.Занданшатар хүртэл “Гадаад өрөө хайхрахгүй, өрийг өрөөр, бондыг бондоор төлж явсаар 2030 онд гэхэд Монголоос хөөгдөх вий, хэдүүлээ. Гадаад өр цасан бөмбөг шиг томорсоор, жилд 1.2 их наяд төгрөг төлж байна. Мөдхөн “Улсаа дампууруулсан хулгайчууд” гээд улсаасаа хөөгдөж мэдэх нь байна шүү” гэж "ангийнхан"-даа ихэд аминчлан анхааруулсан. Өөрөөр бол, гадаад өрнөөс үүдэлтэйгээр улсын аюулгүй байдалд аваарын гэрэл асаж, дампуурлын сигнал өгч эхэлснийг эрх баригчид сануулах боллоо. 
 
Тэгвэл манай улсын гадаадын өрийн хамгийн сүүлийн үеийн, хамгийн таагүй үзүүлэлтүүдийг танилцуулъя. 

МОНГОЛ УЛС 33.8 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ӨРТЭЙ БУЮУ ИРГЭН БҮРД 30 САЯ ТӨГРӨГИЙН ӨР НОГДОЖ БАЙНА

      Манай улсын нийт гадаад өр 33.8 тэрбум ам.доллар хүрээд байна. Өөрөөр бол, Монгол Улсын иргэн бүр 30 сая төгрөгийн өртэй байна гэсэн үг. Гадаад өрийг задалж үзвэл, Монголбанкны өр 2.6 тэрбум ам.доллар, Засгийн газрын өр 8.5 тэрбум ам.доллар, Арилжааны банкны өр 1.7 тэрбум ам.доллар, Шууд хөрөнгө оруулалтын өр 12.3 тэрбум ам.доллар, Аж ахуйн нэгжүүдийн өр 8.2 тэрбум ам.доллар байна. Гадаад өр ДНБ-ий 224 хувьтай тэнцэж байгаа бол гадаад валютын албан нөөц нийт гадаад өрийн 10 хувьтай тэнцэж байна. 2010 оноос хойш гадаад өр 4.5 дахин нэмэгдсэн, хөгжиж буй бусад орнуудын өртэй харьцуулахад өндөр буюу 2-3 дахин их байна. Зээлжих зэрэглэлийн хувьд Өндөр эрсдэлтэй бүлэгт харьяалагдаж байна.

МАНАЙ УЛС ДЭЛХИЙН 16 УЛСАД ӨРТЭЙ

 
Манай улс өнгөрсөн хугацаанд дэлхийн 16 улсаас зээл авчээ. Одоогоор цөм эргэн төлөгдөж дуусаагүй, үлдэгдэлтэй байна. 
 
Тухайлбал, 
  • Нидерланд- 8.4 тэрбум ам.доллар /Оюутолгой төсөлтэй холбоотой хөрөнгө оруулагчдын өр/
  • БНХАУ- 3.8 тэрбум ам.доллар
  • Япон- 1.8 тэрбум ам.доллар 
  • Хонгконг- 1.2 тэрбум ам.доллар
  • Сингапур- 1.2 тэрбум ам.доллар
  • АНУ- 637 сая
  • ХБНГУ- 318 сая 
  • Люксембург- 263 сая 
  • Франц 240 сая 
  • ОХУ- 219 сая 
  • ИБУИНВУ- 197 сая 
  • БНСУ- 192 сая 
  • Канад- 173 сая 
  • Австрали- 119 сая 
 
Харин олон зээлдэгч хамтрагч оролцсон буюу гадаадын банкуудаас- 14.2 тэрбум ам.долларын зээлтэй байна. 

ЗАСГИЙН ГАЗАР ӨНГӨРСӨН 30 ЖИЛ 7.7 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ЗЭЭЛ АВЧ, 1.9 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫГ НЬ ЭРГҮҮЛЭН ТӨЛЖЭЭ 

        Засгийн газрын 8.5 тэрбум ам.долларын өрийн тухайд, 5.7 тэрбум ам.доллар нь хөгжлийн зээл, үлдсэн нь бондын төлбөр байна. Хэдээс хэдэн онд, хэрхэн авсныг нь харвал, 1990-2000 оны хооронд 460 сая ам.долларын зээл, 2001-2010 онд 1.0 тэрбум ам.долларын зээл, 2011-2021 онд 4.2 тэрбум ам.долларын зээл авсан байна. Өөрөөр хэлбэл, сүүлийн 10 жил хамгийн их зээл авсан байна. Гэхдээ Засгийн газар өнгөрсөн хугацаанд энэ зээлийнхээ 1.9 тэрбум ам.долларыг нь эргүүлэн төлсөн буюу одоо 5.7 тэрбум ам.долларын үлдэгдэлтэй байна. Зарцуулалтын тухайд, энэ зээлүүдийг Шинэ нисэх буудал, Төв цэвэрлэх байгууламж болон автозам, орон сууцны хөтөлбөрүүдэд зарцуулжээ. 
 
Харин энэ зээлүүд хаана харьяалагдаж байгааг нь харвал, Азийн хөгжлийн банканд 1.8 тэрбум ам.доллар, Дэлхийн банканд 809 сая ам.доллар, Япон улсад 1.2 тэрбум ам.доллар, БНХАУ-д 1.0 тэрбум ам.доллар, БНСУ-д 155 сая ам.долларын өрийн үлдэгдэлтэй байна.  

МАНАЙ УЛС 2023-2026 ОНД 13.3 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ӨР ТӨЛНӨ 

       Манай улс 2012 онд Чингис бондыг гаргаснаас хойш нийт долоон удаа бонд гаргасан. Одоо Чингис бонд 137 сая, Хуралдай 600 сая, Гэрэгэ 533 сая, Номад 600, Сенчири 1.0 тэрбум ам.долларын үлдэгдэлтэй байгаа. Эдгээрээс Чингис бондын үлдэгдэл ирэх арванхоёрдугаар сард төлөгдөх хуваарьтай байна. 
 
Харин 2023-2026 онд манай улс нийт 13.3 тэрбум ам.долларын өр төлөхөөр хүлээгдэж байна.
 
Тухайлбал, 2023 онд
  • Гэрэгэ бонд- 533 сая ам.доллар,
  • БНХАУ-ын Ардын банкны своп- 1.8 тэрбум ам.доллар,
  • Самурай- 30.0 тэрбум иен
  • Евро- 500 сая ам.доллар,
  • Оюутолгой- 0.8 тэрбум ам.долларын өр төлөх хуваарьтай байна. 
 
 
Цаашлаад, 2024 онд Хуралдай бондын 600 сая ам.долларын өр хүлээгдэж байна.  
 

Дэлхийн 16 улсад өртэй буюу бадар барих нүүргүй Монгол Улс
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188