• Өнөөдөр 2024-05-17

Хоёр шинэ яамныхаа сайдыг томилохгүй юм бол нэг мөр 16 яамаа найман сайдад хоёр хоёроор нь хариуцуулчихвал яасан юм бэ, Ерөнхий сайд аа

2022-04-20,   588

        Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Цахим шилжилт”, “Алсын хараа” гэх амны уншилга болсон хоёр зорилгоо гүйцэлдүүлэх гэж зүтгүүлэн байж байгуулсан хоёр яамаа сайдтай болголгүй дөрөв дэх сараа барах нь. МАН үнэхээр нэг хүнд гурван давхар дээл нөмрүүлэх хүртлээ бодлого зангидах боловсон хүчингүй болчихсон уу, эсвэл цэц давхар дээлийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсний дараа хоёр яамныхаа сайдын томилгоог нэг мөр цэгцлэхээр дөрвөн сар дамнуулан хүлээж байна уу. Аль нь ч байлаа, арай л удаж байна. Ялангуяа эдийн засаг элгээрээ хэвтэж, эгэл ардууд дөрвөн мөчөөрөө мөлхөхдөө тулж байхад Эдийн засаг, хөгжлийн яам нь хариуцсан сайдгүй, түр орлон гүйцэтгэгч гэх хавсарган сайдтай дөрвөн сарыг барж байгаа нь байж болохгүй санагдах. 
        Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимдаа хоёр яам нэмэхгүй л бол улсын хөгжил урагшлахгүй нь гэсээр Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам гэх хоёр яамыг шинээр байгуулах төслийг өнгөрөгч оны аравдугаар сарын 14-нд УИХ-д өргөн барьсан. Улмаар мөн оны арваннэгдүгээр сарын 12-нд УИХ-аар баталж, тус бүрийнх нь төсвийг суулгаж өгсөн. Ингээд энэ оны нэгдүгээр сарын 6-нд Засгийн газар хуралдаж, Эдийн засаг, хөгжлийн яамыг 80 орон тоотой байхаар баталж, Сангийн сайд Б.Жавхланд түр хариуцуулсан. Төрийн нарийн бичгийн даргаар нь Үндэсний хөгжлийн газрын дарга асан Х.Батжаргалыг, дэд сайдаар нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан С.Наранцогт томилсон. Харин Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг 87 орон тоотой байхаар баталж, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд түр хариуцуулж, Төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга асан Б.Болор-Эрдэнийг томилсон. Ингэж 14 яамтай байсан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хоёр яамаар бүл нэмж, 16 яамтай болсон байдаг.  

Ийнхүү Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүчээр шахуу зүтгүүлж, “хөгжилд түчээлнэ” гэж байгуулсан хоёр яам нь хариуцсан сайдгүй дөрвөн сарыг барлаа. “Хөөрхий” хоёр шинэ яамныхан нь хариуцсан сайдгүйн улмаас хойд эцгийн гар харсан хүүхдүүд шиг хавсарган сайдыгаа хэзээ ирэхийг харуулдаж сууцгаадаг гэх. Гэтэл сайдынх нь үүргийг түр орлон гүйцэтгэхээр томилогдсон Б.Жавхлан, Л.Энх-Амгалан нар нь өөрсдийн Боловсрол, шинжлэх ухааны яам, Сангийн яамныхаа л ажилд анхаарал хандуулахаас биш хоёр шинэ яамныхныгаа төдийлөн тоосон юмгүй, хариуцсан яамныхаа “хатавчинд” байлгасаар өдий хүрэв. Сүүлдээ "бурхангүй газрын бумба" гэгчээр Цахим хөгжил, харилцааны холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ нь хэдийнэ сайд болчихсон аятай бодлого, шийдвэр ярьж хэвлэлээр өдөр бүр шахуу гарах болов. Ийм байдлаараа хариуцсан сайдгүй удвал "хоёр шинэ яам яг ямар хэрэгтэй вэ" гэдэг асуулт гарч ирэх нь. 

       Үнэхээр л нэг хүн хоёр яамны сайдаар хавсарч ажиллаад, хариуцаж чадаад байгаа юм бол бусад яамдад нь дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга гэх хоёр албан тушаал байхын хэрэг алга. Ер нь нэг мөр 16 яамаа найман сайдад хоёр хоёроор нь хариуцуулчихвал төсөвтөө ч хэмнэлттэй байх биз. Гэвч бодит байдал дээр эсрэгээрээ байгаа харамсалтай. Өөрөөр хэлбэл, нэг сайд хоёр яам зэрэг хариуцах нь бүү хэл хариуцсан ганц яамныхаа бодлогыг ч бүрэн зангидаж чадахгүй байна. Жишээ нь, энэ жилийн ЭЕШ-ын Монгол хэл бичгийн шалгалтад 5000 хүүхэд уначихлаа. Боловсролын салбарт бодлого дутагдаж байгаагын бэлээхэн жишээ бол энэ. Гэтэл Боловсрол хариуцсан салбарын сайд нь Цахим хөгжил, харилцааны холбооны сайдын үүргийг хавсарч гүйцэтгээд сууж байх. Цаашлаад төсвийн алдагдлаа хэрхэн нөхөх тухайд толгойг гашилж яваа Сангийн сайд Б.Жавхлан Эдийн засаг, хөгжлийн яамны бодлогыг зангидаж, 80 хүнийг нэг зүг чиглүүлнэ гэдэг юу л бол. Ингэж харвал, хоёр яамыг нэг хүнд хариуцуулснаараа хаа хаанаа бодлого алдагдахад хүрч байна.
 
Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эдийн засаг, хөгжлийн яам болон Цахим хөгжил, харилцаа холбооны яамны сайдыг яагаад томилохгүй байна вэ гэдэг асуултад хариулт хайвал хоёр л хариулт байна. Нэгдүгээрт, МАН үнэхээр л бодлого зангидах боловсролтой, сайдын зэрэгт хүрэх боловсон хүчингүй болчихсон юм байна. Жишээ нь, боловсон хүчингүйн улмаас бусдыгаа бодвол тоондоо арай сайн Б.Жавхланд Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам гэх нэг зоосны хоёр тал шиг мөртөө хоёр тусдаа яамыг хариуцуулчихсан явж байгаа харагдаж байна. Хоёрдугаарт, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраа давхар дээлтэй сайдуудтайгаар дахин байгуулах “нууцхан” хүсэлтэй явдаг тухай эртнээс л яригдаж буй. Ингэхийн тулд Үндсэн хуульд байгаа “Засгийн газрын гишүүдийн дөрөв хүртэлх гишүүн нь УИХ-ын гишүүн буюу давхар дээлтэй байж болно” гэх заалтыг өөрчлөх хэрэгтэй. Өөрчлөхийн тулд “бусдын гараар могой бариулах” зарчмаар Үндсэн хуулийн цэцэд асуудал оруулсан. Гагцхүү цэцийн шийдвэр дээгүүрх тохирооноос шалтгаалан саатаад буй. Ингэж харвал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цэцийн шийдвэр эцэслэгдэхийг хүлээж, шинэ хоёр яамныхаа сайдыг нэг мөр давхар дээлтэй томилохоор харзнаж байгаа дүр зураг харагдаж байна. 
 

Хоёр шинэ яамныхаа сайдыг томилохгүй юм бол нэг мөр 16 яамаа найман сайдад хоёр хоёроор нь хариуцуулчихвал яасан юм бэ, Ерөнхий сайд аа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188