• Өнөөдөр 2024-05-16

ТӨР ХУВИЙН ӨМЧИЙГ “БУЛААЖ”, КАПИТАЛИЗМЫГ СУРТАЛДАВ

2022-03-24,   1145

     Засгийн газар өчигдөр “Хөтөл”-ийн хувьчлалыг цуцалж, төрд буцаан авч буй зарлалаа. Хэзээнээсээ л “Хөтөл”-ийн хувьчлалын эсрэг байсан Ц.Нямдорж эл шийдвэрийг ихэд “таашаал”-тайгаар танилцуулав. Ингэхдээ бүр “Хувьчилж авсан компанийнх нь сүүлийн эзэн нас барсан. Нас барсных нь дараа өв залгамжлагчид нь авахаас татгалзсан. Өнөөдөр эзэнгүйдчихсэн байна. Дээрээс нь хувьчлал нь хууль бус байсан, хувьчлалын дараа гэрээний үүргээ биелүүлээгүй зэрэг асуудал нь хуулийн байгууллагад шалгагдаж байгаа. Иймд “Хөтөл”-ийн хувьчлалыг цуцалж, төрд авахаар шийдлээ. “Хөтөл”-ийн цаашдын хувь заяаг Төрийн өмчийн хороо шийднэ” хэмээн өвөрт нь хуримтлагдсан “өш”-өө тайлж байгаа мэт аяглав. 
 
Ухаандаа, хувьчилж авсан хүн нь нас барсан, өв залгамжлагчид “Өө, бид нар энэ компанийг хариуцах боломжгүй ээ” гэсэн тул “Урьд нь улсын өмч байсан”, “Хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа” шалтгаар төр “булааж” авч байна гэж ойлгогдов. 

“Хөтөл”-ийн Хөгжлийн банкнаас авсан өр зээл бол тусдаа яригдах асуудал. Хамгийн ноцтой нь, “Хөтөл”-ийн энэ жишээ бол, төр өөрөө хувийн өмч рүү ноцтойгоор халдаж, “Урьд нь улсын өмч байсан” гэдэг шалтгаанаар улайран дайр буй хэлбэр. Өөрөөр хэлбэл, төр өөрөө хөрөнгөтний капитализмыг сурталдаж, бүр хэрэгжүүлж байгаагийн илрэл. Хэдийнэ хувь хүний өмчид шилжээд, хувийн бизнес болоод хэдэн арван жил болчихсон байтал төр гэнэт гарч ирснээ “Өмнө нь төрийн мэдэлд байсан юм чинь одоо бид буцааж авлаа” гээд шууд хурааж аваад эхэлбэл энэ улсад хувийн өмч, хувийн бизнес үлдэх үү. Социализмаас Ардчилалд шилжсэн үеэс төрийн өмчид байсан хэчнээн барилга байшин, хэдэн зуун компани хувьд шилжсэн билээ. Тэр болгоныгоо төр буцааж, “булааж” авах юм уу. Улсын их дэлгүүр, Улаанбаатар зочид буудал, Баянгол зочид буудлаас эхлээд төрөөс хувьд шилжсэн барилга байшингуудын төр булааж авах юм уу. Өгснөө буцааж авдаг төртэй байх юм бол хувьчлалд оролцож, хохирохыг хэн хүснэ гэж. 

         “Хөтөл”-ийн жишээнээс харагдсан дараагийн нэг асуудал бол төр өөрөө өөрийгөө үгүйсгэх явдал. “Хөтөл”-ийн хувьчлал Ардчилсан нам төр барьж байх үед явагдсан. Гэтэл одоо Ардын нам тэр хувьчлалыг “Хууль бус байсан” гэж үгүйсгэж байна. Төр өөрөө нэгдмэл бус, Ардчилсан намын төр, Ардын нам төр гэж заагласнаараа дунд нь хувь хүн хохирч байгаа жишээ бол энэ. Дээрээс нь Ардын намынхан Ардчилсан намын үед буюу 2015 онд хийгдсэн төрийн өмчийн компаниудын хувьчлалыг хууль бус гэж үзэж байсан юм бол аль эрт буюу 2016 онд төрийн эрхийг авсан даруйдаа хууль хяналтын байгууллагаар шалгуулж, төрд байх уу, хувьд бай уу гэдгийг нь шийдэхгүй яасан юм бэ гэдэг асуудал ч байна. 
 
Тэгвэл “Хөтөл” хэрхэн хувьд шилжсэнийг эргэн саная.  
 

Технологийн хувьд хоцрогдсон “Хөтөлийн цемент шохойн үйлдвэр”-ийн шинэчлэлийн эхлэл буюу “Бэйзмент” ХХК

          Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт орших Хөтөлийн шохойн ордыг түшиглэн жилд 500 мянган тонн цемент, 65 мянган тонн шохой үйлдвэрлэх хүчин чадалтай” Хөтөлийн цемет шохойн үйлдвэр”-ийг 1983 онд байгуулав. Ингээд төрийн мэдлийн “Хөтөлийн цемент шохойн үйлдвэр”-т 2010 оныг хүртэл 27 жил өргөтгөл, технологийн шинэчлэл хийгдэлгүй, жилд 500 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай хэвээр явж иржээ. Улмаар удтал яригдаж ирсэн үйлдвэрийн технологийн хоцрогдлыг арилгаж, өргөтгөл, шинэчлэл хийх асуудал 2010 онд биеллээ олж, мөн оны хоёрдугаар сарын 4-нд “Хөтөлийн цемент шохойн үйлдвэр”-т технологийн шинэчлэл хийх тухай" УИХ-ын 11 дүгээр тогтоол гарав. Энэ дагуу Засгийн газраас “Хөтөлийн цемент шохойн үйлдвэр”-т технологийн шинэчлэл хийх гүйцэтгэгчийг шалгаруулахад 10 аж ахуйн нэгж оролцсоноос “Бэйзмент” ХХК шалгарчээ. 

Улмаар “Бэйзмент” ХХК “Хөтөлийн цемент шохойн үйлдвэр”-т технологийн шинэчлэл хийх хүрээнд хуурай аргаар жилд 1.0 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийн байгуулахаар болж, тус үйлдвэрийг 10 жилийн хугацаатай концессоор эзэмшихээр Засгийн газартай гэрээлэв. Ингээд төслөө хэрэгжүүлэхийн тулд 2012 оны аравдугаар сарын 19-нд Хөгжлийн банкнаас 61 сая ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 84.7 тэрбум төгрөг, арилжааны банкуудаас 201.2 тэрбум төгрөг буюу нийт 284.9 тэрбум төгрөгийн санхүүжилт босгож, төслөө хэрэгжүүлж эхэлжээ. 

       “Бэйзмент” ХХК ийнхүү 2011 онд эхлүүлсэн төслөө 2014 онд дуусгаж, төлөвлөсөн ёсоор хуурай аргаар жилд 1.0 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг ашиглалтад оруулав. Тухайн үед дотоодын цементийг хэрэглээ жилд 1.1 сая тонн байсан гэхээр энэ үйлдвэр дотоодын хэрэглээг 100 хувь хангана хэмээн тооцоолж байв. Үүнийг нь төр сайшааж, шилдэг бүтээн байгуулалтын “Төрийн гэрэгэ” шагналыг гардуулан өгч байв. 

“Хөтөлийн цемент шохойн үйлдвэр”-ийн хувьчлал ба “Бэйзмент” ХХК

 
          “Хөтөлийн цемент шохойн үйлдвэр” хоцрогдлоос гарч, жилд 1.0 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай болсны дараахан төр өөрийн эзэмшлийн компаниудаа хувьд шилжүүлэх замаар бизнесийн чөлөөт өрсөлдөөнийг бий болгож, цааш явуулах шийдэл яригдаж эхлэв. 
 
Тодруулбал, 2015 оны долдугаар сарын 3-нд УИХ-аас “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөх байгуулах үндсэн чиглэл батлах тухай” 70 дугаар тогтоолыг баталсан. УИХ-ын эл тогтоолын хэрэгжүүлэхээр мөн оны наймдугаар сарын 17-нд Засгийн газар “2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жагсаалт батлах тухай” 330 дугаар тогтоолыг баталж гаргасан. Энэ тогтоолоор төрийн өмчийн 15 компанийг хувьчлахаар болсон бөгөөд энэ дунд “Хөтөлийн цемент шохой” ТӨХК багтсан байдаг. Тухайн үед УИХ-ын даргаар З.Энхболд, Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэг ажиллаж байв. 
         УИХ, Засгийн газраас ийнхүү “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийг хувьчлах шийдвэр гарсны дагуу мөн оны аравдугаар сарын 8-нд “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийн төрийн өмчийн хувьцааг хувьд худалдах тухай” Төрийн өмчийн хорооны 608 дугаар тогтоол гарсан. Уг тогтоолд “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийн 28 тэрбум төгрөгийн богино хугацаат өр төлбөр, орон сууцны үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд олгосон 10 тэрбум төгрөгийн зээл, 1.1 тэрбум төгрөгийн банкны зээл, нийт 39.7 тэрбум төгрөгийн өр төлбөрийг төлөх нөхцөлтэйгөөр төрийн эзэмшлийн 119 сая ширхэг хувьцааг 1.3 тэрбум төгрөгөөр тооцож, “Бэйзмент” ХХК-д худалдах” тухай тусгасан. Улмаар зургаа хоногийн дараа буюу аравдугаар сарын 14-нд “Бэйзмент” ХХК болон Төрийн өмчийн хороо хооронд “Худалдах, худалдан авах гэрээ” хийгдэв. Ингэхдээ дээр дурдсанаар буюу “Бэйзмент” ХХК “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийн төрийн эзэмшлийн 119 сая ширхэг хувьцаа 1.3 төгрөгөөр тооцож, дээр нь 39 тэрбум төгрөгийн өр зээлийг нь өмнөөс нь төлөхөөр тохиролцож гэрээг үзэглэжээ. Өөрөөр хэлбэл, “Бэйзмент” ХХК “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийг өр зээл, хувьцааны үнийг нь нийлүүлбэл, 40 орчим тэрбум төгрөгөөр хувьчилж авчээ. “Хөтөлийн цемент шохойн үйлдвэр”-ийн шинэчлэл хийгдсэн, хувьд шилжсэн түүх товчхондоо ийм. 

Засгийн газар нэгэнт дээр дурдсан буюу 2015 онд баталсан УИХ-ын 70, Засгийн газрын 330, Төрийн өмчийн хорооны 608 дугаар тогтоолоор хэрэгжсэн “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийг хувьчлалыг хүчингүй болгох шийдвэр гаргасан тул одоо Төрийн өмчийн хороо хуралдаж, эхний ээлжид 2015 оны УИХ, Засгийн газар, Төрийн өмчийг хорооны дээр дурдсан тогтоолуудаас “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-д холбогдох заалтуудыг хүчингүй болгоно. Дараа нь энэ компанийн бүтцийг яаж өөрчлөх, ямар хэлбэрээр үйл ажиллагаа явуулахыг нь хэлэлцэх юм. 

        Эцэст нь, төр өөрөө муу менежер гэдэг нь цаг хугацаагаар, бодит жишээнүүдээр батлагдсан. Тиймдээ ч “Төрийн өмчийн” гэх тодотголтой компани болгон алдагдалтай ажилласан нэрээр төрөөс татаас авч, сонгууль бүрийн дараа тэнд ялсан намынхан халаа сэлгээ хийж, өөрийн намын хүмүүсээ удирдлагаар нь тавих байдлаар халаасаа түнтийлгэдэг нь нууц биш. Төр өөрийн компаниа хувийн компаниудаас дутуу гэхээс давуу авч явч явж чаддаггүй. Тийм ч учраас нийгэм бол төрийн өмчүүд хувьд шилжихийг дэмждэг. Тэгвэл төрөөс хувьд шилжиж, “бялуу” төдийхөн биш бодит бизнес болоод байсан “Хөтөл” ийнхүү буцаад “бялуу” болох нь ээ. 
 

ТӨР ХУВИЙН ӨМЧИЙГ “БУЛААЖ”, КАПИТАЛИЗМЫГ СУРТАЛДАВ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-24 16:05:05
    Zochin: Бүгдийг нь булааж буцааж авах хэрэгтэй.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188