• Өнөөдөр 2024-05-06

Авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийн хөрөнгийг хураая

2022-02-15,   840

      ЖДҮ-ийн дуулиан дэгдэхэд улстөрчид, төрийн сангуудын тоносон, тендер хамсан хэргүүд илрэхэд улстөрчид, Хөгжлийн банкны хуйвалдаан илрэхэд ч өнөөх л улстөрчид... Төрийг тоносон, татвар төлөгчдийн мөнгийг цөлмөсөн дуулиан жил алгасахгүй л дэгдэж байна. Албан тушаалтнууд, улстөрчид бүлэглэн, өөр хоорондоо авлига өгч, авах замаар аль өнгөтэй өөдтэй сан, банк, байгууллага болгон руу сорчлон дайрч, ард түмний боломжийг хулгайлсаар байгааг залхтлаа харж байна, ард түмэн. Авлигатай тэмцэнэ гэж албан тушаалтан бүхэн, ер нь амтай бүхэн нь ярьдаг атлаа амьдрал дээр ажил хэрэг болсон нь нэг алга. Авлигатай арай өөрөөр тэмцэхгүй бол цаашдаа цөлмөх ч сангүй, тонох ч төргүй, төсөвгүй болох вий.
       Хамгийн ойрын жишээнээс эхэлье. Энэ он гармагц Хөгжлийн банкны хуйвалдаан буюу чанаргүй зээлдэгчдийн дуулиан дэгдсэн, одоо ч халуун сэдэв хэвээрээ л байна. Жирийн иргэн арилжааны банкнаас цалингийн зээл авчихвал өдөр ч алгасаж болохгүй, өвдөх эрхгүй, үхэх эрхгүй, үхсэн ч үр хүүхдэд нь тэр зээл нь “өвлөгддөг” нь нууцгүй үнэн. Гэтэл Засгийн газрын банкнаас 100 тэрбум төгрөгийн зээл авчихаад зургаан жил огт төлөхгүй явж болдгийг, тэгээд болоогүй толгой баячуудын нэг мэт жүжиглэж болдгийг тэр зээлдэгчдээс анх удаа ард түмнээрээ харав. 10 тэрбум, 20 тэрбум гэдэг тоо сонссоор ард түмний авдаг сарын сая хүрэхгүй төгрөгийн цалин өдрийн хоолны мөнгө шиг сонсогдох боллоо. Хамгийн гол нь, Хөгжлийн банкны эл дуулианаас авлига, албан тушаалын гэмт хэрэг ямар хэмжээнд хүрч “цэцэглээд” байгааг ард түмэн нүдээрээ харж авч байна. Тэрбум төгрөгийн тендер авахын тулд тэр мөнгөнийхөө гуравны нэгийг нь авлигад өгдөг гэх аман яриа байдаг байлаа. Тэгвэл одоо тэрбум төгрөг гэдэг тоо авлигаар өгч авалцдаг мөнгө төдийхөн л болж, тийм хэмжээнд авлига хүчээ авч байна. Төрийн данстай Хөгжлийн гэх тодотголтой банкнаас 10 тэрбумын зээл авахын тулд тэрбумаар тогтохгүй авлига өгч таарна гэсэн үг шүү дээ. 
 
Тэгвэл бид одоо авлигатай яаж тэмцэж байна вэ гэхээр одоогийн хуулиараа л лав биш. 2017 онд Эрүүгийн хуульд Авлигын хэргийг хялбаршуулсан журмаар шийдэх тухай асуудлыг оруулсан байдаг. Тодруулбал, 2017 оноос мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1.1-д “Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно” гэх заалт бий. Хялбаршуулах тухай энэ заалтад найман жилээс дээш ял төлөвлөгдсөн этгээдүүд хамрагдах эрхгүй буюу асар өндөр дүнтэй авлига авсан нөхдөд энэ заалт хамаарахгүй мэтээр тайшруулдаг. Гэхдээ манай улсад авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хэн л найман жилээс дээш ял авч, түүнийгээ эдэлж байлаа даа. Өөрөөр бол, авлига авсан албан тушаалтан бүрд үйлчлэх, тэдний толгойг илэх заалт бол энэ гэж болмоор. Авлига авснаа хүлээн зөвшөөрөөд, гэм буруугаа маргах зүйлгүйгээр хүлээчихвэл хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх боломжтой. Чухамдаа учруулсан хохирлоо өөрөө төлөөд хорих ялаас мултрах боломжтой гэсэн үг. 2020 онд л гэхэд нэг компани, 31 албан тушаалтан авлига, албан тушаалын хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлсэн байна. 
 
        Хялбаршуулсан журмаар хэргээ шийдүүлж, торгуулаад ялаас мултарсан жишээ олныг дурдаж болно. НПГ-ын ерөнхий прокурор асан Ш.Нямдорж 200 сая төгрөгийн авлига авсан хэрэгт холбогдмогцоо эл мөнгөө улсын орлого болгож, 14 сая төгрөгөөр торгуулаад ялаас мултарсан. 200 сая төгрөг 20 айлын жилийн орлоготой дүйх их хэмжээний мөнгө атал 14 сая төгрөгөөр торгуулаад хэргээс мултарч байх жишээтэй. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Хаянхярваагийн ажлын өрөөнд АТГ-аас нэгжлэг хийж баривчилсан. Түүний хувьд ширээнийхээ шургуулгад хэд хэдэн боодол төгрөг, ам.доллартай буюу 200 гаруй сая төгрөгтэй саатуулагдаж, дуулиан тарьж байлаа. Зарим эх сурвалжууд түүнийг 2.8 тэрбум төгрөгийн авлигын хэрэгт холбогдсон ч гэдэг. Улмаар Д.Хаянхярваа авлигын хэргээ хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтийг прокурорт гаргаж, зорчих эрхээ таван сараар хасуулж, 40 сая төгрөгөөр торгуулаад хэргээр мултарсан. УИХ-ын 49 гишүүн нэр холбогдсон, сүр дуулиантай ЖДҮ-гийн хэргийн гол буруутан нь Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан Б.Батзориг болж хувирсан. Гэтэл албан тушаалаа урвуулан ашиглаж, 8.6 тэрбум төгрөгийн зээлийг албан тушаалтнуудад өгсөн гэх эл хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлсэн. Товчхондоо тэр 40 сая төгрөгөөр торгуулаад салсан. 

Товчхондоо, өнөөгийн хуулиар авлигачидтай авсан мөнгийг нь улсын орлого болгох, торгох, эсвэл багахан ял өгөх байдлаар л тэмцэж байна. Тэгвэл яаж тэмцэх ёстой юм бэ. Хууль шүүхийнхэн, хувь иргэд ч хөрөнгө хураах хатуу ялыг хэрэглэж эхлэх ёстой гэж үзэх болжээ. Авлига, албан тушаалын гэмт хэрэг асар өндөр түвшинд хүрч "цэцэглэж", хууль ч тэднийг хүчрэхээ болиод байгаа учраас арга ч үгүй биз. Хөрөнгө хураах гэдэг нь авлига авсан нь үйлдэл дээрээ баригдвал авсан мөнгийг нь хурааж аваад зогсохгүй бүх хөрөнгийг нь хураах агуулгатай ял. Авлига авсан нь батлагдсан зовж олсон бай, зольж олсон бай үл хамааран бүх хөрөнгийг нь хураана гэсэн үг. Гэхдээ “Хөрөнгийг нь хураагаад эхэлбэл хуучин нийгэм рүүгээ ухарсан үйлдэл болно” гэж эсрэг зогсогчид олон юм билээ. Тэгсэн мөртөө “Авлигачид гаарч байна, ард түмний боломжийг тэд л хулгайлаад байна” гэж орилдог нь гайхмаар. Уг нь авлига авсан албан тушаалтнуудын хөрөнгийг хураагаад эхэлбэл авлига авах "зоригтой" нөхөд цөөрмөөр л санагдах. Нэг тэрбум төгрөгийн авлигаас болж насаараа цуглуулсан хөрөнгөө хураалгахын хэн хүсэх вэ дээ. 

Гэтэл одоо авах ял нь хөнгөн байгаа учраас авлигачид амтшаад, бүр сүлжээ болоод ард түмний бүх боломж руу сүрэглэн дайрч байгаа юм. Арван тэрбумын авлига авсан, айхавтар сэргэлэн нөхөр байлаа гэж бодъё. Амтшаад дахиад нэг тэрбум төгрөг бусдаас авч байгаад АТГ-ынханд үйлдэл дээрээ баригджээ гэж төсөөлье. Тэрбум төгрөгөө “Уучлаарай” гэж тушаачихаад хялбаршуулсан журмаар ял завшина, эсвэл таван сар хүрэхгүй шоронд суугаад л гарч ирнэ. Нарснаас наранд гараад ирэхэд нь авлигаар аваад нуучихсан өмнөх арван тэрбум төгрөг нь байж байна. Чухамдаа бид авлигачидтай тэмцээд байгаа биш толгойг нь илж өөхшүүлээд байгаа л гэж харагдаж байгаа биз дээ. Хялбаршуулсан журмын хувьд бүр хөгтэй. Өнөөх тэрбум тэрбумаар авлига авч амташсан нөхөр тавин сая төгрөгөөр торгуулаад л ялаас мултарчихна. Тэрбум төгрөг халаасанд нь байхад тавин сая төгрөгийн торгууль төлөөд хэргээ цайруулах нь хариуцлага тооцох биш харин ч “сайн байна” гэж байгаатай ялгаагүй хэрэг шүү дээ. Тиймээс авлигатай тэмцэх аргачлалаа арай л өөрчилмөөр байна. 
 

Авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийн хөрөнгийг хураая
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188