Ерөнхий сайдын сэнтий тостой жолоочийн хүүгээс тосгоны хүүгийн эрхэнд шилжээд жил тойрох нь ээ. Ердөө 30 хоног л дутуу байна. Харамсалтай нь, харвардын боловсролтой, хэл устай, шинэ залуу гэж шагшигдсан Л.Оюун-Эрдэнэ, мэргэжлийн хүмүүс багтсан гэх магтуулсан түүний Засгийн газар бүтэн жилийн хугацаанд энэ гэж үзүүлэх, тэр гэж харуулах ажил хийсэнгүй. Тэдний засагласан бүтэн жилийг гурав хувааж үзвэл, эхний хэсэгт нь хөл хорио, халдварын тархалтыг хумих гэж сандарч гүйгээд, удаах хэсэгт нь дархлаажуулалт эхэлсэн гэж баярлаж гүйгээд, сүүлийн хэсэгт нь “Рио тинто”-гоос захиа ирлээ гэж, намын их хурлаа хийлээ, шинэ даргаа батламжиллаа гэж баярхаж гүйсээр таарлаа. Уг нь “Мэргэжлийн Засгийн газар байгуулагдлаа” гэж ард түмэн тэднээс ихийг хүлээсэн. Гэвч салбараа мэддэг гэх сайдууд нь самарсан уу л гэхээс, сайнаар дурсагдах ажил лав хийсэнгүй.
Тэднийг чухам яагаад “мэргэжлийнх” гэж хүлээж байсныг тодруулах нь зөв байх. Тухайлбал, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт гурван сэтгүүлч, таван хуульч, эрх зүйч, гурван эдийн засагч, гурван инженер, нэг хүний их эмч бий. Давхар мэргэжлээр нь дэлгэрүүлж тоолбол, улс төр судлаач гурав, бизнес судлаач нэг, цэргийн стратегич нэг, хими технологич нэг, бизнесийн удирдлагын магистр нэг, эрчим хүчний магистр нэг, хууль, эрх зүйн магистр хоёр, доктор хоёр, профессор нэг бий.
Цаашлаад, Хууль, зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хуульч, эрх зүйч, Сангийн сайд Б.Жавхлан банкны эдийн засагч, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг олон улсын харилцаа, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх цахилгааны инженер, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар төмөр замын инженер, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр улс төр судлаач, цэргийн стратегич, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон уулын инженер-маркшейдер, Эрүүл мэндийн сайд С.Энхболд хүний их эмч гээд бодоод үзвэл тэд цөм “мэргэжлийнх”. Нэмээд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд А.Ариунзаяагийн улс төрийн шинжлэх ухаан, нийгэм судлалын мэргэжилтэй гэхээр энэ салбарт хамаатуулж болно. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан эдийн засагч, бизнес судлаач мэргэжилтэй гэхээр мөн л энэ салбараас хол зөрөхгүй. Тэгэхээр 14 яамтай энэ Засгийн газрын лавтай 10 сайд нь мэргэжлээрээ ажиллаж байгаа гэсэн үг. Мэдээж, Боловсрол, Байгаль орчин, аялал жуулчлалын салбарыг сэтгүүлч, Соёлын салбарыг санхүүч, Барилгын салбарыг хими технологич удирдаж байгаа нь мэргэжлийн бусдаа орно. Засгийн газрын гал тогоог хариуцаж байгаа ЗГХЭГ-ын дарга, аж ахуй, арын албыг хариуцаж байгаа Шадар сайд, удирдан чиглүүлж байгаа Ерөнхий сайд гурвын хувьд мэргэжлийн, мэргэжлийн бус эсэхийг нь мэргэжлээр нь шүүх боломж алга.
Ингээд бүтэн зургаар нь харвал, энэ Засгийн газрын 10 сайд нь тухайн салбарынх гэхээр “Мэргэжлийн Засгийн газар” гэх тодорхойлолтыг тэд өмчилж болох байжээ. Харамсалтай нь тэдэнд мэргэжил нь байгаад сэтгэл, зүтгэл нь байсангүй. Боловсрол нь байгаад бодлого, шийдэл нь байсангүй.
Харин энэ бүтэн жилд иргэдийн амьдралд “зуд” нүүрлэв. Улаанбаатарчуудын уушгины “эрлэг” утаа эргэн ирлээ, төв замын түгжрэл тэг зогсолт хийх хэмжээнд хүрлээ. Гадаад харилцаа “0” зааж, гуравдагч хөрш бүү хэл хоёр хөрштэйгөө ч хэл амаа ололцож чадахгүй боллоо. Аж ахуйн нэгжүүдийн ачаа бараа хилийн цаана хоёр сар гаруй гацаж, хөлдөж, хугацаа нь дуусаж, хувцас, сэлбэг хэрэгслээс бусад нь хэнд ч хэрэггүй хог боллоо. Халдварт тахал хэн нэг эрх мэдэлтний, хэсэг бүлгийнхний халаасаа түнтийлгэх унацтай бизнес болж, харин энгийн иргэдэд эмнэлгийн тусламж, эм тарианы эмчилгээ олдохоо больж, 2000 гаруй хүн бурхны оронд “урилгагүй” мориллоо.
Хямралын салхи хавсарга болон хувирч, иргэд хоосон ходоод, хоосон хөргөгч, хоосон хэтэвчтэй хоцорлоо, өргөн хэрэглээний барааны үнэ тэнгэрт хадаж, талх, өндөг тансаг хэрэглээ болж хувирлаа.
Шатахууны нийлүүлэлт үе үе тасалдаж, үнэ нь өдөр ирэх бүр өссөөр, эсрэгээрээ чанар нь муудаж, эцэст нь жолооч нар шар өнгөтэй ус хэрэглээд байна уу, шатахуун хэрэглээд байна уу гэдгээ ялгахаа болилоо. Эрчим хүчний шугам сүлжээнүүд нь ачааллаа дийлэхээ больж, гэр хороололд хүчдэлийн хэмжээ багасаж, тог цахилгаан тасрах нь ихсэж, тогоогоо залгавал хөргөгчөө салгадаг зуршилтай болцгоолоо. Өндөр барилгын орой дээр өдөртөө л нэг хүн зогсож байдаг боллоо, өр зээл, өвчин зовлон, өнчрөл хагацлаар дүүрэн энэ нийгмийн стресс амиа хорлолтын тэргүүлэх шалтгаан болж хувирлаа. Иргэд нь ядарсан, дарга нар нь задарсан ялгаа зааг хоёр туйл руугаа тэмүүлсээр, иргэн хүн үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх боломж ч хумигдлаа МАН-ын гэх “хошго”-той, мэдлэг боловсрол, хэл усаар маруухан, хэн нэг даргын цүнх барьж асан намтартай, өөрөө дарга болох цор ганц мөрөөдөлтэй залуусаар төрийн алба дүүрлээ. Тоосго ч өрж үзээгүй атлаа хувьдаа хэд хэдэн барилгын компанитай, тэднээрээ төсвийн мөнгийг тэрбум тэрбумаар нь хонхойтол иддэг, хэн нэг дарга, сайд, гишүүний төрсөн дүү, эсвэл эхнэрийнх дүү гэх “хаягтай” шинэ цагийн баячуудын бүхэл бүтэн арми бий боллоо. Улс төрчид хөшөө барих нэрээр төсвөөс хулгай хийдэг, бурхан барих нэрээр тендер будилаантуулдаг шалгарсан аргатай болж, түүндээ бүр гаршицгаалаа. 11 сарыг ардаа хийсэн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед ард иргэдийн амьдрал ингэж л уруудан доройтсон байна.
.jpg)
"Мэргэжлийн Засгийн газар" гэж түүхэнд үлдэх боломж байсан ч тэд ашиглаж чадсангүй |
|