Ардчилсан намыг Ардын намд “тушаах” даалгавартай буцаж ирсэн гэх С.Эрдэнэ эцсийн сумаа тавилаа. Эцсийн сум нь өөрийнхөө “тодруулсан” М.Тулгатыгаа хүртэл үгүйсгэж, “Ардчилсан нам зөвхөн минийх” хэмээн өөрөө л биш бол өөр хэнийг ч намын дарга болгох хүсэлгүйгээ зарласан явдал байв. “Улсын бүртгэл дээр зөвхөн миний нэр бий” хэмээн өмчилж, өөр бусдыг “Дүрмийн бус, хууль бус” гэж хөөсөөр, эцэст нь тэр намдаа “ганцаараа” үлдэж, Ардчилсан намыг Ардын намд “тушаах” даалгавраа амжилттай биелүүлэв бололтой.
Эргэн саная. 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа “Хариуцлага хүлээж байна” хэмээн хэнээрхэж намаа хаяж одсон С.Эрдэнэ намдаа буцаж ирээд нэг жил болж байна. Гагцхүү ганц том шалтгаантайгаар эргэж ирсэн гэгдэж байлаа. Тодруулбал, С.Эрдэнэ өөрийг нь хууль, хяналтын байгууллагын хаалга татуулж, төмөр торны цаана суулгаж мэдэх том хэргүүдээ Ардын намаар хаалгаж, хариуд нь Ардчилсан намыг өмнө нь сөхрүүлэх тохироо хийгээд эргэж ирсэн гэгдэж байв. С.Эрдэнийг сүүдэр мэт дагаж яваа, саарал ордноос хэт холдвол нь л гарт нь гав зүүлгэж мэдэх Нийгмийн даатгалын сангийн 180 тэрбумыг үрэн таран хийсэн, 12 тэрбумын эвдэрхий элеватор шахсан, нас барсан хүмүүсийн нэр дээр тэтгэвэр авч улсад зургаан тэрбумын хохирол учруулсан тэргүүтэй хэргүүд бий. Гэтэл УИХ-д сонгогдож чадаагүй учраас хуулийн, эрх мэдлийн хамгаалалтгүй болж, дээрх хэргүүдээрээ шүүхийн хаалга татах нь цаг хугацааны асуудал болж хувирсан. Харин арга сийлж, Ардын намтай нэг тохироо хийсэн нь энэ бүх хэргүүдээ Ардын намаар нам даруулуулж, хариуд нь Ардчилсан намыг Ардын намын өмнө хөтөлж авчрах байж л дээ.
Чухам энэ тохироогоор С.Эрдэнэ Ардчилсан намыг өнгөрсөн нэг жилийн дотор яаж тамирдуулж, тарамдав гээд эргэн саная. Өнгөрсөн оны яг өдийд С.Эрдэнэ “Ардчилсан намыг Ц.Туваан самарч дууслаа. Намын тамга, тэмдгийг түүнд түр “хадгалуулсан” байсан юм. Одоо буцааж аваад, даргын ажлаа өөрөө хийхээр боллоо” хэмээн мэдэгдэж байв. Харин Ц.Туваан зургаан сар зугаалж яваад буцаж ирсэн С.Эрдэнийн энэ үйлдэлд эгдүүцэж “Өөрөө надад намыг даргын эрх мэдлийг өгчихөөд одоо буцааж авна гэж байгаа бол өгөхгүй” гэж татгалзсан. Эгдүүцсэндээ гэхээс С.Эрдэнийн цаад зорилгыг мэдсэндээ ч байж болох. Ингэж Ардчилсан намын арслантай тамганы хэрүүл анх эхэлсэн. Эхлээд С.Эрдэнэ Ц.Туваан хоёр хэвлэлээр байлдаж, хэн хэндээ мөчөөгөө өгөхгүй ана мана үзэлцэж байв. Удалгүй уралдан хоёр тусдаа намын даргын сунгаа явуулж, С.Эрдэнэ М.Тулгатыг, Ц.Туваан О.Цогтгэрэлийг тодруулсан. Ингээд дөрвүүлээ хоёр тал болж, Ардчилсан намын даргын суудлыг үргэлжлүүлэн тэмцэлдсэн. М.Тулгат, О.Цогтгэрэл хоёрын хэнийг нь албан ёсны даргаар батламжлах тухай, хэн нь жинхэнэ дарга болох тухай Улсын дээд шүүхийг шийдвэрийг нийтээр хүлээж байсан ч сүүлдээ хамгийн уйтгартай, залхмаар сэдэв болж хувирсан. “Нэгэнт авралгүй болсон Ардчилсан намыг хэн ч даргалсан яах вэ” гэж залхсан хэрэг л дээ.
.jpg)
Хамгийн сүүлд, С.Эрдэнэ энэ сарын 6-нд М.Тулгатыг Ардчилсан намын даргаар бүртгүүлэх тухай хүсэлтийг Улсын дээд шүүхэд хүргүүлсэн. Тэгмэгцээ дөрөв хоногийн дараа буюу энэ сарын 10-нд өөрийнхөө дээрх хүсэлтийг буцаан авах тухай хүсэлт гаргасан. Зургаа хоногийн дараа “Ардчилсан намыг төлөөлөх эрхгүй этгээдүүд болох О.Цогтгэрэл, М.Тулгатын гарын үсэг зурж, хүчингүй тамга дарагдсан Ардчилсан намын даргын бүртгэлтэй холбоотой холбогдох баримтуудыг буцааж авах тухай” гэх хүсэлт гаргасан. "Ардчилсан намыг дарга М.Тулгат л байх ёстой" гэж явсан С.Эрдэнэ гэнэт хувиргаж, өнөөх л "Би энэ намын цор ганц дарга" гэх зангаа гаргаад эхэлж л дээ. Тэгмэгц нь О.Цогтгэрэл, М.Тулгат нар “эвлэрч”, энэ сарын 17-нд “Ардчилсан намын даргаар хэнийг нь ч бүртгэсэн хүлээн зөвшөөрч, хүндэтгэлтэй хандана” гэж тохиролцоод Улсын дээд шүүхэд албан бичиг илгээж. Өөрийнхөө тодруулсан М.Тулгатдаа нэгэнт сүжиггүй болж, өөрөө намаа даргалаад шийдчихсэн байсан С.Эрдэнэ уурсаж “М.Тулгат Ардчилсан намын даргаар сонгогдсон л болохоос биш албажаагүй. Түүнд бие даан шийдвэр гаргах, ялангуяа намын хувь заяатай шийдвэр гаргаж, намыг төлөөлөх эрх байхгүй. Хэрвээ тэр энэ үйлдлээрээ Үндсэн дүрэм зөрчсөн нь тогтоогдвол хариуцлага хүлээлгэнэ. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй цор ганц дарга бол би” хэмээн омоглож, М.Тулгатыгаа хэвлэлээр баахан муулав. Одоогоос нэг жилийн өмнө С.Эрдэнэ яг ингээд “Ардчилсан намын жинхэнэ дарга бол би” хэмээж, Ц.Тувааныг муулаад зогсож байлаа. Бүтэн жил талцаж тэмцэлдсэн ч С.Эрдэнийн “Би цор ганц намын дарга” гэх өмчирхөл өөрчлөгдсөнгүй.

Ингээд харвал, Ардчилсан намыг даргатай болгох нь С.Эрдэнийн зорилго байгаагүй, харин "Би энэ намын цор ганц хууль ёсны дарга" гэх үгээр “дөнгөтэй” байлгах нь л гол зорилго нь байж. Тодруулбал, С.Эрдэнэ “Даргын суудал минийх” гэж дөргүй бух шиг зөрүүдэлж, Ардчилсан намыг хаашаа ч хөдөлгөхгүй, хэнээр ч төлөөлүүлэхгүй “дөнгөлтэй” байлгаж байх зуур Ардын нам Ерөнхийлөгчийн сонгууль, Нөхөн сонгуульд ялалт байгуулж, бүх шатанд төвхнөж амжсан. Ингэхдээ бүр үнэ хүндгүй болчихсон өөрийгөө Ерөнхийлөгчийн сонгуульд сойж, У.Хүрэлсүхийн замыг засалцсан. Магад, энэ л С.Эрдэнийн МАН-тай хийсэн тохироо байжээ гэж болмоор. Ардчилсан намыг арчаагүй байлгах нь Ардын намд хаяж өгч байгаагаас ялгаа юу байх билээ.
Тэгвэл С.Эрдэнийн энэ тохироогоор Ардчилсан нам яаж хохиров. Бүтэн жил үргэлжилсэн тулга тойрсон хэрүүл нь тус намыг туйлдуулж, эцэст нь мөхөл рүү нь хөтөллөө. Одоо Ардчилсан намд дурсагдах төдий гавьяа, дуулдах төдий нэр нь л үлдэж байна. Улс даяар 200 гаруй мянган иргэнийг тугандаа нэгтгэж, улаан байсан улс төрийг цэнхэртүүлж асан тэр Ардчилсан нам одоо ор мөргүй болж байна. Үнэт зүйл, үзэл баримтлал, нэр төр, нийгмийн байр суурь нь ч үгүй боллоо. Энэ нам цаашид сандал суудлын хэрүүл ноёрхсон, урвалт шарвалт, талцал хуваагдалдаа тарамдуулсан нэр төдий л нам л гэж дурсагдах нь.
С.Эрдэнэ эцсийн сумаа тавилаа |
|