• Өнөөдөр 2024-05-19

Тролл буюу гэртээ таван хүүхдээ хардаг Дулмаа нийгмийн сэтгэлзүйг өөрчлөх хүчтэй гэвэл итгэх үү

2021-12-06,   1041

            Троллууд төр удирдаж, түмний сэтгэлзүйг чиглүүлдэг болсон цөвүүн цагт бид амьдарч байна. Харлуулах эсвэл эерүүлэх даалгавартай мянга мянган троллын дайралт дунд өөрийн үзэл бодолдоо үнэнч үлдэх үнэхээр амаргүй болж байна. Жишээ нь, “ УИХ-ын гишүүн Бат бол муу хүн, би түүнийг дэмжихгүй” гэсэн хувийн үзэл бодолтой хүн байлаа гэж бодъё. Гэтэл сошиал сүлжээнд орох бүрд өөдөөс нь “Гишүүн Бат бол хүний дээд, тэр л хамгийн сайн хүн” гэсэн хэдэн мянган хүний үзэл бодол угтаад байвал яах вэ. “Нээрээ ч гишүүн Бат сайн хүн юм болов уу. Би түүнийг өдий хүртэл буруу бодож явсан юм болов уу. Энэ олон хүн түүнийг сайн хүн гэж бодож байхад яагаад ганцхан би түүнийг муу хүн гэж бодож явсан юм бол” гэж эргэлзээнд эхэлнэ. Ингэж эргэлзсэн хүн эцэстээ троллуудад уусаж, “Гишүүн Бат сайн хүн” гэх үзэл бодолтой болно. Троллуудын хийдэг ажил, хүрдэг үр дүн бол товчхондоо энэ. "Худлыг мянга давтвал үнэн болдог" гэдэг бол нэг ёсондоо троллуудын уриа үг. Сайнаар ч бай, муугаа ч бай буюу нийгмийн сэтгэлзүйг өөрчлөх бол троллуудын хийдэг ажил. Эсрэгээрээ “УИХ-ын гишүүн Бат хамгийн муу хүн” гэдэг ойлголтыг нийгэмд түгээж, нийтээр зөвхөн Батыг үзэн ядуулж ч чадна. Троллуудын ийм ажиллагааны үр дүнд төрөөс тав, арван тэрбумыг идсэн улстөрч ч сайн нэр зүүж болдог, эсрэгээрээ тролл баггүй, түмний төлөө шударгаар зүтгэсэн зарим нь “унадаг” болж. Товчхондоо, төрийн түшээдийн хэн нь сайн, хэн муу хүн гэдгийг сошиал сүлжээний хандлагаар таних боломжгүй, хувийн үзэл бодолтой, түүндээ бат итгэлтэй байх хамгийн хэцүү, тэр хэрээрээ хамгийн хэрсүү байх ёстой цаг үед бид амьдарч байна гэсэн үг. Нэгэнт нийгмийн хандлага, цаг үе ийм болсных тролл гэж чухам хэнийг хэлдэг, тэд ямар увдистай  тухай ойлголт өгөх нь зөв болов уу. 

           Орчин цагийн троллууд хуурамч нэр устай, хөө хуягтай эртний баатар, хурдан удмын морь, 21 аймгийн уул усны зурагтай, хэн гэдэг нь үл мэдэгдэх нэгэн байхаа больсон байна. Фэйсбүүк компани 2018 онд дотоод аудит маягийн томоохон судалгаа хийж, 2.2 тэрбум хэрэглэгчийнх нь 850 сая орчим нь хуурамч аккаунт буюу тролл хаягууд байна гэх тайлан гаргаснаасаа хойш тролл хаягуудад “цомхотгол” хийж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор тролллуудын харагдах байдал ч хувьсан өөрчлөгдөж, орчин цагийн сошиал троллууд бодит хүний нэр, зурагтай байх болжээ. Тодруулбал, гэртээ хүүхдээ хардаг, түр хугацаанд тодорхой эрхэлсэн ажилгүй байгаа эмэгтэйчүүдийг троллоор ажиллуулах нь элбэгшсэн байна. Энэ нь ч тухайн сэвж байгаа мэдээллийг нь үнэт бодит мэт харагдуулдаг, хуурамч гэж харагдахгүй байх өнгөлөн далдлалт болох давуу талтай аж. 

         Троллуудад өдөр тутам биш боловч тодорхой давтамжтайгаар ажил орж ирдэг ажээ. Ингэхдээ улс төрийн ямар нэг томоохон үйл явц, хурал, шийдвэр, томилгоотой холбоотойгоор троллуудад ажил орж ирдэг аж. Хэрхэн ажилладаг тухай нь сонирхож үзвэл, троллуудын толгойлогч гэж хүн байна. Тэр хүн нь ихэвчлэн хэн нэг улстөрчийн, эсвэл аль нэг улс төрийн хүчний “халаасны” хүн байна. Гэхдээ тэр хүн дангаараа бүх троллуудаа хянаж зохион байгуулахгүй буюу ихэнхдээ аравтын системээр ажлаа явуулдаг ажээ. Өөрөөр бол нэг толгойлогчтой, хэсэг хэсэг хариуцсан ахлагч нартай. Толгойлогч нь ахлагч тролллууддаа даалгавр өгч, ахлагч троллууд нь өөр өөрсдийн удирдлага доорх троллууддаа чиглэл өгдөг гэсэн үг л дээ. Жишээ нь, иргэн Дулмаа гурав хүртэлх насны хоёр хүүхэдтэй, гэртээ суудаг. Хүүхдийн мөнгө, нөхрийн цалин хоёрыг л хүлээдэг, өөрийн гэсэн орлогогүй нэгэн байж. Гэтэл найз Цэцэгээ нь түүнд тун хялбар атлаа боломжийн цалинтай ажлын санал тавьжээ. Тэр нь “сошиал тролл”. Дулмаагийн хийх ажил нь их энгийн. Нэг улс төрчийн ажлын албаны “сүүдэр” хэсэгт ажиллана. Тухайн улс төрчийг хэн, хаана муулна тэнд Дулмаа тухайн улс төрчийг хамгаалсан коммент бичих ёстой. Бас тухайн улстөрчийг нь муулсан коммент бичсэн хүнтэй нүүр, нүдгүй заргалдаж, өмөөрөх ёстой. Ингээд л болоо. Дулмаа ч найз Цэцэгээгийнхээ ажлын саналыг нааштай хүлээж авсан бөгөөд ажилдаа оржээ. Гар утас нь цэнэгтэй, интернетийн эрхтэй, хэдэн үг алдаагүй эвлүүлээд бичих ухаантай байхад л Дулмаа тогтмол ажилтай, цалинтай болчихлоо гэсэн үг шүү дээ. Ажилд орсон даруйд нь түүнийг “групп чат”-д элсүүлнэ. Нууцлалыг сайн хангаж байхыг даалгана. Тэгээд тэр “групп чат”-аараа дамжуулан Дулмаагийн өдөр тутмын ажлынх нь чиглэлийг өгч, хэнийг харлуулах, хэнийг эерүүлэх, хэн рүү дайрахыг нь зааж өгнө. Хэн дайралтын дараа, эсвэл нэг “ажиллагаа”-ны дараа цалинг нь бодож өгнө. Үнэхээр итгэл үнэмшилтэй, олон хандалт авч чадсан бол урамшуулал бодогдоно. Ингээд л Дулмаа гэртээ хоёр хүүхдээ харах зуураа буйдан дээрээсээ ажил хийж, цалин авдаг болчихож байгаа юм. 
 
Тролл хаягуудаар дамжуулж хэн нэгнийг харлуулах, хуурамч мэдээллээр хүмүүсийн толгойг угаахад хамгийн хялбар байдаг тул энэ төрлийн бизнес эрхлэгчид ч олон болж л дээ.
 
        Хэн нэг улс төрчийн, эсвэл аль нэг нам эсвэл, улс төрийн хүчинд цүнх баригч ба түүнээс дээш албан тушаалтай хэн нэгний толгойд энэ төрлийн бизнесийн санаа зурсхийх нь элбэг гэх. Хэсэг бүлэг оюутан залуучууд, хамаатныхаа хүүхдүүдийг “Сошиал компани байгуулна” гэж толгойг нь эргүүлээд дороо элсүүлнэ. Нэг нь хоёр, хоёр нь дөрвөн хүн дороо элслүүлэх ёстой гэсэн загварчлалаар аалзны тор мэт хүрээлэл үүсгэж, компаниа хормын төдийд хэдэн арван ажилтантай болгож өргөжүүлнэ. Хийх ажил нь амархан учраас ажилтан олдож ядахгүй. Дээр дурдсан гэртээ хоёр хүүхдээ хараад, нөхрийнхөө цалинг хүлээж суудал Дулмаа тэргүүтнүүд өдөр тутам ашиглаж байгаа сошиал хаягаараа хэдэн хуурамч мэдээ шейрлэж, хэнийг ч хамаагүй харлуулсан коммент хэдэн арвыг бичээд л цалин аваад байна гэсэн үг. Мөнгө өдрийн од шиг болсон энэ үед хэн ч ийм хялбар бөгөөд биеийн хүч шаардахгүй ажлыг уухайн тас хийдэг юм байна л даа. Үр дүнд нь хэн хохирч байгаа, нийгмийн сэтгэлзүй хэрхэн өөрчлөгдөж байгаа нь тэдэнд пад байхгүй. Өөрийнх нь шейрлэсэн ганц хуурамч мэдээ, ганц сөрөг сэтгэгдэл хэнд ч “гай” болохгүй гэж боддог учраас тэр. Гэтэл Дулмаагийн бичсэн коммент бусад Цэцэгээ, Сүрэн, Чимэгээгийн комменттэй адил утгаар нийлэхээрээ жинхэнэ нийгмийн бухимдал мэт харагддаг байх нь л дээ. Тролл сүлжээнүүд ингэж л үйл ажиллагаагаа явуулдаг. Нэг сэтгэгдлийг 1000 болгон үржүүлж, өөрсдийн хүслийг нийгмийн хүсэл мэтээр харагдуулах юм. Өнөөдөр эрх баригч МАН их хурлаа хийж байна. Төрийн бүх түвшинд ноёрхлоо тогтоосон нам их хурлаа хийж байгаа учраас энэ өдрийн сошиал сүлжээний мэдээлэл дан эерэг байхыг эрмэлзэх нь тааж ядах зүйл биш. Яагаад гэвэл эрх баригч намын их хурал болж байгаа энэ өдөр нийгмийн сэтгэлзүй эерэг байх ёстой. Бухимдалтай байх аваас бүгдээрээ нийлээд эрх баригч намыг шүүмжилж эхлэхийг үгүйсгэх аргагүй. Тиймдээ ч эрх баригч намын хэн болгонд хамаарах троллууд өнөөдөр чухам нийгмийн сайн сайхан чиглэсэн уур амьсгалтай байх нь гарцаагүй. Бид өнөөдөр троллуудад ингэж л толгойгоо мэдүүлж, төрөө удирдуулж байна. Хэн нэг улстөрчийн, аль нэг улс төрийн хүчний "Пи-Ар" хариуцсан ганц нөхрийн тархинд бүрэлдсэн бодол, амнаас гарсан үгээр програмчлагдсан хэдэн мянган тролл нийгмийн сүлжээг эзэлж, хэнийг сайн хүн гэж бодуулах, хэнийг муу хүн гэж харагдуулахыг өөрсдийг хүслээр шийдэж байна. 
 
 

Тролл буюу гэртээ таван хүүхдээ хардаг Дулмаа нийгмийн сэтгэлзүйг өөрчлөх хүчтэй гэвэл итгэх үү
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188