• Өнөөдөр 2024-04-26

Бадарчин үймээнээр буюу "Богд зонхов"-ын дуулианаар шатахуун импортлогчид санасандаа хүрэв

2021-11-23,   989

          “Богд зонхов”-ын будилаанд улсаараа бухимдаж байх зуур шатахууны үнэ 100 төгрөгөөр нэмэгдчихлээ. Хөшөө барих 32 тэрбумын луйвар илэрчихээд байхад хажууд нь шатахууны 100 төгрөгийн өсөлт бол жижигхэн асуудал бололтой юм, нийтээрээ нэг их тоосонгүй. “Шатахууны үнэ өснө” гэх удтал "дуншсан" шуум биеллээ олж, импортын шатахууны их гарын “шагчид” санасандаа хүрлээ. Чоно борооноор, бадарчин үймээнээр гэдэг дээ. 
 
Шатахууны үнэ өссөн асуудалд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны байр суурийг сонирхвол “Шатахуун импортлогчид 400 төгрөгөөр үнэ нэмэх хүсэлт гаргасан. Гэвч ярилцаж байгаад 100 төгрөгөөр нэмэхээр боллоо. Гэхдээ энэ бол огцом өсөлтөөс сэргийлсэн буюу аажмаар үнэ нэмэх аргачлал. Нарийвчилбал нэг удаагийн үнийн хэлбэлзэл 100 төгрөгөөр хэтрэхгүй байх үнийн зохицуулалт, бодолтыг автоматаар тооцох механизм юм” гэж тайлбарлажээ. Түүнчлэн "2021 оны арваннэгдүгээр сарын байдлаар шатахууны хил үнэ тонн тутамд 830 доллар байгаа бөгөөд жижиглэнгийн хил үнэ литр тутамд 1785 төгрөг буюу нийт өртгийн 74 хувийг бүрдүүлж байна. Энэ үнэ дээр гаалийн албан татвар, автобензиний албан татвар, НӨАТ зэрэгт 325 төгрөг буюу нийт өртөгт 14 хувь, үйл ажиллагааны зардал 295 төгрөг буюу нийт өртөгт 12 хувийг эзэлж шатахууны нийт өртөг 1 литр тутамд 2405 төгрөг болж байгаа" гэжээ. Товчхондоо “Шатахуун импортлогчид алдагдалгүй ажиллахын тулд үнээ 400 төгрөгөөр нэмэх байсныг харин ч шинэ аргачлалд оруулж 100 төгрөгөөр нэмэх зохицуулалт хийлээ. Баярлах ёстой” гэсэн үг ажээ. 
 
          Олон улсын зах зээлийн мэдээллийг ажиглавал газрын тосны үнэ дөрвөн долоо хоног дараалан буурч байна гэнэ. Жишээ нь, АНУ-ын зэх зээлд газрын тосны үнэ баррель нь 75 ам.доллар болоод байгаа нь зөвхөн өнгөрсөн долоо хоногийнхоос зургаан хувиар буурсан үзүүлэлт ажээ. Гэтэл манай улсын дотоодын зэх зээл дэх жижиглэнгийн шатахууны үнэ эсрэгээрээ өсөж байх юм, сонин шүү. 
 
Монголд газрын тосны импорт, бөөний болон жижиглэн худалдааны тусгай зөвшөөрөлтэй 100 орчим аж ахуйн нэгж байдаг. Тэднээс 50 орчим нь л хэвийн үйл ажиллагаа явуулж байгаагаас 5-6 томоохон аж ахуйн нэгж нь шатахууны зах зээлд ноёрхлоо тогтоож чаджээ. Тухайлбал, Магнай трейд, Сод монгол групп, М-Ойл, Шунхлай, Петровис, Тес петролиум гэх томоохон аж ахуйн нэгжүүд шатахууны эрэлт, нийлүүлэлтийг өөрсдийн хүслээр зохицуулж, хянаж байна. Тэгвэл эдгээр аж ахуйн нэгжүүдийн эзэд цөм улс төр, бизнест үлэмж нөлөөтэй хүмүүс. Тийм ч учраас үнээ нэмнэ гэвэл нэмж чаддаг, зарахгүй гээд гүрийвэл гэдийж чаддаг ажээ.   
 
Тухайлбал, 
 
        “М-Ойл групп”-ийн гүйцэтгэх захирал Б.Пунсалмаа. 2020 оны УИХ-ын сонгуулийн 27 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт АН-аас нэр дэвшиж байсан. Тэрбээр өөрийн жилийн орлогоо 83 тэрбум хэмээн мэдүүлж, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдээс хамгийн өндөр орлоготой нэр дэвшигчээр тодорч байлаа. Ялалт байгуулж чадаагүй ч, шатахуун импортлогчид монголын толгой баячууд болсон гэдгийг харуулсан. 
 
Мөн тэрбээр, “Пунсалмаа” сангаараа дамжуулан, олон нийтийн, хүмүүнлэгийн ажлууд зохион байгуулдаг бөгөөд Нийслэлийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр сонгогдон ажилласан нэгэн. 
         “Сод Монгол” группийн эзэн, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар. Соёлын яамны туслах байсан тэрбээр “НИК”ХК-ийн гүйцэтгэх захирал, 1999 онд “Сод Монгол” группийн Ерөнхийлөгч болж, шатахууны бизнест орж ирсэн. 2012 оноос төрд орохоор элдэв арга сүвэгчилж явсаар, 2020 оны УИХ-ын сонгуулиар энэ хүслээ гүйцэлдүүлсэн. Түүнийг “хүчирхийлэгч” хэмээн нийтээрээ давлагаалж, УИХ-ын гишүүн байх эрхгүй гэж шаардаж байсан ч тэгсгээд мартагдсан. Эрх баригч МАН-аас түүний орооцолдсон хэрэг төвөгт “Аа” ч гэж дуугараагүй. 
         “Тэс петролиум”ХХК-ийн эзэн, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр. Тэрбээр 2000-2008 онд Гаалийн ерөнхий газрын дэд дарга, дарга, 2011-2013 онд Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан. Харин УИХ-д 2016 оноос хойш хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа. 2020 онд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга болсон. Эдийн засгийн байнгын хороо, Ёс зүйн байнгын хороонд давхар харьяалагддаг. 
         “Петровис”ХХК-ийн захирал, УИХ-ын гишүүн асан О.Содбилэг. “НИК”ХХК-ний тэргүүн дэд захирал, “Мон ойл энд Газ”ХХК-ний гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2012 онд УИХ-ын гишүүн болж, 2016 онд улирч сонгогдсон. 
          “Шунхлай” группийн Ерөнхийлөгч П.Батсайхан. Уг нь энэ группийг улс төрд Г.Батхүү агсан төлөөлдөг байсан. Тэрээр 2004, 2008, 2012 онуудад Өвөрхангай аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан. Өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуулиар түүний хүү Б.Ганхөлөг Өвөрхангай аймагт АН-аас нэр дэвшсэн боловч өвдөг шороодсон. Гэлээ гээд “Шунхлай” группийн улс төр дахь нөлөөлөл төдийлөн буурахгүй гэж учир мэдэх хүмүүс хэлдэг. 
          “Магнай трейд”-ийн эзэн Р.Ганзориг. Олон нийтийн өмнө төдийлөн ил гараад байдаггүй ч улс төр, бизнест үлэмж нөлөөтэй нууц ноён. Р.Ганзоригийг хүмүүс “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэрэгтэй холбоотойгоор хууль хяналтын байгууллагад ээрэгдэж байснаар нь илүү таних байх. Өдгөө түүний гурван хүү нь бизнесийг нь авч яваа боловч ард нь Р.Ганзориг удирддаг хэвээрээ. 
“Монсуль” ХХК-ийн захирал Т.Энхжаргал. “Монсуль” ХХК шатахууны зах зээлд монополь аж ахуйн нэгжүүдийн тоонд багтахаар хүчтэй орж ирж байгаа. Т.Энхжаргал олон нийтэд төдийлөн танил биш боловч өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд мултарсан Д.Энхбатын дотнын найз гэгддэг. Д.Энхбаттай хамт гольфийн холбоо байгуулж явсан бол түүний хүү Э.Анартай хамт нэг компанид хувьцаа эзэмшдэг. Тус компани сүүлийн гурван жил дараалан "Монголын топ 100 аж ахуйн нэгж"-ийн жагсаалтад багтаад буй. 
           Ингээд харвал, шатахуун импортлогч эздээс хоёр нь УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа бол нэг нь УИХ-ын гишүүн асан, нэг нь УИХ-д горьлогч, хоёр нь монголын толгой баян, нэг нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн хамгийн дотнын найз байх аж.
 
       Тэд ийм хэмжээний эрх мэдэл, эд хөрөнгө, хүрээлэлтэй байхад шатахууны үнэ өсөхгүй гээд ч яах билээ. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурч байхад дотоодын зах зээлд эсрэгээрээ өсөөд байгаагын шалтгаан шууд утгаараа импортлогч эзэд нь эрх мэдэлтэй, нөлөөтэй байгаад л оршиж байх шиг. Хэрвээ манай улс 30 жилийн өмнө ярьж байсан газрын тосны үйлдвэрээ үлгэр болголгүй бариад ашиглалтад оруулчихсан бол одоо энэ хэдхэн хүний атганд багтаад жижгэрээд сууж байхгүй л байх байсан. Харамсалтай нь тэгж чадаагүй учраас эдгээр эрхмүүд өдгөө төрд дураараа эрхэлж, хүсвэл үнээ нэмж чадаж байна. 
 

Бадарчин үймээнээр буюу "Богд зонхов"-ын дуулианаар шатахуун импортлогчид санасандаа хүрэв
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-23 18:33:54
    Зөв өө: Зах зээлийн зарчмаараа явсан нь дээр ээ. 92-ын үнийг барих гээд 95, 98, ДТ-ний үнийг өсгөдгөө зогсоо.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-23 13:42:02
    Зочин: Чоно борооноор гэдэгшдээ ёстой шулаачид юмдаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-23 12:18:41
    зочин: 2070 байсан АИ-92 2230 болчихоор 100 төгрөгөөр нэмэгддэг юм уу
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188