• Өнөөдөр 2024-05-06

ХӨГЖЛИЙН БАНКИЙГ “ЦӨЛМӨСӨН” НАЙДВАРГҮЙ ЗЭЭЛДЭГЧИДТЭЙ ТАНИЛЦ-I

2022-01-31,   1097

-АРИЛЖААНЫ БАНКУУД, ТӨХК-ИУД, ҮНДЭСНИЙ ТОМООХОН КОРПОРАЦИУДАД ДАВУУ ЭРХ ОЛГОЖ ИРЖЭЭ-

        Монгол Улсын Хөгжлийн банкны 1.7 их наяд төгрөг буюу нийт зээлийнх нь 55.3 хувьтай тэнцэх чанаргүй зээл олгогдсон хэмээх дуулиан “шинээр” задраад буй. Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр 487.011.661.478, Г.Амартүвшин 33.262.772.095, Зим Жанг Жин 294. 260.754.749, Н.Мөнхбат 960.046.208.816 төгрөгийн зээлийг эрх мэдлийнхээ хүрээнд, удирдлагын багтайгаа зөвлөлдсөний үндсэн дээр компаниудад олгосон байдаг. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банк “1.774.581.397.140 төгрөгийн чанаргүй зээлийг бусдад олгосон боловч эргүүлж авч чадахгүй байна” хэмээн эхний ээлжинд 20 аж ахуйн нэгжийн нэрийг зарлахын зэрэгцээ Засгийн эрх барьж буй МАН-ын удирдлагуудаар бусдыг нь “дарамтлуулаад” байгаа билээ.  

          Тэгвэл бид 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс 2021 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд олгосон 352 зээлийн хариуцагч, олгосон зээлийн зориулалт, үнийн дүн, зарцуулалтыг цувралаар дэлгэж байна.  

УИХ-ЫН ГИШҮҮН АСАН М.БИЛЭГТИЙН “АЧЛАЛ ТРЕЙД” ХХК 36.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ АВЧЭЭ

        УИХ-ын гишүүн асан М.Билэгтийн 100 хувь эзэмшдэг “Ачлал трейд” ХХК-д Хөгжлийн банкны удирдлагууд 2017 оны аравдугаар сарын 13-наас 2019 оны есдүгээр сарын 7 хүртэл хоёр жилийн хугацаанд нийт зургаан дансаар долоон удаагийн гүйлгээгээр 36.445.527.314 төгрөгийг ам.доллараар олгожээ. Ингэхдээ жилийн 10.28 хувийн хүүтэй зээлсэн байна.

          “Ачлал трейд” ХХК нь Худалдаа хөгжлийн банканд зээлийн хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтдээ “...Улаанбаатар хотод иргэдийг хавдрын оношлогоо, эмчилгээ авах боломж бүрдүүлэн 120 ортой 12 давхар А блок, 180 ортой 16 давхар Б блок, эмийн сан, эрүүл мэндийн судалгааны байгууламжаас бүрдэх эмнэлэг байгуулах төсөл” гээд нийт өртөг нь 45. сая ам.доллар, үүний 10 саяыг өөрөө, таван саяыг Худалдаа хөгжлийн банкны зээлээс санхүүжүүлнэ” хэмээн танилцуулсан байдаг юм байна. Гэвч өдгөө М.Билэгтийн байгуулсан “Энэр мед” хавдрын эмнэлэг нь ашиглалтад ороогүй байгаа бөгөөд тус эмнэлгийг хэрхэх нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байгаа билээ. Гишүүн асаны хувьд бүрэн барьж дуусаагүй эмнэлгээ төрд “зарна” хэмээж хэсэг гүйсэн ч ХСҮТ-ийнхөн хэт үнэтэй барилга авснаас өөрийн байрандаа өргөтгөл хийсэн нь дээр хэмээгээд цөөнгүй сар болж буй билээ.  

“БАРМОН ХХК”-Д НЭГ ЖИЛИЙН ХУГАЦААНД 13.8 ТЭРБУМЫН ЗЭЭЛ ӨГЧЭЭ

        Тус компанид Хөгжлийн банкны удирдлагууд 2019 оны нэгдүгээр сарын 25, тус оны зургадугаар сарын 12, арванхоёрдугаар сарын 23-нд гэсэн гурван удаагийн гүйлгээгээр гурван өөр дансанд 10.62 хувийн хүүтэй нийт 13.837.520.380 төгрөгийг зээлсэн аж. “Бармон” ХХК-ийн удирдлагууд “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Чингэлтэй дүүргийн X хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн 1000 орчимд 468 айлын дөрвөн блок “Шинэчлэл хороолол” орон сууцны барилгын төслийг санхүүжүүлнэ” хэмээн уг зээлийг хүссэн байдаг.

Өнөөг хүртэл зээлээ төлөөгүй НИТХ-ын төлөөлөгчөөр 2019 онд сонгогдсон,  Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга асан Ш.Үнэнбат нь “Бармон” ХХК-ийн дэд захирлаар 2005 онд, 2011 онд Гүйцэтгэх захирлаар томилогдсон юм байна. Тэрбээр мөн “Бармон трейд” хэмээх компанитай, орон сууц, барилгын худалдаа үйлчилгээ эрхэлдэг, Гурвалжингийн гүүрний BIG худалдааны төвийн эзэн. Түүнчлэн хурдан морь сонирхдог бөгөөд морины “Цэцээ гүн” галд харьяалагддаг, барилгачин мэргэжилтэй нэгэн юм. Ш.Үнэнбатын компанийнхаа нэр дээр 2019 онд авсан 13.8 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдөх хугацаанаасаа 54 сараар хэтэрч, нийт өр нь 17 тэрбумд хүрээд байгаа ч “Бармон” группынхан шүүхэд өнөөг хүртэл ямар нэг хариу өгөөгүй байна.

 

АЛТ ОЛБОРЛОХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ КОМПАНИУДАД ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭН ГЭДЭГ ДАРГА НАЙР ТАВЬЖ, ЗЭЭЛ ОЛГОЖ БАЙСАН БЭ

-“БИЙД МАЙНИНГ” ХХК-Д НАЙМ ХОНОГИЙН ЗӨРҮҮТЭЙ ХОЁР УДААГИЙН ЗЭЭЛ ОЛГОЖЭЭ-

           Хөгжлийн банкнаас “Бийд майнинг” ХХК-д найм хоногийн зөрүүтэй буюу 2017 оны есдүгээр сарын 26, тус оны аравдугаар сарын 4-нд буюу хоёр удаагийн гүйлгээгээр нийт 11.667.000.000 төгрөгийг 15 хувийн хүүтэй зээлсэн байна.

Энэхүү компани нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт орших Хучиртын хөндийн алтны шороон ордод МV-017371 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 1079 га газар эзэмшдэг юм байна.

-БМНС ХХК-Д 5.5 ТЭРБУМЫН ЗЭЭЛ ОЛГОЖЭЭ-

       Хөгжлийн банкнаас Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт уул уурхайн төсөл хэрэгжүүлдэг “БМНС” ХХК-д 2017 оны тавдугаар сарын 30-ны өдөр 5.5 ТЭРБУМ төгрөгийн зээл олгожээ. Архангай аймгийн Цэнхэр тэргүүтэй сумдын нутаг дэвсгэрт нийгмийн хариуцлагын хүрээнд нөхөн сэргээлт хийж, малчдад өвс, тэжээл тогтмол үнэгүй өгдөг зэргээрээ сайн нэртэй тус компани 2016 онд Вагон түлхэгчийн авто угсраа шингээх аппарат худалдах, худалдан авах гэрээг 35.530.000 төгрөгөөр хийж байжээ.

Тус компанийн захирлаар Б.Отгонбаатар гэгч ажилладаг бөгөөд усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд ашигт малтмал олборлох, нөхөн сэргээх тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Мөн Төмөр замын доод бүтэц барих, далан хоолой барих тусгай зөвшөөрөл эзэмшдэг компани юм байна.

-БОЛОР ШҮР ХХК-Д 2.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ОЛГОЖЭЭ-

      Хөгжийн банкны удирдлагууд “Болор шүр” ХХК-д 2017 оны наймдугаар сарын 30, есдүгээр сарын 6-нд гэсэн мөн л найм хоногийн өмнө хойно 7.5 хувийн хүүтэйгээр 2.340.441.936 төгрөг зээлсэн байна. “Болор шүр” ХХК нь 2008 онд гадаад худалдааны чиглэлээр байгуулагдсан бөгөөд өдгөө Дорнод аймгийн Баян-Уул сумын нутагт орших Хужиртын талбайд ашигт малтмалын хайгуул, ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэх.

“БЭРЭН” ГРУПП 43.7 ТЭРБУМЫН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХГҮЙ ЛУУ УНЖИХЫН ЦААД УЧИР

        Алдарт “Бэрэн” группэд Хөгжлийн банкны тухайн үеийн Гүйцэтгэх захирал Б.Батбаяр үнэхээр давуу эрх олгосон бололтой. Тодруулбал, тус компанид 2017 оны гуравдугаар сарын 21-нээс эхлээд нийт найман удаа дөрвөн өөр дансаар 8.59, 9.3 хувийн хүүтэй ам.долларын буюу 43.751.591.565 төгрөгийг ердөө 1.3 жилийн дотор олгосон байна.

1990 онд компьютерийн программ хангамж, үйлдвэрлэлийн автоматжуулалтын чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлж байсан түүхтэй тус компани өнгөрсөн хугацаанд гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн импортлон дотоод зах зээлд худалдан борлуулахын зэрэгцээ хүнсний үйлдвэрлэл, ноос ноосон бүтээгдэхүүний үйлдвэрлэл, газар тариалан, мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаагаа тэлж өргөжүүлж ирсэн хэмээн компанийн танилцуулгадаа дурджээ. Түүнчлэн сүүлийн жилүүдэд уул уурхай, барилгын салбарт хөрөнгө оруулалт хийж компаний бодлого стратегийг шинэчлэн тодорхойлсноор “Бэрэн” групп Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, Уул уурхай, хүнд үйлдвэрлэл, Гадаад дотоод худалдаа, Барилга, үл хөдлөх хөрөнгө гэсэн дөрвөн томоохон салбарт үйл ажиллагаа явуулж байна. Гэвч тус группийн захирал Б.Мөнхтөр Хөгжлийн банкнаас авсан зээлээ буцаан төлөлгүй төлөх ёстой хугацаанаас 39 сар хэтрээд байна.

      Тэрбээр 43.7 тэрбумын зээлээ Хөгжлийн банкнаас авахдаа  Сүхбаатар дүүргийн VII хорооллын 720 болон 120 айлын "Ё" блок орон сууцны хороолол барихад зарцуулна хэмээн авсан байдаг. Гэхдээ зарим эх сурвалж энэхүү зээлийн мөнгөнийхөө тодорхой хувийг Хөгжлийн банкнаас зээл бүтээж өгсөн нэр бүхий албан тушаалтнуудад хуваан “бэлэглэсэн” гэх яриа байдаг.

Г.АМАРТҮВШИН НАЙЗУУДЫНХАА КОМПАНИД 33 ТЭРБУМЫГ НОГООН ГЭРЛЭЭР ЗЭЭЛСЭН ҮҮ

        “Вертекс майнинг партнер” ХХК-д 2020 оны нэгдүгээр сарын 3-нд 33 ТЭРБУМ төгрөг зээлсэн нь олны анхаарлыг ихээхэн татаж байлаа.

 “Вертекс Майнинг Партнер” ХХК нь 2017 онд Уул уурхайн үндэсний тэргүүлэгч олборлогч болох зорилгоор байгуулагдсан, 1000 гаруй ажилтантай гадаад худалдаа, автомашины худалдаа, түрээс, засвар, сэлбэг, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, уул уурхайн чиглэлээр зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани аж. Хамгийн гол нь энэхүү 33 тэрбум төгрөгийн зээлийг УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал байхдаа зүгээр ч нэг гаргаад өгчихөөгүй бололтой. Учир нь, “Вертекс майнинг партнер” ХХК-ийг түүний найз УИХ-ын гишүүн Хассуурийн Ганхуяг, УИХ-ын гишүүн Дарханы Г.Дамдинням нар үүсгэн байгуулж, өдгөө Х.Ганхуягийн дүү Х.Хашчимэг хариуцан, гүйцэтгэх захирлаар нь ажилладаг юм байна. Үүнээс гадна УИХ-ын гишүүн Г.Дамдинням Х.Ганхуягийн “Хера Инвестмент” компаниас хүртэл хувь эзэмшдэг. Өөрөөр хэлбэл, санхүүгийн хувьд эрх ашгийн зөрчилтэй эрхэм гишүүдийн компанид дотнын найз нь зээл цохохдоо “ногоон гэрэл”-ээр шийдсэн, шийдэх шийдэхдээ УИХ-ын сонгуулийн “зохицуулж” өгсөн хэмээн олон нийт хардаж буй.

76.6 ТЭРБУМЫГ ЗЭЭЛСЭН “ВЕСТЕРН ХОЛД” ХХК-ИЙН ДАЛД ЭЗЭН УИХ-ЫН ГИШҮҮН С.БЯМБАЦОГТ УУ

       Вестерн холд ХХК-д 2019 оны есдүгээр сарын 23-наас өнгөрсөн оны аравдугаар сарын 14-ныг хүртэл нийт таван удаагийн гүйлгээгээр таван өөр дансаар мөн л ам.долларын зээлийг 9.26 хувийн хүүтэйгээр олгосон баримт байна. Ингэхдээ тус компанид 76.638.678.260 төгрөг олгосон байна.

       Хамгийн сонирхолтой нь, уг компанийг УИХ-ын гишүүн С.Бямбацогтын төрсөн дүү С.Балжинням хариуцан, гүйцэтгэх захирлаар нь ажилладаг бөгөөд Ховд аймагт цементийн үйлдвэр барина хэмээн цар тахлын үед БНХАУ-аас гэрээт ажилтан олноор нь оруулж ирсэн компани билээ. Тус компанийг УИХ-ын гишүүн С.Бямбацогтын хөрөнгө орлогодоо мэдүүлдэг “Алтай трэст”, “Ньюпрогресс” групп үүсгэн байгуулсан байдаг.

“ВОЯЖЕР МИНЕРАЛ РЕСУРСЕС” ХХК-ИЙН АРД ХЭН БАЙГАА ВЭ

         Хөгжлийн банкнаас тус компани нь 2018 оны нэгдүгээр сарын 29-нөөс тус оны наймдугаар сарын 23 хүртэл буюу долоон сарын хугацаанд нийт найман удаагийн гүйлгээгээр найман өөр дансаар жилийн 7.5 хувийн хүүтэйгээр нийт 10.572.002.859 төгрөгийн зээл авсан байна.

2017 оноос Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутагт Алт-зэсийн хүдрийн үндсэн ордод Хөх-булаг төслийг амжилттай хэрэгжүүлж, уул уурхай, геологийн судалгааны чиглэлээр ажиллаж буй компани аж. Тус компанийн хэрэгжүүлж буй төсөл нь ил уурхайн аргаар хөрс хуулалт, хүдэр олборлолтын ажлыг гүйцэтгэж олборлосон хүдрийг хөвүүлэн баяжуулах /флотаци/ аргаар боловсруулж алт-мөнгө-зэсийн хам баяжмал үйлдвэрлэн гаргах технологи бүхий Монгол Улсын гурав дахь төсөл болон хэрэгжиж буй гэдгээрээ онцлог гэнэ.

      Уул уурхайн олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг энэхүү компанид 10 гаруй тэрбум төгрөгийг богино хугацаанд олгосны цаана нөлөө бүхий улстөрч байдаг гэх мэдээлэл бий. 

“ГАЗ ИМПОРТ” ХХК

Хөгжлийн банкны захирал асан Ч.Энхбатыг шүүх, цагдаагийн үүднээс “уяж”, яллагдагчаар татагдахад том үүрэг гүйцэтгэсэн компани бол “Газ импорт” ХХК. 2018 оны нэгдүгээр сарын 4-ний өдрөөс тус оны есдүгээр сарын 11 хүртэл нийт гурван удаагийн гүйлгээ, гурван өөр дансаар 6.89 хувийн жилийн хүүтэйгээр нийт 4.887.269.878 төгрөгийн зээлийг тус компанид Хөгжлийн банкнаас олгосон байдаг.

14 ХОНОГТ 5.1 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗЭЭЛСЭН ГАН ХҮДЭР ОД ХХК

        “Ган хүдэр од” ХХК нь Хөгжлийн банкнаас 2017 оны долдугаар сарын 6, 20-ны өдрүүдэд жилийн долоон хувийн хүүтэй 5.110.526.299 төгрөгийн валютын зээл авсан байна. Тус компанийн Гүйцэтгэх захирлаар О.Ням-Очир гэх хүн ажилладаг бөгөөд компани нь Дархан-Уул аймгийн Дархан сумын нутагт хүдэр олборлодог аж.

ГОВЬ, ГОЁО ХОЁРЫН ЗЭЭЛ НЭГ ӨДӨР ГАРСАН СОНИРХОЛТОЙ ДАВХЦАЛ

Хөгжлийн банкнаас “Говь” ХХК 2017 оны долдугаар сарын 5-нд жилийн найман хувийн хүүтэйгээр 18.871.920.000 төгрөгийн ам.долларын  зээл, 2018 оны зургадугаар сарын 4-нд 24 тэрбум, маргааш нь буюу зургадугаар сарын таванд 12 тэрбум, үүнээс мөн хоёрхон хоногийн дараа буюу долоонд 12 тэрбум, 2019 оны зургадугаар сарын 14-нд 29 тэрбум, үүнээс дөрөв хоногийн дараа 13.9 тэрбум, 2020 оны тавдугаар сарын 22-нд 40 тэрбум төгрөгийн зээлийг 11.5-12 хувийн хүүтэйгээр гаргуулан авсан байна.

         Тэгвэл “Гоёо” ХХК 2018 оны зургадугаар сарын 5 буюу “Говь” ХХК-ийн Хөгжлийн банкнаас авсан хоёр дахь зээлийн гүйлгээ 3600004479 тоот дансанд шилжин орсон өдөр 30.360.000.000 төгрөгийн 12 хувийн хүүтэй зээл зэрэг гарч таарсан сонирхолтой давхцал байгааг баримтаас харж болно. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны актив хөрөнгийг баруун солгойгүй цацаж эхэлсэн 2017 онд нэг “эзэн”-тэй гэгддэг хоёр компанийн дансанд зээлийн мөнгө нь зэрэг орсон нь санаандгүй тохиолдол биш биз ээ.

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ГОЛ “ТОГЛОГЧ” ГОЛОМТ БАНК УУ

        Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал болон удирдлагууд Голомт банканд давуу эрх олгож байсан уу гэмээр буюу 13 удаагийн гүйлгээгээр маш бага буюу нэг, 9.1, 9.5, 10, 15 хувийн хүүтэй зээлийн 2017 оны хоёрдугаар сарын 8-наас 2021 оны хоёрдугаар сарын 10 хүртэлх хугацаанд олгосон баримт байна. Тодруулбал, тус банканд нийт 107.699.100.000 төгрөгийн зээлийг тус компанид 2017 оноос хойш ажилласан удирдлагууд олгожээ.

“ДАРХАН МИНЖ” ХХК ЗУРГАА ХОНОГИЙН ЗӨРҮҮТЭЙ 2.1 ТЭРБУМЫН ЗЭЭЛ АВЧЭЭ

Тус компанид мөн л зургаа хоногийн зайтай хоёр удаагийн гүйлгээг хоёр өөр дансаар, жилийн 6.5 хувийн хүүтэйгээр олгожээ. “Дархан минж” компани 2.117.184.141 төгрөгийн зээлийг 2018 оны есдүгээр сарын 13, 19-нд авчээ. Ийм богино хугацаанд 2.1 тэрбум төгрөгийн зээлийг УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаярын мэдлийн компанид олгосон нь олны анхаарлыг ихэд татаж, тухайн үедээ багагүй хэл аманд өртөж байсан ч тэгсхийгээд намжсан билээ.

“ДИ БИ ЭМ ЛИЗИНГ” ХХК 81.8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ЖИЛИЙН ДОТОР “АВЧЭЭ”

             2017 оны долдугаар сарын 28-наас 2019 оны наймдугаар сарын 16-ны хугацаанд нийт 13 удаагийн гүйлгээгээр “Ди Би Эм Лизинг” ХХК нь Монгол Улсын Хөгжлийн банкнаас валют болон төгрөгийн жилийн 3.12, 3.6, 4.89, 5.95, 6.5, 11.59 зэрэг хамгийн бага хүүтэйгээр зээл авчээ. Тодруулбал, нийт 81.898.294.463 төгрөг зээлсэнээс 2019 оны наймдугаар сарын 16-ны өдөр тус компанийн нэр дээрх хоёр өөр дансаар 8.9 тэрбум төгрөг шилжиж орсон нь анхаарал татаж байв.

          Тэгвэл Монгол Улсын Хөгжлийн банк “Ди Би Эм лизинг” ХХК-ийг 2017 онд Санхүүгийн түрээс буюу лизингийн үйл ажиллагаа явуулахаар охин компаниараа үүсгэн байгуулсан билээ. Гэвч 2020 оны аравдугаар сарын 1-ний өдөр тус компанийг Засгийн газрын тогтоолоор татан буулгасан билээ.  

Бид энэ удаагийн дугаартаа Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээл авсан эхний 21 компани буюу 106 гүйлгээг ил болголоо. Дараагийн дугаартаа Барилга хот байгуулалтын сайдын хамаарал бүхий компани тэргүүтэй улстөрчдийн компаниудын зээлийн мэдээллийг хүргэх болно. 


ХӨГЖЛИЙН БАНКИЙГ “ЦӨЛМӨСӨН” НАЙДВАРГҮЙ ЗЭЭЛДЭГЧИДТЭЙ ТАНИЛЦ-I
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-31 15:47:41
    иргэн: дээд тэнгэр минь энэ ханаж цаддаггуй луйварчдыг аваач
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188