• Өнөөдөр 2024-04-27

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын “ойчих” шалтгаан омикрон байх уу

2022-01-07,   667

          Омикрон орж ирэхэд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар бэлэн үү. Ор дэрний хүрэлцээ хангамж, омикронтой, омикронгүй иргэдээ ялгаж, салгах байр сав, олон нийтийг зохион байгуулах бодлого, төлөвлөгөө яг таг уу. Өнгөрсөн жилийн түүхээ давтаж, өдөржин шөнөжин гэрт нь хорьж, цагдаагаар үүдэнд нь мануулж, цагаан хувцастнууд орц, орон байруудаар холхиж, олон нийтийн газруудын хаалга үүдийг лацдаж, QR кодоо дахин хэвлээд эхлэх юм биш биз. Эмнэлгүүд нь ачааллаа дийлэхээ больж, эмч, сувилагч нар нь туйлдаа хүртэл ядарч, эм бэлдмэлүүд тасарч, эгэл жирийн иргэн эмнэлгийн үүдэнд амьсгал хураадаг тэр хүнд цаг үе дахиад ноёлох юм биз. Хил хаалттай ядалцаж байхад халдварт тахлын шинэ хувилбарын сургаар худалдааны төвүүдэд үлдсэн “жаахан” хүнсээ гэр гэр рүүгээ үүрч зөөгөөд эхэлбэл хэрхэн зохицуулах вэ. Одоо энэ хамгийн чухал асуултууд. Хаширсан хүн гэж хаширсан хүнийг л хэлдэг” гэдэг дээ. 
 
          Дээрх асуултуудыг У.Хүрэлсүхийн Засгийн газраас урьдчилж асуугаагүй нь бидний алдаа байсан. Асуух бүү хэл, “Цар тахлыг дотооддоо алдалгүй арван сар боллоо” гэцгээн дэлхийд үлдсэн цор ганц улс аятай дээр дооргүй онгирч, “Сонгдо сөрөг” хэмээн ураа хашхирч, бие биедээ баяр хүргэж явсан омголон үе бий, бидэнд. Харамсалтай нь, хэтэрхий хөөрч, бардсандаа хариуцлага гээчийг умартаж, халдвартай иргэдээ тусгаарлах байрнаасаа тавьж алдаад, ард түмнээ аюулд оруулсан. Эцэст нь, “Халдварт тахалтай тэмцэхэд бэлэн” гэж арван сар ард түмнээ тайтгаруулсан Хурандаа У.Хүрэлсүх “Халдварт тахлын өөдөөс хэчнээн хориглон хамгаалж тулалдсан бэхлэлт задарлаа” хэмээн мэдэгдэл хийж, тэгмэгцээ тавчик, халадтай хөхүүл эмэгтэйн өмнөөс хариуцлага хүлээсэн дүр үзүүлж, “цагаан туг”-аа өргөөд явж одсон. 

       Халааг нь залгасан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар аюулт тахалтай нүүр тулаад арван нэгэн сарыг ардаа хийж байна. Энэ хугацаанд “Ковид-19” цар тахлаар 2000 гаруй хүн хорвоогоос хальж, 300 гаруй мянган хүн халдвар тээгч болоод боллоо. Айл айлын хойморт буяны зул асаж, ард түмний амьдрал туйлдаа доройтож, аж ахуйн нэгжүүд хэдэн зуугаараа хаалгаа барилаа. Харамсалтай нь, халдварт тахал одоо омикрон болж мутацжаад аюулын харанга дэлдэхээр дахиад айсуй. Айсуй ч гэж, аль эрт ороод ирчихсэн ч байх магадлалтай байна. Эрүүл мэндийн сайд С.Энхболдын тайлбараар бол омикрон хувилбарын сэжигтэй 10 тохиолдол илэрсэн. Үнэхээр омикрон мөн эсэхийг баталгаажуулахаар сэжигтэй сорьцуудыг Япон руу явуулсан, энэ долоо хоног шувтрахаас өмнө хариу нь ирэх гэнэ. Нэмээд Англи, Солонгост очсон хоёр Монгол иргэнээс омикрон хувилбар илэрсэн гэх мэдээлэл тарж, хилийн цаана байгаа гэж бодож байсан омикрон хэдийнэ ороод ирчихсэн, тараад, тархаад явж байгаа юм биш биз гэх айдаст ард түмнийг автуулж байна. 

        Омикрон бол тоглоом биш. Альфа, дельтагийн алинаас нь ч илүү буюу халдварлах хурдаараа дэлхийд гайхагдаж байгаа хувилбар. Тархалт удаантай нь тэрбум тэрбумаар нь мөнгө зараад ч тэмцэж чадаагүй манай Засгийн газар “супер” хурдантай нь яаж тэмцэх бол. АНУ-д өдөр сая хүн халдварлуулсан гэх омикрон манайд нэг тархвал хаврын түймэр шиг хурдан, бас хөнөөлтэй байх нь хамгийн эхний аюул. ХӨСҮТ хэдийнэ ачааллаа дийлэхээ больсон, улсын төв болон дүүргийн эмнэлгүүд дүүрэх нь хэдхэн өдрийг нь асуудал. Дараа нь яах вэ, спортын ордон, заал танхимууддаа ор дэлгээд, аргаа барвал ард түмнээ гэр гэрт нь хорьж таарах биз. Цар тахлын хувилбарууд ингэж шинэчлэгдсээр атал манай Засгийн газрын тэмцэх арга барил харин жилийн өмнөхөөрөө байгаа нь тусгаарлах байр мэтийн наад захын жишээнүүдээс бэлээхэн харагдаж байгаа. Ядаж л омикрон мөн үү, биш үү гэдгийг нь баттай мэдэх тоног төхөөрөмжгүй, хариуг нь эцэслэхийн тулд Япон руу өдөр бүр сорьц ачсан онгоц нисгэж байх юм уу даа янз нь. Дээрээс нь өчигдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Омикроны сэжигтэй тохиолдол илэрсэн нь үнэн” гэж яриад зогсож байхтай зэрэгцээд УОК-ын Нэгдсэн шуурхай штабынхан “Омикрон хувилбараас урьдчилан сэргийлэх төлөвлөгөө боловсруулж байна” гэж зураг хөргөө цацаж таарсан. Аль арваннэгдүгээр сард гарсан омикронтой хэрхэн тэмцэхээ одоо л төлөвлөөд сууж байгаа бол бидний ирээдүй бүрхэг л байна. 

Тиймээс, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас омикронтой тулахад бэлэн үү гэж одоо л асуух ёстой. Хэрвээ бэлэн биш бол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын ойчих шалтгаан омикрон байх болно. 

 
 

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын “ойчих” шалтгаан омикрон байх уу
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-07 16:21:19
    zochin: ******** chediin ogchroch estoi baisan , odoo bugd sain duraaraa ajillaa ogoj ard tumniig taivan bolgo . Chudlaa ugend chin bid zalchaj bur yduurch zovj bna. Yg odoo bugd dald or. Kazakiin ard tumend amjilt chusei
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-07 16:21:19
    zochin: ******** chediin ogchroch estoi baisan , odoo bugd sain duraaraa ajillaa ogoj ard tumniig taivan bolgo . Chudlaa ugend chin bid zalchaj bur yduurch zovj bna. Yg odoo bugd dald or. Kazakiin ard tumend amjilt chusei
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-07 16:21:19
    zochin: ******** chediin ogchroch estoi baisan , odoo bugd sain duraaraa ajillaa ogoj ard tumniig taivan bolgo . Chudlaa ugend chin bid zalchaj bur yduurch zovj bna. Yg odoo bugd dald or. Kazakiin ard tumend amjilt chusei
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188