• Өнөөдөр 2024-04-26

С.ТӨМӨР-ОЧИР: Ардчилсан Үндсэн хуулиа бүхлээр нь өөрчилбөл тоталитар дэглэм рүүгээ явж байна гэсэн үг

2023-01-12,   677

         "Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл - нийгмийн зөвшилцөл" чуулга уулзалтыг УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хорооноос өчигдөр Төрийн ордонд зохион байгууллаа.

        Энэ үеэр УИХ-ын дарга асан С.Төмөр-Очиртой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

       -Гаднын улсад амьдарч байгаад та нутагтаа ирээд нэлээд удах шиг боллоо. Та улс төрийн үйл ажиллагаанд оролцохгүй байгаа ч, улстөрч хүнийхээ хувьд өнөөгийн байдлыг ажиглаж л суугаа байх. УИХ-ын даргаар ажиллаж байсан туршлагатай хүний хувьд одоогийн улс орны байдлыг хэрхэн харж, дүгнэж байх юм бэ?

       -Одоо Монгол орны нөхцөл байдал үнэхээр бүрхэг байна. Цаашид яах вэ гэж хүн болгон дүгнэж байх шиг байна. Талбай дээр үзэл бодлоо илэрхийлж, чамгүй олон хоног жагслаа. Засгийн газар ч нөхцөл байдлыг харж, тодорхой шийдвэр гаргаж байх шиг байна. Мөн төрд хулгай гаарсан нь ч нууц биш. Үүнийг яах вэ гэдэг шийдлийг ард түмэн бүгдээрээ хүлээж байна. Миний ажиглаж байгаагаар шударга биш байдал газар авчихжээ.

        Өнөөдөр анхаарал хандуулж байгаа гол асуудал бол яах аргагүй нүүрсний хулгайн хэрэг байна. Манай хилээр гарч байгаа нүүрсний тоо хэмжээ, БНХАУ-д нийлүүлсэн тоо хэмжээнээс зөрсөн гэж байгаа. Уг нь үүнийг хэдэн жилийн өмнө манай гишүүд анзаарч, ярьж эхэлсэн байдаг. Зам тээвэр, хөгжлийн сайдаар ажиллаж байсан Б.Энх-Амгалан анх ярьж байсан юм. Тухайн үед АТГ, Гаалийн ерөнхий газар үүнийг илрүүлээд, шүүх, прокурорын байгууллагад өгч байсан гэдэг. Гэтэл үүнийг нам дарчихсан байна. Тэгэхээр шүүх эрх мэдлийн байгууллага, цагдаагийн байгууллага хулгайг дэвэргэдэг, дэмждэг хүчин болчихжээ гэж хардаж болохоор байна. Залуучууд уг нь энэ илрүүлсэн хулгайн хэргээ шүүх дээр шударга шийдүүлэх гээд жагсаад байна гэж ойлгож байна.

        -Шударга бус байдал үүрлэсэн нь таныхаар юунаас шалтгаалж байгаа гэж харж байна вэ?

       -Тогтолцооны гажуудлаас болж байна. Энд хамт ярьж байгаа зүйл нь Үндсэн хуулийн өөрчлөлт, тогтолцоогоо өөрчлөх. Тогтолцооны гажуудлаа Үндсэн хуулиа өөрчлөх маягаар засах нь ойлгомжтой. Үндсэн хуулиа яаж өөрчлөх вэ, гэдэг дээр гурван янзын зүйл ярьж байна. Нэг хэсэг нь энэ Үндсэн хуулиа болиод цоо шинэ Үндсэн хуультай болно гэж үзэж байгаа. Нөгөө хэсэг нь одоо хэрэгжиж байгаа энэ хууль дээрээ шинэчилсэн найруулга хийе гэж байна. Үлдсэн хэсэг нь хуучнаа өнгөц засаад явна гэж үзжээ.

       1990 онд ардчилсан хувьсгал ялж, парламентын тогтолцоог сонгож, Үндсэн хуулиа баталсан. Тэгэхээр бид одоогийн Үндсэн хуулиа бүхлээр нь өөрчлөх шаардлага байхгүй. Ардчилсан Үндсэн хуулиа бүхлээр нь өөрчилбөл тоталитар дэглэм рүүгээ явна гэсэн үг. Гэхдээ бас хүн харахад өөрчилсөн мэт өнгөцхөн өөрчилж бас боломгүй. Минийхээр бол шинэчилсэн найруулгаар явах хэрэгтэй. Гэхдээ үүнийг хуулийн дагуу хийх хэрэгтэй.

ҮНДСЭН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ГЭЖ БАЙВАЛ ХУУЛИЙН ДАГУУ ЯВАХ  ЁСТОЙ

      -Хуулийн дагуу гэдгийг та яаж харж байгаа юм бэ?

       -Сүүлийн үед манай Их хуралд доголдсон гэдэг юм уу, гаж үзэгдэл ажиглагдах боллоо.  Ингэхдээ хууль зөрчих гээд байвал нөгөө хуулиа өөрчилж байгаад өөрсдөдөө тааруулж хууль гарах боллоо. Тэгэхээр хуулиа өөрчлөхгүй, хуулиа зохицуулж, хийх ёстой. Үүнийг маш нарийн баримтлах шаардлага үүссэн байна. Намайг УИХ-ын даргаар ажиллаж байхад Германы Бундестагийн судлаач Их хурал дээр ирж судалгаа хийхгүй юү. Манайхан гаднын оронд очиж судалгаа хийхдээ өөрсдөө судалгаа хийгээд л цаад талтайгаа холбоогүй байж байгаад ирдэг шүү дээ. Германчууд тийм биш.

       Эхлээд Их хурлын дарга гээд надтай уулзаж, ийм юм хийх гэж байна гээд судалгаагаа танилцуулсан. Ингээд дараа нь судалгааны үр дүнгээ танилцуулаад явсан. 14 хоногт судалгаа хийхдээ нэг сонин зүйл ажиллаа гэсэн юм. Юу гэхээр танай ард түмэн маш сонин юм. Манайх шинэ хууль гарвал тухайн хуульд зориулаад болохгүй байсан амьдралаа өөрчилчихдөг юм гэсэн. Хуучин амьдралаа сайжруулах биш, шинэ хуульд зохицуулаад амьдралаа өөрчилчихдөг гэсэн үг шүү дээ.

      Тэгж дасан зохицдог. Үүнийг сайн талаар нь ашиглавал сайн. Нөгөө талаараа амьдрал чинь болохгүй байна, хуулиа өөрчилнө гэхээр амьдралаа өөрчлөөд байж болохгүй. Тиймээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байвал хуулийн дагуу явах  ёстой. Хэлэлцүүлгийн үеэр олон нийт зарим хууль болохгүй байвал тэр хуулиа өөрчил гэж байна. Тэгж болохгүй.

      -Ардчилсан Үндсэн хуулиа баталж, дагаж мөрдөөд 31 жил болж байна. Ардчилсан Үндсэн хууль ер нь  үүргээ гүйцэтгэж чадаж байна уу. Та сая шинэчлэх шаардлага бий гэлээ. Ямар өөрчлөлт хийх шаардлага үүсээд байгаа юм бэ?

       -Хуульд гар хүрэхэд хоёр талтай. Нэгдүгээрт, тухайн үед бидний олж хараагүй, нийгэм шинэчлэгдэх явцад зайлшгүй өөрчлөх зүйл байна. Үндсэн хууль бол хэн ч хүрч болохгүй дархлагдсан зүйл биш. Гэхдээ Үндсэн хууль өөрчилж байна гээд хүн болгон саналаа хэлээд, түүнийг нь хийгээд байж болохгүй.

      Өөр нэг анхаарах зүйл нь Монголд хууль зөрчигдөөд, гажуудал үүсээд байгаа нь хүнээс шалтгаалж байна. Хууль гараад түүнийг нь зөрчөөд хулгай хийх нь хийж болдог гэсэн ойлголт байна. Манай Үндсэн хууль болон органик хуулиудад хууль зөрчиж, хулгай хийхийг зөвшөөрдөг нэг ч зүйл заалт байхгүй. Парламентын засаглал унаж, Засгийн газрын нэр хүнд унаж байгаа нь ч хуулийн гажуудлаас гадна хүнээс л шалтгаалж байгаа юм.

      Манайх хөөн хэлэлцэх хугацаа гэдэг зүйлээр ямар олон хулгайчаа чөлөөллөө дөө. 100 сая төгрөгийн авлига авчихаад 40 сая төгрөгөөр торгуулдаг. Үлдсэн 60 саяар нь шагнаж байгаагаас ялгаагүй үйлдэл бий болсон байв. Тэгэхээр бид тогтолцооны гажуудал үүсгэсэн хоёр асуудлаа зэрэг шийдэх ёстой. Тодруулбал, хуулиндаа өөрчлөлт оруулж, хүндээ хариуцлага тооцдог байдлыг бий болгох нь чухал. Тиймээс хулгайн асуудлаа цэгцлэж, Үндсэн хуулиа ч өөрчил. Хоёр асуудлыг зэрэг авч хэлэлцэх хэрэгтэй. Тэгэхгүй бол нэг хэсэг нь хулгайтай тэмцэж байна гээд хуулийн гажуудлаа орхигдуулдаг, нөгөө нь Үндсэн хуулиа өөрчилж байна гээд хулгайгаа орхидог. Ийм байж болохгүй. Ийм тогтолцоотой хулгай хийлгүй яах гэж өмөөрөх маягтай байна. Тиймээс хэрэг хийсэн хүн үлдэж болохгүй. Хэрэг хийгээгүй хүн хэлмэгдэж болохгүй. Үүнийг зүй ёсоор нь өөрчлөх ёстой.

ОДООГИЙН ПАРЛАМЕНТЫГ БИ ГЯЛАЛЗСАН САЙН ПАРЛАМЕНТ ГЭЖ ХЭЛЖ ЧАДАХГҮЙ. УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ШАЛГУУРЫГ НЭМЭХ ШААРДЛАГА БИЙ БОЛООД БАЙНА.

      -Үндсэн хуульд одоо ямар шинэ найруулга үгүйлэгдээд байгаа юм бэ. Сонгуулийн тогтолцоо болон гишүүдийн тоог нэмэх талаар ярьж байгаа та энэ тухайд ямар байр суурь баримталж байгаа бол?

      -Сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх, гишүүдийн тоог нэмэх аль аль нь орж болно. Гэхдээ үүнийг ард түмэн шийдэх ёстой. Их хурлын дарга илтгэлдээ танилцуулахдаа санамсаргүй түүврийн аргаар хэлэлцүүлэгт иргэдийг урьсан гэж байна лээ. Санамсаргүй түүврээр энэ чухал асуудлыг хэлэлцэж болохгүй. Таавар тааж байгаагаас ялгаагүй шүү дээ. Санамсаргүй түүврийн арга алдаа багатай ч, ийм чухал асуудал хэлэлцүүлж байж зориудаар зохион байгуулсан судалгааны аргаар явуулах ёстой. Насны ангиллаар дундажлах тохиолдол байдаг. Энэ бас аюултай. Би нэг жишээ дурдъя.

     Хүний дундаж нас гэдгээр судалгаа явуулахдаа нэг хэсэг нь насанд хүрээгүй, нөгөө хэсэг нь ахимаг насны хүмүүсийг цуглуулаад залуу үеийн дундаж насыг тооцоолох нь бий. Энэ бол асар том алдаа. Тэгэхээр үүнд хууртаж болохгүй. Төлөөлөх чадвар хамгийн чухал.

      -Шинэ Үндсэн хуульдаа манайх гар хүрээгүй биш зассан зүйл заалт бий. Одоогийн гар хүрэхээр ярьж байгаа асуудлуудыг ч урьд нь өөрчлөлт хийхдээ ярьж байсан. Ойр ойрхон ингэж Үндсэн хуулиа өөрчлөх нь өөрөө Үндсэн хуулийнхаа дархлааг сулруулахгүй юү. Нөгөө талаараа одоогийн Их хуралд сууж байгаа гишүүдээс улс төрийн гэмт хэрэгт нэр холбогдож байгаа гишүүд ч цөөнгүй бий. Тэгэхээр энэ Их хурал Үндсэн хуулиа өөрчлөх чадамжтай парламент мөн юм уу?

       -Одоогийн парламентыг би гялалзсан сайн парламент гэж хэлж чадахгүй. Хамгийн муу юм уу бас бүү мэд. Гэхдээ энэ Их хуралд дутагдал байна. Хүн болгонд эрх ашиг байна. Хувийн эрх ашиггүй хүн гэж нэг ч байхгүй. Тиймээс эрх ашгаа эрэмбэлэх ёстой. Хамгийн эхэнд улс орны эрх ашиг, төрийн эрх ашиг, хамт олны эрх ашиг, хувийн эрх ашиг байх ёстой.

        Хувийн эрх ашгаа хамгийн эхэнд тавьж болохгүй. Нэг жишээ дурдахад намайг Их хурлын даргаас буусны дараа Татварын өршөөлийн хууль гэж баталж байлаа. Татвараа төлөөгүйнх нь төлөө өршөөнө гэдэг хууль зөрчиж байна гэсэн үг шүү дээ. Гэтэл татвараас чөлөөлөгдсөн компаниудыг харахаар эгэл жирийн аж ахуйн нэгж нэг ч байгаагүй. Тэгсэн голдуу дээд албан тушаалтнуудтай  холбоотой, хэдэн тэрбумаар татвараа төлөөгүй компаниуд чөлөөлөгдсөн. Тэгэхээр зохион байгуулалттай явуулсан байх ч магадлалтай. Энэ Их хуралд ч ялгаагүй. Хөгжлийн банкнаас зээл авсан хүмүүсийг 50 хувийг чөлөөлөх хуулийн төсөл өргөн мэдүүлж явсан. Гэтэл хууль өргөн барьсан хүмүүс нь өөрсдөө зээл авсан улстөрчид байсныг санаж байгаа байх. Тэгэхээр ингэж өөрийн эрх ашгаа урдаа тавьж болохгүй. Цаашид УИХ-ын гишүүдийн шалгуурыг нэмэх шаардлага бий болоод байна. Мөн гэмт хэрэгт холбогдсон гишүүдийг ард түмэн буцааж татдаг байх хэрэгтэй. Үнэхээр гэм хийгээгүй бол хуулийн байгууллагаар шалгуулаад буцаад Их хуралд орж ирэх нь нээлттэй шүү дээ.

        -Тэгэхээр одоогийн Их хурал Үндсэн хуулийг аль болох яаралтай батлах гэж зүтгүүлж байгаа биш үү?

         -Яаравчилж болохгүй. Эргэлзээг нь гаргахын тулд ард түмний дунд сайн хэлэлцүүлж, саналыг нь сонсох ёстой. Үндсэн хуулиа өөрчлөхөөр хэт улайрч байгаа зарим нь Үндсэн хуулиа сайн ойлгоогүй байна шүү дээ. Үндсэн хуулийн сурталчилгааг сайн хийх хэрэгтэй.

      Эхний ээлжинд Үндсэн хуулиар мэргэшсэн, түүнийг сайн судалсан хүмүүсээс санал сонсож, ямар зүйл заалтад гар хүрч өөрчлөх шаардлага байгаа вэ, гэдгээ хэлэлцүүлэх ёстой. Үүний дараагаар ард түмнээс санал авмаар байна.

САЙН СУДЛААГҮЙ БАЙЖ ДУУРАЙХ ГЭЭД ГҮЙГЭЭД БАЙЖ БОЛОХГҮЙ

       -Өнгөрсөн хугацаанд иргэд сонгуульдаа идэвхтэй оролцож, чадахгүй, нэг нам олонх болж байгаа нь сонгуулийн тогтолцоотой холбоотой гэж ярьж ирсэн. Таны хувьд сонгуулийн мажоритар болон пропорциональ  тогтолцооны аль нь  манайд тохиромжтой гэж үзэж байгаа вэ?

       -Энэ хоёр тогтолцоо чинь аль аль нь энэ нь цэвэр манайд тохирох сайн тогтолцоо шүү гэж хэлэх боломжгүй. Аль нь Монголын нөхцөлд тохирох вэ гэдэг нь байгаа юм. Сайн судлаагүй байж дуурайх гээд гүйгээд байж болохгүй. Аль ч тогтолцоог ашигласан сул талыг нь багасгаж болох ямар арга байна вэ, гэдгээ бодолцох ёстой.

       -Өнгөрсөн хоёр удаагийн сонгуульд МАН олонхоороо төрийн эрхийг барилаа. Манайх шиг парламентын засаглалтай улсад олон намын тогтолцоо байж, засаглалын зөв зарчим тогтоно гэдэг. Энэ тухайд?

      -Парламентын засаглалтай улсад олон намын тогтолцоо байх ёстой. Гэхдээ тооноос чанарт анхаарах нь чухал. Сонгууль болохоор маш олон нам гараад ирдэг. Сонгуулийн дараа хоёрхон нам үлддэг байж болохгүй. Тэгэхээр зөв зарчмаараа бол сонгууль дууссан ч улс төрийн намууд үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж л байх хэрэгтэй.


С.ТӨМӨР-ОЧИР: Ардчилсан Үндсэн хуулиа бүхлээр нь өөрчилбөл тоталитар дэглэм рүүгээ явж байна гэсэн үг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188