• Өнөөдөр 2024-04-26

Ц.ТУВААН: Газрын тухай багц хуулийн төсөлд уул уурхайн компаниудын лобби орж байна гэж би хардаж байгаа

2022-11-18,   587

-ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР ДУУДЛАГА ХУДАЛДААГААР ГАЗАР ЭЗЭМШИЖ БОЛНО ГЭСЭН ЗААЛТ ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД ОРСОН БАЙНА-

          УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Газрын тухай багц хуулийн төслийг хэлэлцүүлж эхэлсэн. Засгийн газраас өргөн мэдүүлсэн тус хуулийн төслийг УИХ-аас түр хойшлуулах санал гаргаад буй. Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Ц.Туваантай ярилцлаа.

         -2023 оны төсвийн дараа Засгийн газраас өргөн мэдүүлсэн Газрын тухай багц хуулийн төслийг хэлэлцүүлж эхэллээ. Маш өргөн хүрээний хуулийн төсөл орж ирж байх шиг байна. Та хуулийн төсөлтэй танилцаж амжсан уу?

         -Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, түүнийг дагаж гарах Кадастрын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Нийгэмд зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай хууль, Газрын төлбөрийн тухай хуулийн төслүүд багцаараа орж ирж байна. Газрын тухай хууль бол Үндсэн хуулийн дараа орж ирэх чухал хууль. Тиймээс энэ хуулийн төслийн зөв боловсруулж, харилцаагаа сайн зохицуулах нь Монгол Улсын тусгаар тогтнол аюулгүй байдалд чухал нөлөөтэйгөөс гадна улсын хөгжил, эдийн засгийн сэргэлтэд чухал нөлөөтэй гэж харж байгаа.

         -Тус хуулийг хэлэлцүүлэх эсэхийг хэлэлцэж байх явцад хуулийн төсөлд боловсруулах ёстой чухал асуудлууд байна гэж байсан. Энэ тухайд?

       -Засгийн газраас өргөн мэдүүлсэн багц хуулийн төслийг хэлэлцүүлэх асуудлыг харж байхад монголчуудын хүсэн хүлээж байгаа харилцааг бүрэн зохицуулсан нь харагдахгүй байна. Газрын харилцаанд дээр чухал асуудлын нэг нь бэлчээрийн болон, тариалангийн газрын асуудал байна. Чухал асуудлуудыг ерөнхий байдлаар оруулж ирсэн байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудлыг мөн нэг тийш шийдэх хэрэгтэй.

       Иргэд тусгай хамгаалалттай газраас мод ч авах эрхгүй байдаг хэр нь аялал жуулчлалын компаниуд нь ам амаар нь газар авчихаад дураараа үйл ажиллагаа явуулж байгаа асуудлыг цэгцлэх хэрэгтэй. Мөн иргэд тусгай хамгаалалттай газар дуудлага худалдаагаар газар эзэмшиж болно гэсэн заалт орж байна. Мөн Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуульд засаг захиргааны нэгжийг тодорхой заасан. Үүнийг Газрын тухай хуулиар зохицуулах ёстой. Энд амьдарч байгаа иргэдийн асуудлыг тухайн орон нутгийн Иргэдийн төлөөлөгч нар шийдэх боломжгүйгээр дээд түшинд шийдэх талаар оруулж ирсэн байгаа нь учир дутагдалтай байна. Өөрөөр хэлбэл, баг, сумын  дарга нь  асуудлаа шийдвэрлэх эрхгүй байхаар оруулж иржээ. Энэ нь уул уурхайн лиценз олголттой шууд хамааралтай. Газар нутгаа хамгаалъя гэхээр тэднийг төлөөлөх төлөөлөгчид ямар ч эрх мэдэлгүй болох нь.

        Малчдын хувьд тулгамддаг гол асуудал нь отор нүүдэл хийх газар , өвөлжөө, хаваржааны газрын хэмжээ, хадлангаа хийх газар  байдаг. Хоёр сумын хилийн завсарт таван км өргөнтэй зурвас газар үлдээхээр хуулийн төсөлд мөн тусгасан байна. Энэ нь сум хоорондын хилийн цэсийн маргааныг даамжруулна. Мөн сумын төвд ажиллаж амьдрах залууст газрын дуудлага худалдааны үнэ маш өндөр байдаг. Залуус хүлэмжийн аж ахуй эрхлэхээс эхлээд үйл ажиллагаа явуулахад санхүүгийн асуудал тулгардаг гэсэн үг. Үүнийг шийдэх хэрэгтэй. Түүнчлэн манай улс дор хаяж 1.2 сая га газарт  тариалан эрхлэх шаардлагатай. Өнөөдөр 900 орчим мянган га газарт тариалан эрхэлж байна. Атаршсан газар буюу үржил шим багатай тариалан эрхлэх боломжгүй, тэжээл тарих газар ч байна.

     Газар тариалан эрхлэх газрын харилцааг яаж зохицуулах вэ гэдэг нь тодорхойгүй байна. Энэ хуулийн төслийг дагалдан гарах 60-аад хууль байна.

     -Тусгай хамгаалалттай газар нутгийг дуудлага худалдаагаар газар эзэмшүүлэх заалт хуулийн төсөлд байна гэлээ. Дуудлага худалдаагаар худалдахаар аль мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүс энэ газрыг худалдан авах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм биш үү?

     -Тийм. Тусгай хамгаалалттай газар нутгийг улсын, орон нутгийн, бусад гэж ангилаад байгаа юм. Уг нь тусгай хамгаалалт гэж яагаад хамгаалаад байгаа вэ гэхээр хүний гар хүргэхгүй, онгон дагшнаар нь хамгаалж үлдэх гээд байгаа шүү дээ. Орон нутгийн тусгай хамгаалалттай газрууд бол өнөөдөр уул уурхайн компаниудад газраа яаж алдахгүй байх вэ гэж л тэмцдэг болсон. Тиймээс хуулийн төсөлд энэ нарийн зохицуулалтыг тусгах хэрэгтэй. Энэ заалтыг оруулснаар тусгай хамгаалалтад авах асуудлыг нэлээд хүндрүүлж оруулсан юм болов уу. Нөгөө талаараа уул уурхайн компаниудын лобби орж ирэх нөхцөлийг бүрдүүлсэн хуулийн төсөл байна уу гэж би хардаж байгаа. Монгол Улсынхаа газар нутгийг онгон, дагшнаар нь хамгаалах нь бидний үүрэг. Тиймээс тусгай хамгаалалттай газар нутагт дуудлага худалдаагаар газар эзэмшүүлэх заалтыг би нэлээд онцолж, анхаарна.

ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙГ ТЭЛЭХ ЁСТОЙ БОЛОХООС БАГАСГАХ ЁСГҮЙ

      -Тусгай хамгаалалтай газар нутаг гэхээр ховор ан амьтдыг хамгаалах асуудал давхар сөхөгдөнө. Өнгөрсөн жил Эдийн засгийг эрчимжүүлэх хуулийн төсөлд ховор ан амьтдыг агнах тусгай зөвшөөрлийг нэмэх заалт явж байгаад чимээгүй болсон. Газрын тухай хуулийг хэлэлцэж байгаа бол Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг ч хэлэлцэх шаардлагатай гэж зарим гишүүн үзэж байгаа юм билээ. Энэ тухайд?

     -Тусгай хамгаалалтай газар нутагт дэлхийд ховордсон, улаан номд орсон ан амьтад орно. Мал аж ахуй өсөж, хүн амын тоо нэмэгдсэнтэй холбоотой онгон зэрлэг байгалиа өөрийн эрхгүй шахаж байна. Үүнийг ярих л ёстой.

      Эдийн засгийг эрчимжүүлэх тал дээр уул уурхайн лицензийг нэмэгдүүлж, эдийн засгаа сэргээх Засгийн газрын бодлого яваад байна. Үүнийг л би эсэргүүцээд байгаа юм. Монгол Улс уул уурхайгаа ашиглаад түүнийгээ дагаад улс хөгждөг бол хөгжих хугацаа хэдийнээ болсон. Тэгэхээр Газрын тухай хуульд энэ концевци яаж орж байгаа вэ гэдгийг бид нэлээд ярина.

       Би Тусгай хамгаалалттай газар нутгийг тэлэх ёстой болохоос багасгах ёсгүй гэсэн байр суурьтай байгаа.

     -Газрын тухай хуулийг хэлэлцүүлж эхэлсэнтэй холбоотой нийслэл дэх тусгай хамгаалалттай газрын асуудлууд байна. Богд уулын орчимд газар олгож, орон сууц барьсан гэх маргаантай асуудлууд ч бий. Үүнийг хэрхэн шийдэх талаар гарц гаргалгаа байна уу?

     -Хуулийн дагуу газар олгосон уу гэдгийг хууль, хяналтын байгууллагууд шалгах хэрэгтэй. Өргөн уудам нутагтай хэр нь нэг газар төвлөрөөд байна. Газрын зөв менежмент, зөв зохион байгуулалт хийвэл төвлөрөл саарна. Манайх шиг нүүдэлчин соёлтой ард түмэн мал аж ахуй, газар тариалангаа дэмжих хэрэгтэй

       -Хуулийн гол агуулга нь газрыг эдийн засгийн эргэлтэд оруулна гэж байгаа юм билээ. Газраа эдийн засгийн эргэлтэд оруулах ямар боломж бидэнд байна вэ?

     -Бүх юмны суурь, үндэс нь газар. Газар дээр тариа ногоо тариалж, мал аж ахуй эрхэлж, үйлдвэрлэл үйл ажиллаагаа явуулна. Газрын эдийн засгийн эргэлт маш тодорхой. Энэ байж улс орны, иргэдийн амьдрал ахуй урагшилна. Шинэчилсэн найруулгад энэ бүх асуудлыг оруулж ирсэн харин зөв зохицуулсан уу, үгүй юү гэдгийг хэлэлцүүлгийн явцад харах нь.


Ц.ТУВААН: Газрын тухай багц хуулийн төсөлд уул уурхайн компаниудын лобби орж байна гэж би хардаж байгаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188