• Өнөөдөр 2024-03-28

Дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлсэн үгнээс ОНЦЛОХ НАЙМАН ЭШЛЭЛ

2022-11-08,   473

       Египет Улсын Шарм-эль-Шейх хотноо болж буй уур амьсгалын тухай НҮБ-ын Суурь Конвенцид нэгдэн орсон улс орнуудын бага хурлын 27 дахь удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, улс орноо төлөөлөн үг хэлсэн билээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлсэн үгнээс онцлох найман эшлэлийг хүргэж байна.

  1. Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой. Хөрс эрүүл бол хүнс эрүүл, хүнс эрүүл бол хүн эрүүл байна. Тиймээс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх үйл хэрэг бол хөрсөө хамгаалах, хүнсээ хамгаалах, хүнээ хамгаалах хүн төрөлхтний суурь асуудал мөн.
  2. Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах үүднээс “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнүүдийг эх орондоо санаачлан зохион байгуулж байна.
  3. Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлснээр Монгол орны ойн сан нэмэгдэж, хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж бүрдэхээс гадна  хөрс хамгаалал, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл,  хүнсний хангамж, аюулгүй байдал сайжрах, ажлын байр нэмэгдэх  зэрэг нийгэм, эдийн засгийн олон асуудлыг шийдвэрлэхэд  эергээр нөлөөлнө гэж үзэж байна. Тус хөдөлгөөнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш өөрийн биеэр нэгдэн, дэмжин оролцсоныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
  4. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд хүчтэй нэрвэгдэж байгаа улс орнуудын нэг бөгөөд манай орны ялгаруулж буй хүлэмжийн хийн хэмжээ дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгарлын ердөө 0.1 хувийг эзэлдэг хэдий ч хүн ам болон эдийн засгийн хэмжээтэйгээ харьцуулахад өндөрт тооцогддог. Тийм ч учраас Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхийн нийтийн хүчин чармайлтыг тууштай дэмжиж, өөрийн зохих хувь нэмрээ оруулсаар ирсэн. Энэ хүрээнд манай улс хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний зорилтоо 27.2 хувьд хүргэн ахиулан тодорхойлсон нь манай орны хувьд өндөр үзүүлэлт юм.
  5. Монгол Улсын эрчим хүчний нийт суурилагдсан хүчин чадлын  18.2 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангаж байгаа бөгөөд 2030 он гэхэд энэ үзүүлэлтийг 30 хувьд хүргэхээр зорьж байна.
  6. Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхаа бэхжүүлэх зорилгоор Монгол Улс “Үндэсний дасан зохицлын төлөвлөгөө”-г боловсруулан хэрэгжүүлэх замаар хүлэмжийн хийн ялгарал болон шингээлтийн зөрүүг ойртуулж, 2050 он гэхэд “Тэглэх” зорилт тавин ажиллаж байна.
  7. Уур амьсгалын өөрчлөлт хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөтэй хавсран биологийн олон янз байдлын хомсдол, газрын доройтол, цөлжилтийн явцыг түргэтгэж байна. Иймд Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж байгаагаа дуулгахад таатай байна.
  8. Та бидний харилцан ойлголцол, хамтын ажиллагаа, зоримог шийдвэр, тууштай хичээл зүтгэл уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тавьсан зорилтоо цаг хугацаанд нь амжилттай ханган хэрэгжүүлж, цаашлаад тогтвортой хөгжлийг цогцлооход онцгой чухал үүрэгтэй юм.

 


Дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлсэн үгнээс ОНЦЛОХ НАЙМАН ЭШЛЭЛ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188