• Өнөөдөр 2024-12-12

ӨР "ҮЙЛДВЭРЛЭХ" ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ, ЗУРАГ ТӨСЛӨӨР "ХАХСАН" ТӨСӨВ

2024-11-03,   363

               2025 оны төсвийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж эхэлсэн. Ирэх оны төсвийг түүхэнд байгаагүй өндөр төсөөлөлтэй, хэт өөдрөг төсөв оруулж ирсэн гэдэг дээр олон нийт шүүмжлэлтэй хандаж байна. Өөрөөр хэлбэл, ирэх оны төсвийн төслөөр улсын нийт орлогыг 33.8 их наяд, нийт зарлагын хэмжээг 35.7 их наяд, урсгал зардлыг 24.5 их наяд төгрөгөөр төлөвлөсөн. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад дөрвөн их наядаар тэлсэн төсөл болж байгаа юм. Харин төсвийн төслийг хэлэлцэж эхэлснээр тойргийн болон жагсаалтын гишүүд талцаж эхэлжээ. Тодруулбал, тойргийн төсвөө хасуулсан гишүүд ирэх оны төсвийг эсэргүүцэж, унагаах лобби бүлэг хүртэл байгуулсан гэгдэж байгаа бол жагсаалтын гишүүд нь Засгийн газрын бодлогоо дэмжинэ гээд Төрийн ордныхон талцаж эхэлсэн байна

        Уг нь өнгөрсөн удаагийн УИХ-ын ээлжит сонгуулиар одоогийн хамтарсан Засгийн газарт багтсан улс төрийн хүчнүүд төсвийн алдагдлыг багасгаж, төсвийг тэлэхгүй, тогтвортой байлгах амлалт өгсөн. Харамсалтай нь, сонгууль дуусмагц төсвийг хэт өөдрөг төсөөлж, өндөр алдагдалтай оруулж ирсэн. Иймээс улс төрийн намууд амлалтандаа хүрэхгүй байна гэдгийг эдийн засагчид сануулж байгаа юм. Харин Засгийн газар, Сангийн яамнаас ирэх онуудад бүсчилсэн хөгжлийн бодлогыг дэмжиж, Монгол Улсыг хөгжүүлэх 14 мега төслийг хэрэгжүүлэх учир төсвийн орлого, зарлагыг нэмэгдүүлсэн. Цаашлаад энэ нь эдийн засгийн нөөц боломжид нийцсэн шийдвэр юм хэмээн мэдэгдээд байгаа юм.

САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН: ИРЭХ ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГЫГ БИД 100 ХУВЬ БИЕЛЭНЭ ГЭЖ ХАРЖ БАЙГАА


      Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр “Орлого төлөвлөлт өөрийн хууль, дүрэмтэй. Орлогын ямар боломж байна түүндээ төлөвлөж, зарлагаа тооцдог. Тиймээс ирэх жилийн орлого төлөвлөлтөнд итгэлтэй байгаа. Иргэд экспортыг нүүрсээс хамааруулж хараад байдаг. Манай төсвийн 3/1 уул уурхайгаас шууд орж ирж байгаа орлогоос бүрддэг нь үнэн. Гэхдээ бид эрсдлээ тооцоод Тогтворжуулалтын сан гэдэг тусгай сантай. Бид зах зээлийн үнэ болон тэнцвэржүүлсэн үнийн аль багаар нь төлөвлөж, жилийн орлогоо тооцоолдог. Тэнцвэржүүлсэн үнээс давсан эсэхийг нь Тогтворжуулалтын сандаа ангилж, алдаглаа нөхөх хуулийн зохицуулалтай. Энэ жил тогтворжуулалтын санд 1.6 их наяд төгрөг хадгалагдсан байна. Ирэх жил зэс болон нүүрсний тэнцвэржүүлсэн үнийн давсан эсэх дээр 608 тэрбум орчим төгрөгийн төлөвлөлт хийсэн. Ингээд нийт 2.4 их наяд орчим Тогтворжуулалтын сан дээр эрсдэл даах сан хуримтлагдана гэсэн үг. Ирэх оны төсвийн орлогыг бид 100 хувь биелэнэ гэж харж байгаа” гэх тайлбар өгөөд байна.

      Төсвийн төсөлд тусгаснаар 2025 онд улс, орон нутгийн төсөв болон гадаадын зээл, тусламжаар 10.3 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Үүний  4.3 их наяд төгрөг нь улсын төсвөөс санхүүжих бөгөөд бүсчилсэн хөгжлийг дэмжих хөгжлийн бүтээн байгуулалтуудыг санхүүжүүлнэ. Харин 2.6 их наяд төгрөг нь гадаадын зээл, тусламжаар санхүүжих бөгөөд үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлнэ.

         Нийт хөрөнгө оруулалтын 24 хувийг зам тээвэр, 10 хувийг дэд бүтэц, орон сууцжуулалт, есөн хувийг боловсрол, 16 хувийг төрийн үйлчилгээ болон эрчим хүчинд, долоон хувийг аж үйлдвэрт, 35 хувийг бусад салбарт зарцуулна гэж байгаа юм.

Тэгвэл ирэх онд хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудыг зураг төслөөр дүүрэн, цаасан дээр бичсэн төсөл болсон гэдгийг УИХ-ын гишүүд шүүмжилж байна. Өөрөөр хэлбэл, төсвийн хөрөнгө болон зээл тусламжаар барьж байгаа төсөл хөтөлбөрүүд нь эдийн засагт өгөөж өгөх хугацаа нь урт, хэрэгжих боломжгүй төсөл хөтөлбөрүүд байгаа юм. Гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүд хэрэгжихгүй, цаасан дээрх төсөл төдий болж үлдвэл Монгол Улс өрөнд орох эрсдэлтэй юм.

Г.УЯНГАХИШИГ: 14 МЕГА ТӨСӨЛ НЬ МАШ ӨНДӨР ТӨСӨВТЭЙ ХЭДИЙ Ч, ЗӨВХӨН ТЭЗҮ ХИЙХ ЗАРДЛЫГ ГАРГАЖ БАЙГАА. ХЭРЭГЖИХГҮЙ ТӨСЛИЙН ТӨЛӨӨ ХИЙСЭН ТЭЗҮ-ИЙН 70 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХАРИУЦЛАГЫГ ХЭН ХҮЛЭЭХ ВЭ


     

Энэ талаар гишүүд дараах байр суурийг илэрхийлээд байна.

УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг “Төсвийн дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлээсээ  зарлагын хэмжээ дөрвөн их наядаас нэмэгдэж орж ирсэн. Үүн дээр хуульд нийцээгүй төсөв оруулж ирсэн байна. Энийг засаж оруулах боломж Засгийн газарт өгье гэдэг байр сууриа илэрхийлээд төсвийн төслийг олонхоороо дэмжсэн. Ингээд хоёр дахь хэлэлцүүлж байна. 14 мега төсөл нь маш өндөр төсөвтэй хэдий ч, зөвхөн ТЭЗҮ хийх зардлыг гаргаж байгаа. Энэ өгөөж өгөхгүй төсөв болж байна. Ихэнх төсөл хөтөлбөрүүд гадаадын зээл тусламжаар хийгдэнэ. Үүнийг төсөв угаасаа даахгүй. Гол нь төсөв хамаагүй гэж тайлбарлаад байгаа юм. Гэтэл тусламж бол бараг орж ирэхгүй. Гадны зээлээр хийж байгаа тэр ажлын зээл, хүүг нь бид буцаагаад төлөх ёстой. Гэтэл энэ төслийн ихэнх нь өгөөж хүртэх төсөл биш. Бид эхлээд энэ төслийнхөө дарааллыг тавьж өгөх ёстой. Үүнээс аль төслөөс нь бид өгөөж олох боломжтой юм. Алийг нь дагуулж өгөөж болохгүй аль оруулах ёстой вэ, стратегийн ач холбогдолтой нь аль вэ гэх мэт. Бас шүүмжлэлтэй хандаж байгаа нэг зүйл нь бид цаасны ажил дээр хэт том төсвүүд тавьж байна. Тодруулбал, төсвийн тодотголоор гэхэд 280 тэрбум төгрөгийг зөвхөн ТЭЗҮ, зураг төсвийн ажилд зарцуулж байгаа шүү дээ. Нэг зураг төсвийн ТЭЗҮ хийхэд 70 тэрбум төгрөгийн зардал гарч байна. Энэ төсөл нь 10, 20 их наяд төгрөг зарцуулаад хэрэгжихгүй бол яах вэ. Хэрэгжихгүй төслийн төлөө хийгдсэн ТЭЗҮ-ийн 70 тэрбум төгрөгийн хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг асуудал гарч ирж байна. 2025 онд дан хуучин эхлүүлсэн төслүүдээ дуусгана гэж байгаа. Тэгвэл боловсролын салбар, төрийн үйлчилгээний газарт хийх төсвөөсөө таналт орж ирж байна.

Засгийн газрын нэг цэгийн үйлчилгээ гэж байгаа. Гэтэл үүний нийт төсөв 660 гаруй тэрбум төгрөгийн төсөвтэй. 2025 онд 215 тэрбум төгрөгийн төсөв суулгасан байна. Гэтэл тэр нь Хөшгийн хөндийд барих юм. Хөшгийн хөндийд Засгийн газрын нэг цэгийн үйлчилгээ бариад тэнд хэн очиж үйлчлүүлэх вэ. Энэ нь түгжрэлийг сааруулна гээд байгаа юм. Гэтэл өнөөдөр Хөшгийн хөндий суурьшлын бүс болох нь тодорхойгүй байна. Мөн Хөшгийн хөндий рүү уул нүхэлж гарна гээд байгаа төсөв нь хаана байгаа юм. Цаашлаад энэ ажил хийгдэх эсэх нь тодорхойгүй. Асуулгын явцад зураг төсөв нь ч бэлэн болоогүй байгаа гэж ойлгогдсон. Ийм төсөл дээр 210 тэрбум төгрөг төсөвлөөд явчихаж байгаа юм. Гэтэл аймаг, суманд таван тэрбум төгрөгөөр сургуулийн барилга барьчихна. Ингээд 2025 онд 210 тэрбум төгрөгөөр 40 сургууль барих боломж байна” гэв.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЖАРГАЛАН: БИД ЭДИЙН ЗАСГИЙН ТААТАЙ НӨХЦЛИЙГ АШИГЛААД ИРГЭДИЙН АМЬЖИРГААГ ДЭЭШЛҮҮЛМЭЭР БАЙНА


Харин УИХ-ын гишүүн Б.Жаргалан “Төсөвт тусгасан худалдан авалт, хөрөнгө оруулалт тал дээр хэдэн аж ахуйн нэгж орлоготой болж, хэдэн хувь нь ажил гүйцэтгэх вэ гэдэг нь тодорхойгүй байна. Тэгж байж энэ мөнгө дотооддоо эргэлдэнэ. Түүнээс биш гадны компаниар зөвлөх үйлчилгээ, ТЭЗҮ-ийг хийлгэнэ гээд байна. Гаднын компаниуд зөвлөх үйлчилгээ, хүний нөөцтэйгөө ороод ирлээ гэхэд манай дотоодын эдийн засаг, аж ахуйн нэгжүүдийн орлого иргэдэд цалин болж очихгүй болж байна. Бид эдийн засгийн таатай нөхцлийг ашиглаад иргэдийн амьжиргааг дээшлүүлмээр байна. Монгол компани орлоготой болж, монгол ажилчид цалин олгомоор байна. Тэгэхгүй бол Засаг талын эдийн засаг өсөлттэй гараад иргэдийн асуудал хойш тавигдаж байна” гэлээ.

УИХ-ЫН ГИШҮҮН Л.МӨНХБАЯСГАЛАН: БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН БОДЛОГО ГАРСНААС ХОЙШ ЖИЖИГ АСУУДАЛ ОРХИГДОХООР БАЙНА


УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Бүсчилсэн хөгжлийн бодлого гарснаас хойш жижиг асуудал орхигдохоор байна. Жишээлбэл, жил болгон нэг, хоёр тэрбум төгрөгөөр төсвийг нь нэмээд тавьдаг сургууль, цэцэрлэгийн асуудал хаягдах магадлалтай. Дан том зургаар хараад мега төслүүдээ шидээд байвал төсөв хамаагүй өндөр дүнтэй болоод тэлээд байдаг. Тэгсэн хэр нь тухайн төсвүүдээ хасчихвал урт хугацааны хөгжлийн бодлого нь алдагдах маягтай сонирхолтой төсөв орж ирээд байна” гэсэн юм.

        Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2025 онд 640 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээс 108 нь шинэ төсөл юм. Барилга байгууламж, дэд бүтцийн 555 төсөл хэрэгжүүлэхээс 38 нь шинэ төсөл байна. Харин 2025 оны төсөвт 14 мега төсөл болон хөрөнгө оруулалтыг задалж, нарийвчлалгүй багцалж оруулж ирсэн нь тухайн төслүүдийг ач холбогдлоор нь эрэмбэлэхэд хүндрэлтэй байна. Нэг ёсондоо УИХ-ын гишүүд бүрэн мэдээллээр хангагдаж чадахгүй байна хэмээн шүүмжилж байгаа юм.

      2028 он хүртэл 14 мега төсөлд Хөшигийн хөндийн туннел барих, ган татлагат гүүрэн байгууламж барих, зэс боловсруулах цогцолборын ажлыг эхлүүлэх, гангийн үйлдвэр, газрын тос боловсруулах үйлдвэр, үндэсний хиймэл дагуул, Эрдэнэбүрэн, Эгийн голын усан цахилгаан станцын төсөл зэрэг багтаж байна.

САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН: 14 мега төслөөс тодорхой болчихсон, үргэлжилж байгаа 2-3 ажил байгаа

      Харин энэ талаар Сангийн сайд дараах тайлбарыг өгөөд байна. Тэрбээр “14 мега төсөл гээд төлөвлөгөөнд орчихсон. Гэхдээ энэ төлөвлөгөөнд орсон бүх төсөл 2025 онд хэрэгжих боломжгүй. Энэ 14 ажил төсвөөр санхүүжүүлэхгүй. Бүгд төсвөөс гадуур санхүүжүүлнэ. Үүнд төр хувийн хэвшлийн түншлэл, урт хугацааны зээлийн санхүүжилт, Хөгжлийн банкны санхүүжилт, гаднын шууд хөрөнгө оруулалтаар байж болно. Ямар боломжит эх үүсвэр байна бүгдэд дээр нь эрэлхийлж ажиллаж байна.  Энэ 14 ажлаас тодорхой болчихсон, үргэлжилж байгаа 2-3 ажил байгаа. Жишээлбэл, Нефт боловсруулах үйлдвэрийг Энэтхэг Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлж байна. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц мөн БНХАУ-ын санхүүжилтээр хийгдээд явж байна. Хийсэл дагуулын хэлэлцээр УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлж, зээлээр санхүүжүүлэхээр болсон. Дараагийн 11 төслийн хаанаас яаж санхүүжүүлэх вэ гэдэг ажлын ТЭЗҮ зураг төслийн ажил үргэлжилж байна. Бүгд 2025 оны төсөв орж ирнэ гэдэг буруу ойлголт юм. Энэ жилийн төсөв тусгасан бүтээн байгуулалтын ажлын 38 нь шинэ төсөл байгаа. 10 төсөл нь эрчим хүчтэй холбоотой төсөл байна” хэмээн мэдэгдээд буй.

Түүнчлэн өнгөрсөн баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2025 оны төсвийн төслийг дагалдаж орж ирсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг оруулж ирсэн. Уг хуульд Үнэт цаас гаргах, зөвшөөрөл олгохтой холбоотой тогтоолын төсөл оруулсан нь анхаарал татаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, ирэх жилүүдэд манай улс Номад бондыг дахин санхүүжүүлж, гадаад болон дотоодын зах зээлээс бонд гаргахаар төлөвлөжээ. Цаашлаад энэ тогтоолын төсөлд хэчнээн хэмжээний үнэт цаас гаргах талаар тодорхой заалт оруулаагүй нь маш их эрсдэл дагуулж байна хэмээн шүүмжилж байгаа юм.

          Эдийн засаг өсөлттэй энэ цаг үед Засгийн газар өрөө бууруулж, төсвөө тогтортой байлгах бодлого баримтлах ёстой атал дахин өр үйлдвэрлэж байгаа нь маш бодлогогүй шийдвэр болж байна гэдгийг УИХ-ын гишүүд, эдийн засагчид санууллаа.

 


ӨР "ҮЙЛДВЭРЛЭХ" ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ, ЗУРАГ ТӨСЛӨӨР "ХАХСАН" ТӨСӨВ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188