• Өнөөдөр 2025-11-13

ХАЙР Л ҮГҮЙЛЭГДЭНЭ…

        “Хайр үгүйлэгдэлгүй яах вэ. Тийм ээ, хайрласан хайр л үгүйлэгдэнэ. Аав нь охиноо, ээж нь хүүгээ, үр нь аав, ээжийгээ, ах нь дүүгээ, дүү нь ахыгаа, эгчийгээ, хэн бүхэн найз нөхдөө, хань ижлээ гарцаагүй хайрлаж байсан хайр үгүйлэгдэхээс өөр юу үгүйлэгдэнэ гэж, энэ хорвоо дээр. Ерөөс хайр шиг тод мөртэй, тодрох дурсамжтай зүйл хаана байна аа. Эрээд, сураад, судлаад ч олдохгүй дээ. Бүгдэд нь хайр л байгаа…” гэж дотроо хүлээн зөвшөөрч, толгой дохин үзэж суулаа, өчигдөр яруу найрагч Б.Лхагвасүрэн агсны “Үгүйлэгдсэн хайр” жүжгийг. Хүмүүс байхгүй нэгнээ үгүйллээ гэдэг. Энэ бол тэр хүний амьдарч байхдаа үлдээсэн хайрыг л үгүйлж байгаа хэрэг. Хайр бол дүн өвлөөр даарч зогсоход минь ирэх дулаан ороолт, бээлий, бороонд нороход дэлгэсэн шүхэр, сайхан үгс, зөөлөн харц, тэврэлт. Болоогүй бас өвдөлт, шаналалт, гомдол, тунирхал, баяр хөөр, зүрх дүүрэн догдлол. Хөлөө холгосон ч тэмүүлэн гүйх, гар нь бээрсэн ч хүлээн зогсох итгэл. Ийм байхад амьдарч, амьсгалж ахуй бүх агшинд амь халуунаараа цохилох энэ хайр гэгч зүйлийг бид үгүйлэхгүй гээд яах юм бэ. Бяцхан нэгэн жишээ л авахад, өдөр бүр чамд урмын сайхан үг хэлж, цэцэг бэлэглэдэг хүн чинь байхгүй боллоо гэхэд бид тэр хүнийг, тэр хором мөчийг, дулаан үгсийг нь, анхилуун үнэрт цэцгийг нь санахгүй гэж үү. Өдөр бүр санагдахгүй юм гэхэд цаг өнгөрөх бүрд үгүйлэхгүй гэж үү. Тэгэхээр гарцаагүй хайр л үгүйлэгдэж байгаа биз.

    Харин аав, ээж, ханийн хайр үгүйлэгдэхийн тухайд юу эс нэмж хэлэх билээ дээ. Жүжиг бүхэлдээ энэ л хайрын тухай өрнөж, өгүүлж, өөрсдийг минь харуулж, тольдууллаа.
 
      Үнэн л дээ. Өндөр настай аавынхаа дэргэд ханилсан ханьдаа зодуулж, арга барахдаа өмөөрч, өмгөөлж, аавыгаа асрамжид аваачаад өгөх хүн бидний дунд өнөөдөр ч бий шүү дээ. Ээжийнхээ өмнө архи уучихсан зогсоод, ахтайгаа муудалцах дүр зураг ч энүүхэнд. Сургууль соёлд нь сураад боловсрол, мэдлэгийг нь эзэмшээд  ирээ гээд байдгаа барж гадаад руу явуулахад нь улаан шоучин болчихоод, жирэмслээд ирэх, ирэх ирэхдээ бүр гавьяа байгуулсан баатар аятай аав, ээжийнхээ өөдөөс том дуугарах цадиггүй охид ч байгаа. Ерөөс аав, ээжийнхээ өмнөөс үг сөрөх, тэднээс том болчихсон мэтээр сэтгэх он цаг хүн бүрд л их, бага хэмжээгээр байдаг байх. Цөмийг нь харуулж байна аа, бүгдийг нь дэлгэж байна. Улаа бутраад, дотроо өмрөөд, “Тэр цагт би нэг тэгж аав, ээжийгээ гомдоож билээ” гэж өнгөрснөө бодон суугаа, эсвэл хэдийнэ гомдоочихоод явж байгаа хэн бүхэн өчигдөр харин ч нэг шүүгдсэн биз ээ. Мэдээж уран бүтээлчид энэ жүжгийг хэн нэгнийг шүүх гэж тавиагүй нь тодорхой ч дүрүүд гэдэг бодит хүмүүс л байдаг хойно өөрсдөө өөсдийгөө олоод харчихдаг нь маргаангүй. 
 
      Зохиолын үгс зүрхэнд ирж байна лээ. “Ээжийгээ гомдоосон хүн ялтан болдог” гэдэг хэсэг алдруулж байна лээ. Бодоод үзье. Хорвоо дээр аав, ээжийгээ гомдоодоггүй үр гэж бий болов уу. Магад байдаг ч байж мэдэх юм. Гэхдээ үүнийг бичиж буй үзэгч би л гэхэд тэр ял зэмийн нэгээхэн хэсэг юм гэдгээ мэдсэн. Санаа бүрхмээр, бодож шаналмаар айхтар гомдоож байгаагүй ч гомдоож явсан нь бий шүү дээ гэж бодохоор цээжнээс ямар нэгэн хүнд оргиж байсан. Мөн энэ жүгийг үзсэн, үзэх охидуудын заавал сонсох ёстой нэг хэсэг байсныг чих тавин, бүр сэтгэл зүрхээрээ сонсоорой гэж хүсмээр байна.
 
     Тийм ээ, аав уул, ээж тэнгэр, уул бууралтахад ухаарч хамт байсан хань, үрийн туяаны үр, үнэнч найз нөхдийн хайр мөнхөд үгүйлэгдэнэ. Хайр л үгүйлэгдэнэ.

ХАЙР Л ҮГҮЙЛЭГДЭНЭ…
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-11-13 10:12:11
    хайр: энэ нийтлэл үү, фб пост уу, ажилламаар л байна даа
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188