• Өнөөдөр 2024-04-26

ҮНДСЭН ХУУЛЬД АНХААРЧ, БУСАД ХУУЛИЙГ "МАШИНДАХ" ХАВРЫН ЧУУЛГАНААС ЮУ ХҮЛЭЭХ ВЭ

2023-03-15,   427

       Чуулган эхлэхэд ес хоног үлджээ. Улс төр идэвхжиж, Их хурлын гишүүд “сэрэхэд” хэдхэн хоног байгаа гэсэн үг. Сар шинээс хойш сураг алдарсан гишүүд Төрийн ордонд цуглаж, танхимын ширээн дээр овоорсон хуулийн төслүүдийг “кнопдох” цаг хугацаа ирж байна. Энэ хаврын чуулганаар хэлэлцэх чухал хуулийн төслүүд их байгаагаас гадна улс төрийн хүрээнд халуун үйл явдлууд өрнөх нь.

ХОЁР ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛДҮҮЛЭХ ЭСЭХИЙГ ШИЙДНЭ

     Өөрөөр хэлбэл, чуулган эхлэхтэй зэрэгцээд УИХ-ын гишүүдийг чөлөөлөх ажил эрчээ авна. Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн ХНХ-ын сайд Т.Аюурсайхан нар бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, ирэх хаврын чуулганаар энэ асуудлыг оруулахаар түр хойшлуулаад буй. Нүүрсний хулгайн хэрэгт шалгагдаж, яллагдагчаар татагдаад байгаа УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат уянгын халилттай, урт өргөдөл бичиж өгөөд БНСУ-ыг зорьсон ч одоо хүртэл сураггүй байна. Харин ХНХ-ын сайдад томилогдоод сар гаруй болсон Т.Аюурсайхан суудлаа аваад удалгүй “давхар дээл”-ээ, хамт нь тайлахаар болж, хэргээсээ хэрхэн мултрах вэ гээд сайдын ажилдаа төвлөрч чадахгүй сандарч яваа гэх. Хилийн хориг тавиулж, хөлдөө “дөнгө”-тэй болсон тэрбээр хаврын чуулганаар гишүүн байх уу, үгүй юү гэдгээ дэнслэх нь.

     Тэднээс гадна нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон нэр бүхий гишүүдийг яллагдагчаар татан шалгаж, Хөгжлийн банкны хэргээр дөрвөн гишүүнийг яллагдагчаар татан шалгаж байгаа. Нэгээр ч тогтохгүй гишүүн бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх гэж байгааг Ерөнхий сайд удаа дараа сануулна лээ.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ХЭЛЭЛЦЭЖ, МАН-ЫН ТОМЧУУД “ҮЗЭЛЦЭНЭ”

       Тэгэхээр хаврын чуулган эхлээд л улс төрийн тогоонд халуун үйл явдлууд ар араасаа өрнөх нь тодорхой болоод буй.

      Намрын чуулган хаахтай зэрэгцээд олон нийтийг дуулианд дагуулсан дараагийн том асуудал бол яах аргагүй УИХ-ын гишүүн Н.Учралаар овоглогдсон Засгийн газраас өргөн мэдүүлээд буй Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль.  Чуулган завсарлахтай зэрэгцэн гуравхан өдрийг дотор хэлэлцүүлэн баталсан хуулийн төсөл олны шүүмжлэлд өртөж, хуудуутай заалтууд орсон гэх маргаан дагуулсаар олон нийтийн сүлжээнд ч багагүй хэлэлцүүлгүүд өрнөсөн.

     Уг хуулийг батлахад улстөрчид, нийтийн албанд томилогдсон албан тушаалтнуудыг хамгаалах хууль болсон хэмээн олон нийт дургүйцэж, нийгэмд багагүй талцал үүсгэсэн. Үүнтэй холбоотой Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд “Уг хуулийг хэлэлцүүлэх явцад процессын алдаа гарсан” хэмээн бүхэлд нь хориг тавьж, хуулийн дагуу хаврын чуулганаар хоригийг хэлэлцүүлэхээр түр хойшлуулаад буй.

    Ирэх хаврын чуулганаар хэлэлцэх Ерөнхийлөгчийн хориг олон нийтийн анхаарлыг татаж, У.Хүрэлсүх хэр улс төрд хэр нөлөөтэй байгаа вэ, гэдгийг шүүх чухал цаг үе гэх хүлээлт үүсгээд буй. Ухаандаа Ерөнхийлөгч Ерөнхий сайд нар түнжин хагарч, хэн нь хүчтэйгээ үзэх эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн гэж харах нэгэн ч бий.

ҮНДСЭН ХУУЛЬД ГАР ХҮРЭХ МАН-ЫН ТӨЛӨВЛӨГӨӨ ХЭРЭГЖИНЭ

     Хаврын чуулганаар хэлэлцэх хамгийн гол асуудал нь Үндсэн хуульд гар хүрэх, ирэх намар сонгууль явуулах уу, үгүй юү гэдгийг шийднэ. Өнгөрсөн жил гаруй хугацаанд МАН-ынхан Үндсэн хууль гар хүрч, сонгуулийн товыг наашлуулах төлөвлөгөөтэй байгаа ч цаг нь ирж, тохироо нь бүрдэхийг хүлээсээр өнөөдрийг хүргэсэн. Үндсэн хуульд гар хүрэхдээ шинэ Үндсэн хуультай болох уу, одоогийн Үндсэн хуулиа “өөрт ашигтайгаар” шийдэх үү гээд тун чиг завгүй сандралдаж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, эрх баригч намынхан Үндсэн хуульд гар хүрч, эрх мэдлээ нэмэх, гишүүдийн тоог нэмэх, дараагийн сонгуульд ялалт байгуулахын тулд сонгуулийн тогтолцоог өөрчлөх гээд хуулийн төсөл хүртэл боловсруулчихсан.

     Харамсалтай нь, ард түмэнд хэрхэн хүлээн зөвшөөрүүлэх вэ, гэх ганцхан босго дээр тээглэчихдээ хөдөлж чадахгүй хүлээж сууна. Тэд улс төрийн бусад хүчнүүдээс дэмжлэг авахаар намын дарга нь нэг өдөр Төрийн ордонд улс төрийн намын төлөөллүүдийг цуглуулж, “Ард түмнээс дэмжлэг авчихвал” гэх ганцхан даалгаврыг өгөөд тараасан удаатай.

    Тэгвэл ирэх хавар улс төрийн намууд улсын толгой бизнесменүүд, урлаг соёлынхон тэр чигтэй ухуулга хийж, иргэдээс Үндсэн хуульд гар хүрэх зөвшөөрлөө аваад чуулганаар хэлэлцүүлэхээр тун завгүй гүйцгээж байгаа сурагтай. Чуулган завсарласан хугацаанд ч Зөвлөлдөх санал асуулга гэх зөвлөгөөн зохион байгуулж, Үндсэн хуулийг өөрчлөх үү гэх асуултыг ил далдаар асуусаар эцэст “Бид ард түмний төлөөллийг Төрийн ордонд цуглуулж саналыг нь сонссон. Ард түмэн Үндсэн хуулийг өөрчлөх санал гаргасан. Бид тэр саналуудыг нь нэгтгээд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл боловсрууллаа” гэх тайлбар хийхээр зэхэж байгаа гэх бор шувуу ч Саарал ордноор нисэх болжээ.

     Шинэ Үндсэн хуультай болох уу, хуучин хуулиа өөрчилж засах уу, ямартай ч МАН өөрчлөлт оруулах нь тодорхой болж байх шинэ. Иймд ирэх хаврын чуулганаар гишүүд өөрийнхөө санаачилсан, өөрт ашигтай хуулиудаа амжиж батлах гээд дарга нарынхаа үүдийг сахиад эхэлсэн сурагтай.

     Энэ хаврын чуулганаар нийт 58 хуулийн төсөл хэлэлцүүлэхээр намрын чуулган хаах сүүлчийн өдөр баталсан удаатай. Үүнд олон жил ярьсан ч гар хүрээгүй явсан олон ч хуулийн төсөл багтсан. Тухайлбал, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Боловсролын багц хуулийг ирэх хаврын чуулганд оруулахаар түр хойшлуулаад буй. Боловсролын багц хуулийг өмнөх парламентууд ч ярьж, олон ч удаа хуулийн төсөл өргөн мэдүүлсэн ч бүдэрч байсан бол энэ удаагийн парламент бүрэн шинэчлэл хийхээр Засгийн газраас хуулийн төслөө Их хуралд өргөн мэдүүлсэн. Тус хуулийг хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлэн болоод байна.

Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ТАВАН Ш АЖИЛЛАГАА БУЮУ АВЛИГЫН БАГЦ ХУУЛЬ

     Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ жилийг авлигын эсрэг жил болгон зарлаж, авлигатай тэмцэх таван ш ажиллагааг эхлүүлэхээ мэдэгдээд буй. Үүний хүрээнд Авлигын эсрэг багц хуулийг Их хуралд өргөн мэдүүлж, ирэх хаврын чуулганаар хэлэлцүүлнэ гэдгээ  албан ёсоор мэдэгдсэн.

      Үүнтэй холбоотой Авлигатай тэмцэх ажлыг хэрэгжүүлэх санал, дүгнэлт боловсруулах Ажлын хэсэг байгуулснаа Засгийн газрын хуралдаанаар мэдэгдсэн билээ.

КАЗИНОГИЙН ХУУЛИЙГ БАТАЛЖ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ТАТАХ МАН-ЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨР

      Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 30-ны Засгийн газрын хуралдаанаар Казиногийн тухай, Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай, Бооцоот морин уралдааны тухай хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон байдаг. Энэ оны нэгдүгээр сарын 6-нд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай, Казиногийн тухай, Бооцоот морин уралдааны тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлснээр тус хуулийн төслийг хаврын чуулганаар оруулахаар тогтоод буй. Хуулийн төсөлд Монгол Улсын нутаг дэвсгэрт казино байгуулах тусгай зөвшөөрлийн нөхцөл, тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгохтой холбоотой харилцааг зохицуулсан. Тухайлбал, казино эрхлэгч нь казиногийн байгууламж барих, үйл ажиллагаа эрхлэхэд зориулсан 300 сая америк доллартай тэнцэх хэмжээний төгрөгөөс доошгүй хэмжээний хөрөнгө оруулалтыг тусгай зөвшөөрөл авснаас хойш гурван жилийн дотор Монгол Улсад оруулахаар, олон улсын стандарт, шаардлагад нийцсэн дэд бүтэцтэй соёл амралтын цогцолборыг байгуулахаар тусгасан бөгөөд төсөл сонгон шалгаруулалтыг үнэлэхдээ үнийн саналыг 60 хувь, казиногийн цогцолбор барих төслийн техникийн саналыг 40 хувь гэж үнэлэхээр тусгаж, тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зохион байгуулах, үнэлэх журмыг Засгийн газар батлахаар тусгасан талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдэгдэж байлаа.

ГАЦААНД ОРСОН ГАЗРЫН БАГЦ ХУУЛИЙГ БАТАЛНА

      Намрын чуулганы хуралдаанаар Газрын багц хуулийг Засгийн газраас Их хуралд өргөн мэдүүлж, хэлэлцүүлж эхэлсэн. Газрын багц хуулийг хэлэлцэх явцад Дархан цаазат Богдхан уул орчмын газрыг харья газрын дарга нар эрх мэдэлтнүүдэд тэр чигт нь зарсан булхай луйвар илэрч, иргэдийн дунд шүүмжлэлд өртсөн удаатай. Түүнчлэн Газрын багц хуулийг төсөлд булхайтай зүйл заалтууд орсон талаар сөрөг хүчний гишүүд шүүмжилж, завсарлага авч хойшлуулсан зэргээр хэлэлцэх явц удааширч тус хуулийг төслийг хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр болсон юм.

       Иймд хойшлуулсан хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэж, батлахаар хэлэлцэх асуудлыг дараалалд оруулаад буй.

Энэ мэт чухал хуулийн төслүүдээ ирэх хаврын чуулганаар хэлэлцэх товтой байна. Гэвч Их хуралд олонхын суудалтай МАН Үндсэн хуульд гол анхаарлаа хандуулж, бусад хуулийг "машиндах" уу гэдэг хэлэлцүүлэг олны дунд яваад эхэлжээ.


ҮНДСЭН ХУУЛЬД АНХААРЧ, БУСАД ХУУЛИЙГ "МАШИНДАХ" ХАВРЫН ЧУУЛГАНААС ЮУ ХҮЛЭЭХ ВЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188